Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/25

 

 

                                                                                                         

Э.Э*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:

Прокурор П.Шижиртуяа

Шүүгдэгч Э.Э*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцуулан хийж

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолтой, Э.Э*******т холбогдох 2115000730112 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Хард овогт Эрдэнэбатын Э*******, Булган аймгийн Орхон суманд 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн Орхон сумын * дугаар баг, Бүхт гэх газар оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, 26 настай, эрэгтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар.

Э.Э******* нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг Сүүдэр гэх газарт эхнэр М.О*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор:

   Шүүгдэгч Хард овогт Эрдэнэбатын Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Э*******т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

   Шүүгдэгч Э.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо:

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05-р сарын 11-ны өдрийн 2021/ШЦТ/100 тоот шийтгэх тогтоолыг гардан аваад тогтоох хэсгийн 2 дахь заалтын Э.Э*******т хязгаарлалт тогтоосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 2 дахь заалтын сүүлийн хэсэгт ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Э*******т согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэжээ.

Энэ заалтаас харахад Э*******т хязгаарлалт тогтоохдоо хугацаа заагаагүй нь шүүхийн шйидвэрийг хэрэгжүүлэхэд боломжгүй байдалд хүргэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 3 дахь хэсэгт заасан ”Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэнтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Э*******ыг торгох ялаа биелүүлсний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хязгаарлалт тогтоосон заалтыг ямар хугацаанд хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл үүссэн гэж үзэхээр байх тул хэрэг болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгон шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Э******* нь 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Орхон сумын * дугаар баг Сүүдэрт гэх газарт эхнэр М.О*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Э.Э*******, хохирогч М.О*******, гэрч Ц.М*******, М.П, Г.Лхагва-Осор нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хохиригч М.О*******гийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч  Э.Э*******ын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байх ба анхан шатны шүүх түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэж хуульд заасан төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

             Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээг хэрэглэж болно” гэсэн заалт болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтооно” гэж заасан хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

             Тодруулбал шүүгдэгч Э.Э******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд төлсөн эсэхээс үл хамааран шүүхээс тогтоосон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавар үүснэ.

             Түүнээс гадна ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд түүний ялыг мөн хорих ялаар сольж шийдвэрлэх нөхцөл байдал үүсэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн Шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

             Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нөхцөл үүссэн гэж үзэхээр байх тул хэрэг болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хязгаарлалт тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Мөн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Э*******ын хувьд өршөөлд хамааруулахгүй нөхцөлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлэх боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Э*******т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай” гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, 

   Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Э.Э*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж, 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

                                  ШҮҮГЧИД                                        С.УРАНЧИМЭГ 

                                                                                                                    Ё.БЯМБАЦЭРЭН