Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 004

 

  Т.Згийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй,Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00680 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух Т.З-гийн нэхэмжлэлтэй, Ц сумын 1 дүгээр багт оршин суух хариуцагч С.Б, Бура овогт С.Ө нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өийн илтгэснээр хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч С.Ө, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай дээвэртэй хашааны өөрт ногдох хэсгийг С.Б, С.Ө нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай.

           

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багт хүүхдүүдийнхээ хамт оршин суудаг, 1000 гаруй мал маллан амьдардаг малчин хүн. Нөхөр болох талийгаач С.М-ын хамт 1977 онд Х-ын М гэдэг газарт байгаа дээвэртэй чулуун хашааг Алтайн оргил нэгдлийн тусламжтайгаар барьж ашиглалтад оруулж байсан. 1992 онд нэгдэл тарж, хашаа хороо хувьцаагаар тарааж өгөх үед 8000 төгрөгийн үнэтэй бидний ашиглалтад оруулсан хашаа хороог Алтайн оргил компанийн удирдлагууд болох А.А, Ж.Б нар нь буруу тэнцүү хуваарилалт хийж, С-ын 3 хүү болох С.М, С.Ө, С.Б нарт тэнцүү хуваарилан шийдвэр гаргаж байсан. Үүний талаар талийгаач нөхөр маань 2011 онд шүүхэд хандаж хашаа хорооны хувьцааны ногдлыг өөрчилж давуу эрхийг С.М-д олгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Үүнээс хойш тухайн хашаа хороог С.Ө, С.Б нарын хамт тэнцүү ашиглаж ирсэн. Гэтэл 2017 оны сүүлээс эхэлж С.Ө, С.Б нар нь тухайн хороог хоёулхнаа ашиглана гэж төрсөн ахынхаа эхнэр хүүхдүүдийг хөөж малыг тухайн хашаа хороонд оруулахгүйгээр хорьж, эрхийг зөрчиж, өмч хөрөнгө эзэмшин ашиглахад саад учруулж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Х гэдэг газарт байгаа дээвэртэй хашааны өөрт ногдох хэсгийг С.Ө, С.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагч С.Ө-ийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.Х гэдэг газарт байршилтай битүү хашаа хороо нь Ц сумын Алтайн оргил нэгдэл татан буугдаагүй байсан 1970-аад оны үед баригдсан бөгөөд миний бие 1992 онд нэгдэл татан буугдаж, улс орон даяар их хувьчлал явагдсан үед тухайн үеийн ханшаар 8000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад хувьчилж авсан юм. Тухайн үед хөрөнгө орлогын эрхийн бичгийг хувьчлагдаж буй Алтайн оргил нэгдлийн удирдлагад тушааж, хувьчлалын журмаар өмчлөлд шилжүүлж авсан. Нэхэмжлэгч Т.З-гийн нөхөр болох С.М нь 2011 онд маргаан үүсгэж тухайн хөрөнгө өмчлөгчөөр болон давуу эрхийн эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 198 тоот шийдвэр, Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 28 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 514 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Эдгээр шүүхийн хууль ёсны эрхийн актууд хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.Тухайн дээвэртэй битүү хашаа хороог нэхэмжлэгч Т.З эзэмших эрхтэй болохыг нотолсон ямар нэгэн нотлох баримт байхгүй. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00144 тоот шийдвэртэй иргэний хэрэгт шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр Т.З, С.Ө бид хоёрын эзэмшил газар, тухайн эд хөрөнгө, хашаа хороо тус тусдаа болохыг тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлага болгож буй битүү хашаа хороог Т.З нь огт эзэмшиж ашиглаж байгаагүй, түүнд засвар шинэчлэл хийгээгүй байж, 20-оод жил миний эзэмшилд байсан эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг илтгэж байна. Хариуцагч гэх С.Б нь өөр газарт оршин сууж, өөрийн хашаа хороо үл хөдлөх эд хөрөнгийг С.Ө, Т.З биднээс 100-аад метр алс барьсан тул С.Б саад болсон явдал байхгүй. Иймд Т.З-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Ө-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “...тус маргаан бүхий хашаа хороонд З-гийн ямар ч хамаарал байхгүй. Хар нуурт байрлах хашаа хороог З эзэмших эрхгүй.” гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн тайлбарт: “Миний бие Т.З-гийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Миний бие Т.З-гийн нэхэмжлэлийн шаардлага болох битүү хашааг эзэмшиж, ашиглаж байгаагүй. Миний эзэмшлийн газар, хашаа хороо, өвлийн байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө тэдний эзэмшил газарт давхцаагүй тусдаа байдаг. Харин С.Ө, Т.З нар айл хөрш бөгөөд үл хөдлөх хөрөнгө хөрш залгаа байгаа. Миний бие энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. С.Б миний эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө Т.З-д хамаарахгүй түүний өмч хөрөнгө ашиглах явцад саад болохгүй. Миний бие Т.З-гийн нэхэмжлэлийн хариуцагч биш тул Т.З-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч С.Б-ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Би М, З нарт хашаанд мал оруулахгүй, үүнээс яв гэж хэлээгүй. Тухайн маргаан бүхий хашааны ойролцоо 4-5 хашаа хороо худалдсан ч нэхэмжлэгч нүүгээгүй. Бид уг нь З-г шинээр хашаа, хороо худалдан авч нүүх байх гэж бодсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би маргаан бүхий хашаа хорооны өөрт ногдох хувийг Өт өгсөн.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00680 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дүгээр зүйлийн 106.4-ийг баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн Х гэдэг газарт байгаа дээвэртэй, саравчтай малын хашаа хорооны өөрт ногдох хэсэг буюу 1/3 хэсгийг хариуцагч С.Б, С.Ө нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн хууль ёсны эзэмшилтэй холбоотой заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна, нэхэмжлэгчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг буруу үнэлсэн. Шүүхийн шийдвэрээр тогтоосон, хүчин төгөлдөр үйл баримтын талаар анхан шатны шүүх дахин өөрөөр дүгнэлт хийж хэргийг буруу шийдвэрлэсэн. Урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 198 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2011 оны 6 сарын 02-ны өдрийн 28 тоот магадлал, хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дугаартай тогтоолуудаар маргаан бүхий хашаа хороог нэхэмжлэгч, хариуцагч нарт дундаа эзэмшихээр шийдвэрлэж байсан. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хашаа хороог Т.З эзэмших эрхгүй мэтээр дүгнэлт хийж, буруу шийдвэрлэсэн явдалд гомдолтой. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй, зөвхөн хариуцагчид ашигтай байдлаар үнэлэхийг оролдсон боловч энэ нь бодит байдлыг үгүйсгэж чадаагүй байна.Ц сумын 1 дүгээр бригадын Засаг дарга асан С.Б-ны 1992 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааны талаарх тодорхойлолт, тус сумын иргэдийн хашаа хорооны хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг харуулсан хүснэгтийн хуулбар, Ц сумын 1 дүгээр багийн Засаг дарга П.Х-ийн 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор маргаан бүхий битүү хорооны хувьцааны тодорхойлолт, маргаан бүхий битүү  хорооны байрлаж байгаа газрыг 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 30 жилийн хугацаатайгаар эзэмшсэн талаарх эзэмших эрхийн гэрчилгээ, мөн тус газар эзэмших гэрээ, Т.З-гийн өвлөх эрхийн гэрчилгээ, Т.З-д газар эзэмшүүлсэн гэрээ, маргаан бүхий битүү хорооны хувьцаа эзэмшигч Ж.О-аас С.М 5 хүнд ногдох хувьцааг худалдаж авсан болохыг тодорхойлсон бичгийн баримт үйлдсэн Т.Д-гийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, 1987 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х-т байгаа мал өвөлжих нөхцөл алдсан маргаан бүхий битүү хороог ганцаараа засварлан ашиглах боломжтой болгохын тулд модон материал авч байсан талаарх бичгийн нотлох баримт, иргэн Ж.Д, И.М нарын  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, А.А хувьцааны талаарх тодорхойлолт,1 дүгээр бригадын дарга С.Б-ны 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 01624 дугаартай тогтоол, А-ны 2001 оны гарын баримт эх хувь зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч болох Т.З нь маргаан бүхий хорооны хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөл оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч С.Ө, С.Б нарт холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай дээвэртэй хашааны өөрт ногдох хэсгийг С.Б, С.Ө нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “уг дээвэртэй хашаа хороог 2017 оны сүүлээс эхэлж С.Ө, С.Б нар нь хоёулхнаа ашиглана гэж төрсөн ахынхаа эхнэр хүүхдүүдийг хөөж, малыг тухайн хашаа хороонд оруулахгүйгээр хорьж, эрхийг минь зөрчиж, өмч хөрөнгө эзэмшин ашиглахад саад учруулж байна”[1] гэж тайлбарлажээ.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн агуулгыг нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн тодруулбал, тэрээр С.М, С.Ө, С.Б нарын дундын өмч болох Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай дээвэртэй хашааг бусад өмчлөгчдийн нэгэн адил эзэмших, ашиглах замаар үр шимийг нь хүртэхэд хариуцагч нар саад учруулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, цаашид уг эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг хариуцагч нарт үүрэг болгохыг шаарджээ.

 

            Зохигчийн тайлбар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 198 дугаар шийдвэр, тус аймгийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 514 дүгээр тогтоолоор[2] талуудын маргаж буй Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай дээвэртэй хашаа хороог “Алтайн оргил” компанийн гишүүдэд өмч хувьчлалаар 1994 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хуваарийн дагуу олгосон хашаа хорооноос нэхэмжлэгч Т.З-гийн нөхөр С.М-ын 2, хариуцагч С.Ө-ийн 2, С.Б-ийн 2, иргэн С.Т-ийн 1, нийт 7 хүний хувьцаанд хуваарилсан, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэгт зааснаар С.М, С.Ө, С.Б нарын дундаа хэсгээр өмчлөх дундын өмч мөн болох нь тогтоогджээ.

 

Хэрэгт цугларсан гэрлэлтийн бүртгэлийн 231/002868 дугаар лавлагаа[3], өвлөх эрхийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 95 дугаар гэрчилгээ[4], гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000683717 дугаар гэрчилгээ[5], 2019 оны 10 дугаар сарын 31, 2018 оны 10 дугаар сарын 19, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, тэдгээрийн хавсралт[6] зэргээс дүгнэвэл, маргаан бүхий уг эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгч талийгаач С.М-ын эхнэр, нэхэмжлэгч Т.З нь уг хашаа хороог Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт зааснаар бусад өмчлөгчид болох хариуцагч С.Ө, С.Б нарын нэгэн адил буюу тэдгээртэй тэнцүү хэмжээгээр өмчлөх, эзэмших ашиглах замаар үр шимийг нь хүртэх эрхтэй ба мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт зааснаар уг эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий хашаа хорооны талаар өвлөх эрхийн гэрчилгээгүй учир уг эд хөрөнгийг нэхэмжлэгч Т.З өмчлөх эрхгүй гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарласнаас гадна хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг буруу үнэлж алдаа гаргажээ. Нэхэмжлэгч Т.З нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтын дагуу талийгаач С.М-ын эд хөрөнгийг хууль ёсны өвлөгч мөн болох нь тогтоогдсон, энэ талаар болон уг хашаа хороог хэсгээр өмчлөх С.М-ын эрхийг өөр этгээд өвлөн авсан талаар маргаан байхгүй байхад шүүх дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болоогүй.

 

Талийгаач С.М уг хашаа хороог хэсгээр дундаа өмчлөх эрхийг 1994 онд олж авсан, С.М, нэхэмжлэгч Т.З нар 1976 онд гэр бүл болсон зэргээс дүгнэвэл, маргаан бүхий хашаа хороог хэсгээр дундаа өмчлөх С.М-ын эрх нь С.М, Т.З нар гэр бүл болсноос хойш бий болсон учраас Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна. Тиймээс талийгаач С.М-ын эхнэр Т.З нь түүний гэр бүлийн гишүүний хувьд Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий хашаа хороог хэсгээр дундаа өмчлөх С.М-ын эрхийг түүний нэгэн адил хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.3 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн “Х” гэх газарт байршилтай дээвэртэй хашаа хорооны дундаа хэсгээр өмчлөгч болох нэхэмжлэгч Т.З-гийн зөвшөөрөлгүйгээр, түүний оногдох хэсгээ ашиглах эрхийг бусад өмчлөгчид хязгаарлаж үл болно.

Уг хашаа хороог ашиглах нэхэмжлэгчийн эрхийг хариуцагч нар хууль бусаар хязгаарлаж байсан нь нэхэмжлэгч Т.З-гийн дээр дурдсан тайлбар,  хариуцагч С.Ө-ийн “Нэхэмжлэлийн шаардлага болгож буй битүү хашаа хороог Т.З нь огт эзэмшиж ашиглаж байгаагүй, түүнд засвар шинэчлэл хийгээгүй байж, 20-оод жил миний эзэмшилд байсан эд хөрөнгөд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснийг илтгэж байна. Тус маргаан бүхий хашаа хороонд З-гийн ямар ч хамаарал байхгүй. Хар нуурт байрлах хашаа хороог З эзэмших эрхгүй.” гэх тайлбар[7], хариуцагч С.Б-ийн “...тухайн маргаан бүхий хашааны ойролцоо 4-5 хашаа хороо худалдсан ч нэхэмжлэгч нүүгээгүй. Бид уг нь З-г шинээр хашаа, хороо худалдан авч нүүх байх гэж бодсон. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би маргаан бүхий хашаа хорооны өөрт ногдох хувийг Ө-т өгсөн.” гэх тайлбараар[8] тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэлтэй байна.

            Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00680 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэг, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэг, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэг, 488 дугаар зүйлийн 488.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дундын өмч болох Баян-Өлгий аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг, “Х” гэх газарт байршилтай дээвэртэй малын хашааг хэсгээр дундаа өмчлөх, үр шимийг нь хүртэх, оногдох хэсгээ ашиглах нэхэмжлэгч Т.З-гийн эрхийг хязгаарлахгүй байхыг, уг эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байхыг хариуцагч С.Ө, С.Б нарт үүрэг болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “...болгосугай.” гэснийг “...болгож, хариуцагч С.Ө, С.Б нараас 70.200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.З-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК

 

 

 

           

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр тал. Нэхэмжлэлийн үндэслэлд.

[2] Хэргийн 90-97 дугаар тал.

[3] Хэргийн 88 дугаар тал.

[4] Хэргийн 90 дүгээр тал.

[5] Хэргийн 87 дугаар тал.

[6] Хэргийн 111-119, 63-68 дугаар тал.

[7] Хэргийн 48-49, 128-129 дүгээр тал.

[8] Хэргийн 50, 128-129 дүгээр тал.