Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019ДШМ/143

 

 

 

Ш.А*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                                                               Хэргийн индекс 163/2019/0173/Э

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                      

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                              Ш.А******* түүний өмгөөлөгч              

                                                                       Д.Энхбаяр

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Б.Н******* түүний өмгөөлөгч

                                                                        Г.Гочоо

         Хохирогч                                               П.Б******* 

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолтой Ш.А*******т холбогдох 1915002240169 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хорооны Хангай **** гудамж ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ш А*******.

 Ш.А******* нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр багийн нутагт **-** УБТ улсын дугаартай “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.С*******гийн амь насыг хохироож, П.Б*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч З овогт Ш А*******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А*******т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/  жилийн хугацаагаар хассан ялыг шүүгдэгч хорих ялыг эдлэж дууссан хугацаанаас эхлэн тоолж,

5. Шүүгдэгч Ш.А******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Б******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт үгүй болохыг тус тус дурьдаж,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг гэрлийн хагархайг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А*******ээс 14613359 /арван дөрвөн сая зургаан зуун арван гурван мянга гурван зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Б.Н*******д олгож, үлдэх 9983641 /есөн сая есөн зуун наян гурван мянга зургаан зуун дөчин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Н******* энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.А*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.А*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ш.А*******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497, 508.1-д зааснаар 14.613.359 төгрөг гаргуулан хохирхогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогч Б.Н*******д олгохоор шийдвэрлэсэн юм. Шүүгдэгч Ш.А******* нь анхнаасаа гэм буруугийн талаар маргадаггүй, өөрийн хийсэн үйлдэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн байна. Гэм буруугийн хуралдааны дараа гэм хорын хохиролыг төлөхөөр 5 хоногийн завсарлага авсан боловч төлбөрийн мөнгийг төлж барагдуулж чадаагүйгээр шүүх хуралдаанд оржээ. Ш.А******* нь 3 настай охинтой, охин нь хөхүүл байсан боловч ээж нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс цагдан хоригдсоноор хүүхэд ээжгүй хүнд байгаа ба Ш.А*******ийн ар гэрээс түүний хохирогчид төлөхөөр шийдвэрлэгдсэн хохирол төлбөр болох 14.613.359 төгрөгийг хохирогч талд төлж барагдуулсан байна. Иймд Шүүгдэгч Ш.А*******ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулан хөнгөрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар Ш.А*******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл

Шүүгдэгч Ш.А******* нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын * дүгээр багийн нутагт **-** УБТ улсын дугаартай “Эстима” маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, улмаар Б.С*******гийн амь насыг хохироож, П.Б*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1.д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

   Шүүгдэгч Ш.А******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаарх баримт болон хохирогч Б.Н******* нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ш.А*******т хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Мөн хохирогч Б.Н******* түүний өмгөөлөгч Г.Гочоо, хохирогч П.Б******* нар нь давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрөө барагдуулсан талаар илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Ш.А******* нь гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзээд түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж дүгнэв.

           Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулан хөнгөрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.д зааснаар шүүгдэгч Ш.А*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.д зааснаар Ш.А*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А*******т оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А*******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаярын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Ш.А******* нь хохирогч Б.Н*******д шийтгэх тогтоолоор тогтоосон 14.613.359 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Н*******, П.Б******* нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                З.ХОСБАЯР

                                                                                                              Ё.БЯМБАЦЭРЭН