Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 003

 

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ж.Ү, Ү.Т нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас 3.400.000.00 төгрөг гаргуулах тухай. 

                                                                                           

Нэхэмжлэлд: “Иргэн Ү.Т, З.Ү нар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 24 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. З.Ү, Ү.Т нар нь уг зээлээс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250,000 төгрөг, бүгд 600,000 төгрөг төлсөн. Үүнийг үндсэн зээлээс хасаж тооцвол 3,400,000 төгрөг үлдсэн. Тус шүүхэд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүгийн хамт 4,283,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. З.Ү, Ү.Т нараас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн боловч, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн шалтаг тоочиж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Өөрөөр хэлбэл З.Ү, Ү.Т нар нь 4 сая төгрөгийг зээлээр авсан бөгөөд үүнээс 3,400,000 төгрөг үлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул гэрээний дагуу шилжүүлсэн зээлийг хүүгийн хамт шаардах эрхээ алдсан ч шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах хуулийн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.400.000.00 төгрөгийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймд З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3.400.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.   

 

Хариуцагчийн тайлбарт: “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол шаардах эрхтэй гэж заасан. Бидний хооронд 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан ба үүрэг үүссэн гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн нь бидний буруутай үйл ажиллагаа биш, нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаа. 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан ба тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж, 492 дугаар зүйлийн 492.2-т “Дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй” гэж, 492.2.2-т “шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол” гэж тус тус заасан. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй. Өлгий сумын Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Бид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан заалт бидэнд хамаарахгүй. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсэж байна. Би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нараас үндэслэлгүй хөрөнгөжсөн 3400000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. З.Ү, Ү.Т нар нь 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр 4 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл авсан ба үүнээс 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 350000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр 250000 төгрөг тус тус төлж байсан ба үлдсэн 3,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул төлөхгүй гэж маргаж байгаа. Иргэний хуулийн 492-496 дугаар зүйлийн хамаарах хүрээ нь 1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр анхнаасаа хүчингүй /үүрэг үүсээгүй/, 2. Талууд харилцан тохиролцож үүргээс чөлөөлсөн /дуусгавар болсон/, 3.Иргэний хуулийн 59-60, 57.2-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон гурван тохиолдол хамаардаг. Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Ү, Ү.Т нараас зээлийн гэрээний дагуу зээл болон хүүг зээлийн гэрээний үүргийн дагуу нэхэмжилсэн боловч шүүхээс гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн учраас өөрт учирсан хохирол болох З.Ү, Ү.Т нарт шилжүүлсэн мөнгийг буцаан авахын тулд шүүхэд хандсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн "гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэдгийг хүлээн зөвшөөрч, гэрээний үүргийг дуусгавар болгосон байна. Үүрэг хожим дуусгавар болсон учраас хөрөнгө шилжүүлсэн этгээд Иргэний хуулийн 492.1.1-т заасны дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс "Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-т дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй, 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэжээ. 492.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэдгийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа /арван жил/ өнгөрсөн байхыг ойлгох ёстой. З.Ү, Ү.Т нар зээл авснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрөөгүй юм. Нөгөө талаар Иргэний хуулийн 227.4-т "Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөрт шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй" гэж заасан. Төрийн сангаас 4 сая төгрөг авсан З.Ү, Ү.Т нар нь төрийг хохироож 3.4 сая төгрөгийг өнөөдрийг хүртэл буцааж төлөхгүй байна. Төр хохирлоо барагдуулахаар шүүхэд хандсан байхад шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Гэрээний дагуу хүү, торгууль тооцож илүү мөнгө шаардахгүй байгаа бөгөөд зөвхөн шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар төр нэхэмжлэл гаргаж байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан 3.400.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “иргэн Ү.Т, З.Ү нар 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй 4,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч хариуцагч нар зээл авснаа хүлээн зөвшөөрдөг тул шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хүү нэхэмжлэх эрхээ алдсан ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж заасан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3.400.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлажээ. Харин хариуцагч уг шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж маргажээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас урьд нь хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан “сум хөгжүүлэх сангаас авсан зээл, хүүгийн хамт 4,283,680.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00364 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 212/МА2019/00036 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг  баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

            Ийнхүү нэхэмжлэлд дурдсан үйл баримт, түүний хууль зүйн үндэслэл, үр дагаврын талаар урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гаргасан нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ба сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхээр, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй талаар тус тус хуульчилжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан гаргасан 3.400.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр хангахгүй орхих нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтын дагуу Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэл болон давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2019/00658 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын хариуцагч З.Ү, Ү.Т нарт холбогдуулан гаргасан 3.400.000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэл болон давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК