Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2024/01315

 

 

 

 

2024 04 01 181/ШШ2024/01315

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТБ ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЭАБ ХХК ... тоотод оршин байх, РД ...

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Н.Б /РД .../,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Ц.Н /РД.../,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух, Ё.Х /РД ..../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 715,161,625 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн, хариуцагч ЭАБ ХХК-ийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, П.О,

Хариуцагч Ц.Н, Н.Б, Ё.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

Хариуцагч ЭАБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эийн эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТБ ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: ЭАБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №12/17-185 тоот Зээлийн болон №12/17-186 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 700,000,000 /Долоон зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 12,85 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулж дараах үл хөдлөх эд хөрөнгө, хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалсан.Үүнд:

1....тоот хаягт байрлах 79,22 м.кв талбайтай, Ү- ... улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

2.... тоот хаягт орших 104,66 м.кв талбайтай, Ү-... улсын бүртгэлийн дугаартай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

3....тоот хаягт орших 48,71 м.кв талбайтай, Ү-... улсын бүртгэлийн дугаартай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө

4.... тоот хаягтай 14,4 м.кв талбайтай, Ү.... улсын бүртгэлийн дугаартай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө болно. ЭАБ ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээний хугацаа нь 2022 оны 12 сарын 15-ны өдөр дуусах боловч зээлдэгч ЭАБ ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээл олгосон өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, үүргээ ноцтой зөрчсөн тул Зээлийн гэрээний 4.1,9-д заасны дагуу гэрээг цуцлах, хохирлыг төлүүлэх, банканд учруулсан хохирлыг төлүүлэх, 6.2.1-д зааснаар Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг нэг талын санаачилгаар цуцлах тухай тус тус заасан болно. Иймд ЭАБ ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 394,636,587 төгрөг, үндсэн хүү 197,148,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,673,250 төгрөг, нийт дүн 602,458,604 төгрөгийг ЭАБ ХХК-аас гаргуулж ТБ ХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгүүдээр мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгаа2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү 112,703,019.5 /Нэг зуун арван хоёр сая долоон зуун гурван мянга арван есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг нэмж гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг нэмэгдүүлэн нийт 715,161,625.0 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

1.2 Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ЭАБ ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн №12/17-185 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн 17/186 тоот барьцааны гэрээний дагуу 700,000,000.000 /долоон зуун сая/ өгийг 60 сарын хугацаатайгаар гэрээ байгуулж, зээлсэн. Зээлийн батлан даалтын сан-тай байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу 136.860,500 төгрөгийг батлан даалтын сангаас төлсөн болно. Зээл авснаас хойш үндсэн зээлд 305,363,412.84 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 128,224,121.05 төгрөг нийт 433,587,533.89 төгрөг төлсөн байна. 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 394,636,587 төгрөг, зээлийн хүү 197,148,767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,673,250 төгрөг, нийт 602,458,604 төгрөгийг зээлийн гэрээнд заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу хэсэгчилсэн хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч ЭАБ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд ногдох зээлийн зээлийн хүүгийн төлбөр 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөгийг хасах үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.6 дахь заалт, 222 дугаар зүйлийн 222.4, 222.5, 222.7 дахь заалтуудын дагуу зээлдэгч нь хуульд заасны дагуу төлөх үүрэгтэй болно. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн болон барьцааны гэрээний дагуу 602,458,604 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбаруудыг гаргажээ. Үүнд:

2.1 Хариуцагч Н.Б, Ц.Н, Ё.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч ЭАБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/17-18 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 700,000,000 төгрөгийн зээлийг Томографын оношилгооны төв байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 12.85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан байх бөгөөд Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Барьцааны гэрээ-г байгуулан Н.Б, Ц.Н нарын өмчлөлийн дараах эд хөрөнгүүдийг барьцаалсан байнаЭАБ ХХК нь Зээлийн гэрээ-ний дагуу хүлээн авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулж, БНСУ-ын LCAN компанитай LCAN-171027 дугаартай гэрээг байгуулан 180,000 ам.доллароор компьютер томографын төхөөрөмжийг худалдан авсан ба өөрсдийн лабораторийн нэг өрөөг компьютер томографын төв болгон тохижуулж, цахилгааны газардуулга хийх, эрчим хүчний нөөц эх үүсвэрт холбох зэргээр хэвийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж, туршилт тохируулгын ажлуудыг хийсээр 2019 оны 02 дугаар сараас компьютер томографын төхөөрөмжийг ажиллуулж эхэлжээ. Гэвч худалдан авсан томографын төхөөрөмж эвдэрсний улмаас хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна. Эвдэрсэн төхөөрөмжийг гадаад улсаас авчрах сэлбэг хэрэгслээр засварлуулах ажиллагаа ковидын үеийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдалтай давхацсаны улмаас хугацаа алдаж, тус компани эдийн засгийн хувьд алдагдалд орж эхэлсэн байна. 2018, 2019 онуудад зээлийн хэвийн төлөлттэй байсан хэдий ч өөрөөс үл хамаарах шалтгаан буюу хүндэтгэн үзэх шалтгаан /хил гааль хаалттай, нийтийг хамарсан хөл хорио тогтоосон зэрэг/-ын улмаас ТБ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийг тасалдуулсан байх тул уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулж өгнө үү. Бусад хариуцагч нар нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа уг зээлийг хүлээн авч захиран зарцуулсан болохоо илэрхийлсэн байна. Ё.Х нь тус банкнаас авсан зээлээс нэг ч төгрөг аваагүй бөгөөд Н.Б, Ц.Н нарт туслах зорилгоор өөрийн амьдардаг орон сууцыг тус Зээлийн гэрээ-ний үүргийг гүйцэтгэлд барьцуулсан байх тул ТБ ХХК нь өөрийн үндсэн зээлдэгч "ЭАБ ХХК-иас зээлийн төлбөрөө гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно. Иймд хариуцагч Ё.Хт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2022 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр олгосон 020472 дугаартай сертификат байгаа. Сертификат болон хариуцагч ЭАБ ХХК-ийн тайлбарт дурдсан Эвиденсе аудит компанийн дүгнэлтийг тус тус үндэслээд дээрх хугацаанд хамаарах үндсэн зээлийн хүүг болон нэмэгдүүлсэн хүү бууруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд нэгэнт ТБ ХК шүүхэд хандаж, зээлийн гэрээгээ цуцалсан нөхцөл байдал байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Ё.Хын тухайд тус компани ямар нэг байдлаар харилцан хамааралгүй этгээд байгаа. Хувьцаа эзэмшигч болон үйл ажиллагаанууддаа оролцдоггүй. Зөвхөн зээл авахад нь зориулж өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр туслалцаа үзүүлсэн иргэн юм байна. Батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлээ ЭАБ ХХК авсан. Авсан зээлийн хэсгээс ямар нэг байдлаар зарцуулалт хийгээгүй учраас авсан зээлийнхээ хүрээнд ЭАБ ХХК-ийг хариуцах ёстой гэдэг агуулгаар хариу тайлбараа шүүхэд гаргасан. Уг тайлбарыг шүүх хуралдаанд дэмжин оролцож байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд мөн ижил байр суурьтай байгаа гэв.

2.2 Хариуцагч ЭАБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь хариу тайлбартаа: ЭАБ ХХК нь клиник лаборатори, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ТБ ХК-тай 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 12/17-18 тоот Зээлийн гэрээ-г байгуулан уг гэрээгээр 700,000,000 төгрөгийн зээлийг Томографын оношилгооны төв байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, жилийн 12.85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар авсан. Уг Зээлийн гэрээ-ний үүргийг батлан дааж, Зээлийн батлан даалтын сан, ТБ, ЭАБ ХХК-иуд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12/17-189 дугаартай Батлан даалтын гурвалсан гэрээ-г байгуулсан болно. Манай компани Зээлийн гэрээ-ний дагуу хүлээн авсан зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, БНСУ-ын LCAN компанитай LCAN-171027 дугаартай гэрээг байгуулан 180,000 ам.доллараар компьютер томографын төхөөрөмжийг худалдан авсан ба өөрсдийн лабораторийн нэг өрөөг компьютер томографын төв болгон тохижуулж, цахилгааны газардуулга хийх, эрчим хүчний нөөц эх үүсвэрт холбох зэргээр хэвийн, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулж, туршилт тохируулгын ажлуудыг хийсээр 2019 оны 02 дугаар сараас компьютер томографын төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн юм.

Ийнхүү томографын төхөөрөмжийг ашиглаж эхэлснээс хойш тодорхой хугацаанд ашиглагдаж байгаад эвдэрсэн бөгөөд эхний ээлжид Бүгд найрамдах Тайвань Улсын Unison компанитай холбогдож, засвар үйлчилгээ хийлгэсэн боловч мөн л удалгүй ашиглах боломжгүй болсон тул шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийг Бүгд найрамдах Тайвань улсаас нийлүүлж, дахин засварлуулах зэргээр томографыг тасралтгүй ажиллуулж чадалгүй хугацаа алдсан болно. Бид зээл авснаас хойш 2018, 2019 онуудад зээлийг хэвийн төлж байгаад томографын тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс шалтгаалж, төлөвлөгдөөгүй маш их хэмжээний алдагдал хүлээж, орлогоосоо давсан зардалтай ажиллаж ирсэн учир 2020, 2021 онд зээл төлөх үүргээ бүрэн хэмжээнд биелүүлж чадахгүйд хүрсэн. Энэ хугацаанд компьютер томографын оношилгоо, үйлчилгээний төлбөрт олсон орлого, тус төхөөрөмжийг ажиллуулахтай холбогдуулан гаргасан зардлын тооцоог он тус бүрээр хүснэгтлэн гаргалаа. Дээр дурдсан зардлуудад компаниас төлөгдсөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал, Тайвань улсаас нийлүүлсэн сэлбэг, хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхтэй холбоотой гаалийн төлбөр, хураамжууд зэргийг оруулаагүй бөгөөд тэдгээрийг нэмж тооцвол энэ хугацаанд байнгын алдагдалтай ажиллаж ирлээ.

Үүнээс гадна 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарласнаар бид гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртөн компьютерт томографын үйл ажиллагаа| үндсэндээ зогсонги байдалд орсон. ЭАБ ХХК-ийн удирдлагууд эдгээр нөхцөл байдлын талаар ТБ ХХК болон Зээлийн батлан даалтын санд албан бичгээр тайлбарлаж, уулзалт хийж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т заасны дагуу өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээг өөрчлөх, сунгах талаар санал хүсэлтээ илэрхийлж байсан боловч ТБнаас хариу өгөөгүй. Зээл авснаас хойших хугацаанд ЭАБ ХХК-ийн зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдаж авсан компьютерт томограф төхөөрөмж эвдэрсэн, Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ биелүүлэхэд ЭАБ ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон тул энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасанд нийцнэ. Иймд гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн хугацааны зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүг хасуулан, зээлийн үндсэн төлбөрийг график тохирч төлөхөд татгалзах зүйлгүй болно.

2.2.1 Хариуцагч ЭАБ ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор ТБнаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээл авсан бөгөөд компанийн үйл ажиллагаанд учирсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллийн улмаас зээлийн гэрээг анх байгуулсан үеийн нөхцөлөөр, хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Учир нь манай улсын хувьд үйлдвэрлэгч улс биш, БНХАУ болон бусад улс орноос үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг захиалж авдаг, эмнэлгийн тоног төхөөрөмж эвдэрсэн нөхцөлд тэдгээрийн сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэгч орноос мөн захиалгаар худалдан авдаг, түүнчлэн үүгээр ч зогсохгүй компьютер томографын аппаратын хувьд үүссэн гэмтлийг инженер өөрөө биечлэн засварладаг тул хил хаалттай байсны улмаас Бүгд найрамдах Тайвань Улсаас инженер ирж чадахгүй, тоног төхөөрөмжөө ажиллуулж чадахгүй байснаас шалтгаалж банкнаас авсан зээлийг төлж барагдуулахад хүндрэл бэрхшээл учирсан.

Бидний зүгээс зээл төлөгдөхөд тулгарч буй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, нөхцөл байдлын талаар ТБанд байнга мэдэгдэж, утсаар мэдээлэл солилцож, ТБны оффист биечлэн очиж хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж, ийнхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах буюу гэрээний хугацааг сунгаж өгөхийг хүсэж байсан болно. Гэтэл банкны зүгээс бидний шууд буруутай үйл ажиллагаанаас бус гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн нөхцөл байдалд нийцүүлж Зээлийн гэрээ-г өөрчлөн хэвийн үргэлжлүүлэх талаар арга хэмжээ аваагүй тул бид батлан даагч Зээлийн батлан даалтын сан-д энэ асуудлаар хандаж үүсээд буй нөхцөл байдлыг тайлбарласны үндсэн дээр батлан даалтын сангаас ТБанд '36,860,500 төгрөгийн үндсэн зээлийг төлсөн. Харин ТБ уг төлбөрийг хүлээн аваад, гэрээг үргэлжлүүлэх арга хэмжээ авалгүй шууд гэрээг цуцалж шүүхэд хандсан байдаг. Ингээд бид зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн хугацааг тогтоолгохоор Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимд хандсаны дагуу тус танхимаас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 32/472 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г манай компанид олгож, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг дуусталх хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн болохыг тодорхойлсон. Ийнхүү уг гэрчилгээг үндэслэн аудитын байгууллагад хандаж, Зээлийн гэрээ-ний ^агуу төлсөн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллууд үнэн зөв эсэх, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд заагдсан хугацаанаас хамаарч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд өөрчлөлт орох эсэхийг тохиролцсон горимын дагуу тооцуулсан болно.

ЭА ХХК-ийн дүгнэлтээр ЭАБ ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд зээлийн хүүгийн төлбөрөөс 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөг хасагдахаар байгааг тодорхойлсон. Иймээс "ЭАБ ХХК-д зээлдэгчийн хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тохиолдсон болох нь МҮХАҮТ-аас олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасны дагуу энэ хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд МҮХАҮТ-аас олгосон 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/472 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, ЭА ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №ТТГА-001/2022 дугаартай Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан-г үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд ЭАБ ХХК-ийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг тогтоолгож, Монгол Улсын Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 221 дүгээр зүйлийн 221.1, 222 дугаар зүйлийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг баримтлан ЭАБ ХХК болон ТБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17-185 дугаартай Зээлийн гэрээ-ний нийт төлбөрөөс гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд ногдох зээлийн хүүний төлбөр 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 /арван долоон сая долоон зуун арван есөн мянга гурван зуун хорин хоёр төгрөг, долоон мөнгө/ төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: ТБ ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд хариуцагч ЭАБ ХХК-тай байгуулсан №12/17-185 дугаартай зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхээр шаардсан. Ийнхүү нэхэмжлэгчийн зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй тул энэхүү хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд 112,703,019.5 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/71-185 дугаартай ТБ ХХК болон ЭАБ ХХК нарын зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17-186 дугаар Барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/17-187 дугаартай Батлан даалтын гэрээ, 11-1074483, 11-1074479, 11-1074475, 11-1074488 дугааруудтай барьцаалбарууд, ... тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, ... тоот хаягт байршилтай орон сууцны орон сууцны зориулалттай, ... тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, ... тоот хаягт байршилтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 17/54 дугаартай ЭАБ ХХК-иас ТБанд гаргасан албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЭАБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Н.Б зээлдэгчийн анкетын хуулбар, Ц.Нын зээлдэгчийн анкетын хуулбар, Н.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Нын иргэний үнэмлэхийн хуулбар, ЭАБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЭАБ ХХК-ийн дүрэм, Улсын тэмдэгтийн хураамжид 3,170,243.25 төгрөг төлсөн баримт, Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, нотариатын зардал 28,500 төгрөгийн баримт, итгэмжлэл, ЭАБ ХХК-ийн ... дугаартай зээлийн дансны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх дансны хуулга, ЭАБ ХХК-ийн зээл, хүүгийн тооцооны хуудас 2022 оны 04 дүгээр арын 30-ны өдрөөр, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх MN280034106000054782 дугаарын дансны зээлийн хүү тооцооллын хүснэгт, Улсын тэмдэгтийн хураамжид 721,465.10 төгрөг төлсөн баримт,

3.2 Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: Итгэмжлэл, ЭАБ ХХК-ийн ... дугаарын дансны 2022 оны 09 дүгээр сарын 01-ээс 2022 оны 09 дүгээр сарын 16-ны хоорондох дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/12 дугаартай Авлага барагдуулах гэрээний хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22/12 дугаартай авлага барагдуулах гэрээний үүрэг гүйцэтгэлээс үүссэн авлагыг эргэн төлөх төлбөрийн хуваарийн хуулбар, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, ЭАБ ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЭАБ ХХК болон Хан -Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ-ний хуулбар, Төлбөр төлөх график хувиарын санал, шилжүүлгийн баримтууд, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Улсын тэмдэгтийн хураамжид 246,547 төгрөг төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/472 дугаартай Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-ний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ЭА ХХК-ийн ТГГА-001/2022 дугаартай Баримтаар ирүүлсэн зүйлсийн тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаарын данснаас ... данс руу 8,300,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаарын данснаас ... данс руу 8,300,000 төгрөг шилжүүлсэн баримт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч ЭАБ ХХК, Ц.Н, Н.Б, Ё.Х нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт нийт 715,161,625 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

6. Хариуцагч ЭАБ ХХК нь ТБ ХК-д холбогдуулан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

7. Хариуцагч Ц.Н, Н.Б, Ё.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нь шүүх хуралдаанд үндсэн харилцаанд маргаангүй, тухайн компанийг Ковид-19-ийн нөхцөл байдалд өртсөн үндэслэлээр дээрх хугацаанд хамаарах үндсэн зээлийн хүүг болон нэмэгдүүлсэн хүүг бууруулах, нэмэгдүүлсэн шаардлагыг ТБ ХК шүүхэд хандаж, зээлийн гэрээгээ цуцалсан нөхцөл байдал байгаа учраас нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж марган, мэтгэлцэж байна.

 

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 

8.1 Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч ЭАБ ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №12/17-185 тоот Зээлийн болон №12/17-186 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулж 700,000,000 /Долоон зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 12,85 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ бусад баримтаар нотлогдож байна./хх-ийн 5-26-р тал/

8.2 Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Барьцааны гэрээ байгуулсан ба тус гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан байна. Үүнд:

Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 79.22 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 104.66 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, Ү-.. улсын бүртгэлийн дугаартай, Ц.Нын өмчлөлийн, Нийслэлийн ...тоот хаягт байрлах, 48.71 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, Ү-... улсын бүртгэлийн дугаартай, Н.Бийн өмчлөлийн Нийслэлийн ... тоот хаягт байрлах 14.40 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, ЭАБ ХХК-ийн хөдлөх эд хөрөнгө болох 47 ш тоног төхөөрөмжийг тус тус барьцаалсан болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, Барьцааны гэрээ, Барьцаалбарууд, иргэний үнэмлэхийн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож, зохигч маргаангүй./хх-ийн 8-19-р тал/

 

9. Нэхэмжлэгч ТБ ХК болон хариуцагч ЭАБ ХХК, түүний хувьцаа эзэмшигчид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

 

Талууд Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна.

 

10. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

Гэрээний талууд нь гэрээгээр хүлээсэн үүрэг, хүү, нэмэгдүүлсэн хүү тохирсон эсэхэд маргаагүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж зааснаар хариуцагч нар төлөөгүй хэмжээгээр гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

11. Харин шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр 18,782,836.59 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

ТБ ХК нь хариуцагч ЭАБ ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №12/17-185 тоот Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусах боловч гэрээний 2.1.6, 2.2.1, 4.1.9, 6.2.1 дэх хэсэгт зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчвөл банк гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн нийт төлбөрийг буцаан төлөхийг шаардахаар заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй тул талуудын хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээг нэхэмжлэл гаргасан өдрөөр дуусгавар болсон гэж үзэж, мөн хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага гаргаж тооцсон нэмэгдүүлсэн хүү 18,782,836.59 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /2-р хх-ийн 14-15-р тал/

 

12. Хариуцагч ЭАБ ХХК нь ТБ ХК-д холбогдуулан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 17,719,322.07 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

ЭА ХХК-ийн дүгнэлтээр ЭАБ ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон хугацаанд зээлийн хүүгийн төлбөрөөс 17,027,564.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 691,757.17 төгрөг, нийт 17,719,322.07 төгрөг хасагдахаар байгааг тодорхойлсон. Иймээс "ЭАБ ХХК-д зээлдэгчийн хяналтаас гадуур урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд тохиолдсон болох нь гэрчилгээгээр нотлогдож байгаа тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын дагуу талууд гэрээний нөхцөлийг өөрчлөн тогтоогоогүй байх тул дээрх үндэслэлээр Ковид-19 цар тахлын үеийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бууруулах тухай сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,961,908 төгрөгийг, хариуцагч ЭАБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 246, 547 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭАБ ХХК-иас 3,639,839 төгрөгийг гаргуулж ТБ ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ЭАБ ХХК-иас зээлийн төлбөрт нийт 696,377,789 төгрөгийг гаргуулж ТБ ХК-д олгож, нэхэмжлэлээс 18,782,836.59 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч ЭАБ ХХК нь зээлийн гэрээний төлбөр 696,377,789 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 79.22 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206046833 улсын бүртгэлийн дугаартай, Ё.Хын өмчлөлийн, Нийслэлийн ... тоот хаягт байршилтай, 104.66 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, Ү-2206046836 улсын бүртгэлийн дугаартай, Ц.Нын өмчлөлийн, Нийслэлийн ... тоот хаягт байрлах, 48.71 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай, Ү-.. улсын бүртгэлийн дугаартай, Н.Бийн өмчлөлийн Нийслэлийн ... тоот хаягт байрлах 14.40 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүд, ЭАБ ХХК-ийн хөдлөх эд хөрөнгө болох 47 ширхэг тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Иргэний хуулийн 220.4, 221.1, 222.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр хариуцагч ЭАБ ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хооронд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг тогтоолгож, мөн хугацааны зээлийн хүүгийн төлбөр нийт 17,719, 322.07 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ТБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 3,961,908 төгрөг, хариуцагч ЭАБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 246, 547 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭАБ ХХК-иас 3,639,839 төгрөгийг гаргуулж ТБ ХК-д олгосугай. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА