Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 005

 

  Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00708 дугаар шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, З.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хариуцагч З.Б, хариуагчийн өмгөөлөгч Х.Тасхын нар оролцов.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: З.Б-ээс 14.000.000 төгрөг гаргуулах тухай. 

 

Нэхэмжлэлд: “Иргэн З.Б нь 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 4.000.000 төгрөг шилжүүлэн авсан байна. Өөрөөр хэлбэл Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 4 сая төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 6 жил өнгөрсөн боловч Сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд З.Б-ээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

            Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: “Нэхэмжлэлийн шаардлага З.Б-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулах тухай гэж ихэсгэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх болсон шалтгаан нь З.Б-ээс Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 4.000.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч ашигласан байна. Энэхүү мөнгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 14.000.000 төгрөгийг З.Б-ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх боловч нэхэмжлэлийн үндэслэл нь иргэн З.Б Сум хөгжүүлэх сангаас авсан 14.000.000 төгрөгийг авч, буцаан төлөөгүй гэх үндэслэлтэй байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь хоорондоо огт уялдаа холбоогүй байна. Нэхэмжлэгч талаас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн З.Б-аас 4.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба дараа нь 10 дугаар сарын 04-ний өдөр 14.000.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэжээ. Энэ нь шүүхэд гаргасан эхний шаардлагатайгаа нийлээд 14.000.000 эсхүл 18.000.000 гэдэг нь ойлгомжгүй байна. Миний бие Өлгий сумын 10 дугаар багт 4800 м.кв газрыг өмчилдөг ба тухайн газарт газар тариалангийн үйл ажиллагааг 2009 оноос эхлэн явуулж чацарганын мод 210 ширхэг, үхрийн нүд 16, бургас 60 ширхэг суулгасан бөгөөд мөн хүлэмж болон хүнсний ногоо тариалах ажлуудыг хийж байгаа. Тэр үеэс хойш аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Өлгий сум, аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байна. 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Р” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2013 онд Өлгий суманд газар тариалангийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор төсөл оруулж 4 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан нь үнэн. Тухайн үед төсөл оруулж төсөл батлагдаж журмын дагуу тухайн үеийн сумын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Х.М гэрээ байгуулан (гэрээний хувийг хавсаргав) зээл авсан. Тэр жилдээ төсөлд тухайн жил 50 чацарганын мод тарьж, дараа жилээс ургац хураалт хийж зээлээ төлөхөөр төлөвлөсөн боловч цаг уур болон ажлын туршлага, багаж хэрэгсэл, ажиллах хүчний асуудлаас ургац авч чадахгүй зээлээ төлөх боломжгүй болсон. Ингэхдээ төслөө бүрэн хэрэгжүүлэхэд дахин санхүүжилт шаардлагатай болсон тул дахин төсөл оруулсан ба төсөл бүрэн хэрэгжүүлэх боломжгүйг харгалзан үзэж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10.000.000 төгрөгийн санхүүжилтийг 2 жилийн хугацаатай Сум хөгжүүлэх сангаас надад зээл олгосон. Тус санхүүжилт дахин төлөвлөсөн ажлуудад дутсан тул 2014 оны 12 дугаар сард тухайн үеийн аймгийн Хөдөлмөрийн хэлтэст төсөл оруулж жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 25.000.000 төгрөгийн төсөл авч төслөө бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайн үед төсөлд шууд тухайн жилээс орлого олох боломжтой гэж тусган зээл авсан нь буруу болж Өлгий сумаас авсан зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Техник эдийн засгийн үндэслэлээ буруу гаргасан, ажлын туршлага, учирч болзошгүй эрсдэлүүдийг тодорхойлоогүйгээс зээлүүдээ хугацаандаа төлж чадаагүй. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан бөгөөд гэрээний хугацаа гурван жил өнгөрсөн тул нэхэмжлэгч талаас гэрээ хэлэлцээрүүдийг зориудаар устган алга болгож, нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тодорхойлсон нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, тайлбар гаргах зэрэг хуульд заасан хэргийн оролцогчийн үүргээ ноцтой байдлаар зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв дээрх байдлаар буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн ямар зүйл заалтаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг тодорхой тусгаж, үүнийг нотлох баримтаар нотлох ёстой. Харин Сум хөгжүүлэх сангаас зээл авсан зээл байгаа бол гэрээний үүрэгтэй харилцаа мөн эсэхийг шүүхээс тодорхойлно. Нэмж хэлэхэд З.Б намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь үндэслэлгүй байх ба миний бие газар тариалан эрхэлдэг, иймдээ ч газар тариалангийн зориулалтаар Сум хөгжүүлэх сангаас зээл авч байсан нь холбогдох баримтуудаар нотлогдож байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаарх баримтуудаа нотлох баримтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00708 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан хариуцагч З.Б-аас зээл 14.000.000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх санд олгож шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгчийн хувьд өөрийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад зөвхөн нэг талыг баримталж, тэнцвэртэй байдлыг хангахгүй хэргийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй.

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлоогүй. Нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн үндэслэл нь уялдаа холбоогүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

2.  Хариуцагч талаас анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан байх ба хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсэг болох “...нэхэмжлэгч талаас иргэн З.Б надтай байгуулсан бүх гэрээ, хэлэлцээрүүдийг зориудаар устган алга болгосон, эсхүл гэрээ, хэлэлцээр түүнтэй холбоотой бүх бичиг баримтууд Өлгий сумын архивд хадгалагдаж байгаа гэсэн хардлага төрж байгаа тул Өлгий сумын 2013-2015 он хүртэлх бүх зээлтэй холбоотой бичиг баримтад үзлэг хийж өгнө үү...” гэх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүх зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлээгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

3. Хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон энэ талаарх нотлох баримтуудыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэжээ. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, хамааралтай эсэх талаар яаж дүгнэх эрх нь байгаа хэдий ч дүгнэлтээ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдахдаа тухайн нотлох баримтын талаарх хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заах ёстой. Тэрээр, дээрх тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргасан үндэслэл нь Өлгий сумын ЖДҮ-ийн сангаас авсан зээлээ ямар шалтгаан нөхцөлөөр буцаан төлөөгүй, төлөх боломжгүй байсан гэдгээ нотлох зорилгоор байсан боловч шүүх уг нотлох баримтыг хэрхэн үнэлж, яагаад хэрэгт хамааралгүй гэж дүгнэснээ шийдвэрт тусгаагүй нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн.

4. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т хуульчилсан гэрээний хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч талаас гэрээ хэлэлцээрүүдийг зориудаар устган алга болгож нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тодорхойлсон нь шүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, тайлбар гаргах хэргийн оролцогчийн үүргээ ноцтой байдлаар зөрчсөн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч З.Б-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

5. Түүнчлэн, анхан шатны шүүхээс талуудын гол маргаж буй үндэслэлийн талаар буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил...” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасны дагуу хариуцагчаас үүргээ зөрчсөн хэмээн үзэж нэхэмжлэлийг хангасан нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй болжээ. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “...үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ...” гэж заажээ. Энэ хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 75.2.1-т заасантай дараах байдлаар уялдаа холбоотой байна. Хариуцагч тал үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх хугацаа нь өөрөө хуулийн 75.2.1-т заасан хугацаа дотор багтах бөгөөд хэрэв тогтоосон хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй, энэхүү тогтоосон хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахгүй бол нэхэмжлэл гаргах эрхээ алдах ойлголт бөгөөд шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдгийг нарийвчлан хуульд зохицуулсныг анхан шатны шүүхээс хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэжээ.Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх, хууль ёсны бөгөөд холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу  тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч З.Бэд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 14,000,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч З.Б төрийн сангийн дансаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 2 удаагийн төлбөрийн хүсэлтээр 14.000.000 төгрөгийн зээл авсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч З.Б нь “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас зээл авсан нь үнэн, тухайн үед төсөл оруулж, төсөл батлагдаж журмын дагуу жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Х.М-тай гэрээ байгуулж зээл авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч талаас гэрээ хэлэлцээрүүдийг зориудаар устган алга болгож нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тодорхойлсон” гэж тайлбарлах боловч хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудаст авагдсан 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд Засаг дарга гарын үсэг зураагүй, тамга дарагдаагүй бөгөөд энэ нь гэрч Х.М-ны мэдүүлгээр нотлогдож байна. Иймд 4.000.000 төгрөгийг зээлээр авахдаа бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй. Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд 10.000.000 төгрөг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж заасан ба зохигчдын хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдээгүй байх тул зээлдүүлэгчийн шаардсанаар зээлдэгч нь түүнийг буцаан төлөхөөр байна.

 

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна. Хариуцагч Сум хөгжүүлэх сангаас зээл авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтад заасан зээлийн гэрээний зохицуулалтыг баримтлан шийдвэрлэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 130/ШШ2019/00708 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 219 дүгээр 219.1, 227 дугаар зүйлийн 227.4-ийг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ