Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 019

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, шүүгчид У.Бадамсүрэн, С.Еркеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч Б.Муратын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох холбогдох;

Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1,3 дахь заалт, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, хоолны мөнгө болох 19805568 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мурат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сайран, хариуцагч А.Галия, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай, иргэдийн төлөөлөгч П.Жархын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Мурат анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эдийн засагч мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй. 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 29 тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр түр томилогдож хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан. Мөн

оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан төрийн албаны сонгон шалгаруулалтад орж, тус орон тоонд өрсөлдөж 1 дүгээр байранд шалгарч, улмаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 167 тоот тогтоолоор нэр дэвшүүлснээр хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны Б/64 тоот тушаалаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон. Гэтэл дарга Н.Самат нь 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хурал хийж, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 тоот тушаал гарч бүтцийн өөрчлөлт хийх тухай ярьсан. Хуралд миний эрхэлж буй албан тушаал хадгалагдаж үлдсэн талаар саналаа хэлсэн. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдөр Б/09 тоот тушаал гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн орон тоо нь хасагдсан нэрийдлээр намайг ажлаас шууд чөлөөлсөн. Энэ заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллах нөхцөл баталгаагаар хангах заалт болохоос төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх заалт биш юм. Миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр урьдчилан шийдвэрлүүлэх журмаар аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсанаар Н.Саматын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаал хуулийн үндэслэлгүй гэж үзээд хүчингүй болгож, 13 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангаж 03 дугаар сарын 15-ны хүртэл хариу ирүүлэхийг Н.Саматад үүрэг болгосон боловч түүнийг үл тоомсорлон тогтоолын биелэлтийг хангаагүй буюу ямар ч хариу өгөөгүй. Тийм учраас миний бие захиргааны хэргийн шүүхэд хандсан. Иймд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тухай хүсэлтдээ: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар "Төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө буруулахгүйгээр мэргэжил,мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлнэ" гэсэн нөхцөл баталгаагаар хангагдах ёстой байжээ.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь бидний гаргасан гомдлыг шалгаж байх хугацаанд уг орон тоонд эхлээд Х.Жанеркегийн нэрийг дэвшүүлж байсан ба дараа нь гэнэт Д.Хуатханы нэрийг дэвшүүлсэн нь шударга бус явдал юм. Хөдөлмөрийн хэлтсээс ч уг орон тоонд нэр дэвшүүлж өгөх талаар ямар ч захиалга өгөөгүй байхад хэлтсийн ажилтнуудын дотор маргаантай асуудал байгааг мэдсээр байж, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь Төрийн албаны тухай хууль болон нөөцөөс нэр дэвшүүлэх тухай дүрэм, журам зөрчиж, төрийн албанд орох болзол, ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангахгүй байгаа хүнийг онооны дараалал харгалзахгүйгээр төрийн албанд нэр дэвшүүлсэн. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн яамнаас баталж гаргасан хэлтсийн жишиг ажлын байрны тодорхойлолт, түүнд тавигдах шаардлагын талаар бодлого боловсруулан гаргаж байжээ. Энэ тодорхойлолтод уг орон тоонд эдийн засагч, статистикч мэргэжилтэй, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн чиг баримжаа олгох туршлагатай хүн ажиллуулахаар тусгажээ. Нөгөөтэйгүүр миний бие статистикч мэргэжилтэй, мэргэшсэн эдийн засагч цолтой бөгөөд уг орон тоонд давуу эрх эдэлж орж ажиллах ёстой гэж үзэж байна. Иймд Д.Хуатханыг Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тооны албан тушаалд томилсон хэлтсийн даргын тушаалыг хүчингүй болгож, уг орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу намайг шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыгхэлтсийн дарга Х.Хавшанд даалгаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэж, зарим хэсгийг багасгасан тухай хүсэлтдээ:

Миний бие тус шүүхэд анх тус аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б\09 тоот тушаал, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Д.Хуатханыг ажилд томилсон Б\05 тоот, мөн намайг эвлэрлийн гэрээний үндсэн дээр Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тоот тушаалууд, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолын Д.Хуатханд холбогдох хэсэг, аймгийн Засаг даргын 2012 оны 348 тоот захирамж, Өлгий сумын Засаг даргын 127 тоот захирамжийн Д.Хуатханд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд намайг шилжүүлэн томилох шийдвэр гаргахыг тус хэлтсийн даргад даалгаж, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан билээ.

Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны Б\05 тоот, 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тоот тушаалууд, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолын Д.Хуатханд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Б.Муратыг томилох шийдвэр гаргахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж, миний ажилгүй байсан үеийн цалинг гаргуулан олгож шийдвэрлэсэн юм.

Гуравдагч этгээд Д.Хуатхан хяналтын гомдол гаргаснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 34 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 475 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 36 тоот үндэслэлгүй тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар гаргасан миний хүсэлтийг авч хэлэлцээд 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн 34 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 36 дугаар тогтоол зэргийг бүгдийг нь тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаажээ. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна

1. Хариуцагч Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Х.Хавшан нь намайг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б\04 тоот тушаал гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн хэлтсийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.21 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот тогтоолын 2 дугаар заалтыг хэрэгжүүлэн тус хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилж, ажил олгогч бид хоёр албан ёсны үр дүнгийн гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсч, хуульд заасан баталгаагаар хангагдсан.

Харин хувийн ашиг сонирхлын үүднээс аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга 36 тоот тогтоолыг гардаж аваагүй мөртлөө 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 тоот хууль бус, хуурамч тогтоол гаргаснаар Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Х.Хавшан нь 03 дугаар сарын 20-ны шөнө тушаал гаргаж, миний хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр ажилд томилогдсон Б\04 тоот тушаал, мөн гуравдагч этгээд Д.Хуатханыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгосон.

Уг тогтоол, шийдвэрүүд хууль бус гэдгийн учир нь Д.Хуатхан бид хоёрт хөдөлмөрийн харилцаа үүсч 2 сар ажиллаж цалин авсан болохоор төрийн албанаас чөлөөлөөгүй мөртлөө тушаалыг хүчингүй болгосон байлаа.

Дараа нь 2015 оны 06 дугаар сараас тус хэлтсийн орон тоо, бүтцэд өөрчлөлт орж миний томилогдсон шинэ ажлын байрны бүртгэл, мэдээллийн орон тоог Хөдөлмөрийн хэлтсийн даргын саналаар хасаж, түүний ажил үүргийг Хөдөлмөрийн статистик, мэдээлэл программ хангамж хариуцсан мэргэжилтэнд нэгтгэж, түүний хариуцаж байсан статистик, мэдээллийн ажил үүргийг хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэнд нэмж, энэ орон тоонд Д.Хуатханыг шилжүүлэн томилжээ. Энэ оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар дахин бүтэц, орон тоо батлахад Д.Хуатханы хийж байсан орон тооны ажлын статистик, мэдээллийн мэргэжилтний ажлын чиг үүргийг дахин урьдах орон тоонд нэгтгэж, зөвхөн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоог баталжээ. Хэрэв миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс шилжүүлэн томилогдох буюу эсвэл 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б\04 тоот тушаалын дагуу ажиллаж байсан бол мөн энэ орон тоонд шилжин ажиллах байлаа.Иймд урьд үүссэн хөдөлмөрийн харилцааг хэвийн болгож, Хөдөлмөрийн хэлтсийн одоо байгаа хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг тус хэлтсийн дарга А.Галияд даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах хэмжээнд нэмэгдүүлж байна.

А. Миний 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан нийт 12 сар 6 хоногийн цалин, нөхөн олговор болох 6627696 төгрөг байснаас урьдчилж авсан 1646000 төгрөгийг хасаад үлдсэн 4981696 төгрөгийн нөхөн олговор ,цалин хөлсийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулахаар.

Б. Салбар зөвлөлийн 16 тоот тогтоол, Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б\11 тоот тушаал зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

3Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах хэмжээгээр багасгаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Д.Хуатхан нь хуурамч бичиг баримт үйлдэж төрийн албанд орсон нь нотлон тогтоогдож, шүүх түүнийг гэм буруутайд тооцсон болохоор түүнд холбоотой бүх шийдвэрүүд хүчингүй болсон. Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Н.Саматын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн намайг ажлаас хууль бус чөлөөлсөн Б\09 тоот тушаалыг Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот тогтоолоор хүчингүй болгосон байгаа. Тийм учраас салбар зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоолын Д.Хуатханд холбогдох хэсгийг, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б|09 тоот, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б\05 тоот тушаал, аймгийн Засаг даргын 348 тоот захирамж, Өлгий сумын Засаг даргын 127 дугаар захирамжийн Д.Хуатханд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тус тус багасгаж байна.

4. Нэхэмжлэлийн шаардлагын дараах хэсгийг хэвээр нь үлдээсэн болно.

Хариуцагч Хөдөлмөрийн хэлтсийн дарга бид хоёр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад хэргийг дуусгавар болгохын тулд гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээ биелэгдэх үндэслэл муутай болохоор, мөн хуульд харшлах, бусдын эрх ашиг хөндөгдөх болохоор шүүх батлаагүй болно. Гэрээ, хэлцлийг миний бие хүчингүй болгуулахаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасныг тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 463 тоот захирамж гарч гэрээ, хэлцэл хүчингүй болсон. Тийм учраас гэрээ, хэлцлийн үндсэн дээр бий болсон намайг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэвээр нь үлдээсэн болно гэжээ.

Нэхэмжлэгчээс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн, ихэсгэсэн хүсэлтдээ:

1. Намайг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон гэх 2014 оны 02 дугаар сарын 10-ны Б\35 тоот тушаалыг миний бие огт мэдээгүй бөгөөд албан ёсоор гардаж аваагүй болно.Нэгэнт шүүх уг тушаалыг үнэлээгүй болохоор миний бие тухайн үед хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй болно. Харин намайг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон гэх Б\35 тоот тушаалыг 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тоот тушаалаар хүчингүйд тооцжээ. Харин энэхүү тушаалаар намайг анх төрийн албанд авсан 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б\64 тоот тушаалын надтай холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь алдаатай болжээ. Нэгэнт салбар зөвлөлийн 13 тоот тогтоолын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б\09 тоот тушаалыг хүчингүй болгосон болохоор мөн тушаалаар давхар хүчингүй болгох шаардлагагүй байсан.

Иймд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тайлбар хүсэлтийн 4 дэх хэсэгт тусгасан нэхэмжлэлийн шаардлагын хэвээр нь үлдээх хэсэгт 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б\10 тушаалыг бүхэлд нь хүчингүй болговол 2 дахь хэсгийн Б\35, Б\09 тоот тушаал эргээд хүчин төгөлдөр болох тул энэ тушаалуудыг хүчингүй болгосон хэсгийг хэвээр нь үлдээхээр шаардлагыг өөрчилж байна.

2. Нэхэмжлэгч намайг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон гэх боловч ажил олгогч бид хоёрын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй,ажиллаж цалин аваагүй болохоор Н.Самат өөрөө ажлаас халагдахаас 2 хоногийн өмнө хуурамч,эрх зүйн чадамжгүй 07 тоот тушаал боловсруулан надад сахилгын арга хэмжээ авсан байжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч бид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад эвлэрсэн боловч үүнийг бусдын эрх ашиг хөндөгдөнө, хуульд харшлана гэж одоо болтол батлаагүй байгаа. Иргэний журмаар уг гэрээ хэлцлийг хүчингүй болгуулахаар гаргасан миний нэхэмжлэлийг шүүх хангаж шүүхийн 463 тоот захирамж хүчин төгөлдөр болсон байгаа.Өөрөөр хэлбэл уг гэрээний үндсэн дээр бий болсон тушаал хүчин төгөлдөр болоогүй байсан.Хариуцагч тал 2014 оны 10 дугаар сарын 02-ны шүүх хуралдаан эхлэхээс өмнө сахилгын арга хэмжээ тооцох тухай Б\28 тоот хуурамч тушаал боловсруулан шүүхэд ирүүлсэн байжээ. Хариуцагч тал намайг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр эвлэрлийн гэрээний дагуу томилсон Б\10 тоот тушаалын талаар маргаагүй мөртлөө энэ сумд ажиллаагүй гэж арга хэмжээ тооцсон тушаалыг үнэлүүлэх гэсэн нь үндэслэлгүй. Миний бие Сагсай сумд ажиллаж цалин аваагүй,хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй, эвлэрлийн гэрээг шүүх батлаагүй байсан,сахилгын арга хэмжээ тооцох хугацаа өнгөрсөн,хариуцагч тал шүүх хуралдаан эхлэхээс өмнө боловсруулан ирүүлсэн болохоор энэ тушаал эрх зүйн чадамжгүй байсан.

Иймд 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б\28 тоот тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Мурат шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар тайлбарлахдаа:

Би 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөөд ажлаас хууль бус чөлөөлсөн гэж аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдлоо гаргасан. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны Б\09 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг хуульд заасан баталгаагаар хангаж ажиллуулахыг хэлтсийн даргад үүрэг болгосон. Хөдөлмөрийн хэлтсийн дарга Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг хүлээж аваагүй. Энэ хооронд Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надтай тохирохгүйгээр ,надад мэдэгдэхгүйгээр намайг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр дур мэдэн томилсон тушаал гаргасан байсан. Ийм тушаал гаргасныг би Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоол гарсны дараа мэдсэн. Тийм учраас би уг тушаалыг хүлээж аваагүй юм. Тэгээд захиргааны хэргийн шүүхэд хандаж Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний Б\09 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Явц дунд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.Намайг ажлаас чөлөөлөгдөж байхад миний мэргэжил таарах, адилхан чиг үүрэгтэй хоёр сул орон тоо гарсан , тухайн гарсан орон тоонд томилогдон ажиллах бүрэн боломжтой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн-ий орон тоонд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Анхан шатны шүүх хуралдаад намайг маргаан бүхий орон тоонд томилохыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Дараа нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга давж заалдах тухай гомдол гаргасан. Гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд 475 тоот магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Дараа нь гуравдагч этгээд Д.Хуатхан хяналтын гомдол гаргасан. Энэ хооронд намайг Хөдөлмөрийн хэлтсийн дарга өмнөх хоёр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий орон тоонд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б\04 тоот тушаалаар томилсон. Хяналтын шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гуравдагч этгээд Д.Хуатханы гомдлыг хуралдаанаар хэлэлцэж, миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Энэ үед 03 дугаар сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 16 тоот тогтоол гаргаж намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон. Тухайн үед хэргийн оролцогчид Улсын дээд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй байсан. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл тогтоолдоо маргаан хянан шалгах комиссын дүгнэлтийг үндэслэл болгосон байсан. Ийм дүгнэлт гараагүй байхад гарсан мэтээр энэ дүгнэлтийг үндэслэл болгож ,намайг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон нь хууль бус юм. Хөдөлмөрийн хэлтсийн дарга энэхүү тогтоолыг үндэслээд өмнө үүссэн байсан хөдөлмөрийн харилцааг цуцалж, тогтоолын дагуу миний тушаалыг автоматаар хүчингүй болгосон юм. Хууль журмын дагуу эхлээд намайг ажлаас чөлөөлж байж тушаалыг хүчингүй болгох ёстой байхад тэгэхгүйгээр шууд тушаалыг хүчингүй болгосон юм. 03 дугаар сарын 31-ний өдөр улсын ерөнхий прокурорын газраас Д.Хуатханд эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Энэ хэрэг 8 сарын туршид шалгагдаад шүүхээр хэрэг хянан хэлэлцэгдээд Д.Хуатханы гэм буруутай нь тогтоогдож,түүний төрийн албанд хууль бус орсон гэдэг нь батлагдсан юм. Тэгээд би Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хандсан, салбар зөвлөл Д.Хуатханд холбогдолтой шийдвэр, тогтоолууд хүчин төгөлдөр бус байна гэж гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Салбар зөвлөлийн тогтоолыг үндэслээд Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Хуатханыг ажилд томилсон тухай шийдвэрээ хүчингүй болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн юм. Энэхүү шийдвэр, тогтоолуудыг үндэслээд би Улсын дээд шүүхэд хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхийн хуралдаанаар авч хэлэлцээд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм. Энэ хооронд миний маргаж байгаа албан тушаал Хөдөлмөрийн сайдын тушаалаар цомхтгогдсон. Шинэ ажлын байрны бүртгэл,мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд цомхтгогдсон учраас одоо Хөдөлмөрийн хэлтсийн сул орон тоо болох дотоод ажил, хүний нөөц хариуцсан мэргэжилтний орон тоонд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Миний тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар салбар зөвлөлд хандсан. Салбар зөвлөл бүрэн эрхийнхээ дагуу хүчингүй болгож, 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 18 тоот тогтоол гаргаж, намайг одоо Хөдөлмөрийн хэлтэст байгаа сул орон тоонд үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галияд үүрэг болгосон боловч А.Галия энэхүү тогтоолыг хүлээж аваагүй. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 19 тоот тогтоол гаргаж, Б\11 тоот тушаалыг мөн хүчингүйд тооцсон. Ингээд миний 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ажилд томилогдсон Б\04 тоот тушаал хүчин төгөлдөр болсон. Одоо хүртэл ажилд томилогдож чадаагүй. Би төрийн захиргааны албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах ёстой. Тийм учраас маргаан бүхий Хөдөлмөрийн хэлтсийн сул орон тоонд томилох тухай шийдвэр гаргахыг хэлтсийн дарга А.Галияд даалгахыг шүүхээс хүссэн. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг сая ихэсгэсэн байгаа, тэр хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгөхийг А.Галия даргад даалгаж өгөхийг шүүхээс давхар хүсэж байна. Миний нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэнтэй холбоотой Хөдөлмөрийн хэлтсийн дарга янз бүрийн тайлбар ирүүлсэн байгаа. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт таны мэргэжил маргаан бүхий ажлын байрны мэргэжилд таарахгүй гэж байгаа. Хүний нөөцийн мэргэжилтний ажлыг урьд нь эдийн засагч мэргэжилтэй Б.Досжан гэдэг хүнд хавсруулсан. Дараа нь эдийн засагч мэргэжилтэй ахлах мэргэжилтэн Х.Бауыржанд хавсруулсан байгаа. Харин дотоод ажлын чиг үүргийг эдийн засагч мэргэжилтэй Е.Толхын гэдэг хүнд гэрээгээр гүйцэтгүүлж байгаа. Маргаан бүхий орон тооны хоёр чиг үүргийг эдийн засагч мэргэжилтэй хүмүүс гүйцэтгэж болоод байгаа юм чинь би яагаад хийж болдоггүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс шаардсаны дагуу Хөдөлмөрийн яамнаас тайлбар, нотлох баримтуудыг ирүүлсэн байсан. Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний жишиг ажлын байрны тодорхойлолтод бизнесийн удирдлагын чиглэлийн мэргэжилтэй хүн хийж болно гэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа. Одоогийн нийгэмд бизнесийн удирдлага гэдэг нь эдийн засгийн шинжлэх ухааны мэргэжил юм. Тийм учраас миний бие энэхүү ажлын байрны шаардлагыг хангаж байгаа юм. Хөдөлмөрийн хэлтсээс анх ажлаас чөлөөлөгдсөн үед намайг 2014 оны 02 дугаар сард Дэлүүн сум хариуцсан мэргэжилтний орон тоонд томилсон гэж байгаа. Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал хууль бус ,хуурамч тушаал юм. Энэ хооронд Хөдөлмөрийн хэлтсийн дарга ажлаас халагдаад шинэ дарга томилогдсон. Шинэ дарга томилогдсоны дараа бидний маргааныг нэг мөр болгохын тулд надтай эвлэрлийн гэрээ байгуулахаар санал тавьсан. Хариуцагч талаас надад таны 3 сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж өгч, Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр 3 сарын хугацаатайгаар томилоё, тэгээд А.Аманкелди гэх хүн өндөр насны тэтгэвэрт гарангуут таныг тэр хүний орон тоонд томилж , аймгийн төвд ажилтай болгоё гэж санал тавьсан. Тэгээд би хүлээн зөвшөөрч тохиролцсон байсан. Тэгэхэд А.Аманкелди гэдэг хүн өндөр насны тэтгэвэрт гарах үед түүний оронд Б.Айнур гэх хүнийг томилох тухай хуучин дарга эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүх баталсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ байсан байна. Үүнийг тухайн үед би ч, шинэ дарга ч мэдээгүй. Тэгээд би эвлэрлийн гэрээнээс татгалзсан. Ингээд энэ эвлэрлийн гэрээг бусдын эрх ашиг хөндөгдөнө, хуульд харшлана гэж шүүх батлаагүй юм. Эвлэрлийн гэрээгээр 3 сарын цалин төлж өгнө гэснээр би 3 сарын цалин авсан гэж ойлгоод явж байсан чинь сая Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогч Т.Фарида таны нэр дээр 1.646.000 төгрөгийн авлага байгаа тул цалин өгөхгүй, харин ч танаас мөнгө авна гэсэн тайлбар ирүүлсэн. Тэгэхлээр нь би 1.646.000 төгрөгийг цалинтай нэмж нэхэмжилж байгаа. 10 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүхийн шүүх хуралдаан товлогдсон байхад яг шүүх хуралдааны өмнөхөн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаас халсан болгож тушаал боловсруулан хүргүүлсэн байгаа. Анхан шатны шүүх энэхүү тушаалыг үнэлээгүй юм. Улсын дээд шүүхээс 36 тоот тогтоол гарсны дараа би иргэний хэргийн шүүхэд эвлэрлийн гэрээг анхан шатны шүүх батлаагүй, үүнийг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөд шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, эвлэрлийн гэрээг хүчингүй болгосон байгаа. Иймд намайг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал хүчингүй болох ёстой. Намайг хамгийн ихээр хохироосон байгууллага бол Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл юм. Салбар зөвлөлийн дарга Т.Манкей бүх зүйл буруу гэдгийг хүлээн зөвшөөрч,миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөд, дээд шүүхэд гаргасан миний хүсэлтийг ч мөн адилхан хүлээн зөвшөөрсөн. Хуульд шилжүүлэн ажиллуулах тухай заасан байгаа. Тийм учраас энэ ажилд шилжүүлэн ажиллах нь миний эрхийн асуудал гэж бодож байгаа. Миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сайран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөдөлмөрийн сайдын 2016 оны А\17 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тоонд нэхэмжлэгчийн маргаж буй ажлын байр болох хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байгаа. Энэ орон тоо байсаар байхад үүнийг өөр ажилтанд хавсруулан гүйцэтгүүлж, хоёр хүнд цалин олгож байгаа асуудал нь улсын төсвийг хэмнэж байгаа явдал биш юм. Б.Мурат тухайн байгууллагад ажиллаж байгаад орон тоо нь бүтцийн өөрчлөлтөөр хасагдаж цомхтголд орсон байгаа. Энэ нөхцөлд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар байгаа сул орон тоонд хамгийн түрүүнд ажиллах ёстой хүн. Үүнээс гадна Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар бол байгууллага татан буулгах, орон тоо цөөрөх, бүтэц орон тоо өөрчлөгдөх үед бусад орон тоонд шилжүүлэн ажиллуулахаар төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангахаар заасан байгаа. Үүгээр Б.Мурат тухайн албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж ойлгоод байгаа. Хариуцагч маргаан бүхий ажлын байрны мэргэжлийн болон мэргэшлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Мурат хангахгүй гэж ярьж байна. Энэ ажлын байрны мэргэжлийн шаардлага нь эрх зүйч, нийгмийн ажилтан, хүний нөөц гэсэн байна. Харин мэргэшил нь нийгмийн ухаан, хууль зүй, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт гэнэ. Нэхэмжлэгч тухайн байгууллагад хамгийн анх хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орж хөдөлмөрийн харилцаагаар мэргэшсэн хүн. Мөн Цагдаагийн байгууллагад хэсгийн төлөөлөгчөөр 5 жил ажилласан. Хуульчдыг бэлтгэх 45 хоногийн курст хамрагдаад хуулийн салбараар мэргэшсэн. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ийм учраас энэ хүний мэргэшил нь маргаан бүхий орон тооны шаардлагад нийцэж байгаа. Төрийн албаны гол зарчим нь бүтэц ,зохион байгуулалт өөрчлөгдсөн тохиолдолд төрийн албан хаагчийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгаагаар төр хангах ёстой гэж заасан байгаа. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнөөр Б.Мурат хохирох ёсгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье гэв.

Хариуцагч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна.

1. Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, энэхүү шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн орон тоог батлахдаа өмнөх орон тооны бүтэц дэх аймгийн төвийн зарим орон тоог цөөрүүлж, сум хариуцсан мэргэжилтний 7 орон тоог шинээр бий болгож шийдвэрлэсэн юм. Тус хэлтсийн төвийн зарим мэргэжилтний орон тоог цөөрүүлсний нэг нь Б.Муратын ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо байсан. Ингээд тухайн үед Б.Муратын ажиллаж байсан орон тоо дээд газрын шийдвэрээр хасагдсан тул түүнийг Дэлүүн сум хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтнээр томилсон юм.Тус хэлтсийн бүтэц, орон тоонд 2015 оны 06 дугаар сараас өөрчлөлт орж шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан юм. Уг ажлын байрны чиг үүргийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээлэл, программ хангамж хариуцсан мэргэжилтэнд нэгтгэж, уг орон тоонд программ хангамж хариуцсан мэргэжилтэн Х.Ерманатыг томилсон. Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд Д.Хуатханыг шилжүүлэн томилсон. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалаар тус хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахад Д.Хуатханы хийж байсан орон тоо өөрчлөгдөж зөвхөн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоог баталжээ.

Харин маргаан бүхий хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар бий болсон шинэ орон тоо ба Б.Мурат нь 2015 оны 03 дугаар сарын 20-нд шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн учраас 2016 онд тус хэлтэст шинээр бий болсон маргаан бүхий орон тоонд ажиллах эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нөгөө талаас Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Б.Муратыг маргаан бүхий албан тушаалд ажиллуулахаар түүний нэрийг албан ёсоор дэвшүүлээгүй юм. Б.Мурат нь тус байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 2 жил 1 сар болж байна. Энэ хугацаанд тус Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо хэд хэдэн удаа өөрчлөгдөж, зарим мэргэжилтэн нар ажлаас чөлөөлөгдөж, зарим мэргэжилтэн нар шинээр ажилд орсон юм.

Тус хэлтэст хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Хуатханыг тус хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ингээд Д.Хуатханы ажиллаж байсан сул орон тоонд байгууллага дотроос ажиллаж байгаа өөр мэргэжилтэн авах, эсвэл аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ажлын байрны захиалга өгье гэхэд дараах шалтгаануудын улмаас захиалга өгөх боломжгүй болсон.

1. 2016 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 108 дугаар тогтоолын гуравт ...Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусад салбарын бүх шатны төрийн байгууллагын ажил үүргийг оновчтой хуваарилах, чиг үүргийн давхардлыг арилгах,ажлын ачааллыг нягтруулах, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх,үүнтэй холбогдуулан ажлын цагийг уян хатан тогтоож, үр дүнг цагаар тооцох, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар цалингийн зардлын 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний урсгал зардлын хэмнэлт бий болгож ажиллах;

2. Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №1/65 тоот албан бичгээр дараах үүрэг даалгавар өгөгдсөн. Үүнд:

1. Батлагдсан төсөв, орон тоог хэтрүүлэхгүй ажиллах, ажил үүргийг оновчтой хуваарилах, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх зэрэг арга хэмжээ авч ажиллах;

2. Өр төлбөр үүсгэхгүй байх талаар санаачилагатай ажиллах;

Иймд УИХ-ын тогтоолын заалтыг төрийн төсөвт байгууллага сахин биелүүлэх, дээд газар болох Хөдөлмөрийн яамнаас тус хэлтэст албан ёсоор үүрэг өгсөн тул тухайн үед маргаан бүхий орон тоонд хүн ажиллуулах боломжгүй байдалд хүрсэн ба цаашид ч гэсэн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд гаднаас хүн ажиллуулах боломжгүй гэж үзэж байна.

3. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт шинэ ажлын байрны бүртгэл, мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаал нь хүчин төгөлдөр болсон тул Б.Муратыг үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн дарга /А.Галия/-д үүрэг болгосугай гэжээ.

Гэтэл Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаал гарах эрх зүйн үндэслэл болсон Захиргааны хэргийн анхан шатны2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 тоот магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолоор, түүнчлэн Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дүгээр шүүхийн тогтоолоор тус тус хүчингүй болгосон учраас уг маргаан бүхий тушаал нь хууль бус тушаал гэж үзэж байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь 18 дугаар тогтоол гаргахдаа ийнхүү хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт хийж, хууль бус тогтоол гаргасан гэж үзэж байна.

4. Б.Муратад одоо тус хэлтсийн санхүүгээс 4981696 төгрөгийг олгох боломжгүй байна. Б.Мурат нь 2014 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэл тус хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Тус хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн Б/09 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Муратын ажлын байр үгүй болсон тул түүнийг үүрэгт ажлаас чөлөөлж, тус хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Дэлүүн сумыг хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар болсон юм. Б.Мурат нь Дэлүүн сум хариуцсан хөдөлмөрийн мэргэжилтнээр ажиллахаас татгалзсан байна. Б.Муратыг ажиллаж байсан орон тоонд буцаан томилох эрх зүйн үндэслэлгүй юм. Б.Мурат одоо тус хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул оронд томилохыг тус хэлтсийн даргад даалгаж өгөхийг хүсэж байгаа нь энэ орон тоонд урьд ажиллаж байгаагүй, энэ орон тоонд томилсон тухай эрхийн акт гараагүй, ямар нэгэн үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас цалин хөлсийг нөхөн олгох гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна.

5. Тус хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/07 дугаар тушаалаар Б.Муратын албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.Муратыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл тус тус ногдуулсан юм. Хэлтсийн даргын 2014 оны Б/07, Б/28 дугаар тушаалууд хүчингүй болоогүй байна. Иймд нэг жилийн дотор 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан албан тушаалтан дахин мэргэжилтнээр ажиллах боломжгүй гэж үзэж байна.

6. Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 тоот шүүхийн тогтоол нь Б.Муратын нэхэмжлэлийг ханган, хуучин ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлүүлэх талаар гарсан шийдвэр биш энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдлын тухай хүсэлт шийдвэрлэсэн асуудал юм.

7. Тус байгууллагын орон тоог 2016 онд 23 орон тоогоор баталсан ба одоо 23 ажилтан ажиллаж байгаа юм. Хэлтсийн батлагдсан нийт төсөв нь 237.8 сая төгрөг бөгөөд энэ онд 2015 оноос 70,0 орчим сая төгрөгөөр хасагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл урьд оноос нийт төсөв 67,0 сая төгрөгөөр хасагдсан ба үүний 63,0 сая төгрөг нь цалингийн сангаас хасагдсан. Ингэхээр өнөөдөр Б.Муратыг маргаан бүхий орон тоонд ажиллуулах боломжгүй болж байна гэжээ.

Хариуцагч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мурат анх Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн харилцааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд ажилд орсон. Жилийн дараа Хөдөлмөрийн яамнаас бүтцийн өөрчлөлт хийсэн. Тэгэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоог хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгтгэсэн. Ажил олгогчийн эрхээр тухайн үед дарга байсан Н.Самат дарга ажлын үр дүнгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Ахатыг сонгоод тус албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч Б.Муратыг сонгоогүй учир нь нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажил улс даяар 21 дүгээр байранд орсон,тэрээр өөрийн хариуцсан ажлаа сайн хийж чадаагүй, ажлаа муу хийсэн. Дээрх бүтэц, орон тоогоор 25 орон тоо хэвээр батлагдаж, үүнээс 7 орон тоог сумуудад шилжүүлсэн байгаа. Дотоодод ажиллаж байсан хүнийг эхний ээлжинд ажилтай болгох үүднээс Н.Самат дарга Б.Муратыг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон байсан. Гэхдээ нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүй,тушаалаа гардаж авахаас татгалзсан. Дараа нь 2014 оны 04 дүгээр сарын үед Н.Самат дарга ажлаас халагдаад оронд нь Х.Хавшан дарга ирсэн. Б.Мурат Х.Хавшан даргатай эвлэрлийн гэрээ байгуулаад, намайг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилж өг, тэгээд надад ажилгүй байсан 3 сарын цалин олгож өгнө үү гэж хамт олны хурлын үеэр мэдэгдээд Сагсай сумд ажиллахаар болж явсан. Тэгээд Б.Мурат 2 хоногийн дараа Сагсай сумд ажиллахгүй гэж эргээд ирсэн. Төрийн алба ямар тоглоом юм уу, энэ хүнд боломж олгосоор байхад өөрөө ажиллахгүй байгаа. 3 жилийн хугацаанд Хөдөлмөрийн хэлтсийн дарга 3 удаа солигдсон. Нэхэмжлэгч Б.Мурат гуай эхний хоёр даргатай хамтран ажиллаж чадаагүй,ажлаа муу хийсэн, төрийн албан хаагчийн ёс зүйг олон удаа зөрчсөн. Н.Самат, Х.Хавшан дарга нэхэмжлэгчид хоёр удаа сахилгын шийтгэл оногдуулсан байсан. Би хэлтсийн даргаар 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр томилогдсон. Намайг хэлтсийн даргаар томилогдохоос өмнө нэхэмжлэгч Д.Хуатханы оронд буюу шинэ ажлын байрны бүртэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд хоёр шатны шүүхийн шийдвэрээр томилогдсон байсан. Тухайн маргаан бүхий орон тоонд томилогдоод 2 сар ажиллаж байсан ба Улсын дээд шүүхийн тогтоолоор тухайн орон тоонд Д.Хуатхан буцаагаад орж ирсэн. 2015 оны 06 дугаар сард Хөдөлмөрийн яам дахиад бүтцийн өөрчлөлт хийгээд шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо өөрчлөгдсөн. Дараа нь 2016 оны 01 дүгээр сард дахиад бүтцийн өөрчлөлт болоод шинэ ажлын байрны судалгаа, бүртгэл, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо зөвхөн хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн гэж өөрчлөгдөөд, бусад ажлын чиг үүрэг нь программ хангамж хариуцсан мэргэжилтэн рүү шилжсэн. Энэ орон тоонд ажиллаж байсан Д.Хуатханыг 2016 оны 01 дүгээр сарын 07-нд шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас халах тухай тушаалыг гаргасан. Б.Мурат гуай хэлсэн тайлбартай холбогдуулан тайлбар гаргахад Х.Бауыржанд яагаад хавсруулсан гэхлээр Х.Бауыржан хоёр дээд сургууль төгссөн хүн, эдийн засагч, нийгмийн ажилтан гэсэн хоёр мэргэжилтэй хүн. Е.Толхыныг ажиллуулсан гэж яриад байна. Е.Толхыныг Д.Хуатханыг ажлаас чөлөөлөхөөс нэг сарын өмнө ажилд томилсон байсан. УИХ-ын тогтоолын дагуу төрийн албаны зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлж болно гэсэн заалтын дагуу 2016 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл гэрээгээр ажиллуулахаар авсан байсан. Учир нь манай хэлтэс 01 дүгээр сараас 07 дугаар сар хүртэл ажлын ачаалалтай ажилладаг. Тэгээд дахиад 04 дүгээр сарын 04-ээс 07 дугаар сарын 04-ний өдөр хүртэл гэрээгээ сунгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс жоохон дээгүүр цалингаар цалинжуулж, өчигдөр Е.Толхыныг ажлаас чөлөөлсөн байгаа. Хөдөлмөрийн яамнаас баталсан жишиг ажлын байрны тодорхойлолтод бизнесийн удирдлага мэргэжилтэй гэж заасныг нэхэмжлэгч эдийн засагч мэргэжилтэй холбож сая тайлбарласан. 2014 онд жишиг ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн болохоос биш баталсан ажлын байрны тодорхойлолт биш. Хөдөлмөрийн хэлтсийн даргын баталсан ажлын байрны тодорхойлолтод эдийн засагч мэргэжилтэй гэсэн шаардлага байхгүй, зөвхөн хуульч, эрх зүйч, нийгмийн ажилтан мэргэжилтэй гэсэн шаардлага тавигдсан. Хөдөлмөрийн хэлтсийн дотоод журамд дотроосоо шилжүүлэн томилуулах тухай заасан гэж байна. Төрийн алба тоглоом биш, яг мэргэжил нь таарсан нөхцөлд ур чадвараараа тэнцэх хүнийг бид сонгох ёстой. Нэхэмжлэгч мэргэжлийн хувьд маргаан бүхий орон тоонд тохирохгүй байгаа. Нэхэмжлэгч Б.Мурат маргаан бүхий орон тоонд урьд өмнө нь ажиллаж байгаагүй,хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоонд ажиллаж байгаад ажлаас гарсан. Ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн талаар сая би хэлсэн. Дараа нь шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд 2 сар ажилласан. Энэ орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан. Тийм учраас нэхэмжлэгч энэ орон тоонд би ажиллах ёстой гэж ямар нэгэн үндэслэлгүйгээр 2 жилийн цалин хөлсийг нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж би үзэж байна. Хүн бүр хөдөлмөрлөж байж цалин хөлс авах ёстой гэв.

Хариуцагч аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл шүүхэд ирүүлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Хуатханд холбогдох тус салбар зөвлөлөөс гарсан тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгож, Б.Муратын гаргасан хүсэлтийг дэмжиж Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хуулийн үндэслэлгүй гарсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тайлбар, хүсэлтийг тухайн үед гаргаж байсан билээ. Уг 36 дугаар тогтоол хүчингүй болсны дараа нэхэмжлэгч Б.Муратын гаргасан гомдлыг тус салбар зөвлөлийн шийдвэрээр Хөдөлмөрийн хэлтсийн дарга болон иргэн Б.Мурат хоёрын дунд урьд нь үүссэн хөдөлмөрийн харилцааг хэвийн болгож, мөн түүнийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон тус салбар зөвлөлийн 16 тоот тогтоол, Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/11 тоот хууль бус тушаал зэргийг тус тус хүчингүй болгосон юм. Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хэвээр нь үлдээж, Хөдөлмөрийн хэлтсийн даргад түүнийг тус хэлтсийн одоо байгаа сул орон тооны ажилд шилжүүлэн томилж, үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгосон болно.Нэхэмжлэгч талын харилцан буулт хийж маргааныг дуусгавар болгох, талуудад учирч болох хохирол, эрсдэлийн талаар ялангуяа нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговрын талаар эвлэрэх гэсэн саналыг хүлээн авч зөвшилцөлд хүрч, зөвшөөрсөн байсан боловч түүнийг ажил олгогч хүлээж аваагүй болно. Төрийн албаны зөвлөлийн зүгээс нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажилласан. Гэвч нэхэмжлэгчээс 2 жилийн цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж байж эвлэрнэ гэсэн санал гаргасан. Ажил олгогч талаас нэгэнт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бидний зүгээс өөр авах арга хэмжээ байгаагүй. Бидний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй, Б.Муратынх буруу байна гэсэн дүгнэлтэд хүрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч тус шүүхэд Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол,аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны олговор 4981696 төгрөгийг тус хэлтсээс гаргуулах-аар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан тайлбар[1] ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1, 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тус хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулахаар[2], мөн шүүх хуралдааны үед ажилгүй байсан хугацааны олговор, хоолны мөнгө болох 19805568 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг хэлтсийн даргад даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тус тус ихэсгэж, бусад шаардлагаа хэвээр үлдээсэн болно.

1. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг хэлтсийн даргад даалгах, ажилгүй байсан хугацааны олговор, хоолны мөнгө болох 19805568 төгрөгийг Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудын хувьд:

А. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Б.Мурат орж тэнцсэнээр аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 167 дугаар тогтоолоор түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, улмаар дээрх албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлснээр тус хэлтсийн даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар[3] хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилогдсон байна.

Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар[4] аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц,зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн аймгийн төвийн зарим орон тоог цөөрүүлж, тодруулбал хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний орон тоог нэгтгэж 1 орон тоо болгожээ. Улмаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар иргэн Х.Ахатыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний албан тушаалаас, Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Муратыг хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлж, Б/25 дугаар тушаалаар Х.Ахатыг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.

Хариуцагч дээрх Б/09 дүгээр тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан байх ба тус хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдсаны улмаас нэхэмжлэгч Б.Муратыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа уг Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох,ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыг хэлтсийн даргад даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлээ өмнө нь ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдсанаар ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил,албан тушаалд шилжих төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах ёстой тул уг орон тоонд ажиллах давуу эрхтэй, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Төрийн албаны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт зарлуулах тухай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар албан бичиг[6],хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/34 дүгээр тушаал[7] зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх үед буюу 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тус хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо сул байжээ.

Мөн энэхүү ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод[8] тусгагдсан ерөнхий шаардлага болох мэргэжлийн шаардлагыг статистик мэргэжилтэй нэхэмжлэгч Б.Мурат хангаж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] тогтоогдсон.

Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Муратыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар[10] Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар[11] Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр тус тус томилж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангасан гэх тайлбарыг гаргасан. Гэтэл Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаал гаргахдаа аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нэхэмжлэгч Б.Муратын саналыг авахгүйгээр шууд томилсон, уг шийдвэрийг түүнд мэдэгдээгүй, нэхэмжлэгч уг албан тушаалд бодит байдалд ажиллаагүй, цалин хөлс аваагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар[12] тогтоогдсон болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь  төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох тухай нэмэгдэл баталгаагаар хангагдахаар зохицуулсан.

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, мөн болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй бөгөөд төрийн албан тушаал эрхлэх нь иргэний эрх болохоос үүрэг биш учраас орон тоо нь хасагдсаны улмаас ажлаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч болох Б.Мураттай тохиролцохгүйгээр, түүний саналыг авахгүйгээр өөр албан тушаалд шууд шилжүүлэн томилж байгаа нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрх, дээр дурдсан мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих эрхийг тус тус зөрчсөн байх тул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэлээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч болон тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар хоорондоо эвлэрч, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинг төлж, Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулахаар тохиролцсоноор 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ[13] байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Муратыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон Б/10 дугаартай тушаал гаргасан байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[14] тогтоогдож байгаагаас гадна нэхэмжлэгч нь тухайн эвлэрлийн гэрээнээс татгалзсанаа илэрхийлж шүүхэд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт[15] гаргасан, мөн хариуцагч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга уг эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөөр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 463 дугаар захирамжаар[16] хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас хариуцагч тал Б.Муратыг Дэлүүн, Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон тушаал гаргаснаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1,16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаал болох хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалд тавих шаардлага, мөн болзлыг хангаж зохих журмын дагуу томилогдон ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд нэхэмжлэгч Б.Мурат нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхтэй, энэхүү баталгаагаар түүнийг ажиллуулж байгаа төрийн байгууллага, албан тушаалтан хангах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанд хууль дээдлэх зарчмыг баримтлах учиртай.

Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдах үед тус хэлтэст сул байсан орон тоо болох ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны шаардлагыг хангаж байгаа нэхэмжлэгч Б.Муратыг уг ажлын байранд шилжүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна гэж дүгнэлээ.

Б. Нэхэмжлэгчийн энэхүү ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн ажиллуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд гаргасан аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч энэхүү орон тоонд томилохыг даалгах тухай шаардлагын үндэслэлээ ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бол дараа нь бүтцийн өөрчлөлтийн дагуу гарсан орон тоо болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжин ажиллах ёстой байсан гэж тайлбарласан.

Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар[17] аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог батлахдаа Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн өмнөх бүтцэд байсан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн болон хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн-ий орон тоог нэгтгэж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл,тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 1 орон тоо болгосноор ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан байна. Мөн энэ тушаалаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн-ий орон тоо батлагдсан байх ба үүний дараа Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар[18] аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтооход уг орон тоо нь хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нэртэйгээр батлагдсан байна.

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн жишиг ажлын байрны тодорхойлолтод маргаан бүхий албан тушаалд хүний нөөц, бизнесийн удирдлага, хууль эрх зүй гэсэн мэргэжлийн шаардлага тавигдсан,бизнесийн удирдлага гэсэн мэргэжил нь эдийн засгийн чиглэлд багтдаг мэргэжил тул статистикч-эдийн засагч мэргэжилтэй, мэргэшсэн эдийн засагч цолтой, мөн хуульч мэргэжлийн хувьд аймгийн Цагдаагийн хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр 5 жил ажилласан туршлагатай,хуульчдыг бэлтгэх 45 хоногийн сургалтад хамаарагдаж байсан зэргээр уг албан тушаалд тавих шаардлагыг хангаж байна гэж маргасан.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг,боловсрол,туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлага, болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй юм.

Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаалаар аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсны дагуу тус яамнаас 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 4/519 дүгээр албан бичгээр[19] жишиг ажлын байрны чиг үүргийг хүргүүлж, үүнд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан батлахыг хэлтсийн дарга нарт үүрэг болгожээ. Энэхүү жишиг ажлын байрны чиг үүрэгт тусгаснаар хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд хүний нөөц, бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх шаардлага тавигдсан, мөн энэ талаар шүүхээс тодруулснаар Хөдөлмөрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас уг албан тушаалд мэргэжлийн хувьд нийгмийн ажилтан, хүний нөөц, эрх зүйч байх шаардлагатай талаар хариу[20] ирүүлсэн байна. Түүнчлэн томилох эрх бүхий этгээдээс баталсан ажлын байрны тодорхойлолтуудад[21]маргаан бүхий албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь нийгмийн ажилтан, хүний нөөц, эрх зүйч мэргэжилтэй байх гэж тусгагджээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд маргаан бүхий албан тушаал болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болох мэргэжлийн шаардлагыг, түүнчлэн Хөдөлмөрийн яамнаас ирүүлсэн жишиг ажлын байрны чиг үүрэгт тусгасан ...бизнесийн удирдлага, хууль эрх зүйн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх гэсэн шаардлагыг статистик мэргэжилтэй нэхэмжлэгч Б.Мурат нь тус тус хангахгүй байгаагаас гадна Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/78 дугаар тушаалаар баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх бакалаврын мэргэжлийн чиглэл, индекс-ээс үзэхэд бизнесийн удирдлага-ын чиглэлд статистикийн мэргэжил багтана гэж үзэхээргүй байна.

Иймээс ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсанаар нэхэмжлэгч нь өөр ажил, албан тушаалд шилжих баталгаагаар эхний ээлжинд хангагдах эрхтэй боловч тухайн маргаан бүхий албан тушаалд тавигдах шаардлагыг дээрх байдлаар хангахгүй байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар мэргэжил, мэргэшлийн дагуу шилжих эрхийг эдлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

В. Нэхэмжлэгч анх гаргасан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоонд шилжүүлэн ажиллуулахыг даалгах,дараа нь уг шаардлагаа өөрчилж хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай шаардлага гаргасантай холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ныг хүртэлх 12 сар 7 хоногийн хугацааны цалинг ТЗ-5-ын 2 дугаар шатлалаар, 15 хувийн нэмэгдлийн хамт хоолны мөнгийг өдрийн 5000 төгрөг төгрөгөөр тооцож нийт 8321252 төгрөг, 2015 оны 02, 03 дугаар сарын цалинг авсан тул 2015 оны 04-12 дугаар сарын буюу 9 сарын цалинг ТЗ-5-ын 3 дугаар шатлалаар, 15 хувийн нэмэгдлийн хамт, хоолны мөнгийг өдрийн 4000 төгрөгөөр тооцож, нийт 6655833 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 сар 2 хоногийн хугацааны цалин,нэмэгдлийн хамт, хоолны мөнгийг өдрийн 1200 төгрөгөөр тооцож, нийт 4828483 төгрөг, бүгд 19805568 төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулахаар нэхэмжилсэн.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.Муратын анх ажиллаж байсан хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдсанаар тухайн үед тус хэлтэст байсан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний сул орон тоонд түүнийг шилжүүлэн ажиллуулаагүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн байх тул 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 02 дугаар 03-ныг хүртэлх 12 сар 7 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 7027071 төгрөгийг /ТЗ-5 зэрэглэлийн 2 дугаар шатлал 495761 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь 74360 төгрөг, нийт 570121 төгрөгөөр тооцож/ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгч болон тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Хавшан нар 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 2014 оны 2,3,4 дүгээр сарын буюу 3 сарын цалин гэх 1646739 төгрөгийг[22] дээрх цалин хөлснөөс суутган тооцохыг дурьдах нь зүйтэй.

Мөн тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаар магадлалыг үндэслэн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар[23]нэхэмжлэгч Б.Муратыг ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилж, ТЗ-5 зэрэглэлийн 3 дугаар шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн, энэ үед нэхэмжлэгчид төрийн алба хаасан хугацааны 10 хувийн нэмэгдэл олгож байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[24] тогтоогдсон. Энэхүү Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгосон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг[25] аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор[26] хүчингүй болгосноор уг Б/04 дүгээр тушаал хэвээр үлджээ.

Нэхэмжлэгч уг Б/04 дүгээр тушаалын дагуу ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдоод 2015 оны 2, 3 дугаар сарын цалинг авсан байх тул 2015 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацааны 2 сар 21 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 1866790 төгрөгийг /ТЗ-5 зэрэглэлийн 3 дугаар шатлал 570125 төгрөг,төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 10 хувь 57000 төгрөг, нийт 627125 төгрөгөөр тооцож/ аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулах нь зүйтэй байна.

Харин Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог батлахад ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, мөн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/17 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар бий болсон орон тоо болох хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд нэхэмжлэгчийг томилохыг даалгах үндэслэлгүй тул 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийтдээ 8893861 төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. Мөн энэхүү 2014 оны 01 дүгээр сарын 24-нээс 2015 оны 02 дугаар сарын 03, 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс 2015 оны 06 дугаар сарын 29-нийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8893861 төгрөгийг нэхэмжлэгчид олгосонтой холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон холбогдох байгууллагад шилжүүлэхийг хариуцагч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгасан болно.

Түүнчлэн 2014 оны 01 дүгээр сарын 24-өөс хойш 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны хоолны мөнгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас тус тус бүрддэг байна.

Дээрх зохицуулалтууд болон Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4 дэх хэсэгт зааснаар хоолны мөнгө буюу хоолны үнийн хөнгөлөлт нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус зааснаар төрийн албан хаагч нь төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшил, тэтгэвэр, тэтгэмж авах баталгаагаар хангагдахаар, ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор тус тус зохицуулсан байх тул хоолны үнийн хөнгөлөлтийг гаргуулах үндэслэлгүй байна.

2. Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07, 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1,3 дахь заалт, 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар[27] Дэлүүн сум хариуцсан мэргэжилтэн Б.Муратад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар, 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.Муратыг Дэлүүн сум хариуцсан мэргэжилтнээр томилохдоо түүний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг зөрчиж хууль бусаар томилсон нь тогтоогдсон, нэхэмжлэгч энэхүү албан тушаалд бодит байдалд ажиллаагүй, цалин хөлс аваагүй,түүнчлэн дээрх тушаалаар арга хэмжээ авах үед нэхэмжлэгч шүүхэд хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан буюу ажлаас чөлөөлөгдсөн байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар[28] тогтоогдсон.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Б.Мурат нь Дэлүүн сум хариуцсан мэргэжилтний албан тушаалыг эрхэлж,бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй,төрөөс цалин хөлс аваагүй, мөн төрийн албанаас чөлөөлөгдсөн буюу тухайн үед ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч биш байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын[29] 1 дэх заалтаар Б.Муратыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилж, 3 дахь заалтаар сум хариуцсан мэргэжилтэн Б.Муратын цалинг ТЗ-5 ангиллын 3 дугаар шатлалаар тооцож олгохыг зөвшөөрсөн байна.

Уг Б/10 дугаар тушаалыг хариуцагч тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Б.Мураттай байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч уг эвлэрлийн гэрээнээс татгалзсанаас гадна тухайн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй болох ньтогтоогдсон, мөн уг эвлэрлийн гэрээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байх тул хууль бус, хүчин төгөлдөр болоогүй гэрээнд тулгуурласан актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар[30] Сагсай сум хариуцсан мэргэжилтэн Б.Муратад өргөсөн тангараг, албан үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон сар ажил тасалсан гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Анхнаасаа нэхэмжлэгч Б.Муратыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон нь өөрөө хууль бус, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ талаар эвлэрлийн гэрээ байгуулсан ч дараа нь уг гэрээнээс татгалзсан бөгөөд уг томилсон тушаал нь хүчин төгөлдөр болоогүй гэрээнд тулгуурласан, мөн нэхэмжлэгч энэхүү албан тушаалд бодит байдалд ажиллаагүй, Сагсай сум хариуцсан мэргэжилтний албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй, тухайн үед төрийн албанаас чөлөөлөгдсөн, төрийн жинхэнэ албан хаагч биш байсан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр дээрх Б/28 дугаар тушаалыг тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар[31] хүчингүй болсонд тооцсон боловч уг тушаалыг гаргах үед хэлтсийн дарга нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар[32] 03 дугаар сарын 25-наас албан тушаалаас чөлөөлөгдсөн байсан тул уг Б/18 дугаар тушаалыг эрх хэмжээгүй этгээдээс гаргасан илт хууль бус акт гэж үзээд гэж үзээд Б/28 дугаар тушаалыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

3. Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Маргаан бүхий захиргааны акт болох салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолоор[33] аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар Д.Хуатханыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болсонд тооцож, Д.Хуатханыг шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн авч ажиллуулахыг тус хэлтсийн даргад үүрэг болгосон байна.

Мөн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар дээрх салбар зөвлөлийн 16 дугаар тогтоолыг үндэслэн тус хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/03 дугаар Д.Хуатханыг Сагсай сум хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/04 дүгээр Б.Муратыг шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр тус тус томилсон тушаалыг хүчингүй болгож, 2014 оны 03 дугаар сарын 25ны өдрийн Б/05 тоот Д.Хуатханыг шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчинтэйд тооцсон байна.

Аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар тогтоол[34], 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор[35] маргаан бүхий дээрх 2 захиргааны актыг тус тус хүчингүй болгожээ.

Хариуцагч болох салбар зөвлөлөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх 2 шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, энэ нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй,тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,эдгээр шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 107.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоол, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,10 дугаар зүйлийн 10.1,16 дугаар зүйлийн 16.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудаас заримыг хангаж, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалын 1,3 дахь заалт, 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож,2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 8893861 /найман сая найман зуун ерөн гурван мянга найман зуун жаран нэг/ төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж,үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний сул орон тоонд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах, 2015 оны 06 дугаар сарын 29-нээс 2016 оны 07 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацааны цалин хөлс болон 2014 оны 01 дүгээр сарын 24-нөөс хойшхи хугацааны хоолны мөнгө нийт 10911707 /арван сая есөн зуун арван нэгэн мянга долоон зуун долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 


[1]Хэргийн 834-836-р хуудас

[2]Хэргийн 880-881-р хуудас

[3]Хэргийн 5-6-р хуудас

[4]Хэргийн 60-61-р хуудас

[5] Хэргийн 7,33-35,42,43-р хуудас

[6]Хэргийн 243-р хуудас

[7]Хэргийн 188-р хуудас

[8]Хэргийн 221-р хуудас

[9]Хэргийн 140-р хуудас

[10]Хэргийн 44-р хуудас

[11]Хэргийн 104-р хуудас

[12]Хэргийн 550-р хуудас

[13]Хэргийн 102-р хуудас

[14]Хэргийн 129,132,180-181,412-413-р хуудас

[15]Хэргийн 133-р хуудас

[16]Хэргийн 716-717-р хуудас

[17]Хэргийн 874-875-р хуудас

[18]Хэргийн 864-865-р хуудас

[19]Хэргийн 62-77-р хуудас

[20]Хэргийн 974-р хуудас

[21]Хэргийн 906-910,911-913, 953-957,958-р хуудас

[22]Хэргийн 989-р хуудас

[23]Хэргийн 984-р хуудас

[24]Хэргийн 982-983-р хуудас

[25]Хэргийн 787-р хуудас

[26]Хэргийн 872-р хуудас

[27]Хэргийн 860-р хуудас

[28]Хэргийн 1-2,7,550-р хуудас

[29]Хэргийн 104-р хуудас

[30]Хэргийн 861-р хуудас

[31]Хэргийн 1019-р хуудас

[32]Хэргийн 1008-р хуудас

[33]Хэргийн 786-р хуудас

[34]Хэргийн 873-р хуудас

[35]Хэргийн 872-р хуудас