| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/03637/И |
| Дугаар | 181/ШШ2024/02860 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 181/ШШ2024/02860
2024 07 29 181/ШШ2024/02860
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух М.О /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух, В.О /РД:..../-д холбогдох,
Гэрээний үүрэгт 3,595,800 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн В.О нь М.О миний биетэй харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойрог гудамж, 13 дугаар байрны, 18 тоот байрыг хөлслүүлэх, хөлслөхөөр харилцан тохиролцсон. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулан тохиролцож, нотариатаар баталгаажуулсан боловч В.О нь гэрээний заалт болох түрээсээ хугацаанд нь төлөхгүй хойшлуулсаар, сүүлдээ байр түгжиж, олдохгүй болсон. Ингээд байрыг зуучлалын Ремаксийн борлуулагч Б.Аын шаардлагаар байрыг чөлөөлөн өгсөн. Байрыг хүлээлгэн өгөх үед байрны түрээсийн төлбөрөөс 3,300,000 төгрөг дутуу болохыг өөрөө хүлээн зөвшөөрч тухайн оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тодорхойлолт гарган өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй бөгөөд энэ тухай Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад за гэж хэлсэн боловч ирээгүй. Мөн иргэний үнэмлэхийн хаягтаа байхгүй болох нь тогтоогдоод дахин шүүхэд хандаж хаяг тодруулах арга хэмжээ авагдсанаар В.О нь ... тоотод оршин суудаг болохыг тогтоосон байна. Иймд В.Ооос авах ёстой 3,595,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч В.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: В.О миний бие нэхэмжлэгч М.Од байрны түрээсийн үлдэгдэл төлбөр болох 3,595,800 төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлттэй байна. Үүнд: 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,198,600 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч В.Оод холбогдуулан Гэрээний үүрэгт 3,595,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
М.О, В.О нарын хооронд байгуулагдсан Орон сууц хөлслөх гэрээнд М.О, В.О нар нь гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, тайлбараар нотлогджээ.
Нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нийт 3,595,800 төгрөгийг хариуцагч В.О нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,198,600 төгрөгийг тус тус нэхэмжлэгч М.Од төлж барагдуулахыг зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ. Мөн хуулийн 74.2-т хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Оийн нэхэмжлэлийн шаардлага нийт 3,595,800 төгрөгийг хариуцагч В.О нь 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,198,600 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1,198,600 төгрөгийг тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, В.Оод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 36,241.5 төгрөгийг, хариуцагч В.Ооос 36,241.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГАНТУЯА