Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 006

 

  Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,       

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаар шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Ш.М-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагч Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ш.М-аас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Иргэн Ш.М 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй 4.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Зээлийн хугацаа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн байна. Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас хариуцагч Ш.М нь 4 сая төгрөгийг шилжүүлж авсан гэдэг нь шилжүүлж авсан баримтын шилжүүлгээр нотлогдож байна. Уг шилжүүлгийн баримтаас утга нь зээл гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Иргэн Ш.М 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 36 сарын хугацаатай жилийн 3%-ийн хүүтэй 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд 3 жилийн хугацаатай гэрээ байгуулсан" гэжээ. Иргэн Ш.М би Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас ямар нэгэн зээл аваагүй болно. Зээл олгосон гэх зээлийн гэрээнд байгаа гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Өөр хүн гарын үсэг зурж авсан байж магадгүй байна. Иймд Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4922576 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.М-аас Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож шийдвэрлэжээ.    

            Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Хавтаст хэрэгт зохигч нарын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдгийг нотлох хууль ёсны бичгийн нотлох баримт байхгүй байгаа боловч хэрэгт хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т заасан Зээлийн гэрээний харилцан үүрэг үүссэн байна гэж шүүх үзлээ гэж хуулийг буруу тайлбарласан.Харин Ш.М миний хувьд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулж байгаагүй болохыг нотолсоор байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтуудыг буруу үнэлж шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг 1 дүгээр хавсралтаар баталсан ба уг хавсралтын 1.6.2 дахь хэсэгт “зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна” гэсэн ба шүүхээс уг хугацааг үндэслэж нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйг 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж шүүх үзэхдээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар зээлээ буцаан төлөх хугацааг тогтоосон эсэх талаар бичгийн нотлох баримт иргэний хэрэгт байхгүй байхад хөөн хэлэлцэх хугацааг тоолж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянаж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь хариуцагч Ш.М-д холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээл 4,000,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Ш.М төрийн сангийн дансаар дамжуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Сум хөгжүүлэх сангаас 4.000.000 төгрөгийн зээл авсан болох нь баримтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч Ш.М нь “Би зээл авч, өөрөө энэ мөнгийг хэрэглээгүй. Ах Ш.Б нь надад би төрийн байгууллагад ажилладаг, Ы гэх хүн чиний дансаар дамжуулж мөнгө авах гэж байна гэж хэлээд мөнгө гаргуулж авч байсан. Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас мөнгө шилжүүлэхдээ ямар учраас 4.000.000 төгрөгийг миний дансанд шилжүүлснийг надад мэдэгдээгүй тул би хариуцахгүй” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн дансанд 4.000.000 төгрөг шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно.

 

Нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг хариуцагчтай 3 жилийн хугацаагаар байгуулсан гэж 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ” болон гэрээний хавсралтыг шүүхэд нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар ирүүлжээ.  Уг зээлийн гэрээн дэх зээлдэгчийн гарын үсгийг хариуцагч Ш.М миний гарын үсэг биш гэж эс зөвшөөрч, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч Шүүхийн шинжилгээний байгууллагаас уг гэрээ нь хуулбар учраас шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах боломжгүй талаар хариу ирүүлжээ. Мөн тус зээлийн гэрээ нь засвартай, зээлийн гэрээний эх хувийг нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч нотолж чадаагүй тул уг гэрээг бичгээр хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2,-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            Д.КӨБЕШ