Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 007

 

К.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй, К.Х-ын нэхэмжлэлтэй, М.Б, М.З нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.З, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч М.З, хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Бахытбек, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Нэхэмжлэлийн шаардлага:  Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Ц сумын 2 дугаар багт амьдарч байхдаа 2003 онд тус багийн нутаг “М” гэх газар өөрийн хүч хөрөнгөөр хоёр тасалгаа бүхий дүнзэн модон байшин барьсан. Уг байшинд гэр бүлээрээ амьдарч байгаад ажил төрлийн байдлаас болж Өлгий суманд нүүж ирсэн. Гэтэл манай байшинг хамаатан болох М.Б, М.З нар хууль бусаар эзэмшиж, байшинд маань дур мэдэн оршин сууж байгаа бөгөөд өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар хууль бус нотлох баримтыг тухайн багийн Засаг дарга болон хөндлөнгийн хүмүүсээр баримтжуулан авч, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар зэхэж байна. Уг байшин байрлаж байгаа Ц сумын 2 дугаар багийн нутаг “М” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутаг учраас газар эзэмшүүлэх боломж байхгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй. Түүнээс болж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ аваагүй. Му гэдэг хүний зөвшөөрлийн дагуу мал төллүүлж байсан М-ын хүүхдүүдийн хооронд эд хөрөнгө булаацалдсан асуудал гарсан тул бид өөрсдийнхөө 40 м.кв дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Дараа нь хэнийг суулгах эсэхээ өөрсдөө шийднэ. Иймд Ц сумын 2 дугаар багийн нутаг, “М” гэх газарт байрлалтай 40 м.кв талбайтай дүнзэн байшингийн өмчлөгчөөр тогтоож, М.Б, М.З нарыг уг байшингаас албадан нүүлгэхийг хүсэж байна.” гэжээ.

 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "М" гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б болон М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, Баян-Өлгий аймгийн Ц сумын "М" гэх газарт байршилтай 40 м2 талбайтай, хоёр өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10 м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х болохыг тогтоож, М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.” гэжээ. 

               

Хариуцагч М.Б-ын тайлбарт: “Миний бие М.Б одоо Ц сумын 2 дугаар багт оршин суудаг. Ц сумын 2 дугаар багт байрлалтай 40 м.кв талбайтай 2 өрөө дүнзэн байшинг 2004 онд миний хүргэн ах болох А.Е, түүний эхнэр М.З нар 600000.00 төгрөгөөр худалдаж авч одоо хүртэл уг байшинд хаваржиж, намаржиж байгаа болно. Уг байшинтай хамт хадлангийн талбайг авсан. Би Ц сумын 2 дугаар багийн нутаг М-д хүргэн ах А.Е, эгч М.З нартай хамт нэг хашаа хороонд амьдарч байна. Би К.Х-аас дээрх байшинг худалдаж авч байгаагүй, надад ямар ч хамаагүй. Иймд К.Х-ын надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

 

Хариуцагч М.З-ийн тайлбарт: “Нэхэмжлэгч К.Х нь миний эцэг М-ын төрсөн дүү. А.М нь 2016 онд нас барсан. 2004 онд М.З, нөхөр А.Е бид хоёр өрөө дүнзэн байшин, жижиг чулуун хашаа болон хадлангийн талбайг 600000.00 төгрөгөөр худалдсан. 2004 оноос хойш одоо хүртэл нөхөр бид хоёр уг байшинд хамт амьдарч байна. Харин М.Б нь одоо манайхтай хөрш, уг байшинг худалдаж аваагүй тул ямар ч хамаагүй. Нөхөр бид хоёр анх К.Х-аас 5х5 метрийн дүнзэн байшин болон уг байшинд залгаж барьсан 3х5 метрийн дүнзэн байшинг худалдаж авсан бөгөөд одоо К.Х-аас авсан жижиг чулуун хашааг өргөтгөж томруулсан. Бид уг дүнзэн байшинг худалдан аваад 14 жил болж байна. Жил болгон хадлангийн талбайгаас өвс авч, амьдарч байна. Бид Х-аас уг байшинг худалдаж авч, одоог хүртэл хаваржиж, ашиглаж байгаа болохыг Ц сумын газрын даамал Т.Н, багийн дарга М.Д, Б.С, хөрш болох А.Д, А.Т, А.Ж, С.Б, Ж.А, Ч.М, Х.З, М.Т, Х.С, А.Т, К.К, М.Н, Т.Б нар мэддэг учир нотариатаар батлуулсан тодорхойлолтуудыг хавсаргав.” гэв.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00332 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 95 дугаар зүйлийн 95.1-ийг тус тус баримтлан Ц сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3мх5м харьцаатай 40 м.кв талбайтай, 2 өрөө дүнзэн байшингийн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 5мх5м, 3х5м харьцаатай 40 м2 талбайтай  хоёр тасалгаатай дүнзэн байшинг хариуцагч М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг байшингаас М.Б-ыг албадан нүүлгэж, нэхэмжлэгчийн хариуцагч М.З-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Б-ын давж заалдах гомдолд: “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Тухайлбал хэрэгт Ц сумын 2 дугаар баг М-д байрлах маргаан бүхий өвлийн байшинг 2005 оноос одоог хүртэл миний бие эзэмшиж ашиглаж эд материал нь хуучирч муудсан тул өөрийн хөрөнгөөр мод бүх материалыг шинээр худалдан авч 9x5 харьцаатай орчин үеийн вакум цонхтой байшин болгож шинээр /хаваржиж/ барьсан байхад шүүх байхгүй байшингийн өмчлөгчөөр К.Х-ыг тогтоосон байна. Энэ хугацаанд 13 жилийн турш К.Х нь нэг ч удаа ирж байгаагүй, байшинд амьдарч байгаагүй, байшингаа шаардаж байгаагүй атлаа байшинг худалдан авсан аав М нас барангуут түүний нас барсныг далимдуулан нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан үндэслэлээр үүсэх байтал шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж К.Х байшингийн хууль ёсны өмчлөгч хэмээн тогтоосон нь үндэслэлгүй болсон. 13 жилийн өмнө К.Х нь байшинг барьсан нь миний өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд К.Х нь байшингаа М-д худалдаж улмаар эхэндээ Е, З нар сууж байснаа 2015 оноос эхлэн амьдарч байгаа ба миний бие дээрх хөрөнгийн хууль ёсны шударга эзэмшигч мөн тул надаас шаардах эрхгүй. Мөн би дээрх байшин нь тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг учраас энэ хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлэн үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ авч чадаагүй. К.Х нь 13 жилийн турш нэг ч удаа байшингаа М-оос болон надаас шаардаж байгаагүй, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, эхнэр З-тэй хамт хавар болгон манайд айлчлан очиж хонон өнжин амарч байгаад буцдаг. 2015 онд хуучин байшинг буулгаж материалыг нь ашиглах боломжгүй болсон тул шинэ материалаар өөр газарт шинээр байшин барьсныг мэддэг атлаа хуучин байшин хэвээрээ байгаа мэтээр шүүхэд худал мэдүүлсэнд харамсаж байгаа ба манайд очих үед юу ч дуугардаггүй “байшингаа янзалж авсан байна, сайн байна” гэдэг байснаа аав нас барсныг далимдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анхаараагүй. Би хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой учраас газар дээр нь очиж одоо байгаа байшин нь ямар байшин болохыг, хуучин байшингийн суурь хаана байгааг, үнэхээрийн нэхэмжлэгч нарын хэлээд байгаа шиг 2 өрөө байшин байгаа эсэхийг тодруулахыг хүссэн ч шүүх хүсэлтийг хангаагүй атлаа К.Х-ын хуучин байшин байгаа мэтээр бодит байдлаас зөрүүтэй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2015 онд байшинг буулгасныг К.Х, М.З нар мэдэж байсан ба шүүх 2 өрөө байшин байгаа эсэх, байсан эсэхийг тодруулахгүй байж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсье.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан боловч уг иргэний хэргээс хариуцагч М.З-д холбогдох хэсгийг буюу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч К.Х нь “Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг М гэх газарт байрлалтай 40 м2 талбайтай, 2 өрөө дүнзэн байшин, 120 м2 /12м х 10м/ талбайтай чулуун ханатай битүү саравчтай хашаа болон 80 м2 /8м х 10м/ шургаа модоор хөндлөн татсан сараалжин ханатай задгай хашаа, хадлангийн талбайн өмчлөгч К.Х мөн болохыг тогтоож, М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай” нэхэмжлэл гаргаж, хариуцагч М.Б эс зөвшөөрx маргажээ.

 

Монгол Улсын Их Хуралын 1996 оны 43 дугаар тогтоолын 2-т Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул...Даян нуур орчмыг хамарсан газар нутгийг Алтай таван богдын  байгалийн цогцолбор газар... болгож, хоёрдугаар хавсралтаар хилийн заагийг тогтоожээ. Байгаль орчны сайдын 1998 оны 143 дугаартай “Улсын тусгай хамгаалалттай зарим бүсийн хилийн заагийг тогтоох” тухай тушаалын хоёрдугаар хавсралтаар Алтай таван богдын  байгалийн цогцолбор газрын бүсийн хилийн заагийг 1. Онцгой бүс, 2. Аялал жуулчлалын бүс, 3. Хязгаарлалтын бүс гэж тогтоожээ. Зохигчдын маргаж буй эд хөрөнгө байрлах Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг “М” гэх газар нь Баян-Өлгий аймгийн Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд багтдаг болох нь тогтоогджээ.

 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгүүдэд тухайн хязгаарлалтын бүсэд оршин сууж буй нутгийн иргэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр, гэрээний үндсэн дээр, уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж болно гэж заажээ. Нэхэмжлэгч К.Х нь Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс болох “М” гэх газарт байшин, хашаа, хороог хэний зөвшөөрлөөр, ямар гэрээний үндсэн дээр анх барьж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан судлахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ. Анхан шатны шүүхийн Баян-Өлгий аймгийн Ц сумын 2 дугаар багийн нутаг “М” гэх газарт байршилтай маргаан бүхий байшин, малын хашаа, хадлангийн талбайд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч К.Х-ын өмчлөгчөөр нь тогтоолгох гэж буй 40 м2 талбайтай 2 өрөө дүнзэн байшин байсан хуучин бууринаас 20 метр зайд 8,9х5,5 метрийн харьцаатай дүнзэн байшинг шинээр барьсан, 4,3х4,3 метрийн хэмжээтэй амбаар, уг амбаараас 5,9 метрийн зайд 9х5 метрийн хэмжээтэй хуучин байшингийн буйр, маргаан бүхий 120 м2 малын битүү хашаа нь 9,54х31,8 метрийн хэмжээтэй малын битүү хашаа-1 болон 10,54х17,16 метрийн хэмжээтэй малын битүү хашаа-2, 17,16х12,4 метрийн хэмжээтэй үүдний задгай хашаа-1, 8,8х24,3 метрийн хэмжээтэй үүдний задгай хашаа, ертөнцийн зүгээр зүүн зүгээс баруун зүг хүртэл 28266,9 м2, хойд зүгт голоос эхлэн урд зүгийн уул хүртэл үргэлжилсэн бөгөөд уг хадлангийн талбайг услах зориулалттай усны сувагтай, хадлангийн талбайн зүүн хэсгийн торон хашаа хүртэл үргэлжилсэн ба зарим хэсэг нь чулуулаг газар байсан нь тогтоогджээ. Нэхэмжлэгч К.Х-ын нэхэмжлэлийн шаардлага болох байшин болон малын  хашаа хороо нь хэмжээ зөрүүтэй, нэхэмжилж буй байшин нь байхгүй болох нь  үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогджээ.

 

Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй, зохигчдын маргаж буй эд хөрөнгө нь  Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд байршиж байгаа нь тогтоогджээ. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-т “Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 5.2.-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол улсын иргэнд өмчлүүлж болно” гэж заасан тул К.Х нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар дээрх байшин, хашаа хороог түүний хууль ёсны өмч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авах боломжгүй боловч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.1-т заасан зөвшөөрөл авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байшин хашаа хорооны хэмжээ нь зөрүүтэй өөр болох нь уг эд хөрөнгөд /газарт/ үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогджээ.

 

Нэхэмжлэгч К.Х-ын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн шаардлагад /1 дүгээр хх-ийн 234-235 хуудас/  хариуцагчийг зөвхөн М.Б гэж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбарт /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/ “М.З нь Ц сумын төв рүү нүүсэн, маргаан бүхий байшин, хашаа хороо, эзэмшил газрын одоогийн эзэмшигч, өмчлөгч нь М.Б бөгөөд байшинг М.Б шинээр барьсан, түүний өмч гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул хариуцагчаар зөвхөн М.Б-ыг тодорхойлсон” гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.З-д холбоотой нэхэмжлэлээсээ татгалзаж, уг хэргийн хариуцагчаар зөвхөн М.Б-ыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх К.Х-ын нэхэмжлэлтэй М.Б-д холбогдох иргэний хэргээс М.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүйгээр М.Б, М.З-д нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. К.Х-ы нэхэмжлэлтэй иргэний хэргээс хариуцагч М.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны зарчимд нийцнэ. Иймд энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт М.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж  шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “М.Б, М.З нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “М.Б-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М.З-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн", “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

  

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ӨМИРБЕК

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ