Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 300

 

Ц.А, Ц.Аг, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлтэй,

Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Г.Банзрагч,

                                              П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:      Г.Гантогтох.

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”, 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0263 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., өмгөөлөгч Д.Х,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш, өмгөөлөгч Д.О нар.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Д.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.3, Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.А, Ц.Аг, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0263 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0111 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, Ц.Аг, Г.Д, Э.Б, Б.А нарын нэхэмжлэлээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчлөн, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж хүчингүй болохыг мэдэгдсүгэй гэж нэмж, 2, 3 дахь заалтыг 3, 4 болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 2012 оны А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт газар эзэмшүүлсэн байршилд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Ц.А-од давхардуулан эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр 2014 оны А/245 дугаар захирамжийн Ц.А-од холбогдох хэсгийг бүхэлд нь, 2 дахь заалтаар “Ц.А-оос газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн 2015 оны А/645 дугаар захирамжийн Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй, тодруулбал бодит байдал дээр ямар эрсдэл, хэнд илүү хохирол учрах нөхцөл байдлыг харьцуулж судлаагүй, сонсох ажиллагаа хийж тайлбар, гомдол гаргах боломжоор хангаагүй талаар зөв дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж дүгнэдэг ч шүүх ЗХШХШТХ-ийн 106.3.11-д зааснаар шийдвэрлэх зохимжтой байжээ” гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

5. Нэг. Дээрх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “....хуульд үндэслэх...”, 4.2.5-д “...зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх...” зарчимд нийцэхгүй байна. Учир нь, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж нь Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 2012 оны А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт газар эзэмшүүлсэн байршилд 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Ц.А-од давхардуулан эзэмшүүлсэн 2014 оны А/245 дугаар захирамжийн Ц.А-од холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

6. Энэхүү Ц.А-од газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/245 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар мөн Засаг даргын 2014 оны А/245 дугаар захирамжийг хүчингүй болгосон байхад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжаар дахин хүчингүй болгоод байгаад нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэхгүй, нэг захирамжийг 2 удаа хүчингүй болгосон хууль бус захиргааны акт гаргах үндэслэл болжээ.

7. Хууль бус захиргааны актыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “...Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх маргаан бүхий актад зөв үнэлэлт дүгнэлтийг өгч, хуульд заасны дагуу шийдвэр гаргасан байхад түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлээд байгаа нь үндэслэлгүй байна.

8. ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” шийдвэр гаргаж болно гэж заасан. Энэ хэрэгт маргаан бүхий акт нь хууль бус, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гарсан байхад хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагагүй, мөн нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл огт байхгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой харилцааг шийдвэрлэсэн байдаг бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл байдаггүй.

9. Шүүх хуульд эрх олгосны дагуу Газрын тухай хуулийн 61 зүйлд заасныг үндэслэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангасан байдаг. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжаар шийдвэрлэгдсэн асуудлыг цаашид тодруулах шаардлагагүй, хэрэгт хангалттай нотлох баримт авагдсан байгаагаас үзэхэд магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй гэж үзэхээр байна.

10. Хоёр. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах...”, 4.2.8-д “...хууль ёсны итгэлийг хамгаалах...” зарчмуудыг хангаагүй. Мөн ЗЕХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...”, 24.4-т “...Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно...”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна”,

11. Хуулийн 26 дугаар зүйлд оролцогчийг сонсох гээд 26.1-д “...Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно...”, мөн зүйлийн 26.2-т “...Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ...” гэж, мөн хуулийн 27.6-д “...Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна...”, 27.5-д “...Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна...” гэж заасан байдаг боловч хуульд заасны дагуу сонсгох ажиллагаа хийгдээгүй болохыг анхан шатны шүүхийн 2018 оны 111 дүгээр шийдвэрт дурдаж, давж заалдах шатны шүүх ч түүнийг үгүйсгээгүй дээрх зарчмууд алдагдсан болохыг дүгнэжээ. Энэ нь захиргааны байгууллага хууль бус шийдвэр гаргасан бол түүнийг түдгэлзүүлэх биш хүчингүй болгох хуулийн үндэслэлд хамаарч байна.

12. Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашиг сонирхол хөндөгдөж, хохирол учрахаар нөхцөл байдал үүсч байгаа тохиолдолд нөхцөл байдлыг цаашид тодруулах, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг өөр байдлаар хангах боломжийг судалж, нэхэмжлэгч гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг багасгах ач холбогдолтой гэж дүгнэжээ.

13. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамж нь дээр дурдсанаар хүчингүй болгосон захирамжаа хүчингүй болгож, хуульд нийцээгүй захирамж гарсны зэрэгцээ гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны эрхийг хөндөөгүй этгээдүүд болох Ц.Аг, Э.Б нарын газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчингүй болгосон хууль бус шийдвэрийг гаргасан.

14. Үндсэндээ бол газар эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар олж авсан Ц.Аг, Э.Б нарын 700 м.кв газрыг хэний ч газартай давхцаагүй, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй байхад тэднийг газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж, захирамж гаргасныг давж заалдах шатны шүүх түдгэлзүүлсэн нь наандаж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлагыг нь 6 сарын хугацаанд хаасан шийдвэр болжээ. Хэрэв маргаан бүхий газар нь бүхэлдээ гуравдагч этгээдийн газартай давхцалтай байсан бол шүүхийн магадлалд дурдсан шиг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг багасгах ач холбогдолтой гэж үзэж шийдвэр гаргах боломжтой, харин газрын давхцалгүй, иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэр гарсныг түдгэлзүүлж шийдвэрлэх нь үндэслэлгүй, хүчингүй болгохоос өөр зам үгүй болох нь тодорхой юм.

15. Дөрөв. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг илт хууль бус болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн тухайд: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар Ж.М, З.У нар нь дүүргийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар Д.Алтанцэцэг, Б.Бат-Эрдэнэ нарт олгосон газрыг шилжүүлэн авч газар эзэмших эрхийг олж авсан байдаг. Дээрх газрыг шилжүүлэн авсны дагуу Ж.М, З.У нар нь газрыг зуслангийн зориулалтаар нь огт ашиглаагүй нэг ч шон хатгаагүй байсан. Үүнийг нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг албан ёсны бичиг баримтуудыг бүрдүүлэн Газрын албанд, дүүргийн Засаг даргад хандаж явахад л ийм байдалтайгаар байсан. Энэ нь анхан шатны шүүхэд авагдсан хэргийн материалуудаар хангалттай нотлогддог.

16. Энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсний дагуу тэдгээрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох бүрэн үндэслэлд хамаардаг. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу Ж.М, З.У нарын 2012 онд эзэмших эрхтэй болсон газрыг 2014 оны 11 дүгээр сард хүчингүй болгож шийдвэрлэх хуулийн үндэслэл бүрдсэн.

17. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гээд 48.2.3-т “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй” гэж заасан байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар олгосон эрхийг гуравдагч этгээд Ж.М, З.У нар нь хэрэгжүүлээгүй хууль бус захиргааны актыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

18. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ...” гэж заасны дагуу нэхэмжлэгчид шүүхэд хандаж, шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлүүлсэн. Энэ нь Засаг дарга гуравдагч этгээд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад газар эзэмших эрхийг нь хүчингүй болгохгүй байгаа тохиолдолд шүүхэд эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээд хандаж хүчингүй болгохоор хуульд заасан гэж үзэхээр байна.

19. Тиймээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 263 дугаар магадлалыг хүчингүй болгож, хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргасан анхан шатны шүүхийн 2018 оны 111 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

20. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

21. Нэхэмжлэгч Ц.А, Б.А, Г.Д, Ц.Аг, Э.Б нар нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, мөн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

22. А/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

23. Нэхэмжлэгч нарын “...Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжаар Ж.М, З.У нар нь ...газрыг шилжүүлэн авсан байдаг. ...Эдгээр иргэд нь газрыг зуслангийн зориулалтаар нь огт ашиглаагүй, нэг ч шон, тэмдэг тавиагүй, обьект бариагүй байдаг. ... Ж.М, З.У нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгох үндэслэл бүрдсэн...” гэж маргасан нь үндэслэлгүй байна.

24. Учир нь, анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 122 дугаар захирамжаар иргэн Б.Бат-Эрдэнэ, Д.Алтанцэцэг нарт Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтэд тус бүрт 700 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд мөн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар дээрх иргэдийн эзэмшил 1400 м.кв газрыг Ж.М, З.У нарт шилжүүлж шийдвэрлэжээ.

25. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжаар Ж.М, З.У нарын эзэмшлийн 1400 м.кв газартай давхцуулан нэхэмжлэгч Ц.А-од 3425 м.кв газар эзэмшүүлсэн байх ба улмаар Ц.А нь эзэмшил газраас 2800 м.кв газрыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар иргэн Б.А, Г.Д, Ц.А, Э.Б нарын 4 иргэнд шилжүүлсний Б.А, Г.Д нарт шилжүүлсэн газар нь Ж.М, З.У нарын 1400 м.кв газартай бүхэлдээ давхацсан байна.

26. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтаар газар эзэмшигч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн, тодруулбал газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол Засаг дарга хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

27. Анхан шатны шүүх хуулийн энэ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Ж.М, З.У нарыг эзэмшил газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчил гаргасан гэж дүгнэн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжийн эдгээр иргэдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцэхгүй байна.

28. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн, дүүргийн Засаг даргын А/244 дүгээр захирамжийн Ж.М, З.У нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

29. Б/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

30. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/517 дугаар захирамжийн 1 дэх заалтаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 2012 оны А/244 дүгээр захирамжаар Ж.М, З.У нарт газар эзэмшүүлсэн байршилд Ц.А-од давхардуулан газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Ц.А-од холбогдох хэсгийг бүхэлд нь, 2 дахь заалтаар Ц.А-оос газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн 2015 оны А/645 дугаар захирамжийн Б.А, Г.Д, Ц.Аг, Э.Б нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

31. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, дээр дурдсанаар,Чингэлтэй дүүргийн Засаг дарга хууль зөрчиж, Ж.М, З.У нарын хуулийн дагуу эзэмшсэн газартай давхцуулан 2014 оны А/245 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.А-од зуслангийн зориулалтаар 3425 м.кв газрыг эзэмшүүлж, Ц.А нь эзэмшил газраас 2800 м.кв газрыг Б.А, Г.Д, Ц.Аг, Э.Б нарын 4 иргэнд тус бүр 700 м.кв газраар шилжүүлсэн бөгөөд тус газар дээр эдгээр иргэдийн хүсэлтээр иргэн Ж.О нь 433,545,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, амины орон сууцнууд барьж байгуулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогджээ.

32. Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газрын алба нь үүссэн дээрх нөхцөл байдлуудыг сайтар судалж, бодит байдал дээр ямар эрсдэл, хэнд илүү хохирол учрах нөхцөл байдлыг харьцуулж судлаагүй, сонсох ажиллагаа хийж оролцогчдын тайлбар, гомдол гаргах эрхийг хангалгүйгээр маргаан бүхий А/517 дугаар захирамжийг гаргасны зэрэгцээ уг захирамжаар нэхэмжлэгч Б.А, Г.Д нарын газар нь гуравдагч этгээд Ж.М, З.У нарын эзэмшил газартай давхцалтай байхад анх Ц.А-од 3425 м.кв газар эзэмших эрх олгосон захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон, мөн 2015 оны А/645 дугаар захирамжаар 2014 оны А/245 дугаар захирамжийн Ц.А-од холбогдох хэсгийг хүчингүй болгосон байхад дахин хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

33. Иймд давж заалдах шатны шүүхийн “...захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашиг хөндөгдөж, хохирол учрахаар нөхцөл байдал үүсч байгаа ийм тохиолдолд нөхцөл байдлыг цаашид тодруулж, гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийг өөр байдлаар хангах боломжийг судлах, маргаан бүхий газар дээр баригдсан байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэх, хохирлыг хэн хариуцах асуудлыг тодорхойлох зэргээр бодит байдлыг тогтоосны дараа дээр дурдсан зөрчлөө арилган дахин шинэ акт гаргах нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой гэж үзэхээр байна...” гэж дүгнэн, маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны А/517 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

34. Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, түүний өмгөөлөгч Д.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0263 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                            ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА