Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 196

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэчимэг

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Хохирогч Э.Цэцэгдэлгэр

Шүүгдэгч М.Эрдэнэхишиг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хавхчин овогт Мишигийн Эрдэнэхишигт холбогдох 1721000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын харъяат, 1973 оны 04 сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Ногоон гүүрийн 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Хавхчин овогт Мишигийн Эрдэнэхишиг   /РД: ЛМ 73042800/

Шүүгдэгч Хавхчин овогт Мишигийн Эрдэнэхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ногоон гүүрний 2-6 тоот хашаанд хохирогч Э.Цэцэгдэлгэрийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Мишигийн Эрдэнэхишиг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ найзуудтайгаа архи ууж байтал Цэцэгдэлгэр нөхөртэйгээ муудсан гээд орж ирсэн. Би түүнийг зодсоноо сайн мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан болоод их согтсон байсан. Хийсэн хэрэгтээ хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчид эмчилгээний зардалд 500000 төгрөг өгнө гэж тохирсон. Би үйлдсэн хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Эрхэмээгийн Цэцэгдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ байж байтал намайг Сарнай ирчихээд байна гээд өөрөө дуудаад байхаар нь би очсон. Намайг очиход тэр хэд 2, 3-н шил архи уугаад сууж байсан. Намайг Эрдэнэхишигийн гэрт ороход янхан авгай гээд Эрдэнэхишиг намайг доромжлоод гэрээс үснээс зулгааж чирж гаргаад нүүр нүд рүү цохиж намайг зодсон. Тухайн үед тийм согтуу байгаагүй. Намайг гомдолгүй болгоод өгөөч гээд гэрт очоод Эрдэнэхишиг гуйгаад байхаар нь би гомдолгүй гэж хэлсэн гэв.

Хохирогч Эрхэмээгийн Цэцэгдэлгэр хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ...Би гадаа сууж байгаад буцаад Эрдэнэхишигийн гэрт ирэхэд нөгөө хэд гэрт нь ирчихсэн юм яриад сууж байсан. Удалгүй манай нөхөр Хүрэлбаатар гараад явсан. Тэгэхэд Эрдэнэхишиг надтай юм ярьж байгаад надад хандаж муу янхан авгай гээд надтай маргалдаад үснээс зулгаагаад гэрээсээ гаргаад миний баруун нүд нүүр рүү гараараа цохиж үснээс зулгааж цохиж зодож байгаад болиод гэрлүүгээ орсон. Миний биед учирсан гэмтлүүдийг Эрдэнэхишиг цохиж учруулсан. Намайг Эрдэнэхишиг гэрийнхээ гадаа гараад цохиж зодсон нөгөө хэд архиндаа согтоод гэрт унтаж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 07/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 603 тоот актын дүгнэлтэд

            1. Э.Цэцэгдэлгэрийн биед нүүр, баруун нүд, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

     4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй   гэжээ. /хх-ийн 19/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 03/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20/

Эмчийн тэмдэглэл /хх-ийн 21/

Гэрч Н.Наранбулагийн мэдүүлэг / хх-ийн 15/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч М.Эрдэнэхишигийн ам бүл, оршин суугаа хаягийг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 26/

М.Эрдэнэхишигийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 29/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хавхчин овогт Мишигийн Эрдэнэхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ногоон гүүрний 2-6 тоот хашаанд хохирогч Э.Цэцэгдэлгэрийг зодож, эрүүл мэндэд нь “нүүр, баруун нүд, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мөгөөрсний муруйлт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Цэцэгдэлгэрийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 10 сарын 13-ны өдрийн 603 тоот актын дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна. 

Шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуугаар үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 Хохирогч Э.Цэцэгдэлгэрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч М.Эрдэнэхишигийн үйлдлийн улмаас үүссэн боловч хохирогч нь хохирол төлбөрөө нотлох баримтаар нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Эрдэнэхишигийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүний бичгийн баримтаар хураагдаж ирсэн ЛМ 73042800 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

Шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болно. 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хавхчин овогт Мишигийн Эрдэнэхишигийг хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мишигийн Эрдэнэхишигийг 245 /хоёр зуун дөчин таван/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

 4. Шүүгдэгч М.Эрдэнэхишиг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүүний ЛМ 73042800 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.   

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эрдэнэхишигт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ