| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/03923/И |
| Дугаар | 181/ШШ2024/01715 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2024/01715
2024 04 25 181/ШШ2024/01715
Эвлэрлийн гэрээг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Б.О /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: БЗТ ХХК -д холбогдох,
Гэрээний үүрэгт 45,215,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э эвлэрлийн гэрээ ирүүлж, шүүх хуралдаанд ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Э нь Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх №ТШГ-025 дугаартай гэрээг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр БЗТ ХХК-тай байгуулсан. БЗТ ХХК-тай Эд хөрөнгө өмчлөлд түр шилжүүлэх №ТШГ-025 дугаартай гэрээ-ний дагуу миний бие өөрийн өмчлөлийн Beiben маркийн ... УНЯ улсын /арлын: .../ дугаартай тээврийн хэрэгслийн толгой 1 ширхэг, ... БЧ улсын /арлын: .../ дугаартай чиргүүл 1 ширхэгийг тус компанийн нэр дээр гэрээнд заасан хугацааны дагуу шилжүүлж, компанийн захиалгат маршрутаар тээвэр гүйцэтгэх, гэрээний хугацаа дуусмащ уг тээврийн хэрэгсэлүүдийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон болно. Гэрээний хугацаа 6 cap бөгөөд гэрээний 5.1-д менежментийн зардлын тохирлцоог 15 хувь, кемп ашиглалтын зардлыг өдрийн 10,000 төгрөгөөр тохирсон болно.
Тээврийн хэрэгслийн жолоочоор миний ажилтан Даваачулууны Золбаатар нь гэрээний хугацаанд буюу 2022.12.02-ны өдөр 111.1 тонн нүүрс тээврийн ачааг Цагаан хаднаас Ганц мод боомт руу, 2022.12.12-ны өдөр 111.5 тонн нүүрс тээврийн ачааг Цагаан хаднаас Ганц мод боомт руу тус тус тээвэрлэсэн боловч энэхүү 2 удаагийн тооцоог БЗТ ХХК нь өнөөдрийг хүртэл олгоогүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж очсон боловч БЗТ ХХК нь цаад газраас мөнгө нь орж ирээгүй байна гэх мэт шалтаг тоочсоор байна. 2022.12.02-ны өдөр 111.1 тонн нүүрс тээврийн ачааг тухайн үед 1 тн-ыг 355 юанаар харилцан тохиролцож тооцсон бөгөөд уг тээврийн хөлсийг өнөөдрийн Монгол Банкны ханш /1юан=475/-аар хөврүүлэн тооцвол 18,734,238 төгрөг аваагүй байгаа болно.
Мөн 2022.12.12-ны өдөр 111.5 тонн нүүрс тээврийн ачааг тухайн үед 1 тн-ыг 500 юанаар харилцан тохиролцож тооцсон бөгөөд уг тээврийн хөлсийг өнөөдрийн Монгол Банкны ханш /1 юан=475/-аар хөврүүлэн тооцвол 26,481,250 төгрөгийг авах үлдэгдэлтэй байна. Иймд БЗТ ХХК-аас гэрээний үүрэгт 45,215,488 төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч БЗТ ХХК-ийн төлөөлөгч М.Н нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь БЗТ ХХК-д холбогдуулан 2022.12.02-ны өдрийн 111.1 тонн нүүрс тээврийн ачааны хөлс 18,734,238 төгрөг, 2022.12.12-ны өдрийн 111.5 тонн нүүрс тээврийн ачааны хөлс 26,481,250 төгрөг нийт 45,215,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 2022.12.02-ны өдрийн 111.1 тонн нүүрс тээврийн ачааны хөлс 18,734,238 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж 26,481,250 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг энэхүү эвлэрлийн гэрээ шүүгчийн захирамжаар баталгаажиж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/... тоот зөхирамжийн биелэлт цуцлагдсан даруй, үлдсэн 18,481,250 төгрөгийг Эд хөрөнгө түр шилжүүлэх гэрээ-нд заасан менежментийн суутгал хийхгүйгээр 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагч БЗТ ХХК-ийн төлөөлөгч М.Н гэжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь БЗТ ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн нийт 45,215,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд нэхэмжлэгч Ц.Э нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийг Б.О-аар солиулах тухай хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн шүүх Б.О-аар сольж шийдвэрлэсэн.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 18,734,238 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 26,481,250 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн талаарх баримтыг шүүх хуралдаан дээр бичгээр гаргаж, талууд гарын үсэг зурсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна, 106.6. дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэж тус тус заасан.
Шүүх хуралдааны явцад буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигч шүүхэд эвлэрлийн гэрээ ирүүлж, эвлэрсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нүүрс тээврийн ачааны хөлс 18,734,238 төгрөгөөс татгалзаж, хариуцагч БЗТ ХХК нь үлдэх 26,481,250 төгрөгийг төлөх, түүний 8,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/17707 тоот захирамжийн биелэлт цуцлагдсан даруй, үлдсэн 18,481,250 төгрөгийг Эд хөрөнгө түр шилжүүлэх гэрээ-нд заасан менежментийн суутгал хийхгүйгээр 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн нэхэмжлэгч талд шилжүүлэхээр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 290,356 төгрөгийг хариуцагч БЗТ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/... дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ дуусгавар болсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА