Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0053

 

 

 

 

 

    2024          01           15                                     128/ШШ2024/0053

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б х овогт Х-н Б /РД:ДГ*********/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ч.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:С.С

Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ч.Л

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ш.П нарын хооронд үүссэн “нэхэмжлэгчийн тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч нарт даалгах” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.    

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.“Х.Б-н тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч нарт даалгах” гэж тодорхойлсон.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/******* дугаар шийдвэрээр Х.Б-г 1982 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал *********аймгийн ***** сумын “С******* зам” нэгдэл болон “А х” ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд “С******* зам” нэгдэл болон “А х ХХК-д  1982 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ажиллаж байсан үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байна.

2.2.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х.Б өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандсан бөгөөд тус хэлтсийн Х.Б-н ажилласан жилийг 17 жил, 8 сар болгон хасаж  тооцсон шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргажээ.

2.3.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06/90 дугаар албан бичгээр “... шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт хугацаанаас 1995-2003 онуудыг тэтгэврийг тогтооход баримтлах шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцоогүй нь үндэслэлтэй байна” гэх хариуг өгчээ.

2.4.Ийнхүү нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дээрх албан бичгийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.5.Шүүх нь энэ хэрэгт хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг татсан ба хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “хариуцагч биш тул чөлөөлж өгөх хүсэлтийг гаргасан.

2.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солихыг зөвшөөрөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ  хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж заасан журмыг хэрэглээгүй болно.

2.7.Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, өөрийгөө хариуцагч биш гэж тайлбарласан тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзсэн.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие *********аймгийн ***** суманд төрж өссөн ба 1974 онд ******* аймаг дахь Хөдөө, аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг трактор комбайнч мэргэжлээр, улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникумыг механик жолооч мэргэжлээр үргэлжлүүлэн суралцаж төгссөн.

Ингээд өөрийн нутаг ***** сумандаа очин тракторч эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн албанд 1979 оны 7 дугаар сараас эхлэн Барилгын цэргийн удирдах газрын дэргэдэх Прокурорын газарт 3 жил жолоочоор ажиллаж байгаад 1982 оны 8 дугаар сард цэргийн албаны хугацаа дуусаж халагдсан.

Дараа нь *********аймгийн ***** суманд эргэн очиж улмаар 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс тус сумын нэгдлийн дарга С.Я-н албан хэрэгцээнд унадаг 63-03 улсын дугаартай УА3469 маркийн машины жолоочоор ажилласан. Улмаар 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдэлд нэгдлийн механикаар томилогдон ажилласан. Миний ажиллаж байсан ***** сумын "С******* зам" нэгдэл аж ахуй, зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орж нэр хэлбэрээ өөрчлөн тус нэгдлийн суурин дээр "А х" нэртэй ХХК болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний бие "А х" ХХК-д үргэлжлүүлэн хөдөө, аж ахуйн техник хэрэгслийг хариуцан, газар  тариалангийн салбар нэгжид үйл ажиллагаа явуулсаар 2003 оны 11 дүгээр сараас биеийн байдал муудаж харвалт өгсөн учир ажлаасаа гарч өөрөө хувиараа лаа үйлдвэрлэх зорилго бүхий "Б*******" нэртэй хуулийн этгээд байгуулан ажилласан. Х.Б миний бие нийтдээ 26 жил 8 сар ажилласан байх ба хуульд заасны дагуу 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход тус нэгдэлд ажиллаж байсан баримт байхгүй байсан. Иймд миний бие ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон ба 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/******* дугаартай шүүхийн шийдвэрээр миний бие 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал *********аймгийн ***** сумын "С******* зам" нэгдэл болон "А х" ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгосон.

Ингээд миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" хэмээх шалгуурыг бүрэн хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан. Гэтэл нэхэмжлэгч миний ажилласан жилийг 17 жил 8 сараар тооцон ажилласан жилээс 9 жилийг минь хасаж тэтгэвэр тогтоосон бөгөөд үүнийг эс хүлээн зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандан даатгуулагч надад бүрэн тэтгэвэр олгоогүй асуудлаар гомдол гаргаж миний ажилласан жилийг үнэн зөвөөр тооцон тэтгэвэр тэтгэмжийг бодитой тогтоож өгнө үү хэмээн хүссэн боловч тус газраас "А х" ХХК нь 1995-2003 онуудад ажиллаж байсан нь тогтоогдсон хэдий ч ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул ажилласан жилд оруулан тооцохгүй гэх утгатай 06/90 дугаартай гомдлын хариуг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн.

 ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/******* дугаартай шүүхийн шийдвэрээр 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал *********аймгийн ***** сумын "С******* зам" нэгдэл болон "А х" ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг хууль ёсны дагуу тогтоосон. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гараад ч ямар нэгэн үр дагаваргүй юм бол миний бие анхнаасаа ажилласан байдлаа шүүхийн журмаар тогтоолгох шаардлагагүй байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр холбогдох хууль, журмын дагуу гарсан шүүхийн шийдвэрийг зөрж Х.Б миний ажилласан жилийг 17 жил 8 сараар дутуу тооцон тэтгэвэр тэтгэмжийг тогтоосон явдалд маш их гомдолтой байна. Шүүхээс миний ажилласан жилийг үнэн зөвөөр тогтоож өгсөн тул тэтгэвэр тэтгэмжийг бодитой тогтоож өгнө үү хэмээн хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Х.Б миний бие “А х” ХХК-д ажиллаж байсан нь нэгэнт тогтоогдсон ба ажилтан цалин авч ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх ёстой. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй" мөн хуулийн 6.2 дах хэсэг "Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж толно" хэмээн зааснаас гадна дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг "Ажил олгогч нь даатгуулагчийн толбол зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр суутгаж, тухайн сард багтаан нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлнэ" гэж зааснаар ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч намайг ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж буруутган өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна. Мөн "А х" ХХК байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт тавих үүрэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хяналт тавих", мөн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах" эрхийг тус тус нийгмийн даатгалын байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтанд олгосон.

Энэхүү хуулийн дагуу олгогдсон эрх, үүргээ Нийгмийн даатгалын газар хэрэгжүүлж ажиллаагүйгээс үүдэн миний бие шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоос өөр аргагүй болсон. Шүүхээс нэхэмжлэгч намайг 26 жил 8 сар ажилласныг тогтоосоор байтал миний тэтгэврийг үнэн зөв тогтоохгүйгээр 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр олгож, миний хууль ёсны эрх, ашиг ноцтой хөндөж зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Х.Б миний тэтгэврийг 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгал ерөнхий газар нь тус тус Х.Б-н тэтгэврийг 26 жил 8 сараар тогтоох байтал 17 жил 8 сараар тогтоосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хохироосон. Тийм учраас энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоохоор 26 жил 8 сараар тооцон тогтоох бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Х.Б нь 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс *********аймгийн С******* зам нэгдэлд түр хугацаагаар тракторчинаар ажиллаж байсан. Тэгээд үүнээс эхлээд цэргийн алба хааж, 1979 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс С******* зам нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байгаад 2003 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан байдаг. Өндөр настны тэтгэвэр авахаар ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан боловч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний тэтгэврийг 1995 оноос 2003 оны хооронд Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэдэг үндэслэлээр ажилласан жилд буюу шимтгэл төлсөн хугацаанд нь оруулаагүй тооцсон байдаг. Иргэн Х.Б нь 2009 онд ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилласан жил тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан дагуу 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019******* дугаартай шүүхийн шийдвэр гарсан.

Энэхүү шүүхийн шийдвэрээр иргэн Х.Б-г 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал *********аймгийн ***** сумын С******* зам нэгдэл болон А х компанид жолооч, механикчаар ажиллаж байсан гэж эрх зүйн байдлыг нь тогтоосон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй, гэж заасан байдаг. Ийнхүү дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэртэй холбоотой мөн ажилласан жилтэй холбоотой маргахгүй гэж ойлгож байна. Энэхүү шийдвэрийг гаргаж байгаа хууль зүйн үр дагавар нь иргэн Х.Б нь тэтгэвэр, тэтгэмж авах хүсэл зоригийн үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилласан жилээ тогтоолгож байгаа. Үүнтэй холбоотой Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргахад та “А х” компаниар төлүүлээд ир, төлүүлээд ирвэл өндөр настны тэтгэврийг нь ажилласан жилээр нь тооцон олгоход татгалзах зүйлгүй гэж яригдсан. Хууль зүйн утгаар нь Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг харахаар нийгмийн даатгал төлөөгүй гэдэг асуудал хэрвээ үүсвэл үүнийг хэн хариуцах нь хуульд маш тодорхой тусгасан байгаа. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасан байдаг.

1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тусгасан байна.

Мөн хуулийн 21дугаар зүйлийн 7 дугаар хэсэгт нь "шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байна.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Шимтгэл төлөх үүрэг дараахь тохиолдолд дуусгавар болно гэж заасан бөгөөд үүнд 1/даатгуулагч нас барсан, нас барсанд тооцогдсон, 2/ажил олгогч татан буугдсан, дампуурсан; 3/даатгалын гэрээний хугацаа дуусгавар болсон, 4/хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж тус тус тусгасан байдаг.

Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Ажил олгогч нэгдэх, салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ гэдэг зарчим үйлчилдэг.

*********аймагт байрлаж байгаа С******* зам нэгдэл нь А х компани болоод хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээс биш үргэлжлээд явж байсан байгаа. Эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тодорхой дурдсан бөгөөд *********аймгийн ***** сумын С******* зам нэгдэл болон А х компанид тус тус жолооч, механикчинаар ажиллаж байсныг эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосугай гэж шийдсэн байгаа. Ажиллаж байсан гэдэгтэй нь холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нөхцөл байдал магадгүй үүссэн байна. Үүний хариуцлагыг иргэн Х.Б хүлээх нь Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчимд нийцэхгүй байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар 26 жил 8 сараар тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоод 26 жил 8 сараар тогтоохыг даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Дүгнээд хэлэхэд, аж ахуй нэгж байгууллага өөрөө шимтгэл төлөөгүй байна. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл төлүүлэх шаардлагатай бол хуулиар хүлээсэн үүрэг нь байна. Ажилтан хөдөлмөр эрхэлж Нийгмийн даатгалын хуулиар нийгмийн даатгалын шимтгэлийг Хөлсөөр ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг нь хэвээр хадгалагдана. Өндөр настны тэтгэвэр авах эрх нь бүрдсэн байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/******* дугаартай шийдвэрээр Х.Б-г 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал *********аймгийн ***** сумын "С******* зам" нэгдэл болон "А х" ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсныг тогтоожээ. Гэвч "А х" ХХК-ийн 1995-2003 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд таны нэр байхгүй, таны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь *********аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй", Нийгмийн даатгалын сангаас олrox тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно" гэж тус тус заасан. 1995-2003 онуудад ажиллаж байсныг шүүхээс тогтоосон хэдий ч уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь төлөөгүй тул тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй болно.

Иймд шүүхээс тогтоосон нийт хугацаанаас шимтгэл нь төлөгдөөгүй хугацаа буюу 1995-2003 онуудад ажилласан 9 жилийг хасаж тэтгэвэр тогтоосон нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3.4.Хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан нэхэмжлэгч Х.Б нь тус хэлтэст миний тэтгэврийг 17 жил 8 сараар тооцож тэтгэвэр тогтоосон үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг тэтгэврээ 26 жил 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэл гаргажээ. ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиудыг үндэслэн Х.Б-н тэтгэврийг тогтоосон.

Иргэн Х.Б нь өндөр насны тэтгэвэртэй. Тэтгэврээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тогтоолгосон байдаг. Нэхэмжлэгч нь 27 жил 8 сар тэтгэвэр тогтоох байтал даатгуулагч иргэн өөрийн цуглуулсан нотлох баримт дээр үндэслэн тогтоосон байдаг. Тухайн акт нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь Х.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлөөлт, үүнийг үндэслэн тэтгэвэр тогтоосон үйл баримт бөгөөд  нийгмийн даатгалын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн маргаан байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Сонгино дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184//ШШ2019/******* дугаар шийдвэрээр Б х овогт Х******* Б*******   1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал  *********аймгийн ***** сумын “С******* зам” нэгдэл болон “А х” ХХК-д жолооч, механикчаар  ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол  бүхий үйл явдлыг тогтоож шийдвэрлэжээ.  /ХХ-н 104-106 дахь тал/

2.2.Нийгмийн даатгалын ерөнхий газар, ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс “иргэний хэргийн шүүх Х.Б-н 1995-2003 онд ажиллаж байсныг тогтоосон боловч ажил олгогч нь уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас ажилласан жилийн хугацаанд оруулан тооцох тэтгэвэр тогтоох боломжгүй, шимтгэл төлсөн байж тэтгэвэр авах ёстой” гэж үзэн  уг хугацааг нь ажилласан жилд оруулан тооцож тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

2.3.******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс  Х.Б-н ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 11 сар, 13 өдөр, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 жил, 1 сар, 29 өдөр, 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 жил, 3 сар, 8 өдөр буюу нийт 17 жил, 8 сар, 21 өдөр ажилласнаар тооцсон болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/

2.4. Сонгино дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184//ШШ2019/******* дугаар шийдвэрийн дүнд Х.Б-н ажилласан жил нь  1982 оны 09 дүгээр сарын 23-наас 2003 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 20 жил, 8 сар, 8 хоног ажилласан жилд тооцогдох ёстой байна.

2.5.Ийнхүү иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үр дүнд тогтоосон ажилласан жил болох 21 жил, 3 сар, 8 хоног дээр өмнө ажилласан жил 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 11 сар, 13 өдөр, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 жил, 1 сар, 29 өдрийг нэмбэл, түүний ажилласан жил нь 25 жил, 4 сар, 20 хоног болж байна.

2.6.Нэхэмжлэгч нь өөрийн ажилласан жилийг 26 жил 8 сараар тооцох ёстой гэж шаардсан боловч түүний ажиллаж эхэлсэн  1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаа  25 жил, 5 сар 24 хоног болж байгаа зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Монгол Улсад 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр  шинэ Үндсэн хууль батлагдсаны дагуу нийгмийн даатгалын системд өөрчлөлт орж, 1994 онд Нийгмийн даатгалын хууль батлагджээ.

3.2.Иймд 1994 оны Нийгмийн даатгалын хууль хууль батлагдахаас өмнө иргэний тэтгэвэр тогтоолгох хугацааг  түүний “ажилласан жилээр” тооцож байжээ.

3.3.Ийнхүү ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс  Х.Б-н ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 17 жил, 8 сар, 21 өдөр ажилласнаар тооцсон нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хугацааг тооцож тогтоосон хугацаа байсан болох нь тогтоогдлоо.

3.4.1994 онд батлагдсан  Нийгмийн даатгалын хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т "даатгуулагч" гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг гэж, мөн хэсгийн 4-т “нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг” гэж,  мөн хэсгийн 7-д "шимтгэл төлөгч" гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг” гэж, 6 дугаар зүйлийн 1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” тус тус заажээ.

3.5.Нийгмийн даатгалын хууль /1994 оны/ батлагдсан хойш тэтгэвэр тогтоолгох хугацааг “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа”-гаар тооцож эхэлжээ.

3.6.Хуулийн энэ шалгуур нь ажил олгогч болон ажилтнаас тус тус цалин хөлсний тодорхой хувиар тогтоосон хэмжээгээр[1] шимтгэл төлөх явдал байна.

3.7.Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж, 16 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэжээ.

3.8.Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 2-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, 3-т “нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах”, 4-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх- гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогч суутган нийгмийн даатгалын санд төлөх, энэ талаар тайлан мэдээг гаргах үүрэг хүлээсэн байна.

3.9.Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах дараахь үндсэн чиг үүргийг Нийгмийн даатгалын байгууллага  хэрэгжүүлэхээр, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад 1/анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах, 2 дахь заалтад “тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох”, 4 дэх заалтад “тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” гэж, 5 дахь заалтад “шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн,шимтгэлийн мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хуульд заасан хариуцлага хүлээлгэх”  эрхийг нийгмийн даатгалын байгууллагад олгож, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5 дахь заалтуудаар шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах, ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх эрхүүдийг Нийгмийн даатгалын байцаагчид олгосон байна.

3.10.Хуулийн эдгээр заалтуудын дагуу нийгмийн даатгалын байцаагч, хэлтэс, газрууд нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган авч төлөх, өөрөөс олгох хэмжээг төлөх төлөлтөд хяналт тавих, албадан төлүүлэх эрх олгосон буюу “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөнд хяналт тавих” механизмыг тогтоосон зохицуулалт юм.

3.11.Хуулийн дээрх заалтуудын дагуу Х.Б-н тухайн харьяалах нийгмийн даатгалын алба нь 1995 оноос хойш ажил олгогч *********аймгийн ***** сумын “А х” ХХК-ийн  нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх, тайлагнах ажиллагаанд хяналтаа тавих үүрэгтэй байжээ.

3.12.Тодруулбал, Нийгмийн даатгалын хууль нь ажил олгогчоор нийгмийн даатгалын шимтгэлийг заавал төлүүлэх албадлага хэрэглэх эрх, үүргийг нийгмийн даатгалын байцаагч нарт олгосон байхад энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа одоо нэхэмжлэгч Х.Б-г “ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж төлөөгүй хугацааны төлбөрийг төлөх”-ийг шаардаж, уг хугацааны тэтгэврийг тооцож олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

3.13.Учир нь Х.Б нь ажил олгогч “А х” ХХК-ийн тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл, түүнд ногдох алданги, хүүг албадлага хэрэглэн гаргуулах эрх хэмжээгүй, ийм эрх хэмжээ нь нийгмийн даатгалын байцаагч, нийгмийн даатгалын хэлтэс, газарт байгаа, эдгээр нь хуульд заасан хугацаанд “нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тайлагнал”-д тавих хяналт шалгалтаа явуулаагүй тус албаны буруугаас болж, тэтгэвэр авах хугацаагаа зөв тогтоолгох эрх нь хөндөгдөх үндэслэлгүй тул шүүх нэхэмжлэгч Х.Б-н уг эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж  байна.

3.14.Түүнчлэн 1994 оны Нийгмийн даатгалын хуулиар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж төлөх үүрэгтэйгээс гадна, ажилтан Х.Б өөрийн цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогоос зохих хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг үүссэн байхад энэ үүргээ биелүүлээгүй, уг шимтгэлийг суутгаж төлөхийг ажил олгогчоос шаардах ёстой байхад шаардаагүй буруутай үйлдэл байгааг мөн тогтоож өгөх нь зүйтэй. 

3.15.Иймээс нэхэмжлэгч Х.Б нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилтнаас төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө төлсөн байх ёстой ба ийнхүү уг шимтгэлийг төлснөөр Х.Б-н ажилласан жилийг шүүхээс тогтоосон хугацаагаар тооцож  тэтгэвэр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

3.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийгмийн даатгалын хуульд /1994 оны/ зааснаар  “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэдэг заалт нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй Х.Б дээр хэрхэн хэрэгжих талаар маргасан бөгөөд нийгмийн даатгалын байгууллага ажил олгогчоос уг даатгалын шимтгэл төлөх үүргийг нь албадан биелүүлэх боломжтой, хэрэв уг этгээд нь татан буугдсан бол эрсдэлийг төрөөс хүлээх, өөр бусад хуульд заасан арга замыг олж тогтоох ёстой болохоос энэхүү үндэслэлээр иргэн хохирч үлдэх нь Монгол Улсын Үндсэн хуульд  тунхагласан  “хүний эрхийг эрхэмлэн дээдлэх” эрхэм зорилгод нийцэхгүй гэж үзсэн болно.

3.17.Энэхүү хууль зүйн дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор, нэхэмжлэлийг хангаж, Х.Б-н ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож, тогтоож өгөхийг хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.18.Нэхэмжлэгч Х.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа “Х.Б-н тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг хариуцагч нарт даалгах” гэж тодорхойлсон боловч шүүх түүний тодорхойлсон “26 жил, 8 сар” гэх хугацааг тоолж тогтоох эрх хэмжээгүй, хугацааг нийгмийн даатгалын эрх бүхий этгээд тогтоодог тул  түүний ажилласан жилийг харгалзан уг хугацааг тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

3.19.Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг санаачилгаар өөрчилж байгаа явдал биш бөгөөд шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гаргасан тайлбар, шүүхээр  нэхэмжлэгчийн сэргээлгэхийг хүсэж буй эрх, ашиг сонирхлын хүрээнд үндэслэн  түүний хүсэлт зориг нь энэ гэж үзсэн болно.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ Нийгмийн даатгалын хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 5, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг тус тус баримтлан  нэхэмжлэгч Х.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х.Б-н ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тооцож, тэтгэвэр тогтоохыг хариуцагч ******** дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас  нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

[1] Энэ хэмжээнд 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн, 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн, 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хууль, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2021 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан.