Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2024/01628

 

 

 

2024 04 19 181/ШШ2024/01628

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Г.М/РД .../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХБ ХХК -д холбогдох,

ХХБны гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Т, Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

/Нэхэмжлэгч Г.Мн өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу түүний эзгүйд шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Г.М нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.М миний бие 2011 онд ОХУ-н Ргутист эдийн засагч, 2012 онд МҮДС эдийн засагч мэргэжлээр төгсөөд 2012.07-р сард ХХБны Баянзүрх тооцооны төвд борлуулалт мэдээллийн ажилтан тушаалд анх томилогдон ажилд орсон. 2015.12-р сард албан тушаал дэвшин тус Баянзүрх салбартаа зээлийн эдийн засагчаар ажиллаж байгаад 2018.11-р сараас Санхүү бүртгэл Хяналтын Хэлтсийн Бүртгэл хяналтын ахлах ажилтнаар ажилласан ба албан тушаалын нэршил 2020.07-р сараас өөрчлөгдөн тус хэлтэсдээ Санхүү бүртгэл хяналтын ажилтнаар 2022.02.11 хүртэл ажилласан.2021.12.31-нд салбарын захирлуудын сонгон шалгаруулалтын эхний шатанд шалгарч, 2022.02.10-нд сүүлийн шатанд гэрийн даалгавар танилцуулах байсан боловч тус шалгаруулалтанд ямар шалтгаан хэлэхгүйгээр нэрсээс хасагдсаныг 2022.02.10-нд Хүний нөөцийн хэлтсийн захирал мэдэгдсэн. Ажиллах хугацаандаа 2013.02 cap, 2014.05-р сарын банкны нийт ажилтнуудын дундаас шилдэг ажилтнаар Алтан-гэрэгэ, 2014 онд Баянзүрх салбарын шилдэг ажилтан, 2020 онд Монгол банкны баярын бичгээр тус тус шагнуулан амжилтаа ахиулан шат дараалан дэвшиж ажиллаж ирсэн. 2021.11.19-нд Дотоод Аудитын газраас 2021.07.10, 2021,07.24-ний өдрүүдэд банкны ажилтны цалингийн нууцлалтай данс болон цалингийн түр дансанд хандсан тодруулгын хариу тайлбар ирүүлэх талаар надад ажлын цахим шуудангаар мэдэгдсэн. Ажлын шаардлагаар цалингийн нууцлалтай дансанд хандсан тайлбараа хүргүүлсэн ба цалингийн түр дансанд хандсан шалтгаанаа санахгүй учир тодорхойлоогүй илгээсэн болно.

Дээрх дансанд ажлын шаардлагаас өөр шалтгаанаар хандах ямар ч шаардлагагүй болно. Тус тайлбарыг илгээснээс хойш 2022.02.11-ний оройн 17:55 минутанд шууд удирдлага буюу СБХХ-н захирал халагдах тушаал ирснийг мэдэгдэн ажлаа яаралтай хүлээлгэн өгөхийг шаардсан. 2011 оноос хойш тухайн байгууллагад ажиллахдаа үр бүтээлтэй шат дамжлагатайгаар өсөн дэвшиж ажиллаж байсан ба өнгөрсөн хугацаанд дээрх Дотоод Аудитын газрын тодруулга, зөрчлөөс өөр ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Нууцлалтай цалингийн дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тус данснуудад хандсанаар банканд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэж үзэж байна. Гэтэл хариуцагч банкны гүйцэтгэх захирлын 2022-02-11-ний өдрийн Б-22/272 тушаалаар ажлаас халсан шийдвэрийг 2022-02-14-ний өдөр хүлээн авсан.

Хариуцагч банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн ажлаас халсанд гомдолтой байна. Тус дүүргийн шүүхэд хариуцагч талаас гаргасан тайлбар үндэслэл үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч банк нь 2021.11.19-ний өдөр миний цахим шуудангийн хаягаар захиа илгээж бусдын цалингийн дансанд нэвтэрсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардсан байдаг. Энэ нь миний гар утсанд хадгалагдаж байгаа. Надад хандаж тайлбар ирүүлэхийг хүссэн тухайн өдрөөс зөрчлийг илрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн зөрчлийг илрүүлээд шалгах, нотлох хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6 дах заалтад хамаарахгүй. Хариуцагч нь тайлбартаа 2021.07.24-нд гаргасан зөрчилд 2022.01.25-наас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой гэсэн нь хуульд нийцэхгүй юм. 1999 оноос хэрэгжиж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлд холбогдох зохицуулалтын зөрчил гаргаснаас хойш 6 cap, илрүүлснээс хойш 1 cap гэсэн хугацаа давхцаж хэрэглэгддэг хугацаа гэдэг нь шүүхийн практикаар нэгэнт тогтоогдсон ойлголт болохыг хөдөлмөрийн эрх зүйн маргаан шийдвэрлэсэн аль ч шүүхийн шийдвэрээс харж болно. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул нэхэмжлэлээ дэмжиж байна

Хөдөлмөрийн гэрээний 10.2.5, 10.2.24 дахь заалтууд Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн ерөнхийлөн зохицуулсан заалтууд байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд зааснаар нарийвчлан нэрлэн заасан байх ёстой. Ес зүйн хорооны шийдвэрийг үндэслэсэн гэх боловч 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ёс зүйн хороо хуралдаагүй. Шууд шийдвэрийг баталгаажуулсан. Олонхийн саналаар гаргана гэсэн журамтай ч асуудлыг ямар байдлаар шийдвэрлэсэн талаар баримт байхгүй. Хурлын тэмдэглэл, хурлын шийдвэр хоёр нь 2 өөр агуулгатай. Гэтэл хариуцагч талаас хуралдааны тэмдэглэл гардаггүй гэдэг...Ажилтнаас тухайн илэрсэн зөрчилтэй холбоотой тйалбар авахдаа оногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах ёстой. Нэхэмжлэгчээс мэйл аваад мэйлийг тайлбар гэж тайлбарлаж болохгүй. Ёс зүйн хороонд өөрийгөө өмгөөлөх тайлбар гаргах эрхтэй...Харилцагч нь ажилтны зөрчлийг нууцлалтай дансдад 7 сарын 9, 7 сарын 24-ний өдрүүдэд хандсан гэж байна. Гэвч хяналт шалгалт эргэлзээгүйгээр тогтоосон эсэх, мэдээллийн эзнээс тайлбар авсан эсэх, тайлбар байхгүй, гомдол гаргагч нь харилцагч биш байна. Харилцагч гомдол гаргаагүй. Ноцтой зөрчил гэж үзсэн нэг ч дүгнэлт байхгүй. 4 ангилалтын аль хэсэгт орж байгаа нь тодорхойгүй байна...Цалинг нэхэмжлэгчийн 2022.01, 2121.12, 2021.11 сарын цалин лавлагаанаас бодоход 2,169,671 төгрөг сарын, өдрийн 103,317.06 байна. Өнөөдрийг хүртэл хугацаа 25 сар 15 хоног, нийт 55,791,540 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч ХХБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд дараах хариу тайлбар гаргасан. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх: Худалдаа, хөгжлийн банкны Дотоод аудитын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит хийж гүйцэтгэсэн /Аудитын шалгалт хийсэн хугацаа: 3 cap 12 өдөр/ бөгөөд Аудитын тайлан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гарч тус тайлангаар Г.М-ын гаргасан зөрчил баталгаажсан. Г Мөнхтулгын сүүлд гаргасан зөрчил нь 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байх ба Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг хугацаанаас хойш зургаан cap, зөрчил илэрсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой. Тус банк нь Г.Мд 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б-22/272 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, 123.6 дахь хэсэгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тоолж сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл тасалдах зохицуулалтыг хууль хэрэгжиж эхэлсэн хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аудитын шалгалтын хугацаа хийгдэж дууссан хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд тасалдуулж дараах байдлаар тооцсон.

Зөрчил үйлдсэн огноо

2021.07.24

Тайлбар: Сахилгын зөрчилд шийтгэл ноогдуулах эцсийн хугацаа буюу 2021.01.24-ний өдөр дээр сахилгын шийтгэл тасалдсан хугацаа болох 20 хоногийг нэмэхэд сахилгын шийтгэл ноогдуулах эцсийн хугацаа 2022.02.13-ний өдөр байна. Өөрөөр хэлбэл сахилгын шийтгэл ноогдуулах хугацааг хэтрүүлээгүй байна.

Зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар болох огноо:

2021.01.24+20 хоног 2022.02.13

Сахилгын шийтгэл ноогдуулахад тасалдсан хугацаа

20 хоног

Тайлбар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт заасны дагуу хууль хэрэгжиж эхэлсэн хугацаанаас /2022.01.01/ Аудит хийгдэж дуусах хугацаанд /2022.01.20/ сахилгын шийтгэл ногдуулах хугацаа тасалдана.

Зөрчлийг илрүүлсэн огноо:

2022.01.25

Тайлбар:Зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Сахилгын шийтгэлийг ногдуулсан огноо

2022.02.11

Дээрхээс үзэхэд Ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк Г.Мд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлээгүй байна.

Г.Мд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан эсэх: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хариуцагч банк нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзээгүй гэсэн байна. Г.М нь тус банкны Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтэс (СБХХ гэх)-ийн Санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан (СБХА гэх) Б.Б, СБХХ-ийн СБХА С.Марал нарын дансны үлдэгдэл болон нийт ажилтнуудын цалинг олгодог Банк, салбар хоорондын тооцооны түр дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс тус тус шалгасан нь Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит-ын тайлангаар тогтоогдсон. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх,задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно: гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд "харилцагчийн нууц" гэж үзсэн мэдээллийг хадгалах,аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй. гэж, Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Хувь хүний нууц нь дараах төрөлтэй байна; гээд мөн зүйлийн 4.1.3 дахь заалтад хөрөнгийн нууц гэж тус тус заасан байдаг. Дээрх хууль тогтоомжид заасны дагуу тус банк нь Худалдаа, хөгжлийн банкны нууцын заавар-ын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дэх дэд заалтад Маш нууц: Задарвал хүний эрүүл мэнд, амь нас,эд хөрөнгөнд бодитойгоор хохирол учруулж болохуйц мэдээлэл: Тухаилбал харилцагчиин хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гүйлгээний хуулга, гадаад болон дотоод гуйвуулга, гэрээ, зээлийн холбогдолтой мэдээллүүд, ATM, мөнгө зөөвриин мэдээллүүд; гэж зохицуулж харилцагчийн дансны мэдээллийг Маш нууц төрөлд хамааруулсан баидаг.

Мөн, Худалдаа, хөгжлийн банкны Дансдад хандах эрхийн зохицуулалтын заавар -ын 2 дуraap зүйлийн 2.3.1 дэх заалтад заасны дагуу Банкны цалингийн түр данс болон ажилтнуудын цалингийн данс нь хандах эрхийн зохицуулалттай данс4-д хамаарах бөгөөд зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй байдаг. Тодруулбал, Г.М нь харилцагчийн дансны мэдээллийг шалгах зориулалт бүхий Грейпбанк программыг ашиглан Б.Б, С.Марал болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны үлдэгдлийг шалгасан бол Хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэл харах боломжгүй гэсэн алдаа заах ба Худалдаа, хөгжлийн банкны Дансдад хандах эрхийн зохицуулалтын заавар-ын 2 дугаар зүйлийн 2.8.5 дахь заалтад заасны дагуу өөрийн харьяа удирдлага болох Санхүүгийн удирдлага, хяналтын газрын захирал, эсхүл Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн захирал, эсхүл орлогчоос шууд зөвшөөрөл авсан тохиолдолд хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансны мэдээлэлд ажлын шаардлагаар хандаж, шалгах боломж бүрдэх байсан. Гэвч, Г.М нь харилцагчийн дансны үлдэгдлийг шалгахдаа зориулалтын бус Хүсэлт программын Зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл гэх Теллерийн бэлэн бус гүйлгээнд хяналт тавьдаг программыг ашиглан хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан дансдын үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгасан байдаг.

Тодруулбал, Худалдаа, хөгжлийн банкны теллерийн ажиллах заавар-ын 3 дугаар зүйлийн 3.28 дахь хэсэгт Теллер нь зээлтэй холбоотой гүйлгээг хийхдээ доорх дарааллын дагуу хийж гүйцэтгэнэ. Үүнд; гэж, мөн зүйлийн 3.28.3 дахь заалтад ДХА-ны мэдэгдлийн дагуу зээл, даатгал, шимтгэлийн гүйлгээг хийх ба ахлах теллер эсвэл СБХА хяналт тавьж ажиллана. гэж тус тус заасны дагуу Г.М нь зөвхөн тус салбарын теллер бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд тус гүйлгээг Данс хариуцсан ажилтан (ДХА)-ы илгээсэн мэдэгдлийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгах, хянах зорилгоор Хүсэлт программд хандана. Гэтэл, Г.М-ын дээрх дансанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь 2021.07.24--гий өдөр тус салбарын теллер нь С.Марал болон Б.Бтай холбоотой бэлэн бус гүйлгээ хийгээгүй болох нь Баянзүрх салбарын 2021 оны 07 дугаар сарын 09, 24-ны өдрүүдийн ДХА-ны хүргүүлсэн зээл, даатгал, шимтгэлийн гүйлгээг хийх мэдэгдлийн жагсаалт болон түүний 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн тайлбар6-аар тус тус нотлогддог. Түүнчлэн, Г.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолтыг үзэхэд ажлын бус шаардлагаар хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалтай дансны үлдэгдлийг шалгах эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн зохицуулалт байхгүй болно. Г.М-ын дээр дурдсан дансанд хандсан огноо болон ажлын бус шаардлагаар хандсан нөхцөл байдлыг үзэхэд тэрээр өөртэй нь ижил албан тушаалд ажилладаг СБХХ-ийн СБХА С.Марал болон Б.Б нарын цалингийн мэдээлэл, нийт ажилтнуудын цалингийн нийлбэр дүнг харах зорилготой гэж дүгнэж болохоор байна. Учир нь тус банкны Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт 'Cap бүрийн 1-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал ажлын өдрийн цалинг сарын 10-ны өдөр, 16-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал ажлын цалинг тухайн сарын 25-ны өдөр тооцож олгоно гэж, мөн зүйлийн 4.3 дахь хэсэгт Цалинг олгох өдөр нь амралтын өдөр олон бүх нийтээр амрах баярын өдөр тохиовол өмнөх ажлын өдөр олгоно. ... гэж тус тус заасан айх ба 2021 оны 07 дугаар сарын 10 болон 25-ны өдөр амралтын өдөр байсан тул 07 дугаар сарын 09 болон 23-нд ажилтнуудын цалин буусан байдаг.

Иймд, тус банк нь Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 78 дугаар зүйлийн 78.1.9 дахь заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Худалдаа, хөгжлийн банкны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.10.6 дахь заалт, Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 7 дугаар зүйлийн 7.2.5 дахь заалт, 7.3 дахь хэсэг, Гансүхийн Мөнхтулгатай 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн, Г.М-ын Б.Б, С.Марал болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус програм ашиглан шалгасан үйлдлийг Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам-ын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3,3.3.11 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаарзүйлийн 5.15.2 дахь заалт, түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5 дахь заалт, түүний Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн ба түүний эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байсан тул Ажил олгогч болох Худалдаа, хөгжлийн банк Г.Мд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хэргийн оролцогчидоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: ХХБны захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 дугаартай тушаал, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдирийн 3/930 дугаартай итгэмжлэл, Г.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Г.М-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: итгэмжлэл, Г.М-ын хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалттай дансанд хандсан үйлдлийн логны хуулбар, тайлбар нэртэй хүснэгтэн мэдээллийн хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, Аудитын тайлангийн хэсэгчилсэн баримт, Г.М-ын ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А-22/01 Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17/847 дугаартай Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны теллерийн ажиллах заавар, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А-20/759 дугаартай Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны нууцын загварын хуулбар, нууц хадгалах гэрээний хуулбар, Нууцын баталгааны хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 11-ний дөрийн А-20/578 дугаартай Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар Худалдаа, хөгжлийн банкны дансанд хандах эрхийн зохицуулалт зааврын хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай Худалдаа, хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны ёс зүйн дүрмийн хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолын хуулбар хувь,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/05759 дугаартай захирамжийн дагуу 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолын хавсралт Худалдаа, хөгжлийн банкны дүрэм, Худалдаа, Худалдаа, хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарах эгээдүүдийн жагсаалтын хуулбар, Аудитын тайлангийн Г.Мтай холбоотой хэсгийн тайлан, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20/2460 дугаартай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/01463 дугаартай захирамжийн дагуу Худалдаа, хөгжлийн банкнаас 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А-20/223 дугаартай Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, Худалдаа, хөгжлийн банкны ёс зүйн хорооны ажиллах журамзэрэг баримтуудыг тус тус гаргасан байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч ХХБ ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

6. Хариуцагч ХХБ ХХК нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

7.1 Нэхэмжлэгч Мөнхтулга нь 2012 оны 07 дугаар сараас эхлэн хариуцагч ХХБ ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сард Санхүү бүртгэл Хяналтын хэлтсийн Бүртгэл хяналтын ахлах ажилтнаар ажилласан ба албан тушаалын нэршил 2020 оны 07 дугаар сараас өөрчлөгдөн тус хэлтсийн Санхүү бүртгэл хяналтын ажилтнаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтаар тус тус нотлогдож, зохигч маргаагүй. /1-р хх-ийн 1-3, 6-7-р тал/

7.2 ХХБ ХХК -ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг Б-22/272 дугаар Г.Мөнхтулгыг ажлаас халах тухай тушаалаар Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан Г.Мтай байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгожээ. /1-р хх-ийн 3-р тал/

7.3 ХХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг Б-22/272 дугаар тушаалыг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, ХХБны дүрэм-ийн 9 дүгээр зүйлийн 9.10.6 дахь заалт, ХХБны хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5, 7.3 дахь хэсэг, 21/1936 дугаар Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт, ХХБны Ёс зүйн хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №02/2022 тоот шийдвэрийг тус тус үндэслэсэн байна.

7.4 Ажилтан нь ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасантай нийцэж байна.

8. Шүүх талуудын мэтгэлцэж буй нэхэмжлэгч Г.М нь ноцтой зөрчил гаргасан эсэх үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг шалгах нь зүйтэй.

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох гэж заасан ажил олгогчийн үндсэн эрх, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтуудыг үндэслэсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан зөрчлийг ажилтан буюу нэхэмжлэгч гаргасан эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүх дүгнэлт өгөх үүрэгтэй байна.

 

8.2 Маргаан бүхий тушаалын 1 дэх заалтад ажилтан Г.М нь тус банканд өмнө нь ажиллаж байсан, одоо хамтран ажилладаг ажилтнууд/харилцагч/-ын нууцлалтай цалингийн данс болон Банк, салбар хоорондын тооцооны нууцлалтай дансанд ажлын бус шаардлагаар буюу хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлангаар тогтоогдсон гэжээ.

 

8.3 Ажил олгогч нэхэмжлэгчийг Б.Б, С.Марал болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус программ ашиглан шалгасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.

 

8.4 Тухайн зөрчлүүдийг хэзээ гаргасан талаар ажлаас халах тухай тушаалд заагаагүй боловч хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хамгийн сүүлд гаргасан зөрчлийн хугацааг 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, илрүүлсэн хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэж тайлбарлаж байна./1-р хх-ийн 14-18-р тал/

 

8.5 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.6 дахь хэсэгт Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасан бөгөөд ажил олгогч аудитын шалгалтыг хийсэн хугацааг харгалзан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг хуульд заасан хугацаанд ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

8.6 Ажилтан, ажил олгогч нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчлүүдийг нэрлэн зааж талууд тохиролцсон, талуудын тохиролцсон ноцтой зөрчилд тооцох, тухайн маргаж буй нууцлалтай дансад зохих зөвшөөрөлгүй хандах үйлдлийг ажилтан гаргахгүй байх, аливаа хуулиар хамгаалагдсан хувийн мэдээлэлд халдахгүй байх үүрэгтэй бөгөөд ажилтанд зөвшөөрөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /1-р хх-ийн 29-36, 37-74-р тал, 162-173-р тал/

Маргааны тохиолдолд ажилтан тус зөрчлийг гаргасан эсэх, марган мэтгэлцэж буй тохиолдолд ажил олгогч тухайн зөрчлийг шүүхэд шаардлага хангасан нотлох баримтуудаар нотлох үүргийг хүлээнэ.

 

Ажил олгогчийн ажлаас халах тухай тушаал болон тайлбарт Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлангаар тогтоогдсон гэж үзсэн. /1-р хх-ийн 3-р тал/

 

8.7 Хариуцагч тал нь татгалзлын үндэслэлийг нотлох баримт болох Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлан-ийн 1, 10, 11 дүгээр талд авагдсан хэсгийг шүүхэд гарган өгсөн ба уг тайландАудитын зорилгыг системийн хэмжээнд эрсдэлтэй байж болохуйц үйл ажиллагааг илрүүлж, дотоод хяналт хангалттай болон үр дүнтэй байгааг үнэлэх, баталгаажуулах, бодит эрсдэлийг тодорхойлж, эрсдэлийг бууруулах оновчтой зөвлөмж өгөх гэж тодорхойлжээ./1-р хх-ийн 26-р тал/

Улмаар Банкны ажилтнууд харилцагчийн дансдад ажлын бус шаардлагаар хандаж мэдээлэл авах нь нийтлэг зөрчил илэрч байна. Иймд ажлын бус шаардлагаар харилцагчийн дансдад хандаж мэдээлэл авч ХХБ-ны Ёс зүйн дүрэм-ийн 3.3 заалтаыг зөрчсөн 32 ажилтны асуудлыг авч хэлэлцэхийг Ёс зүйн хороонд зөвлөж байна. Ажлын шаардлагаар хандсан байх боломжтой ч баримтаар баталгаажаагүй, тодорхой санахгүй байна, андуурч хандсан гэсэн тайлбар өгсөн болон ээлжийн амралттай, нярайн чөлөөтэй нийт 56 ажилтны асуудлыг мөн авч хэлэлцэх нь зүйтэй байна гэж зөвлөсөн, ажлын бус шаардлагаар хандсан 11 ажилтны 64 тохиолдолд байв гэсэн байх бөгөөд уг хэсэгт ажилтны нэрсийг нэрлэн заагаагүй, тодорхойгүй байна./1-р хх-ийн 26-27-р тал/

Хариуцагчаас гарган өгсөн аудитын тайлангийн ард Хавсралт4 гэх хүсэлт программаар дамжуулан нууцлагдсан дансдад хандсан тохиолдол гэх баримтад Гансүхийн Мөнхтулга гэсэн мэдээлэл бичигдсэн байх боловч уг баримт нь ямар эрх зүйн баримт бичгийн хавсралт болох нь тодорхойгүй, баталгаажуулалт тамга тэмдэг, гарын үсэггүй, хуулбар хүснэгтэн мэдээлэл байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй./1-р хх-ийн 28-р тал/

8.8 ХХБны Ёс зүйн хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №02/2022 тоот шийдвэрийг хариуцагчаас гарган өгчээ. /1-р хх-ийн 140, 159-161-р тал/

Уг баримтад ...огноо, дугаар харагдахгүй, хүснэгтэн мэдээллийг үйлдсэн, хэвлэсэн, баталгаажуулсан албан тушаалтан бичигдээгүй, эх сурвалж тодорхойгүй, хэсэгчилсэн байдлаар гаргасан мэдээлэл байх ба ...нууцлалтай цалингийн дансанд хувийн ашиг сонирхлын зорилгоор хандсан дараах 7 ажилтнуудыг...ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах гүйцэтгэх захирлын тушаал гаргахыг ...үүрэг болгох гээд хүснэгт-2 хэсгийн 3т Г.М гэсэн нэр бичигдсэн байна. /хх-ийн 159-161-р тал/

Түүнчлэн хэрэгт авагдсан Г.М-ын хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлалттай дансанд хандсан үйлдлийн лог гэх баримт болон тайлбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх эдгээр баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх боломжгүй байна. /1-р хх-ийн 22-25-р тал/

 

8.9 Шүүх хэрэгт цугларсан, хуульд заасан шаардлага хангасан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчил эргэлзээгүй, бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

9. Иймд ХХБ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 дугаар Г.Мөнхтулгыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна. 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан. 

10.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалинг 2021 оны 11, 12, 2022 оны 1 саруудад авсан цалингийн дундажаас тооцоход сард 2,169,671 төгрөг, байх бөгөөд нийт ажилгүй байсан 25 сар 15 хоногийн хугацааны цалинтай тэнцэх олговор олгуулах зүйтэй. /1-р хх-ийн 6-7-р тал/ 

11. Нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлын тооцож, хариуцагчаас 55,791,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. 

12. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Мөнхтулгыг урьд эрхэлж байсан Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ХХБ ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 55,791,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Мд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М-ын 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч ХХБ ХХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийн төрөлд хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ХХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА