Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/01818

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 02 181/ШШ2024/01818

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрэгтэй, Т.Ө /РД .../,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Б.А /РД .../ нарын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, эрэгтэй, Т.Т /РД ..../ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, О.У,

Хариуцагч : ... тоотод оршин суух, Л.Ц нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 126,326,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Т.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Нэхэмжлэгч Т.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Ө, Б.А, Т.Т нар нь хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 126,326,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Нэхэмжлэгч Т.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ө миний бие О.У, Л.Ц нарт 2022 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр 0518 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийг бэлнээр, О.Уийн Д.Бтой байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр болон үндсэн төлбөр болох 68,703,732 төгрөгийн төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 340 513 3858 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлэн өгч 3 сарын хугацаатай, 3%-н хүүтэй зээлдүүлсэн. Уг Зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусах ёстой байсан боловч дээрх хугацаанд хариуцагч нар ямар ч төлбөр төлөөгүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр 100,000 төгрөгийг "Удвалаас" гэх утгаар миний Хаан банкны 5011246505 тоот дансанд шилжүүлсэн байсан. Уг өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй бөгөөд хариуцагч нартай холбогдож чадахгүй байна. Хаа нэг холбогдсон ч гэлээ элдэв шалтаг шалтгаан ярьж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байна. Иймд Зээлийн гэрээний үүрэг болох Үндсэн төлбөрт 79,703,732 төгрөг, хүүгийн төлбөр болох 19,128,895.7 төгрөг, алданги 494,158.66 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрүүдийг хариуцагч нараас гаргуулан өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие Улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, ... тоот хаягт байршилтай 82.47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг. Миний танил иргэн О.У "...Та байраа зээлийн барьцаанд барьцаалуулж тус болооч. Миний бизнес зогсчхоод би 6 хүүхдээ тэжээхэд хэцүү байна. 15 сая төгрөг хүнээс зээлээд зогссон ажлуудаа эхлүүлчихвэл /Эрээнд гацсан бараагаа оруулж ирэх/ амьдрал сайхан болохоор байна. Би сар хүрэхгүй хугацааны дотор зээлээ дараад таны байрыг суллаад өгнө" гэж гуйсны дагуу зөвшөөрч би итгэмжлэл хийж өгсөн. Гэвч О.У 15 таван сая төгрөгийн зээлийн барьцаанд тавилгүй уг итгэмжлэлээр минь 40,000,000 сая төгрөгийг 1 сарын 6%-ийн хүүтэй зээлж аван өөртөө хэрэглэсэн байдаг. Уг зээлийн хэмжээний тухай би анхан шатны шүүхийн шатанд мэдсэн бөгөөд зээлж авсан мөнгөнөөс огт авч хэрэглээгүй. Дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хэлэлцээд 2019 оны 03 сарын 05-ний өдрийн ... тоот шийдвэрээр 68,234,410 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг миний үл хөдлөх хөрөнгөөр хангахаар шийдвэрлэсэн. Иймд О.Уээс 68,234,410 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.3 Нэхэмжлэгч Т.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.У гэх эмэгтэй нь 2017.10.22-ны өдөр хятадаас шуудай оруулж ирнэ гэж итгүүлж манай ээж Б.А бид хоёрыг итгүүлж миний ажил хийж цуглуулсан байсан, байрны захиалга хийхээр төлөвлөж байсан 22 сая төгрөгийг бэлнээр, дараа нь мөнгө дутлаа гээд 5 сая төгрөг, нийт 27 сая төгрөгийг маань авсан. Энэ 27 сая төгрөгийг маань О.У өгөхгүй байсан учраас миний мөнгийг гаргуулж авахын тулд ээж маань, өөрийн нэр дээр байдаг байсан орон сууцыг барьцаанд тавих итгэмжлэл О.Ут хийж өгсөн юм билээ. Ингэж 15 сая төгрөг л нэмж зээлнэ гэж байсан О.У нь итгэмжлэлээр 40 сая төгрөг Н.Б гэгчээс зээлдэж байрыг маань барьцаанд авсан байдаг. Энэ зээлийн өр 68 сая төгрөг болсноор Н.Б О.Уийг шүүхэд өгч, шүүх дээр 3 шатаар ээжийн нэр дээрх орон сууцаар төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар бидний амьдардаг орон сууц хураагдах гээд байсан тул ах бид хоёр буюу нэхэмжлэгч Т.Ө бид нийлж бусдаас өндөр хүүтэй мөнгө зээлж байж шийдвэр гүйцэтгэлд нь 68 сая төгрөг тушаасан баримт ээж ах хоёр маань хэрэгт гаргаж өгсөн байдаг. Т.Ө ах маань үндсэн нэхэмжлэгч бөгөөд, би хамтран нэхэмжлэгчээр нэмэгдэж орж өөрийн хувиасаа өгсөн 27 сая төгрөгөө бас нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр ээж Б.Ад олгосон байгаа гэжээ.

1.4 Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Т.Ө 2 хариуцагчид холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болох үндсэн төлбөрт 79,703,732 төгрөг, хүүгийн төлбөрт 19,128,895 төгрөг, алдангид 494,158 төгрөг нийтдээ 99,326,786 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь иргэн О.У, н.Цогтхүү нарт 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0518 дугаартай зээлийн гэрээг байгуулж 11 сая төгрөгийг бэлнээр О.Уийн н.Н.Бтой байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр болон үндсэн төлбөр болох нийтдээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлөх ёстой байсан төлбөр болох 68,703,732 төгрөгийн төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 3405133858 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж өгсөн. О.Уийн бусдад төлөх ёстой өрийг өмнөөс нь төлж барагдуулж байгаа зээлийн үйл ажиллагаанд 3 сарын хугацаатай 3%-ийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн юм. Энэ нь юугаар нотлогддог вэ гэвэл нэхэмжлэлтэй хавсаргаж өгсөн, нотариатаар гэрчлүүлсэн, үл давтагдах QR кодтой цахим зээлийн гэрээгээр нотлогддог. Зээлдүүлэгч тал дээр Т.Ө, зээл авагч талд одоогийн 2 хариуцагч байдаг. Зээлийн гэрээний тохиролцоо нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэж дуусгах ёстой байсан. Гэвч дээрх хугацаанд хариуцагч нар төлбөр төлөөгүй. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 100 мянган төгрөгийг О.Удвалаас гэж бичээд Т.Өийн Хаан банкны 5011246505 гэдэг дансанд шилжүүлсэн. Энэ өдрөөс хойш 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар хариуцагч нар огт төлбөр төлөөгүй, хариуцагч нартай холбогдож чаддаггүй, байнгын утсаа авдаггүй, утсаа сольдог байдалтай байгаа. Арай гэж холбогдоод олж авахаар элдэв шалтгаан ярьдаг. Тэгээд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэе гэдэг хүсэл зориг харагддаггүй. Хавсаргасан баримтаар дурдахад 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Т.Ө анх Т.Тт нотариатаар гэрчлүүлээд итгэмжлэл өгч байсан. Энэ хоёр адилхан О.У, Л.Ц нарын үйл ажиллагаагаар хохирсон ах, дүүс байгаа юм. Баримт маань 68,700,032  төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 68 сая төлсөн. Төлбөр төлөгч нь нэхэмжлэгч  Т.Ө байгаа. Гол нь гүйлгээний утга дээр н.Н.Бд О.Уийн зээлийн төлбөрт гэж зээлүүлж байгаа энэ мөнгөн хөрөнгийн агуулгыг бичиж тодруулсан байгаа юм. Эхлээд зээлийн гэрээ маань байгуулагдаж байгаа учраас дараа нь ямар гэрээ байгуулагдаж байна вэ гэвэл ингэж төлбөрөө төлүүлж авчхаад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүрэг дуусгавар болсон тухай гэрээг нотариатаар батлуулж байгаа юм. Энэ нь одоогийн хариуцагч О.У үүрэг гүйцэтгүүлэгч н.Н.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд н.Н.Бын О.Уээс авах ёстой байсан авлагыг өмнөөс нь төлж байгаа юм. Яагаад өмнөөс нь төлж байна гэвэл О.Уийн данс олон тооны битүүмжтэй О.Уийн данс руу ороод цаашаа явж болно. Шууд шийдвэр гүйцэтгэлд хийхгүй бол О.У шийдвэр гүйцэтгэлээр олон тооны этгээдэд өртэй учраас бусдын өрөнд суутгагдах бололцоотой. н.Н.Б, О.У хоёрын иргэний үнэмлэх хавсрагдсан, цахим хурууны хээгээр нотлогдчихсон гэрээ байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр үүрэг дуусгавар болсон гэрээ байгуулагдаж байгаа. Тэрний өмнө 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ маань байгуулагдаж байгаа.

Одоо нэхэмжлэгч Т.Ө болон хариуцагч О.У, Л.Ц нарын хооронд хийгдэж байгаа зээлийн гэрээ нотариатаар батлуулсан байдаг. Зээлийн хэмжээ нь 79,703,732 төгрөг, хугацаа нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 3 сарын хугацаатай, зээлийн хүү 3 хувь. Гол нь гэрээний 3.7 дугаар зүйл дээр н.Н.Боос зээлсэн зээлийг төлөхөд зориулж зээл олгов гээд бичсэн байгаа. Зээлийн гэрээний дагуу бусдад зээлүүлсэн үндсэн зээл 79 сая төгрөгөө гэрээн дээр тохирсон 3%-ийн хүүгээ шаардаж байгаа. Гэрээний 3 сарын хугацааны хүүгээ шаардаад байгаа шүү дээ. Түүнээс биш олон хугацаа шаардаагүй. Гэрээгээр тохирсон алдангийн хэмжээ нэхэмжлэх ёстой хэмжээнээсээ бага л байгаад байна. Нэгэнт Т.Ө өөрөө нэхэмжлэлээ бичээд гаргах үүрэгтэй болохоор жилийн өмнө ийм байдалтай байсан юм байгаа. Нэхэмжлэгч Т.Өийн шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй байгаа юм.

Анх О.У, н.Цогтхүү нар манай хажуу талын өрөөнд байр түрээсэлдэг байсан юм. Тухайн үед эхлээд хариуцагч амьдрал хэцүү, нэг хүүхэд нь хоолгүй байна гээд мөнгө зээлдэж аваад буцааж өгдөг байсан. Нэг хүүхэд нь өвчтэй, хүүхдээ эмнэлэгт үзүүлэх  болохоор та миний хүүхдүүдийг харж байгаач гээд надтай гэр бүлээрээ дотносоод байсан. Тэгээд би ядарч байгаа хүүхдэд тусалчих юмсан гэдэг бодол төрсөн. Нэг удаа хүүдээ энэ залуухан хүмүүс  олон хүүхэдтэй ядраад явж байна. Цалин мөнгө байхгүй, ажил хийнэ гэхээр хүүхэд нь байнга сэхээнд ороод байх шиг байна. Чи туслаач гэхэд манай хүү Т.Т өөрөө олон жил ажил хийж цуглуулсан мөнгөө ахаасаа нуусан мөнгөө өгсөн. О.У бид нараас юу гэж гуйсан бэ гэвэл хилийн цаана олон шуудай оруулж ирж зардаг юм. Хилийн цаана тавьсан чинь хятадууд нэмж шуудай өгөөд тэр мөнгө нэмж төлөөд бөөнд нь аваарай гэж намайг шантаажилж  байна. 20 сая төгрөг байхад болох гээд байна гэсэн. Т.Т 20 сая төгрөг байгаа гэж, гаргаад өгсөн.  Т.Т хүү, алдангийг гэж анхнаасаа хэлээгүй, тусалъя гээд өгсөн. 5 хоногийн дараа нөгөө мөнгө хүрдэггүй чи эгчдээ 5 сая төгрөг өгч байгаач гээд 5 сая төгрөг авсан юм байна. Би тэр үед нь байгаагүй. Тэгсэн чинь дараа нь мөнгө нь олддоггүй. Тэгэхээр нь аргаа бараад мөнгөө олоод өгчих гэсэн чинь Б.А эгч ээ  15 сая төгрөг байх юм бол Т.Тийн мөнгийг ч өгнө, таны 15 сая төгрөгийг ч өгнө гэж хэлсэн. Тухайн үед миний бие тааруу болохоор эмнэлэгт үзүүлэх гэж явж байсан. Би өөрийнхөө нэр дээр байсан байрыг барьцаанд тавиад өгчихсөн. 15 сая төгрөгөөр барьцаанд тавьсан юм байх гээд байрны гэрчилгээг өгчхөөд би өөрөө эмнэлэгт хэвтчих, цаашаа  нөхөн сэргээх эмнэлэгт хэвтээд сар гарны дараа  хүрээд ирсэн чинь хариуцагч О.У байдаггүй нүүгээд явчихсан. Дараа нь хэдэн сарын дараа  н.Н.Б гэдэг мөнгө зээлдүүлдэг, залилан  хийдэг хүмүүсээс байрыг нь авсан. Тэр үед хариуцагч О.У тэр өдрөө 45 сая төгрөгөөр байрыг барьцаанд тавьчихсан байна. 2 жилийн хугацаанд хариуцагч төлбөрөө одоо төлөх гэж байна худлаа ярьдагБи Т.Тээс авсан мөнгөнөөс нь 2 сая төгрөгийг багасгаж байна гэв.  

 

2. Хариуцагч О.У, Ц.Ц нар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан.Үүнд:

2.1 Хариуцагч О.У, Ц.Ц нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Ц, О.У нар нь нэхэмжлэгч Т.Өийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Т.Өийн гаргасан нэхэмжлэл нь үнэн бодит байдалд нийцэхгүй хууль бус байгаа нь бидний шүүхэд гаргаж өгөх нотлох баримт, өгөх тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр бүрэн тогтоогдоно гэжээ.

2.2 Хариуцагч тал 68,703,732 төгрөгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу төлүүлж, зээлийг хаалгасан дээр маргадаггүй. Маргаж байгаа зүйл нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байж магадгүй. Миний хувьд Иргэний хуулийн 282.4-д заасны дагуу зээлийн гэрээний зүйл буюу мөнгийг зээлдэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй гэж маргаж байгаа. Зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Энэ нь ямар учиртай юм гэвэл Иргэний хуулийн 282.4-д заасны дагуу зээлийн гэрээний зүйл буюу мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй. Энэ нь яаж нотлогддог юм гэвэл хавтаст хэргийн 99 дүгээр хуудсанд байгаа О.Уийн баталгаа байдаг.  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн баталгаа байгаа. Энэ баталгаа дээр юу гэж байгаа юм бэ гэвэл шийдвэрт дурдсан 68,234,410 төгрөгийн өмчлөгч Б.А дангаар төлж орон сууцаа чөлөөлж байгаа болно гэж энэ дээр дурдагдсан. Тэгэхээр энэ харилцаа нь яг хэзээнээс үүсээд байгаа юм бэ гэвэл энэ 2-ын тохиролцоо зээлийн гэрээ байгуулахаас өмнө буюу энэ баталгаа гаргаж байхад 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр энэ зээлийг би чөлөөлье, чи надад дараа нь энэ мөнгийг буцааж өг гэдэг харилцаа үүссэн.  Гэтэл 2022 онд зээлийн гэрээг байгуулж зээлдэгчид мөнгийг шилжүүлэлгүй шийдвэр гүйцэтгэлд өр төлбөр төлж байгаа нь зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Тийм учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн 11 сая төгрөгийн хувьд бэлнээр өгсөн гэж гэрээнд дурдагдсан байдаг. Энэ нь ямар учиртай мөнгө юм гэвэл О.У нь энэ мөнгийг бэлнээр хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс О.Ут юу гэж тайлбарласан бэ гэвэл би чамд 3%-ийн хүүтэй мөнгө зээлүүлж байна. Би өөрөө цаанаасаа 6%-ийн хүүтэй мөнгө зээлж байгаа. Тэгэхээр 68 сая төгрөгийн чинь би 5%-ийн хүүг 3 сараар нь авч байгаа. Би энийгээ бэлнээр чамд өгсөн гэж зээлийн гэрээн дээр оруулна гэж хэлсэн байдаг. Тэрнээс биш тэр мөнгийг О.У хүлээж авсан зүйл байдаггүй. Хүлээж авсан талаар хавтаст хэрэгт баримт байхгүй. Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай зөвлөмж байгаа. Тус зөвлөмж дээр зээлдүүлэгч гэрээ байгуулж мөнгөө шилжүүлснээр зээлдэгч мөнгийг буцаан төлснөө тус тус нотлох үүрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Нэхэмжлэгч талаас 11 сая төгрөгийг өөрсдөө өгснөө нотлох үүрэгтэй. Манайх төлснөө нотлох үүрэгтэй. Гэтэл манай талаас 11 сая төгрөгийг бэлнээр хүлээж аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас 68,703,732 төгрөг, мөн 2 сая төгрөгийг төлсөн учир 27 сая төгрөгийн үлдэх 25 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн  зөвшөөрөх боломжгүй байна  гэв.

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамжид 654,584 төгрөг төлсөн баримт, Т.Өөөс Т.Тт олгосон итгэмжлэл, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дансны гүйлгээний баримт, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2918 дугаар Үүрэг дуусгавар болсон тухай гэрээ, Д.Б, О.У нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0518 дугаар зээлийн гэрээ, Т.Ө, О.У, Л.Ц нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Т.Өөөс Д.Янжинхоролд олгосон итгэмжлэл, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 001/ТТ2021/00181 дугаар тогтоол, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/00555 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЕШЗ/1195 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2020/ЕШЗ/1239 дугаар захирамжуудын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1909008490213 дугаар тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 547 дугаар Яллах дүгнэлтийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Яллах дүгнэлт гардуулан өгсөн тэмдэглэлийн хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Улсын бүртгэлийн ... дугаартай үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2019/08889 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 292,950 төгрөг төлсөн баримт, 2021оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаа гэх баримт, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 5,000,000 төгрөг өгсөн тухай баримтын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19280504/18-226 дугаар Албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай тогтоолын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 19280504/226 дугаар хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолын хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б.Агийн О.Ут олгосон итгэмжлэлийн хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Барьцааны гэрээний хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/123 дугаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13А дугаар Прокурорын тогтоол, Т.Тээс Б.Ад олгосон итгэмжлэл, Б.Агийн иргэний үнэмлэхийн хуулбар,

3.2 Хариуцагч нараас шүүхэд гаргасан баримтын тухайд: Хариуцагч нараас А.Бд олгосон итгэмжлэл, А.Б болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай хүсэлтүүд, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмгөөлөгч А.Оыг оролцуулах тухай хүсэлт, хариуцагч нараас О.Бд олгосон итгэмжлэл,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудад: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Мөнгөн гүйлгээний журналын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийг данснаас 2,460,000 төгрөг шилжүүлэх баримтын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийг данснаас 66,243,732 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 22/а-437 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Т.Ө, Т.Т, Б.А/нэхэмжлэгч Т.Ө, Т.Т нарын эх/ нар нь хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 126,326,737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6. Хариуцагч О.У, Л.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Т.Өийн 68,703,732 төгрөг гаргуулах шаардлага, нэхэмжлэгч Т.Тийн 27,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаас 2,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр үлдэх 25,000,000 төгрөгийг тус тус зөвшөөрч, үлдэх хэсэг 11,000,000 төгрөг болон хүү, алдангийг төлөхөөс татгалзаж, зээлийн гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр маргасан.

7. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүхэд нэхэмжлэгч Т.Ө нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 99,326,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан гаргасан, улмаар нэхэмжлэгч Б.А нь хамтран нэхэмжлэгчээр оролцож Т.Өийн шаардлагын хэсгийг дэмжиж хариуцагч О.Уээс 68,234,410 төгрөг шаардсан, харин нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.Ут холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх-ийн 1, 73, 95-р тал/

Нэхэмжлэгч нар хариуцагч нараас нийт 126,326,785 төгрөгийг шаардсан.

7.1 Нэхэмжлэгч Т.Өийн хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан гаргасан 99,326,785 төгрөгийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.Ө нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 0518 тоот зээлийн гэрээ байгуулж 11,000,000 төгрөгийг бэлнээр, О.Уийн Д.Бд төлөх төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн өгч 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үндсэн үүрэгт нийт 79,703,732 төгрөг, хүү 19,128,895 төгрөг, алданги 494,158 төгрөг нийт 99,326,785 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч Т.Өийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч О.Уээс 68,703,732 төгрөгийг, үлдэх шаардлагыг хариуцагч нараас хуваан шаардаж байгаа гэж тодруулсанд үндэслэн шүүх хариуцагч О.У, Л.Ц нараас зээлийн гэрээний үүргийн 30,623,053 төгрөгийг тэнцүү хэмжээгээр, 68,703,732 төгрөгийг хариуцагч О.Уээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Өөд олгож шийдвэрлэв.

Хариуцагч нар Д.Бд төлөх төлбөрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлэн өгсөн 68,703,732 төгрөгийн шаардлагад маргаагүй, зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч Т.Ө, хариуцагч О.У, Л.Ц нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдсан ба тус гэрээнд талууд гарын үсэг зурсан, гэрээний хугацааг 2022.09.08-2022.12.08 өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар олгосон, зээлийн хэмжээ 79,703,732 төгрөг, 3 хувийн хүүтэй, зээл олгох хэлбэр бэлнээр 2022.09.07-нд 11,000,000 төгрөг зээлдэгчид хүлээлгэн өгсөн, 0.5 хувиар алданги төлнө, төлбөр 68,703,732 төгрөгийг Голомт банкны 3405133858 тоот дансанд төлж, О.Уийн зээлийг төлж зээл олгов, Д.Боос зээлсэн зээлийг төлөхөд зориулж зээл олгосон зэрэг нөхцөлүүдийг талууд гэрээний гуравдугаар хэсэг гол нөхцөл хэсэгт тохиролцсон байна.

Дээрх зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан, тус гэрээний дагуу нэхэмжлэгч Т.Ө нь 68,703,732 төгрөгийг гэрээнд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлж, хариуцагч О.Уийн төлөх төлбөрийг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн орлогын мэдүүлгийн баримт, Үүрэг дуусгавар болгох гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мөнгөн гүйлгээний журнал, төлбөрийн данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 4-9, 86-90-р тал/

Харин зээлийн гэрээний үүргийн үлдэх 11,000,000 төгрөгийг хариуцагч тал мөнгийг бодитой шилжүүлэн өгөөгүй үндэслэлээр татгалзсан.

Нэхэмжлэгч Т.Ө, Т.Т хариуцагч О.У, Л.Ц нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 38 дугаар зүйлийн 38.1 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүрэг болохыг тус тус заасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба хариуцагч өөрийн татгалзлын үндэслэлийг шүүхэд нотлох баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3.4-т 2022.09.07-нд 11,000,000 төгрөг зээлдэгчид хүлээлгэн өгсөн гэх тохиролцоог үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нар нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй зэрэгт үндэслэн нэхэмжлэгч Т.Өийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар талууд гэрээндээ алдангийн талаар тохиролцсон, алданги тооцох шаардах үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний 3.3-т 3 хувийн хүүтэй байхаар тусгасан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй тул Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч хүү шаардах эрхтэй гэж үзнэ./хх-ийн 8-р тал/

Түүнчлэн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор тус тус заасан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Хүсэл зоригийн гадаад хэлбэр нь хэлцлийн хэлбэр болдог утгаараа хариуцагч нарын хүсэл зоригоо илэрхийлж, тухайн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагч нар нь гэрээний үүргийг биелүүлэх үүргийг хүлээх нь хуульд нийцнэ.

7.2 Нэхэмжлэгч Т.Тийн хариуцагч О.Ут холбогдуулан гаргасан 27,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т.Тийн нэхэмжлэлийн шаардлага 27,000,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар тайлбарлаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь 2,000,000 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй, Т.Тийн нэхэмжлэлийн шаардлагыг 2,000,000 төгрөгийн хэмжээнд багасгасан. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хариуцагч тал Т.Тийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэгт 25,000,000 төгрөгийн шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.Ут дээрх 27,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Баталгаа гэх баримт, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөнгө өгсөн тухай баримт, зохигчийн тайлбараар нотлогдож тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх-ийн 99-100-р тал/

7.3 Нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч О.Ут холбогдуулан гаргасан 68,234,410 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.А нь О.Ут холбогдуулан 68,234,410 төгрөгийг гаргуулахаар шаардаж, шаардлагын үндэслэлийг О.Уийн бусдад төлөх төлбөрийг өөрийн өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан гэж, шүүх хуралдаанд өөрийн өмчлөлийн орон сууц яригддаг нийтлэг эрх ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэгчээр оролцож байгаа гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагын шаардаж буй мөнгөн дүн нэхэмжлэгч Т.Өийн шаардлагатай давхцаж байгаа, үйл баримтын хувьд адил, зээлийн гэрээ Т.Ө, хариуцагч нарын хооронд хийгдсэн зэрэгт үндэслэн Б.А, О.У нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Б.А нь О.Ут 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр итгэмжлэл олгож, ... дугаартай, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хороолол, 43 дугаар байр 41 тоот хаягт байрлах, 82,47 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, лавлагаа авах үйлдэл хийх бүрэн эрхийг олгожээ./хх-ийн 103-р тал/

Улмаар хариуцагч О.У нь тус орон сууцыг барьцаалан, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Д.Боос 40,000,000 төгрөг зээлсэн болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл, зохигчийн тайлбараар нотлогддог./хх-ийн 103-105-р тал/

Зээлдүүлэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргаж, үүргийн гүйцэтгэлийн байрьцаа хөрөнгө буюу Б.Агийн үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00555 дугаар шийдвэр, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1680 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 00181 дугаар тогтоол, тайлбараар нотлогдсон ./хх-ийн 39-49-р тал, 72-р тал/

Дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, ажиллагааны явцад төлбөр төлөгч О.У нь төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хөрөнгийн эрхийг сэргээсэн, төлбөр төлөгч О.Уийн үүргийг нэхэмжлэгч Т.Ө төлөх зориулалтаар мөнгийг шилжүүлж, зээлийн гэрээ бичгээр байгуулсан./хх-ийн 101-102-р тал/

Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа үүсдэг. Мөн зүйлийн 8.1.1-т хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл, 8.1.2-т иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр, 8.1.3-т хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр, 8.1.4.оюуны үнэт зүйл бүтээх, 8.1.5-д гэм хор учруулах, 8.1.6-д үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших, 8.1.7-д иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох, 8.1.8-д иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.А хариуцагч О.У нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаарх үндэслэл тодорхойгүй, төлбөр төлөгч О.Уийн төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлсэн Зээлийн гэрээнд Б.А гэрээний тал болон оролцоогүй зэрэг байх тул нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэдийгээр Б.Агийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ч тухайн шаардлагыг нэхэмжлэгч Т.Өийн шаардлагад ханган шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан гэж үзэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654,584 төгрөг, нэхэмжлэгч Т.Тийн төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У, Л.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 654,584 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Өөд, хариуцагч О.Уээс 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт тус тус олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.У, Л.Ц нараас зээлийн гэрээний үүргийн 30,623,053 төгрөгийг тэнцүү хэмжээгээр, 68,703,732 төгрөгийг хариуцагч О.Уээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Өөд олгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт зааснаар хариуцагч О.Уээс 25,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт олгож, Т.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

3. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч О.У, Л.Ц нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Өийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 654,584 төгрөг, нэхэмжлэгч Т.Тийн төлсөн 292,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У, Л.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 654,584 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Өөд, хариуцагч О.Уээс 282,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Тт тус тус олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА