Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00837

 

“Ландбридж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01726 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 917 дугаар магадлалтай,

“Ландбридж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Дельта Холдинг” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 124.255.400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний 2.2.3 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хохиролд 108.858.000 төгрөг гаргуулах сөрөг  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Дельта Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Ландбридж” ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь тус компанитай 2013 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн 2015/188 тоот "Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх" гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Польш улсаас 20 автомашин, Нидерланд улсаас 8 автомашин, сэндвичин хавтан болон тоног төхөөрөмж ачигдаж,  Монгол Улсын Улаанбаатар хот дахь “Монгол Транс” ХХК-ийн чингэлгийн талбай дээр 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд буусан.  Гэвч "Дельта холдинг" ХХК нь “...1168 ширхэг сэндвичин хавтангаас 212 ширхэг гэмтсэн нь та нөхдийн буруугаас болсон" гэх үндэслэлгүй шалтгаан зааж зуучлалын үйлчилгээний хөлснөөс 36.200 еврогийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Үүссэн гэмтлийн шалтгааныг судлан, хохирлын талаар хөндлөнгийн экспертээр акт, дүгнэлт гаргуулж ажилласан. Уг дүгнэлтүүдийн дагуу манай компани хариуцлагын даатгалын компани болох "Монгол даатгал" компани болон уг тээврийг гардан гүйцэтгэсэн. Ачигдсан хавтангууд хооронд үрэгдэхээс сэргийлсэн хөндлөн жийргэвч байхгүй. Ачааг хэрхэн тээвэрлэх, тээвэрлэлтийн явцад ачаатай хэрхэн харьцах талаар ямар нэгэн тусгай тэмдэглэгээ байгаагүй. Ачааг тээвэрлэгчийн автомашинуудад ачаа илгээгч байгууллага болох компани бэхэлж, ачсан бөгөөд энэ нь ачааны дагалдах бичиг баримт болох СМР дээрх тэмдэглэлээр нотлогдоно. 2015/188 тоот "Тээвэр зуучлалын үйлчилгээний" гэрээнд заасны дагуу тохиролцсон байхад өөрсдийн болон илгээгч талынх нь буруугаас үүдэлтэй гэм хорын хариуцлагыг биднээс шаардаж гэрээний үүргээ биелүүлэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тээврийн хөлсний үлдэгдэл болох 36.200 евро буюу 81.956.800 төгрөг, мөн гэрээний 3.3-т заасны дагуу хугацаандаа төлөөгүй хоног тутмын алданги 6.154 евро буюу 13.932.656 төгрөг, гаалийн мэдүүлэг шивэлтийн хөлс 79.500 төгрөг, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын экспертийн хөлс 180.000 төгрөг нийт 96.148.956 төгрөг болж байна.

2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 127 хоногийн алданги 0.5 хувиар тооцоход 50.211.423 төгрөг болж байгаа ба нийт 161 хоногийн алдангийн хэмжээ 64.144.079 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг баримтлан 81.956.800 төгрөгийн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиар тооцон 40.978.400 төгрөг байхаар алдангийн хэмжээг тооцсон. Тиймээс өмнөх нэхэмжлэлээр гаргасан 96.787.656 төгрөг нэхэмжлэлийн шаардлага дээр 27.045.744 төгрөгийн алданги, шүүхийн шатанд хийлгэсэн орчуулгын зардал 422.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 124.255.400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дельта Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: "Ландбридж" ХХК-ийг "Туушин" ХХК байхаас нь манай компани харилцаж байсан. "Ландбридж" ХХК-ийг манай илгээгч компани болгохыг Белорус улсын тээврийн компани хүлээн зөвшөөрөхгүй байхаар нь би өөрөө баталгаа гаргаж байж "Ландбридж" ХХК-иар ачилтыг хийлгэсэн. Ингээд "Ландбридж" ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх 2015/188 тоот гэрээ байгуулсан. Гэрээгээр Европын Холбооны улсаас тусгай зориулалтын хавтан тээвэрлүүлэх болсон. Үүний зарим хэсэг нь Голланд улсаас, зарим ачааг Польш улсаас ачихаар тохиролцсон. Үүний дагуу тээвэрлэлтийг "Ландбридж" ХХК гүйцэтгэсэн. Уг ажлыг гүйцэтгэхдээ "Ландбридж" ХХК нь тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээнийхээ 6 дугаар зүйлд заасан үүргээ зөрчсөн. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тухайн тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд экспертиз дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр тухайн тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний 60 хувь нь гэмтсэн, энэ 60 хувийн 40-өөд хувь нь ноцтой гэмтэлтэй гэж гарсан. Иймд "Ландбридж" ХХК тээврийн хөлс нэхэмжилж байгаа нь үндэсгүй. "Ландбридж" ХХК нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл тээвэрлэгчийн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тээвэрлэлтийн гэрээг сайтар унших юм бол Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ болох нь тогтоогдож байгаа. Гэрээний хавсралт дээр энгийн аюулгүй ачаа гэсэн байгаа бөгөөд ачааны тээвэрлэлтийн код болон ачигдах газар, ачааны очих эцсийн газар Улаанбаатар хот, тээвэр хийх машин болон тоо хэмжээ, хугацаа, үнийг тодорхойлсон байсан тул Иргэний хуулийн 387 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний дагалдах бичгийн агуулгын дагуу хийгдсэн гэрээ. Бид ачааг тээвэрлэж эзэн гэх Белорус улсын компанитай гэрээ хийгээгүй, мөнгө төлөх үүрэг хүлээгүй, тэд ч бараа авчирч өгөх үүрэг хүлээгүй. Тэгэхээр бид "Ландбридж" ХХК-тай гэрээ хийсэн “Дельта холдинг" ХХК-ийн хувьд "Ландбридж" ХХК тээвэрлэгч. "Ландбридж" ХХК-ийн хувьд бол Белорус улсын компани тээвэрлэгч, Белорус улсын компанийн хувьд бол “Ландбридж" ХХК захиалагч буюу хүлээн авагч юм. Мөн сав баглаа боодлыг ачаа илгээгч тээвэрлэгчид хүлээлгэн өгдөг. "Ландбридж" ХХК алданги нэхэмжлэх эрхгүй, Ачаанд гарсан доголдлыг Белорусын компани хариуцах ёстой. Гэтэл "Ландбридж" ХХК энэ тээврийн хөлсийг авах үндэслэл байхгүй. “Ландбридж" ХХК нь тусгай зориулалтын машинаар тээвэрлээд чанар байдлыг нь алдагдуулахгүй хүлээлгэж өгөх ёстой байсан. Хамгийн гол нь ачааг бүрэн бүтэн, чанар байдлын доголдолгүй, тоо ширхэг, хэмжээний хувьд өөрчлөлтгүй байх ёстой. Энэ бол тээвэрлэгчийн нэгдүгээр үүрэг. Дараагийн үүрэг бол ачааг хугацаандаа авчирч өгөх юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч “Дельта холдинг” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  тус компани нь Голландын “Geerlofs Refrigeration” компанитай зоорь барих, барилгын материал, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ачааг тээвэрлэн Улаанбаатар хотод авчрах үйл ажиллагааг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр №2015/188 дугаартай тээвэр зуучийн гэрээний дагуу "Ландбридж" ХХК-иар хийлгэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр тээвэрлэгч Белорусын компанитай "Ландбридж" ХХК гэрээ хийж ачааг тээвэрлэн авчрахаар тохиролцсон. 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ачааг буулгах үед евро стандартын өндөр үнэлгээтэй тусгай зориулалтын хөргүүрийн сэндвичин хавтангууд тээвэрлэлтийн буруугаас ноцтой гэмтсэн байсан тул хохирлын акт гаргуулсан.

Тээвэрлэгч бол тухайн барааг "тээвэрлэхдээ гэмтэлгүйгээр нэг цэгээс нөгөө цэг рүү хүргэхэд тусгаарлагч хийх ёстой. Булан ирмэгийг дарж боох, зөөлөвч хийх зардлыг тээвэрлэгч өөрөө гаргах үүрэгтэй. Иймд хоёр хавтанг хооронд үрэгдэхгүй байх зорилгоор зөөлөвчийг тээвэрлэгч хийгээгүй. “Ландбридж" ХХК нь "Дельта холдинг" ХХК-тай байгуулсан "Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.1.8-д заасны дагуу үүргээ биелүүлээгүй. Харин ч эсрэгээрээ мэргэжлийн зөвлөгөө өгөлгүй оронд нь "Дельта холдинг" ХХК-д даатгалын компаниас мөнгийг чинь авч өгнө гэж төөрөгдүүлэн биднийг хохироосон. "Ландбридж" ХХК нь уг тээвэртэй холбоотой мэргэжлийн зөвлөгөө өгсөн бол "Дельта холдинг" ХХК нь Монгол улсын олон улсын гэрээ, Бараа худалдах-худалдан авах олон улсын гэрээний тухай НҮБ-н конвенцид тус тус заасан эрхийнхээ хүрээнд худалдагч тээвэрлэгч нараас хохирлоо нөхөн төлүүлэх шаардах эрхтэй байсан боловч “Ландбридж" ХХК нь гэрээнд заасан мэргэжлийн зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүйгээс хохирлоо нөхөн төлүүлэх шаардах эрхгүй болж хохирсон тул Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.10-т, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж, хэлцэл хийж болно гэж заасан нь "Ландбридж" ХХК-иас төлөөлөл гарган хохирлын акт үйлдэж энэ гарсан хохирлыг даатгалын компаниар төлүүлнэ гэсэн нь хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж буй үйлдэл гэж үзэж байна. "Дельта холдинг" ХХК нь уг 2 талын нийлсэн актаар гарсан гэмтсэн 247 сэндвичийн үнэ болох 51.615,94 евро мөн 127 хөнгөн гэмтсэн 15.138.98 евро нийт 76.704,92 еврог нэхэмжлэхээр тухайн үед шийдсэн боловч цаг хугацааны хувьд бид зоорь барьж ногоогоо зоорилох боломжгүй болох байсан тул 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цамхагт Асар констракшн" ХХК-тай 108.858.000 төгрөгөөр уг сэндвичийг засуулан барилгад ашиглах гэрээ хийж одоогоор 100.000.000 төгрөгийн “Цамхагт Асар констракшн" ХХК-д шилжүүлээд байна.

Иймд уг тээвэрлэлтийн буруугаас үүдсэн хохирлыг арилгахад гарсан 108.858.000 төгрөгийг “Ландбридж” ХХК-иас гаргуулах, талуудын хооронд байгуулсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 2.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч “Ландбридж” ХХК-ийн төлөөлөгч Д.Энхтүвшин, өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч сэндвичин хавтанд хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэж байна. Гэхдээ хүнд, хөнгөн гэмтэл гэж яаж ялгасан юм бэ, хараад л мэддэг зүйл юм уу, би түүнийг нь ойлгохгүй байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн экспертизийн дүгнэлт нь хариуцагчид хэдэн төгрөгийн хохирол учирсныг нотлохгүй, хариуцагчийн ярьж байгаа зүйл дандаа нотлох баримтгүй байна. Иймд тээвэрлэгч тал буруугүй. Учир нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зкспорт, импортын барааны хяналтын хэлтсийн экспертизийн дүгнэлтээр полистирол материал хангалтгүй, хамгаалах чадвар муу байснаас хавтангууд хоорондоо үрэгдэж, хажуу талдаа ан цав үүсэж цуурсан гэсэн. Тэгэхээр ачааны сав баглаа боодлоос үүдэлтэй гэмтэл гарсан. Үүнтэй талуудын хэн ч маргаагүй. Энэ сав баглаа, боодлыг хэн хариуцаж байгаа талаар бид өмнө нь и-мэйлээр харилцаж байсан. Энэ талаар мэдээллийг өгсөн. Ачаан дээр аюултай, онц шаардлагатай гэх нэмэлт нөхцөл тавьчихаад бид нар нэмэлт нөхцөл тавьсан байхад та нар энэ нэмэлт нөхцөлийн талаар тээвэрлэгч талд мэдээлээгүй байна гэсэн бол асуудал өөр. Гэрээний нэмэлт нөхцөл дээр энгийн, аюулгүй ачаа гэсэн байсан. Энэ бүхнээс харахад илгээгч талын хариуцлагагүй үйлдэл гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр илгээгч талын хүлээх хариуцлагыг зуучлагчаас нэхэмжлэх  боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01726 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "Дельта холдинг" ХХК-иас 102.638.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ландбридж" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.978.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2015/188 тоот "Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 2.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид “Ландбридж” ХХК-иас 100.000.000 төгрөг гаргуулан хариуцагч “Дельта холдинг” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.858.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779.227 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 671.141 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 772.440 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 728.150 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 917 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/01726 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “...Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг” гэсний дараа “...232 дугаар зүйлийн 232.8, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг...” гэсэн заалт нэмж, "... 102.638.300 төгрөг” гэснийг “... 101.956.800 төгрөг “ гэж, “...20.978.400 төгрөг ... “ гэснийг “...22.298.600 төгрөг” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтыг “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Дельта холдинг” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээний 2.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хохиролд 108.858.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид “Ландбридж" ХХК-ийн төлсөн 657.950 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дельта Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 917 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “Дельта Холдинг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээ болон хуулийг буруу тайлбарлан ойлгож хэрэглэсэн, нотлох баримтуудыг үнэлж эрх зүйн ач холбогдол өгөөгүйгээс шүүхийн магадлал хууль зүйн үндэслэл бүхий байж чадсангүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч, давж заалдах гомдолдоо ч талуудын хооронд байгуулсан гэрээг тээвэрлэлтийн гэрээ биш зуучлалын гэрээ (Иргэний хуулийн 410 дугаар зүйл) гэж маргадаг. Гэвч хоёр шатны шүүх талууд тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн харилцаа болон гэрээг Иргэний хуулийн 380-398 дугаар зүйлийн хүрээнд хянан үзэж шийдвэрлэх ёстой гэж зөв дүгнэсэн.

1. “Дельта Холдинг” ХХК гэрээний 2.2.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ зүйлд “Үйлчлүүлэгч ачааг тээвэрлэлтийн шаардлага хангах сав баглаа боодолтой хүлээлгэж өгнө” гэж заасан. Гэтэл үйлчлүүлэгч буюу ачаа хүлээн авагч “Дельта Холдинг” ХХК ачаа барааг савлан боож “Ландбридж” ХХК-д цаашлаад тээвэрлэлтийг гардан гүйцэтгэсэн Белорус улсын “Jenty-Spedition JV” компанид хүлээлгэн өгөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тээвэрлэгч нь ачаа хүлээн авагчаас ачаа илгээгч буюу бараа үйлдвэрлэгчийн савлаж боох үүргийг шаардах үндэслэлгүй юм. Гэвч ачаа илгээгч нь овор ихтэй тусгай зориулалтын хавтанг багцлан баглаж гялгар уутаар ороож боосон байсан нь хавтаст хэрэгт авагдсан ачааг ачих болон буух үеийн фото зураг мөн 1МҮХАҮТ-ын дэргэдэх экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн хөндлөнгийн эксиертизийн №УБ-21064, №УБ-21068 тоот дүгнэлтээр нотлогдог. Уг зүйлд цааш нь “Илгээгчийн битүүмжилсэн сав баглаа боодол, лаг/ ломботой чингэлэг, тээврийн хэрэгсэл доторхи ачааны өрөлт, хураалт, бэхэлгээ чанараас үүдэн гарсан аливаа хохирлыг Үйлчлүүлэгч хариуцана” гэж заасан байдаг.

“Дэд бүтцийн сайд, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 28/39 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг автотээврийн хэрэгслээр гүйцэтгэх журмын” 35-д “Түргэн гэмтэх, овор ихтэй, хэт хүнд ачааг тээвэрлэхэд шаардагдах нэмэгдэл төхөөрөмж, бэхэлгээг тээвэрлэгч байгууллага хариуцана” гэж журамлажээ. “Ландбридж” ХХК тээвэрлэлтийн үйл ажиллагаандаа зайлшгүй гардан гүйцэтгэх өөрийн үүрэг, үйлдлээс үүдэн гарч болох аливаа хохирлыг үйлчлүүлэгч буюу ачаа хүлээн авагч хариуцахаар байгуулсан гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.5 дэх хэсэгт “Тээвэрлэгчийн хариуцлагыг гэрээгээр хязгаарлах буюу чөлөөлж болохгүй” гэсэн заалтыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

2. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэл хэсэгт ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтыг дурьдаад хариуцагч байгууллага тээвэрлэгчийн буруутай ажиллагаанаас буюу тээвэрлэлтийн үйл явцаас болж хохирол учирсан гэх нөхцөл байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар уг нөхцөл байдал нь тогтоогдоогүй байна” гэж үзсэн. Гэтэл хэргийн 35 дугаар талд авагдсан МҮХАҮТ-ын дэргэдэх экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн хөндлөнгийн экспертизийн №УБ-21064 тоот дүгнэлтээр “Тээвэрлэлтийн явцад зарим бараа /хавтан/ эвдэрсэн байна. гэж дүгнээд Хавтангуудын дунд тусгаарлагч, хөндийрүүлэгч полистирол материал нь маш бага хэмжээтэй, хамгаалалт муу байснаас хоорондоо хавсран мөргөлдөж хавтангийн ховилтой тал нь цуурсан байна гэж тайлбарласан байдаг. Энэ дүгнэлт нотлох баримтаар тээвэрлэлтийн үйл явцаас болж хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байгаа ба тусгаарлагч, хөндийрүүлэгч материал бага өөрөөр хэлбэл тээвэрлэлт нөхцөлийн дагуу бэлтгэгдээгүй байснаас хавтан тээвэрлэлтийн явцад цуурсан байна гэж үзжээ. Уг дүгнэлтэд барааны сав баглаа боодлын талаар түүний чанар байдлаас шалтгаалж бараа эвдэрсэн талаар дүгнэлт үнэлэлт өгөөгүй, дурьдаагүй. Харин тухайн дүгнэлт сертификатийн 9 дүгээр хүснэгтэд сав баглаа боодлын талаар “гялгар уутаар ороосон” гэж тэмдэглэжээ.

Давж заалдах шатны шүүх “Ландбридж” ХХК-ийн гэрээний 2.1.2-д заасан ачааг тээврийн хэрэгсэлд ачих үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үйлчлүүлэгчийн тавьсан шаардлагын дагуу ачааны бэхэлгээ болон ачилтын техникийн нөхцөлийг боловсруулж, хэрэгжүүлээгүй үйлдлийг зөвтгөөд “... хариуцагчийн ачааны баглаа боодлоос үүдэлтэй гэмтэл гарсан байх тул тээвэрлэгч буюу “Ландбридж” ХХК нь уг ачааг гэмтээсэнтэй холбоотой хохирлыг хариуцах үндэслэлгүй” дүгнээд шийдвэрлэсэн. Хэргийн 153, 154 дүгээр талд баримт авагдсан байдаг.

Иймээс тээвэрлэгч нь ачааг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачаа гэмтсэн хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцахаар иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт хуульчилсан байна. Тухайн хэрэг маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ үйл явдал, нотлох баримтыг бодитой үнэлэн дүгнэж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байдаг. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 917 дугаар магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Ландбридж” ХХК нь хариуцагч “Дельта Холдинг” ХХК-д холбогдуулан тээврийн хөлс 81.956.800 төгрөг, алданги 40.978.400 төгрөг, шивэлтийн хөлс 79.500 төгрөг, экспертийн хөлс 180.000 төгрөг, орчуулгын зардал 422.000 төгрөг нийт 124.255.400 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ачаа эвдэрч гэмтсэн гэж марган улмаар “...гэрээний 2.2.3 дах заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хохиролд 108.858.000 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч нь сэндвичин хавтанг Польш болон Голланд улс дах илгээгчийн агуулахаас УБ хот хүртэл автомашинаар тээвэрлэх, “Дельта Холдинг” ХХК хөлс төлөхөөр хэлэлцэн тохиролцсон бөгөөд гэрээ байгуулсан болон ачаа тээвэрлэсэн талаар маргаагүй байна.

Зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад тулгуурласан байна.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заажээ.

“Ландбридж” ХХК нь ачааг Улаанбаатар хот хүртэл ердийн журмаар тээвэрлэн “Дельта Холдинг” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь тээврийн хөлсний үлдэгдэл 36.200 евро төлөөгүй байна.

Гэрээний 3.1, 3.3-т зааснаар ачаа эцсийн хүрэх өртөө, боомтод ирмэгц хариуцагч тээврийн хөлс төлөх үүрэгтэй ба тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр талууд харилцан тохирчээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс тээврийн хөлс 81.956.800 төгрөг, алдангид 20.000.000 төгрөг нийт 101.956.800 төгрөгийн шаардлагыг хангасан нь зөв боловч сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Дельта Холдинг” ХХК нь Голландын “Geerlofs Refrigeration” компаниас барилгын материал, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ байгуулсан ба илгээгч барааг ачсан, “Ландбридж” ХХК нь Беларуссын компанитай тохиролцон ачааг тээвэрлэжээ.

Хариуцагч ачигдсан зарим сэндвичин хавтан гэмтсэн нь нэхэмжлэгчийн тээвэрлэлтийн буруутай ажиллагаанаас болсон гэж үзэж, сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгч тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэсэн ба харин ачааг ачих үүрэг хүлээгээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Энэхүү заалтаар худалдагч “Geerlofs Refrigeration” компани нь “Дельта Холдинг” ХХК-д чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн худалдах үүрэг хүлээх тул тээвэрлэлтийн явцад гарч болох эрсдэлийг хариуцах нь худалдах-худалдан авах гэрээгээр зохицуулагдана.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.2-т зааснаар ачаа сав, баглаа, боодолгүй буюу түүний чанар муу байснаас гэмтсэн бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх ба гэрээний 2.2.3-т “үйлчлүүлэгч ачааг тээвэрлэлтийн шаардлага хангасан сав баглаа боодолтой хүлээлгэж өгнө. Илгээгчийн битүүмжилсэн сав, баглаа боодол, лац ломботой чингэлэг, тээврийн хэрэгсэл доторх ачааны өрөлт, хураалт, бэхэлгээ, чанараас үүдэн гарсан аливаа хохирлыг үйлчлүүлэгч хариуцана” гэжээ.

Хавтангуудын дунд тусгаарлагч, хөндийрүүлэгч полистрол материал нь маш бага хэмжээтэй, хамгаалалт муу байснаас хоорондоо хавсран мөргөлдөж хавтангийн ховилтой тал нь цуурснаас зарим бараа хавтан эвдэрсэн нь МҮХАҮТ-ын дэргэдэх экспорт, импортын барааны хяналтын хэлтсийн хөндлөнгийн экспертизийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 34-37 дугаар тал/. Үүнээс үзэхэд тээвэрлэгчийн буруугаас хавтан эвдэрч гэмтсэн гэх байдал тогтоогдоогүй байна.

Тээвэрлэлтийн гэрээний харилцаанд нэг талаас тээвэрлэгч, нөгөө талаас тээвэрлүүлэгч оролцох хэдий ч гэрээнд оролцоогүй илгээгч гэсэн гуравдагч этгээд тодорхой эрх үүрэгтэйгээр оролцдог ба түүний үүрэг нь тээвэрлүүлэгчтэй ихэвчлэн бэлтгэн нийлүүлэгчийн хувьд харилцах харилцаанд үндэслэгдэж явагддаг. Иймд нэхэмжлэгч нь ачаа илгээгч биш байна.

Давж заалдах шатны шүүх тээвэрлэлтийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Нэхэмжлэлээс шивэлт, эксперт, орчуулгын хөлсөнд нийт 681.500 төгрөг гаргуулах шаардлагыг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан хохиролд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэл муутай болсон хэдий ч энэ талаар нэхэмжлэгч хяналтын гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 917 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 657.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ