| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2022/00490/И |
| Дугаар | 143/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 143/ШШ2024/00173
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 143/ШШ2024/00173 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* /РД:*******/, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг
Хариуцагч: ******* овогт *******гийн /РД:/, ******* аймгийн сум, баг
Нэхэмжлэлийн шаардлага: 27 020 989.60 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн сумын багийн харьяат иргэн Б. нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ноосон утсаар хивс, тохош хийх үйлчилгээний чиглэлээр Есөн эрдэнэ нэртэй төсөл хэрэгжүүлэх зориулалтаар ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх сангаас нэг жилийн 3 хувь /нэг сарын 0,25 хувь/-ийн хүүтэй 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан, зээл авсан байна.
Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг нөхөн төлөөгүй, төрийн болон нийтийн ашиг сонирхолд дээрх хохирлыг учруулсан байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.5, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын 2 дахь заалт, энэхүү тогтоолоор баталсан Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам-д зааснаар сумын Засаг дарга Сум хөгжүүлэх санг удирдан зохион байгуулж, хяналт тавьж, нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч буюу Улсын төсвөөс санхүүждэг төрийн захиргааны байгууллага юм.
Сангийн эргэлтийн хөрөнгө нь улсын төсвөөс олгогддог, жижиг дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг, мөн зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэдэд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл гэж дүгнэхээр байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт: Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт: Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно., 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт: Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт: Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт: Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй., 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт: Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ., 232.5 дахь хэсэгт: Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ. гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хоёр дугаар зүйлд зааснаар иргэн Б.аас зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг гаргуулж, ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт: Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт: Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл: Иргэний хэрэг үүсгэх үндэслэл, 12.1 дэх хэсэг: Шүүх дараах үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж болно, 12.1 дэх хэсгийн 12.1.2-т: бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл гэж тус тус заасны дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт: Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн Б. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төрийн болон нийтийн аль алиных нь ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна.
******* аймгийн сумын харьяат Б.аас зээлийн үндсэн төлбөр, хүү, алданги нийт 27 020 989.60 /хорин долоон сая хорин мянга есөн зуун наян есөн төгрөг жаран мөнгө/-ийг гаргуулж, ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх сан Төрийн сангийн 100110355404 тоот данс/-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь ******* аймгийн сумын сум хөгжүүлэх сангаас 18 500 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, нэг жилийн 3%-ийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б. нь зээлээ хугацаандаа нөхөн төлөөгүй. Зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой төрд учирсан хохирлыг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлээ бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар санал гаргаж байна. Учир нь Прокурорын байгууллагыг иргэний хариуцагчаар татаж, зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нэхэмжлэлийн агуулга байсан. Сөрөг нэхэмжлэл дээрээ зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн. Санхүүгийн шалгалт хийхэд цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж дурдсан байна. Энэ сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг үнэхээр дүр үзүүлж хийсэн хэлцэл эсвэл гарын үсгийг нь хуурамчаар үйлдсэн. Мөн үнэхээр өөрсдийн хүсэл зоригоор хийгдээд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн гэдгийг мэдэхийн тулд хариуцагч Б.ыг биечлэн шүүх хуралдаанд оролцуулах хэрэгтэй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндэслэлгүй хийсвэр зүйл яриад байна. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.
Гэрээний хувийг шүүхэд хүргүүлсэн хэрэгт авагдсан байгаа. Гэрээнд гарын үсэг зурагдсан байдлыг харахад арын үсгийг дуурайлган зурсан хууль бус үйлдэл тогтоогдоогүй. Шинжилгээнд явуулъя гарын үсгийнхээ хэв загварыг ирүүл гэхээр явуулдаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэргийн ажиллагааг сунжруулж байгаа гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ нэг талаасаа иргэн нөгөө талаасаа сум хөгжүүлэх санг удирдаж байгаа Засаг дарга 2 хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагддаг. Сумын Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлийн хүрээнд хийгдэж байгаа ажиллагаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сан болон иргэний хооронд байгуулж байгаа гэрээг хүчин төгөлдөр эсвэл хүчин төгөлдөр бусдад тооцох асуудал прокурорт хамааралгүй гэж үзэж байгаа. Харин прокурорын хувьд яагаад энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож орж ирж байгаа вэ гэхээр төр болон нийтийн ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа гэрээний үр дагаврыг нэхэмжилж, тухайн байгууллагыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Иймээс гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоолох асуудал дээр прокурорыг иргэний хариуцагчаар оролцуулах нь хууль бус гэж үзэж байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлд төлөөлүүлэгч Б.аас 27 020 989 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн зээлийг эрх бүхий албан тушаалтнууд эргэн төлөгдөхгүй, зээл гэж төлөөлүүлэгч нарт ойлгуулан тайлбарласан байдаг.
Мөн тухайн үед ямар нэгэн хүү, алданги тооцсон зээлийн гэрээг байгуулаагүй, талууд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй ба сүүлд шалгалт хийгдэх гээд байна, та гарын үсэг зурахгүй бол болохгүй нь, зүгээр л гарын үсгээ зурчихад болно гэх зүйлийг хэлээд нэлээд хугацаа өнгөрсний дараа нэг бичигтэй цаасан дээр яаралтайгаар гарын үсэг зуруулж авч үлдсэн байна. Иймээс төлөх эрх зүйн үндэслэлгүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* аймгийн сумын сум хөгжүүлэх сангаас төлөөлүүлэгч Б.ад 18 500 000 төгрөгийг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байна.
Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг цаг хугацааны хувьд 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулаагүй, гэрээ байгуулсан гэх өдөр 18 500 000 төгрөгийг сум хөгжүүлэх сангаас хүлээн аваагүй ба харин тус гэрээг манай байгууллагад санхүүгийн шалгалт хийгдэх нь та хүрч ирээд гарын үсэг зурах шаардлагатай гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зуруулж авсан байдаг.
Тэгэхээр тус зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн тул 18 500 000 төгрөгийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар олгосон гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх Барьцааны гэрээг мөн тус өдөр байгуулаагүй, гэрээнд төлөөлүүлэгч Б. нь гарын үсэг зураагүй байхад түүний гарын үсгийг дуурайлган зурж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн, цаашлаад барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэл гаргах эрх нь хуулиараа ******* аймгийн прокурорын газар болоод энэ гэж хүнд олгогдсон эсэх нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл уг мөнгөн дүнг нэхэмжлэх эрх бүхий этгээд мөн эсэх дээр миний бие маргаж байгаа. сумын сум хөгжүүлэх сан одоо хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явж байгаа учраас сумын сум хөгжүүлэх сан өөрөө нэхэмжлэл гаргах ёстой. Тийм байхад Прокурорын байгууллагаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.
Хоёрдугаарт нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа зээлийн гэрээг харахад 18 500 000 төгрөгийн төлбөрийн хүсэлтээр Б. гэж бичсэн хэрнээ регистрийн дугаар нь таарахгүй байгаа. Энэ хавтаст хэргийн 55-57 дугаар хуудсанд байгаа. Энэ төлбөрийн хүсэлт дээр тавигдаад байгаа гэсэн дансыг Б. эзэмшдэггүй. Энэ данс нь овогтой гэж хүний данс байгаа. 18 500 000 төгрөг Б. гэж хүний данс руу орсон байгаа. гэсэн дансыг өнөөдөр хариуцагч болох Б. гэж хүн эзэмшдэг данс биш гэдгийг нотлохоор ******* аймгийн Хаан банк ХХК-аас тодорхойлолт авч хэрэгт хавсаргасан. Б.ын эзэмшдэггүй дансаар мөнгө авсан нь өөрөө энэ зээлийн гэрээ хуурамч гэж үзэхэд хүргэж байна. Б.ад сум хөгжүүлэх сангаас 18 500 000 төгрөг аваагүй учраас төлөх боломжгүй байна.
Энэ гэрээг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэж үздэг. 2 жилийн дараа буюу 2016 оны 07 дугаар сард буюу наадмын өмнө ******* аймгийн Аудитын газраас санхүүгийн шалгалт орох гээд байна. Элдэв янзын мөнгөний асуудал дээр бид нар хэцүү байдалд орох гээд байна гэж хэлээд нэг баримт дээр Б.аар гарын үсэг зуруулсан байна. Гэтэл сум хөгжүүлэх сангаас зээл авсан болгочихсон. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ гэрээний нэг талд овогтой , Бямба овогтой гээд зээлийн гэрээний 2 талыг дурдаж байсан. Гэвч зээлдүүлэгч гэдэгт овогтой гэж хүн гарын үсгээ зурагдаагүй. Зөвхөн гэж хүний гарын үсэг байдаг. Мөн барьцааны гэрээ байдаг. Барьцааны гэрээ болон энэ зээлийн гэрээн дээр зурагдсан гарын үсгүүдийг нэг бүрчлэн судалж үзэхэд өөр өөр бичилттэй байна. Үнэхээр нэг хүний гарын үсэг мөн гэж үзэхэд эргэлзээтэй. Дээрээс нь үнэхээр зээлийн гэрээ байгуулсан уу гэдгийг нэхэмжлэгч тал өөрөө нотолж өгөөгүй. Барьцааны гэрээ болон үндсэн төслийн зээлийн гэрээг Засаг дарга төлөөлж гэрээ байгуулах эрх хэмжээтэй юм байна. Гэтэл Засаг даргын гарын үсэг байхгүй. Тэгэхээр Б.аас 18 500 000 төгрөг нэхэмжлэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гуравдугаарт энэ хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд байдаг. Үүнд сумын Засаг даргаас Б.ыг зээлээ төл гэсэн агуулгатай мэдэгдэх хуудас байдаг. Бүтэн 7 жилийн дараа мэдэгдэх хуудас өгсөн. Энэ бол хуурамч баримт байгаа. Яагаад гэвэл Б.ад энэ баримтыг авч байгаагүй. Мэдэгдэх хуудсыг өгөөгүй байж өгсөн мэтээр баримт гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаагаар тоолох гэж зориуд худал баримт үйлдсэн гэж үзэхэд хүрч байна. Мөн энэ мэдэгдэх хуудас дээр Сум хөгжүүлэх сангаас 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан зээлийн 3 жилийн хугацаа дууссан байна. Ийм учраас та 27 020 988 төгрөгийгөө төл гэдэг мэдэгдэх хуудас өгсөн. Энэ мэдэгдэх хуудсан дээр цаг хугацааны байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Б. гэж хүн зээл авсан гэж бичсэн байна. Гэтэл нэхэмжлэл дээр Б.ыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээл авсан гэж бичдэг. Мэдэгдэх хуудсан дээр 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэж бичсэн. Ийм учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм байна. Нэгэнт зээлийн гэрээ байгуулагдаагүй байхад байгуулсан мэтээр баримт бүрдүүлж, хүүгийн 854 000.41 төгрөг, алданги 7 666 948 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Тийм учраас энэ нэхэмжлээд байгаа үнийн дүн хууль эрх зүйн үндэслэлгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бас зээлийн хүүг хэдэн хувиар яаж бодож байгаа нь тодорхой бус байна. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан ******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор овогтой Амгалангийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дүүрэн дэмжиж оролцож байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээний нөхцөл байдал, гарын үсэг өөр өөр байгаа. Мөн гэж хүн гэрээ байгуулаагүй. Мөн Оюунцэцэг байгуулсан гэрээ ямар нэгэн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй байна. Тэгэхээр 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сум хөгжүүлэх сангаас зээлийн гэрээг бичгээр Б.тай байгуулаагүй. 2 жилийн дараа гуйж байгаад нэг цаасан дээр л гарын үсэг зуруулаад авсан. Дүр үзүүлэн хийсэн нөхцөл байдал байгаа учраас сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* нь хариуцагч Б.ад холбогдуулан сум хөгжүүлэх санд учирсан хохиролд 27 020 989.60 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* шаардах эрхээ:
Б. нь 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ноосон утсаар хивс, тохош хийх үйлчилгээний чиглэлээр Есөн эрдэнэ нэртэй төсөл хэрэгжүүлэх зориулалтаар ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх сангаас нэг жилийн 3 хувь /нэг сарын 0,25 хувь/-ийн хүүтэй 18.500.000 /арван найман сая таван зуун мянга/ төгрөгийг, 3 жилийн /36 сар/ хугацаанд эргэн төлөхөөр гэрээ байгуулан зээл авсан. Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж, үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 27 020 989.60 төгрөгийн хохирол төрд учруулсан гэж тодорхойлсон.
Хариуцагч Б. татгалзлын үндэслэлээ:
Тухайн зээлийг эрх бүхий албан тушаалтнууд эргэн төлөгдөхгүй, зээл гэж ойлгуулан тайлбарласан, гэрээ байгуулаагүй, шалгалттай холбоотой гарын үсэг зурах шаардлагатай гэж хэлээд цаасан дээр гарын үсэг зуруулж авсан, зээл болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан маргадаг.
Үйл баримтын талаар:
1. 2014 оны 02 дугаар сарын 20 ны өдөр а/17 дугаартай захирамжаар ******* аймгийн сумын Засаг дарга Б. нь Б.ад Сум хөгжүүлэх сангаас зээл олгохыг зөвшөөрсөн байна. /хх-ийн 08 хуудас/
2. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сумын Засаг дарга Б., Б. нарын хооронд Сум хөгжүүлэх сангаас төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 18 500 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж дуусгахаар /хх-ийн 9-12-р хуудас/ тохиролцон улмаар зээлийн гэрээ гэх баримтад зээлдүүлэгчийг төлөөлж ЖДҮЗ-ийн дарга /гарын үсгийн таталбар бүхий хх-ийн 10-р хуудас/ болон зээлийн эдийн засагч нар, зээлдэгчийг төлөөлж С үсгээр эхэлсэн гарын үсэг болон гарын үсгийн таталбар бүхий /хх-ийн 10-р хуудас/ 2 хүн гарын үсэг зурсан байна.
3. 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр сумын засаг дарга Б., Б. нарын хооронд 5 ханатай гэр, газар, телевизор, хөргөгч зэргийг барьцаалан улмаар барьцааны гэрээ гэх баримтад барьцаалагчийг төлөөлж зээлийн эдийн засагч , барьцаалуулагчийг төлөөлж С үсгээр эхэлсэн гарын үсэг болон гарын үсэгний таталбар бүхий /хх-ийн 11-16-р хуудас/ 2 хүн гарын үсэг зуржээ.
4. 2014 оны 02 дугаар сарын 24-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б., С.Оюунцэцэг нараас 4 500 000 төгрөг болон 2 000 000 төгрөгийн зээлийг Б.ад олгох төлбөрийн хүсэлт, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б., С.Оюунцэцэг нараас 12 000 000 төгрөгийн зээлийг Б.ад олгох төлбөрийн хүсэлт, хяналтын хуудасны хамт төрийн санд гүйлгээ хийх хүсэлт явуулсан байна./хх-ийн 55-57 хуудас/
5. 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б.ын дугаарын дансанд бул Сум х г Б. бул Сум х г Б.С утга бүхий 12 000 000 төгрөг шилжиж орсон байна. /хх-81 хуудас/,
6. Б. нь банкинд данс эзэмшдэг. Түүний данс хаагдсан. / хх-ийн 83-р хуудас/
7. Шүүх шинжилгээний Ерөнхий газар шинжилгээний загвар материал шаардлага хангахгүй тухай, шинжээчээс асуусан асуултыг тодорхой болгож ирүүлэхийг мэдэгдэж байсан байх ба улмаар Б. нь шинжилгээний загвар материалаа гаргаж өгөөгүйгээс шинжилгээ хийхээс татгалзсан байна.
8. сумын сум хөгжүүлэх сангаас төрийн сангаар дамжуулан гүйлгээ хийлгэх 2014 оны 02 дугаар сарын 20,24-ний өдөр, мөн оны 3 дугаар сарын 07-ны өдрүүдийн нийт 18 500 000 төгрөгийн хүсэлт хяналтын хуудсууд тус тус хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /талуудын тайлбар/
9. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр мөн хуулийн 196.2.2-д гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал албан бичиг телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэжээ.
Сум хөгжүүлэх сан болон Б. нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь:
2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт заасантай нийцээгүйгээс гадна зээлдүүлэгч тал гарын үсэг зураагүй, гэрээний гол нөхцөл болох хугацааны талаар тохиролцоогүй байна.
10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Хариуцагч Б.ын эзэмшиж байсан дансанд 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 12 000 000 төгрөг шилжиж орсон болох нь Б.ын дипозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байгаа хэдий ч хэн шилжүүлсэн нь тодорхойгүй бул Сум х г Б. бул Сум х г Б.С гэсэн нь Сум хөгжүүлэх сангаас буюу зээлдүүлэгчээс шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байх ба зээлийн мөнгөн хөрөнгө 18 500 000 төгрөг гэдэг нь нотлогдохгүй байна. Сум хөгжүүлэх сангаас буюу зээлдүүлэгчээс мөнгөн хөрөнгө буюу 18 500 000 төгрөгийг Б.ын өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
11. Барьцааны гэрээ гэх баримтад барьцаалагчийг төлөөлж зээлийн эдийн засагч , барьцаалуулагчийг төлөөлж С үсгээр эхэлсэн гарын үсэг болон гарын үсэгний таталбар бүхий 2 хүн гарын үсэг зурсан нь Сум хөгжүүлэх санг төлөөлж эрх бүхий этгээд зураагүй, барьцаалуулагчийг төлөөлж Б. гарын үсэг зурсан гэдэг нь нотлогдохгүй байх тул Сум хөгжүүлэх сан, Б. нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Сум хөгжүүлэх сан /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох сумын Засаг дарга Б.дорж/ нь хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүргийн дагуу шаардах эрх үүсээгүй байна.
Хариуцагч Б.ын эзэмшиж байсан дансанд 2014 оны 03 сарын 07 өдөр 12 000 000 төгрөг шилжиж орсон баримт хэрэгт авагдсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Сум хөгжүүлэх сангийн нэрийн дор албан тушаалтнууд мөнгөө бэлэн гаргаж авчаад байна. Сум хөгжүүлэх сангийн нэрийн дор танд мөнгө өглөө, энэ мөнгө эргэж төлөгдөхгүй, та зарцуулж болно гэж өгсөн нөхцөл байдал байгаа гэсэн тайлбараар хариуцагч тал 12 000 000 төгрөгийг анх хүлээн авахдаа Сум хөгжүүлэх сангаас олгогдсон мөнгө болохыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, ... гэжээ.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Сум хөгжүүлэх сан нь Б.аас 12 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд
Хариуцагч тал 2014 оны 02 сарын 20 өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасантай нийцээгүй үндэслэлээр талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул 2014 оны 02 сарын 20 өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч тал ******* аймгийн ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэх дээр маргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заажээ.
Прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр сумын Засаг дарга Д.Буянцэрэг хүсэлт гаргаж 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор хууль цаазын шадар зөвлөх ахлах прокурор д итгэмжлэл олгожээ.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам хүчингүй болсон.
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 2.1.3 дахь хэсэгт, хоршоог хөгжүүлэх сангийн нэрийн өмнөөс зээлдэгчид хандан шаардлага гаргах эрхийг сумын засаг даргад уг журмын 7.3, 10.5 зэрэг зохицуулалтаар олгожээ.
Хүсэлт болон итгэмжлэл хуульд нийцэж байгаагаас гадна Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг Засаг дарга шууд хариуцахаар байна.
Тухайн зээлийг олгох шийдвэр гаргасан эрх бүхий этгээд нь сумын засаг даргаар ажиллаж байсан Б.дорж байна.
2014 онд сумын сум хөгжүүлэх сангаас олгосон мөнгөн хөрөнгийн талаархи маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх үед төрийн мөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргасан албан тушаалтны эрх дуусгавар болсон байх ба төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн прокурор нэхэмжлэл гаргасныг хуульд харшлаагүй гэж үзэв.
Иргэдийн төлөөлөгч Хариуцагч Б. 18 500 000 төгрөгийн зээл авч, 18 500 000 төгрөг шилжиж ороогүй байна. Гэвч сүүлд хувь данснаас орсон. Мөн нэгэнт л зээл авсан учраас зээлээ төлөх ёстой гэж үзэж байна гэж дүгнэснийг харгалзан үзсэн болно.
Нэхэмжлэгч талаас ******* аймгийн Прокурорын газраас нотлох баримтаар ирүүлсэн: 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 232800132 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол, ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/197 дугаартай цагдаагийн хурандаа Н.Мишигдоржид хүргүүлсэн албан бичиг, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2 000 000 төгрөгийн төлбөрийн хүсэлт №2, 2 000 000 төгрөгийн хяналтын хуудас №2, 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 4 500 000 төгрөгийн төлбөрийн хүсэлт №2, 4 500 000 төгрөгийн хяналтын хуудас №2, 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 000 000 төгрөгийн төлбөрийн хүсэлт №3, 12 000 000 төгрөгийн хяналтын хуудас №3, ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1/177 дугаартай ******* аймгийн сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч од хүргүүлсэн албан бичиг, ******* аймгийн Прокурорын газрын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/186 дугаартай албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ******* аймгийн сумын Хаан банкны тооцооны төвийн эрхлэгч оос ******* аймгийн *******т хүргүүлсэн албан бичиг, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Хаан банк ХХК-ийн эрхлэгч Т.Эрболдын ******* аймгийн *******т ирүүлсэн баримт, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банк ХХК-ийн эрхлэгч Т.Эрболдын ******* аймгийн *******т ирүүлсэн баримт, дансны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 1 700 000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, 300 000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, 10 000 000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг баримт, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банк ХХК-ийн ТТ-ээс ******* аймгийн *******т ирүүлсэн баримт, дансны дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол нийт 17 хуудас бүхий нотлох баримт нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэн шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус байгууллага нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн, гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасанчлан дээрх баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* нь Төрийн байгууллага мөн боловч энэ хэргийн зохигч тул өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудад байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарсан нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 293 054 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.аас 12 000 000 төгрөг гаргуулан ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх санд олгосугай
2. ******* аймгийн сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 15 020 989.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 206 950 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, сөрөг нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.ОТГОНСҮРЭН
Г.БАЯРДАВАА