Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 002

 

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын

Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,      

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, С.О, О.Ж нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч С.О-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: С.О, О.Ж нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 14.000.000 төгрөг гаргуулах тухай.

           

Нэхэмжлэлд: “Иргэн С.О болон түүний охин О.Ж нар нь 2014 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 14.000.000 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 14 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 5 жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд С.О, О.Ж нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх юм.” гэжээ.    

 

Хариуцагч С.О-ын тайлбарт: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр миний ХААН банк дахь дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Миний санаж байгаагаар ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

Хариуцагч О.Ж-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр миний ХААН банк дахь дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг хавсаргасан байна. Бидний санаж байгаагаар О.Ж нь ямар нэгэн зээл авч байгаагүй. Хэрэв тухайн үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан бол холбогдох шийдвэр зээлийн гэрээ зэрэг үндсэн баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Зээл олгох журамд зааснаар эхлээд зээл олгох шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд Засаг даргын шийдвэр гарах ёстой. Дараа нь зээл авагчтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээлдэгчийн анкет, зээл олгохыг хүссэн өргөдөл, оршин суугаа газрын тодорхойлолт, төслийн баримт бичиг, зөвлөлийн хурлын тэмдэглэл, зээлийн болон барьцааны гэрээ, барьцааны хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг зэрэг баримтуудыг хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Тийм учраас би дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд хүлээн авагч хэсэгт “Р” ХХК гэж бичээд дараа нь О.Ж гэж үзгээр нэмж бичсэн байна. Эндээс үзвэл дээрх 4.000.000 төгрөг “Р ХХК”, О.Ж нарын хэний дансанд орсон, хэн авсан эсэх нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан хариуцагч С.О-аас зээл 10.000.000 (арван сая) төгрөг, хариуцагч О.Ж-аас зээл 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.Үүнд:

1. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаар ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар зөв дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу хариуцагч С.О, О.Ж нар нь сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ буцаан төлөх үүргээ шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 -т зөвхөн шударгаар гүйцэтгэх зарчмыг зааж өгөөгүй, үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заасан. Гэтэл шүүх тогтоосон хугацааны зарчмыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн шударгаар гүйцэтгэх зарчмыг сугалан авч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

3.Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг үндэслэн зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө гал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч энэ эрх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах ёстой. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар зөв дүгнэлт хийсэн атлаа шаардах эрхийг үндэслэн зээлийн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байна. Ер нь энэ хэргийг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгүйгээр дүгнэлт хийх, энэ үндсэн дээр шийдвэрлэх боломжгүй ба огт гэрээ байхгүй байхад зээлийн төлбөр гаргуулах ёсгүй байсан. Иймд гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч С.О, О.Ж нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 14,000,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нар төрийн сангийн дансаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч нар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн, тухайн үед холбогдох баримтуудыг бүрдүүлэн өгч зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд мөнгийг шилжүүлсэн нь дансны хуулгаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасан ба зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч нар түүнийг буцаан төлөхөөр байна.

 

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна. Хариуцагч нар Сум хөгжүүлэх сангаас зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний зохицуулалтыг баримтлан шийдвэрлэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч С.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00709 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 219 дүгээр 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч С.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар хариуцагч С.О-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ