Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 193

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэрэнхорол

Шүүгдэгч Ч.Энхбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвүүн овогт Чулуунбаатарын Энхбатад холбогдох эрүүгийн 1721000000087  дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 04 сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зэвсгийн нярав мэргэжилтэй, “Түшиг” харуул, хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 7, хадам эх, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 18-23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Хөвүүн овогт Чулуунбаатарын Энхбат. / РД: ЖЭ 82041531/

Шүүгдэгч Хөвүүн овогт Чулуунбаатарын Энхбат нь 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалт хорооллын 18-23 тоотод өөрийн хадам эх Ж.Хишигтогтохыг зодож, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Чулуунбаатарын Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би хадам ээжийг гэрт оруулах гэж түлхсэн чинь унаад гэмтэл авсан. Миний үйлдлээс ээж гэмтэл авсныг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.      

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хишигтогтохын Цэрэнхорол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр ээжийг минь зодсон нь үнэн. Охин маань надад “аав эмээг зодсон” гэж хэлсэн. Би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Хишигтогтохын Цэрэнхорол мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... би унтаж амраад өглөө босоход манай ээжийн баруун нүд доогуураа хөхөрч, угаараа улаан туяа татсан, нүдний баруун болон хөмсөгний дээд хэсэгт шалбарч хатсан шархтай байсан. Тэгэхээр нь би ээжээс “таны нүд чинь яагаа вэ” гэхэд надад “амбаарт байгаа унадаг дугуй мөргөж ойчсон” гэхээр нь би том охин Мөнхзулаас “эмээ чинь дугуй мөргөж ойчсон юм уу? юу болсон бэ?” гэхэд охин маань “эмээ өөрөө ойчоогүй, аав цохиод ийм болгосон, аав эмээг угаадасны хувинг гэрт оруулсан болохоор нь гадаа тавихгүй яасан юм гэж загнахад эмээ уурлаад угаадасны хувин бариад гарах гэхэд аав орооч пизда минь гэж гараас нь татаад тэгээд гэрээс гаргаад цохиод ийм болгосон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 06/

            Насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхзул мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Манай эмээ Хишигтогтох угаадас гадагш асгахаар гараад асгачихаад байшинд хувингаа оруулаад ундны савтай усны хажууд тавихад аав Энхбат “наадахаа яах гэж наанаа тавиад балиартаад байгаа юм бэ?, цаанаа тавихгүй юу” гэж чанга дуугаар загнахад эмээ уурлаад “энийг чинь хаана тавих юм” гэж хэлээд хувингаа авч үүдний амбаарт оруулахад аав босч очиход эмээ зугтаж хаалгаар гарах гэхэд аав Энхбат очиж барьж аваад үснээс нь зулгааж гадаа шороон дээр чирж яваад хашаан доторх дэрсний цаана оруулаад гараараа нүүр орчимд нь цохиж байсан. Би тухайн үед айгаад гарч чадаагүй, байшингийн цонхоороо л харсан. Аавыг хэдэн удаа цохисныг сайн анзаараагүй ямар ч байсан цохиж байсан. Тэгээд эмээг мөрнөөс газарт чирч байснаа босгоод байшингийн амбаарт оруулахад нь би гэрэлтүүлэхээр байшингийн хаалгаа онгойлгоход аав эмээг цаашаа түлхээд газарт унагасан. Тэгээд аав амбаарын хаалгыг түлхүүрээр нь түгжсэн, эмээг харахад нүднийх нь орчмоос цус гарч байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 09/            

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 577 тоот актын дүгнэлтэд

            1. Ж.Хишигтогтохын биед баруун нүдэнд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун чамархайд зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 16/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 49 тоот дүгнэлт /хх-ийн 20-21/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч Ч.Энхбатын оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 31/

“Түшиг хамгаалал” ХХК-ийн захирлын шүүгдэгч Ч.Энхбатын зан байдлыг тодорхойлсон тодорхойлолт  /хх-ийн 32/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

Амбулаторийн өвчтөний эмнэлгийн карт /хх-ийн 36-39/

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хөвүүн овогт Чулуунбаатарын Энхбат нь 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалт хорооллын 18-23 тоотод өөрийн хадам эх Ж.Хишигтогтохыг зодож, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэрэнхорол, насанд хүрээгүй гэрч Ц.Мөнхзул нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 02-ны өдрийн 577 тоот актын дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ч.Энхбат нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Хишигтогтохын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Цэрэнхорол нь шүүгдэгч Ч.Энхбатаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч.Энхбатыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЖЭ 82041531  тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Энхбатын хувийн байдал, тогтмол цалин орлоготой, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч Ч.Энхбат нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

             Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Хөвүүн овогт Чулуунбаатарын Энхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чулуунбаатарын Энхбатыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун  мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхбатын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч Ч.Энхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ЖЭ 82041531 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Энхбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ