| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/0030/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/33 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 099.1., 120.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/33
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч: Т.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Хохирогч Б.О-ийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох 201715010048 дугаартай, 146/2017/0030/Э/ индекстэй, эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 03 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багт оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б
Холбогдсон хэргийн талаар
Яллагдагч Т.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.О байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: Би эхнэр Б.О-тэй маргалдаад зодсон. Намайг гэрээс гараад ирэхээр хардаад намайг загнаад байдаг. Үүнээс болж бид хоёр их маргалддаг. Манай хадам аавын бие муу болохоор манай эхнэр хот явсан. Хотоос ирээд бид хоёр маргалдахгүй, үр хүүхдээ бодоод сайхан амьдрана гэж хэлсэн. Миний буруу. Би дахиж ийм зүйл хийхгүй гэв.
Хохирогч Б.О-ийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2009 онд анх би энэ Т.Б-тэй гэр бүл болсон. Одоо 4 хүүхэдтэй анх гэр бүл болсоноосоо хойш хэл амаар доромжилж зодно, ална гэж дарамталдаг бөгөөд байнга зоддог. Хамгийн сүүлд 2016 оны 09 дүгээр сард хотод хамаатныхан нь хүний хүүхдийн үсний найранд мах сүү явуулсан юм. Гэтэл өөрөө цуг явна гэж уурлаад намайг зодож ташуураар цохиж гар хугалчихаад хаяад хот руу яваад өгсөн. Тэгээд би тухайн үед эмнэлэгт очиж байсан. Ер нь бол байнга зодож их болон бага хэмжээгээр гэмтээдэг байсан. 2017 оны 03 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр Т.Б өдөр нь сумын төврүү яваад орой ирэхдээ архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд манай ах Б.У-тай маргалдаж намайг танай ах чинь ямааны дэлэн ороолгочихсон байна гээд намайг орж ирээд зодсон. Тухайн үед зодохдоо миний толгой дээр хөлөөрөө дэвсэж нүүр ам руу өшиглөж зодсон. Тэгээд арай хийж хөл нүцгэн гарч зугтаж Б гэх айлд очиж эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Ер нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Ямар шалтгааны улмаас ингэж зодож дарамталдаг талаар сайн мэдэхгүй байна. Архи уух дуртай, гэртээ архи уухгүй нэг өдөр өнжвөл уур нь хүрээд байдаг юм. Тэгээд өвөл зунгүй малаа хийгээд гэдэсийг нь хаяад төв орж зарж архи авч уудаг. Урд өмнө Бүрд сумын цагдаа Хашчулуунд дуудлага өгдөг байсан, ирдэггүй байсан. Харин Баян-Өндөрт нүүж очоод дуудлага өгсөн чинь цагдаа нь ирсэн. Өмнө дуудлага өгөх үеэр дандаа зугтчихдаг байсан. Тэгээд цагдаа барьж авдаггүй байсан юм шиг байгаа юм. Маш их гомдолтой байна. Энэ хүнээс салмаар байна. 2016 оны 09 дүгээр сард Т.Б-д зодуулсны дараа Бүрд сумын эмнэлэгт мэдэгдэхэд тухайн эмнэлэгээс Бүрд сумын цагдаад хэлсэн байсан. Тэр үед цагдаа ирж уулзаагүй. Тухайн үед эмнэлэгт дээр очиж боолт хийлгэсэн. Намайг зодуулах үед манай хүүхдүүд байсан. Өөр хүн байгаагүй. Эмчлүүлэгчийн картан дээр эмчилгээ бичүүлж хийлгээгүй. Намайг эмнэлэгт очиход Оюун-Эрдэнэ гээд сумын эмч байсан. Намайг зодохдоо голдуу гар хөлөөрөө цохиж өшиглөж зоддог. Т.Б ер нь намайг дур мэдэж мөнгө хөрөнгө захиран зарцуулахад дурамжхан байдаг. Мөнгө төгрөгийн асуудал дээрээс болж голдуу бид хоёр хоорондоо маргалддаг. Т.Б нь гэр орондоо байнгын уур уцаартай байдаг. Ууралхаараа ер нь бол гар хүрэх гээд байдаг юм...” гэжээ. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Гэрч Б.У-ын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...Тэр өдөр Т.Б, Б.О нар сумын төв ороод 17 цагийн үед гэртээ ирсэн. Т.Б сумын төвөөс ирээд манай эхнэрийг гэртээ оруулаад 1 ширхэг пиво ууя гэж дуудсан юм байна лээ. Манай эхнэр хонь хурга тавих ажилтай гэсэн чинь янз бүрээр хэлж доромжилсон гэсэн. Би хонь хураагаад ирж байсан. Т.Б та нар ямааны дэлэн ороолгоод хавдсан байна гэж орилоод байсан. Т.Б-ийг янз бүрийн зан гаргаад байхаар нь би чи яахаараа дандаа дээрэлхэж байдаг юм гэж хэлсэн чинь намайг 2-3 удаа цохьсон. Би тэгээд эхнэртэйгээ сундлаад яваад өгсөн. Тэр хойгуур эхнэрээ зодсон байсан. Т.Б, Б.О хоёр өдөр шөнөгүй муудалцаж байдаг. Би Т.Б-д та нар яахаараа дандаа хэрэлдэж зодолдож байдаг юм гэхээр гэрт болж байгаа ажил та нарт ямар хамаатай юм гэж омогдож байдаг. Бүрд суманд байхдаа Б.О зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан гэсэн. Ер нь байнга зодож дарамталдаг хүн байна лээ...” гэжээ. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Б.Д-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: “...2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б.О гэдэг хүүхэн дуудлага дуудаад очиход биеийн байдал нь хүндэвтэр саахалтын айлдаа хэвтэж байсан. Даралт өндөр, хувцас хунар нь нил цус болсон байсан. Нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан. Босч чадахгүй хэвтэж байсан. Даралтыг нь буулгаад машиндаа авч ирж эмнэлэгт 2 хоног эмчилгээ хийгээд бие нь гайгүй болсон. Тэгээд тархи толгойны зураг авахуулна гээд хотруу явсан. Тархи толгой нь 2-3 газар язарсан байсан...” гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/
Гэрч Л.Д-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сумын төв яваад орой 17 цагийн үед ирсэн. Т.Б орж ирээд та манайд орж пиво уу гэхээр нь үгүй би уух зав алга гэж хэлсэн. Яг юу болсныг бүү мэд муудалцсан. Тэгээд манай ямааны дэлэнг хавтагсан байна үз гээд орилоод байсан. Т.Б согтуу болоод тэгж орилсон байх. Ер нь Б.О, Т.Б нар өдөр шөнөгүй маргалдаж байдаг. Та нарын хэрэлдэх үнэхээр хэцүү байна гэхээр та нарт хамаагүй гээд байдаг. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б.У-аас Т.Б хэрүүл гуйгаад байхаар нь цагдаа дуудах гээд явсан хойгуур Т.Б Б.О-ийг зодсон байна лээ. Бид нар айлд хоночихоод ирэхэд Б.О зодуулаад манайд ирсэн. Бие муу байна гэхээр нь сум руу түргэн дуудсан. Удалгүй эмч аваад явсан. Урд нь зодож дарамталдаг гэж дуулдаж байсан. Цагаан сараар Б.О хөхөрсөн нүдтэй золголт хийсэн. Нөхөр нь зодсон юм билээ...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Гэрч Л.Ц-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...Б.О аав Б-ийндээ зодуулсан гээд ирдэг байсан. Ер нь зоддог, нүддэг гэж дуулддаг байсан. Б.У эхнэртэйгээ ирээд утсаар ярьсан. Т.Б агсраад байна гэж байсан...” /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Ц.Б-ын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...2017 оны 03 дугаар сарын 20-ны шөнө 20 цагийн үед байх Б.О нөхөртөө зодуулсан гээд нил цус болчихсон тархи нь хагархай нимгэн өмдтэй оймстой хөл нүцгэн нөхрөөсөө амь мултарч гарч ирлээ гэж байсан. Толгойг нь марлаар боож хонуулаад өглөө эмнэлэг дуудсан...” /хх-27 дугаар хуудас/
Гэрч Т.Ц-ы 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...Б.О, Т.Б 2 анх гэр бүл болохдоо хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй аятайхан л байсан. Гэтэл сүүлийн үед хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг болсон байсан. Би өөрөө хол байдаг болохоор нарийн сайн мэдэхгүй юм. Юунаас болдогыг нь мэдэхгүй. Т.Б ярихаараа Б.О намайг хардаад айлаар оруулдаггүй тэгээд тэрнээс нь болж маргалддаг гэж ярьдаг. Б.О Т.Б намайг зоддог гэж ярьдаггүй байсан. Гэтэл сая Б.О-тэй уулзаад юу болоод байгаа талаар асуухад Т.Б намайг зоддог би та нарт хэлэхгүй нуудаг байсан гэж байна лээ. Б.О-ийг эмнэлэгт хэвтсэн гэж сонссон. Гэхдээ юунаас болж яагаад хэвтсэн гэдгийг нь мэдээгүй...” /29-30 дугаар хуудас/
Гэрч Т.С-ийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...Б.О, Т.Б ах 2 анх гэр бүл болохдоо хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаггүй байсан. Сүүлийн үед Б.О эгч Т.Б ахыг гадагшаа яваад ирэхэд нь их харддаг болсон гэсэн. Би яагаад хэрэлдэж маргалдаад байгаа юм бэ гэхээр Б.О эгч нь хардаад тэгээд маргалдсан гэдэг. Би яг өөрөө байнга хамт байдаггүй болохоор бүх зүйлийг сайн мэдэхгүй байна. Б.О эгч хэрэлдэж, маргахаараа элдэв янзаар хэл амаар доромжилж түрүүлж элдэв юмаар цохиж зоддог гэсэн. Тэгээд Т.Б ах тэсэхгүй зөрүүлээд гар хүрчихдэг юм шиг байна лээ. Б.О эгчийг Т.Б ахад зодуулаад эмнэлэгт хэвтсэн талаар мэдээгүй. Б.О эгч Л гэдэг залуутай хоёулханаа пиво уугаад сууж байсан гэсэн яриа сонсогдоод байсан. Тэрнээс биш Т.Б ах зодож цохьсон байж магадгүй. Б.О эгч над руу залгаад Т.Б ах нь намайг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь би Т.Б ах руу залгаад та одоо яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм гэсэн ах нь орж ирээд намайг цохиод байсан. Тэгэхээр нь ахыг нь зөрүүлээд цохьсон чинь Б.О ахынхаа эхнэр, ах хоёртойгоо нийлээд гурвуулаа над руу дайраад байхаар нь Б.О-ийг цохьсон юм. Ах нь уг нь санаатай цохих гээгүй айлгах санаатай л тэгсэн юм гэж ярьсан. Бүрд суманд айл саахалт байхад Б.О эгч Т.Б ах чинь зодоод гээд л гүйгээд ирдэг байсан. Т.Б ах ийш тийшээ хоногоор явахаар хэрүүл маргаан болно. Тэгээд л Б.О эгч Т.Б ах нь зодоод гээд л ирдэг байсан...” /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Гэрч Б.Э-ын 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орой О эмчид дуудлага өгсөн байсан. Тухайн үед нь манай эмнэлэгийн жолооч амарчихсан бороо их орсон зам муу байсан болохоор явж чадаагүй. Тэгээд маргааш нь би өөрөө захиргааны жолоочтой хамт очиж үзсэн. Б.О дуудлага өгөхдөө нөхөртөө зодуулсан гэж байсан. Тэгээд одоо манай нөхөр байхгүй байгаа дээр ирээд аваач гээд байсан. Намайг очиход толгой өвдөнө, нүд бүрэлзэнэ, толгойн баруун зулай хэсэг нь хөндүүрлэж хүчтэй өвдөнө, зүүн гарын бугуй хэсгээр хавдсан хурууг нь хөдөлгөхөөр өвдөлт өгсөн, даралт нь ихэссэн байдалтай байсан. Их айсан байдалтай байсан. Тэгээд шууд эмнэлэгт хэвтүүлэхээр авчирч хэвтүүлсэн. ...” /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Шинжээч Л.А-ийн 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгт “...Тухайн үед Б.О-ийг үзэхэд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зодуулсаны улмаас үүссэн гэх шинэ бэртэл гэмтлүүд байсан. Тухайн үед Б.О-ийн биед хуучин бэртэл гэмтэл байхгүй байсан ба Б.О-ийн өөрийн авчирсан эмнэлгийн бичиг баримт болон зурган дээр хуучин бэртэл гэмтлийн талаар тусгагдаагүй байсан. Өвчний түүхээс дүгнэхэд тухайн үед тавьсан оношоор гэмтлийн хөнгөн зэрэгт гарахаар байна. Гаранд болон бусад газарт ямар нэгэн хугарал үүссэн нь нотлогдохгүй байна...” /хх-ийн 45 дугаар хуудас/
Шинжээч Л.А-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлт:
“...Б.О-ийн биед тархи доргилт, баруун талд 10-р хавирга далны шугамаар хугарал, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи эмнэлэгийн шинжилгээнд хуучин бэртэл гэмтлийн тухай дурдаагүй байв. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 37 дугаар хуудас/
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан малын үнэлгээ /хх-ийн 14 дүгээр хуудас/
Шүүгдэгч Т.Б-ийн урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.О-ийг зодсон гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Б.О, гэрч Б.У, Л.Д, Ц.Б, Т.Ц, Т.С, Б.Э, шинжээч эмч Л.А нарын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч Л.А-ийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 138 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хохирол төлбөргүй тул шүүгдэгч Т.Б-ийн өмчлөлийн 24 толгой эр хонь, 36 толгой эм хонь битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг /хх- 10-11 хуудас/ хүчингүй болгов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284,286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 02 сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүйг, бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн өмчлөлийн 24 толгой эр хонь, 36 толгой эм хонь битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА