Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2024/0054

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2024          01           15                                    128/ШШ2024/0054

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“Х х” шашны байгууллага /РД:*********/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч:Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М

Маргааны төрөл: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

    1. “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан зүйл байхгүй болно.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.“Х х” шашны байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн **** тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалаар 24127 метр квадрат газрыг “Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх авчээ.

            2.2.Нэхэмжлэгч “Х х” шашны байгууллагыг дээрх тушаалаар газар ашиглах эрх авсны дараа буюу 3 жилийн дараагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын *** дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичигт дараах хууль зүйн үндэслэлүүдийг дурдан газар ашиглагчдын газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг ирүүлсний дотор нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцлах санал ирүүлснийг үндэслэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий тушаалыг гаргажээ.

            2.3.Маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан дараах үндэслэлээр илт үндэслэлгүй гэж маргасан. Үүнд:

            2.3.1. “...”Х х” шашны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж зааснаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ****/***тоот гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6- д заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасны дагуу 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх тухай гэрээг хийгдсэнээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолбол 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газрын эрхийг цуцалсан нь илт үндэслэлгүй, Улсын Дээд шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна” гэж, харин Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нөхцөл байдлыг судлан үзэж, тогтоолгүй газрын төлбөр төлөлтийг үл харгалзан, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “... бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг ноцтой зөрчиж, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна” гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлан шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х х” шашны байгууллага нь Улаанбаатар хот, ******дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Ч-ныаманд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот, 2020 он 05 дугаар сарын 26-ны өдрийн 156 тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалын дагуу 24127 мкв талбай бүхий газрыг "Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг авсан болно. /Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээн дээр "Х х" ХХК гэсэн нь "Х х" шашны байгууллага болно/.

            Тус байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т "Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж зааснаар газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан.

            Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн */***дугаар тушаалаар байгуулагдсан "Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл"-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн газрыг "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил гаригдаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй" тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу манай байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

            Уг тушаал нь дараахь байдлаар илтэд хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Үүнд:

            1.Газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: "Х х” шашны байгууллага нь газар ашиглах эрхийг олж авснаас хойш тухайн газар дээрээ дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн.Үүнд:

            1.1.2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар ****/**-****дугаартай Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж, ашиглалтын газартаа хашаа татсан.

            1.2.Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ****/***тоот гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан.

            1.3.2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр М3Х***2/**-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, "В" ХХК-иар эскиз зургийг хийлгэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулан ажиллаж байна.

            1.4. Мөн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "Э" ХХК-тай 23/47 дугаар "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, захиалагч "Х х” шашны байгууллагын Богдхан уулын дархан цаазат газрын Ч-ны аманд хэрэгжүүлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэмэлт тодотголыг боловсруулах ажил 2023 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлж байна.

            1.5.2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраар Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтийг ашиглалтын газар дээрээ гаргуулсан.

            Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан.

            "Х х" шашны байгууллага нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна" гэж зааснаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ****/***тоот гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6- д заасан "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж заасны дагуу 2 жилийн хугацааг газар эзэмшүүлэх тухай гэрээг хийгдсэнээс хойш буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолбол 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад газрын эрхийг цуцалсан нь илт үндэслэлгүй, Улсын Дээд Шүүхийн тогтоолтой нийцэхгүй байна.

            2.Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:

            Манай байгууллага нь газар ашиглах эрхийг авснаасаа хойш жил бүр газрын төлбөртөө цаг хугацаанд нь төлж ирсэн бөгөөд 2020-2021 онд **,***,***төгрөг, 2021-2022 онд **,***,***төгрөг буюу **,***,***төгрөг төлж ******дүүргийн газар зохион байгуулалтын албатай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 01122-2021/01965 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн болно. 2023 оны тухайд газрын төлбөрт 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр **,***,***төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 26-нд **,***,***төгрөг, **,***,***төгрөг, **,***,***төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 25-нд **,***,***төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 29-**,***,***төгрөгийг тус тус үүссэн нэхэмжлэхийн дагуу төлсөн болно.

            Ийнхүү маргаан бүхий захиргааны акт гарах үед газрын төлбөрийн аливаа үлдэгдэлгүй байхад хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нөхцөл байдлыг судлан үзэж, тогтоолгүй газрын төлбөр төлөлтийг үл харгалзан, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр "газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэж үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “... бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг ноцтой зөрчиж, тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            3.Хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг огт хийгээгүй: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар санал тус тус гарахаас өмнө "Х х” шашны байгууллагад огт сонсох ажиллагаа хийх талаар мэдэгдлийг хүргүүлээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, тус байгууллагад хийсэн ажлуудаа нэг бүрчлэн тайлбарлах боломжийг олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, Монгол Улсын  Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" 15 дугаар тогтоолын 1.11 дэх хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "мэдэгдэнэ" гэдэг нь ... биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох эпээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ" гэж заасныг тус тус зөрчсөн. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим болох “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" гэснийг, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т заасныг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д "тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ" гэж заасан газар ашиглагчийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчиж байна.

            Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тэр газрын төлбөртэй холбоотой нэмэлт тайлбар дээр нэг зүйл хэлмээр байна. Аж ахуй нэгж байгууллагад болон хувь хүн газар эзэмших ашиглах тохиолдолд газрын төлбөрөө миний санаж байгаагаар 2019 он хүртэл одоо газар ашиглагч эзэмшигч иргэн болон одоо хуулийн этгээд газрын албан дээр өөрийн биеэр очиж нэхэмжлэх авч банканд очиж төлбөрөө төлдөг байсан. 2019 оны сүүлээс 2023 он хүртэл Газрын сан, Татварын сан нэгдээд цахим шилжилт рүү ороод одоо цахим болчихсон байгаа. Тэр нь юу гэж байна гэхээр одоо би аж ахуй нэгж байгууллага одоо эзэмшиж байгаа хүн байлаа гэхэд газрын төлбөрөө цахимаар төлчихнө гэсэн үг. Татвар цаанаасаа өөрсдөө үүсгэчихнэ яагаад гэхээр газрын албанаас мэдээллийг нь авчихна. Хэрвээ би одоо ААН-ийн ямар нэгэн санхүүгийн болон татварын тайлангаа илгээх үед газрын төлбөрийн үлдэгдэлтэй төлбөрөө төлөөгүй тохиолдолд манай тайланг хүлээж авахгүй. Энэ одоо цахимд шилжээд одоо газар ашиглаж байгаа эзэмшиж байгаа аль аль талдаа маш хялбар хялбаршуулсан ийм. Одоо зөв схем болчихсон гэсэн үг. Яг энэ шилжилт өөрөө 2 жил гаран үргэлжилсэн. Үүнтэй холбоотойгоор манайхан чинь энэ маргалдаад байгаа зүйл дээр газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үг үсэг яригдаад байгаа шүү дээ. Тэгээд бид нар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны төлбөрийн үнэлгээний хэлтэст бид нар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт дээрээ газрын төлбөр үүссэн огноо буюу нэхэмжлэхийг нь хэвлээд давхар төлбөр төлсөн төлбөрийн акт баримттайгаа хавсаргачихсан байгаа.

            Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл цаанаас нь цахимаар газрын төлбөр үүсэх үүссэн тухай бүрд төлбөрөө төлж байсан гэсэн үг. Тэгээд сүүлд сая энэ шүүхэд гаргаж өгсөн баримт дээр нийслэлийн газрын зохион байгуулалтын Төлбөрийн үнэлгээний хэлтэс яг тэр манай 2020 онд захирамж гараад 2022 онд төлбөр бүрэн төлөгдөж үүссэн нөхцөл байдлыг тухайн үеийн тэр газрын алба болон Газрын мэдээллийн сан болон татварын албаны тэр цахим шилжилттэй холбоотой яг танай газрын төлбөр татварын албатай. Одоо цахим мэдээллийн санд үүссэн үед танайх төлсөн байна үүсээгүй юмыг бид нар төлөх боломжгүй байхгүй юу. Тэгэхээр тэн дээр тэр нэмэлт тайлбар дээр тэр газрын албанаас авсан сүүлийн тэр баримтыг харж үзэх ёстой болов уу гэж бодож байна.

            2. Тэр тусгай хамгаалалттай голын онцгой хэргийн хамгаалалтын бүс гэж байгаа юм. Энэ “Х х” дээр 2020 онд захирамж гарахаас өмнө тухайн үед тус газар маань Медиа гэж компани дээр байсан. тэгэхдээ тэр одоо газар дээр байгаад байгаа барилгын суурь байгаа 2 давхар бетонон суурь барилгын тухай хуулиар 2 давхар хүртэлх 600м2-аас доошгүй барилга байгууламжийг өндөр төвөгшилгүй буюу барилгын тус одоо ажил эхлэх үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр ажил эхлүүлж болно гээд заачихсан байдаг. Гэтэл тухайн үед бид нар яах вэ? Одоо яг энэ ерөнхий өнөөдрийн бид нар маргаад байгаа зүйл чинь газраа 2 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдэг асуудал яригдаж байгаа. Би одоо яг газар ашиглаж байгаа иргэн хүний хувьд ингэж үзэж байгаа юм. Газар ямар нэгэн газрын захирамж гаргаад одоо гэрчилгээ баталгаажиж гарсны маргаашаас эхлээд газрыг шууд ашиглах болон эзэмшиж эхлэх ямар ч боломжгүй байдаг. Барилгын тухай хууль энэ газартай холбоотой газар ашиглахтай холбоотой эрх үүрэг зохицуулсан энэ гэрээ холбогдох энэ газрын үнэлгээний тайлан тооцоо нийлсэн акт, хашаа барих зөвшөөрөл гээд энэ бүх бичиг баримтыг бүрдүүлж байж хүн одоо өөрөө газар ашиглах эрхтэй болдог гэж би ойлгож байгаа. Түүнээс одоо Байгаль орчны яамнаас энэ нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэг гэрчилгээ авлаа гээд маргааш нь дураараа очоод ямар ч зөвшөөрөлгүй о баталсан зураггүй газар ашиглах өөрөө хууль зөрчиж байгаа. Бид нар энэ бичиг баримтыг бүрдүүлэх гэж энэ олон хот болон Байгаль орчны яамаар энэ газрын гэрээ төлбөр тооцоо нийлсэн акт загвар 6-ийг батлуулж байж. Хамгийн сүүлд одоо барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авч байж ажил эхлэх ёстой тухайн үед тэр одоо өндөр төвөгшилгүй гэдгээр эхний одоо суурийг цутгаж тэр одоо каркас босгосон. Тэр үед яг Богд Хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас энэ нөгөө тусгай хамгаалалтын буюу голын тусгай хамгаалалтыг зөрчиж байна гэдгээр ажил зогсоод бид нар үндсэндээ энэ “Х х” гэдэг дээр бид нар шашны бурхан шашны соёлын зорилгоор аялал жуулчлалын бүтээн байгуулалт хийе гэж зорьж байгаа. Тэнд хүрээндээ Байгаль орчин аялал жуулчлалын яам чинь өөрөө хэрвээ энэ тусгай хамгаалалтад одоо хязгаарлалтын бүсэд орсон байна гэвэл гэж үзэж байгаа үзэж цуцалж байгаа өөрсдөө хуулиа зөрчиж газар олгосон байна гэсэн үг. Тэгэхээр одоо Х х дээр 2020 онд газар олгохдоо тэр тусгай хамгаалалтын бүсээс одоо энэ газрын солбицлын цэгийг кадастраар гаргаж олгосон байдаг. Гэтэл өмнө нь нөгөө зөвшөөрөлгүйгээр эхэлсэн каркас маань одоо тэр кадастраар гадна гарсан тийм шалтгаантай” гэв.

            3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Х х” шашны байгууллага, Улаанбаатар хот, ******дүүрэг, Богд Хан-Уулын дархан цаазат газрын, Чандманийн аманд Богд Хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг авсан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №*** тоот санал. Мөн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №1**** тоот санал энэ саналын үндэслэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалын дагуу 24127м2 талбай бүхий газрыг “Х х” шашны байгууллагад ашиглуулсан. Газрын зориулалт нь аялагч, зөвшөөрөл бүхий хүн, түр буудалд тохилох зориулалтаар, зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн энэ зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг авсан. Газрын ашиглах эрхийн хугацаа 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болох байсан. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар тушаал гарч, газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хууль зүйн үндэслэлийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн */***дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалтын газар нутагт Газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэнэ гээд, нэгдүгээрт газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй.

            2.Газрын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий акт өөрөө 2 үндэслэлээр гарсан. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6-д тус тус заасан энэ 2 үндэслэлийн тухайд л бид нар маргаж байгаа. Тэгэхээр энэ үндэслэлийн талаар тайлбарлая.

1. Газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд тайлбар хэлэхэд. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол батлагдсан. Энэ тогтоолын 1.5-д газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг тайлбарласан. Тайлбарласан нь газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ заасан хугацаанд заасан болзол нөхцөл, зориулалтын дагуу, тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэтийг ойлгоно гээд тайлбарлачихсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс маргаж байгаа хамгийн эхний үндэслэл газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг 2 жилийн хуулийн хугацаа дуусаагүй байсан гэж маргаж байгаа. Өөрөөр хэлбэл талууд болох газар эзэмшигч болон тухайн дүүргийн төрийн байгууллага болсон Засаг дарга Богд Хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нийлээд 3 талт гэрээ байгуулж байгаа. Тухайн гурван талт гэрээ маань өөрөө хэзээ байгуулагдаж байгаа гэхээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдаж байгаа. Тэгэхээр тус гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацааг тоолохоос биш одоо тушаал буюу анх газар ашиглах эрхийг олгосон сайдын тушаал гарснаар энэ 2 жилийн хугацааг тоолохгүй. Тийм учраас хариуцагчийн зүгээс энэ 2 жилийн хугацаа гэдгээ алдчихсан байна гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байгаа. Мөн дээрээс нь сая дурдсан 2008 оны Дээд шүүхийн тайлбараар газраа ашиглаагүй гэдгийг өөрөө тухайн газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, барилга байгууламж бариагүй, зам талбай байгуулаагүй байхыг ойлгоно гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Тэгэхлээр нэхэмжлэгч компанийн хувьд газар ашиглах эрхийг олж аваад дээрээс нь гуравласан гэрээ буюу гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд эрх үүрэг үүсэж байгаа юм. Энэ эрх, үүрэг үүссэн хугацаанаас хойш нэлээдгүй ажлыг хийчихсэн. Нэхэмжлэл дээрээ дурдсанаар хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт”-ийг батлуулж байгаа. Тус дүгнэлтээ батлуулсны дараа нарийвчилсан үнэлгээ хийлгээд, яаманд одоогийн байдлаар нарийвчилсан үнэлгээ батлагдах шатандаа явж байгаа.

            3.Газар дээрээ хашаа барих зөвшөөрлийг холбогдох Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Богд Хан-Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаад хашаагаа татчихсан явж байгаа. Үүн дээр нэхэмжлэгчийн зүгээс хийсэн маш чухал ажлуудын нэг нь юу гэхээр тухайн газар дээрээ хамгийн эхлээд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж байгаа. Тухайн Архитектур төлөвлөлтийн даалгавар нь өөрөө 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан. Тухайн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслээд дараагийн баримт бичиг болон эх загвар зураг буюу зураг төсөл өөрөө батлагдаж байгаа. Энэ нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар загвар зураг өөрөө эх загвар зураг буюу эскиз зураг өөрөө батлагдаж эдгээрийг тодорхой хийсэн ажил гэж хангалттай хуулийн болон Монгол Улсын Дээд шүүхийн тайлбараар үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж харж байгаа. Түүнчлэн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу маргаан бүхий акт гарахаас өмнө “Э п” гэдэг компанитай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад “Х х” шашны байгууллагын тухайн газар дээрээ хэрэгжүүлэх төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан гэдэг зүйл боловсруулагдаад батлагдсан. Байгаль орчны ерөнхий үнэлгээгээ дагаад байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлангийн нэмэлт тодотгол гэдэг энэ баримт бичгийг гэрээний дагуу гүйцэтгүүлээд явж байгаа. Мөн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны дүгнэлт гэдэг маш чухал баримт бичиг. Тухайн баримт бичгийг газар дээрээ батлуулаад явж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө шат дараалсан баримт бичгүүд батлагдах гэж маш их хугацаа мэдээж зарцуулагддаг. Гэхдээ нэхэмжлэгч компанийн хувьд яг гэрээ байгуулагдсанаасаа хойш, тушаал гарснаасаа хойш гэрээ байгуулахаасаа өмнө ажлуудаа аль хэзээ хийгээд эхэлчихсэн шат дараатай явж байсан үйл баримт байгаа. Тийм учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэж заасан газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг энэ үндэслэл өөрөө няцаагдана гэж харж байна. Дээрээс нь тухайн үед буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлээд корона вирусийн цар тахлын үе байсан. Тэгэхээр энд нийтдээ Засгийн газраас 9 удаагийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Тийм учраас шүүхээс явсан албан бичгүүдээ дээрээс нь хариуцагчийн тайлбараар ч юм уу газар ашиглах гуравласан гэрээгээ жил гарны дараа батлуулсан гэдэг асуудал ярьж байгаа.

Тэгэхээр 3 тал өөрөө гэрээнд гарын үсэг зураад баталдаг ийм харилцаа байдаг. Тийм болохоор дан ганц манай “Х х” шашны байгууллага тушаал гараад ажлаа хийх боломжгүй. Шат дараатайгаа хамгийн эхлээд тэр гуравласан гэрээгээ батлуулах гэж 3 байгууллагаар явна. Тэгэхлээр энэ өөрөө хугацаа шаарддаг ажил учраас дээрээс нь нэмээд тухайн үед Корона вирусийн 2020 оны 11 сараас, 2021 оны 4 сар гэхээр 6 сарын хугацаанд хөл хориотой байсан хугацаа өөрөө зайлшгүй тооцогдох ёстой тийм учраас энэ үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасныг үгүйсгэж байна” гэв.

            4.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалаар "Х х" шашны байгууллагад олгогдсон 24127 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

            Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Байгаль орчин, аялал жуулчлалын цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.” гэж заасан. Тус мэдэгдлийг нэхэмжлэгч "Х х" шашны байгууллага хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ****/** дугаар "Хариу тайлбар хүргүүлэх тухай" албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт ирүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн Сонсох ажиллагааг огт хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй юм.

            Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч "Х х” шашны байгууллага нь 2020 оны 05 дугаар сараас газар ашиглах эрхтэй болсон боловч 2022 оны 01 дүгээр сард буюу 1 жил 6 сарын дараа газар ашиглах гэрээ байгуулсан байна. Мөн нэхэмжлэлдээ 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулж, ашиглалтын газартаа хашаа татсан гэж тайлбарлах боловч энэ нь газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй. Газраа зориулалтын дагуу ашиглана гэдэг нь газар ашиглах эрх авсан газар дээрээ идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг ойлгоно.

            Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан нь газар ашиглах эрх олгосон тушаал гарснаас хойш 2 жил 4 сарын дараа байх тул газраа зориулалтын дагуу 2 жил ашигласан гэх үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч "Х х” шашны байгууллага нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар газар ашиглах эрхтэй болсноор хугацаанд нь газрын төлбөрөө бүрэн төлөх үүрэгтэй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн албан бичигтээ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн газрын төлбөр тооцоо нийлсэн актыг ирүүлсэн. Нэхэмжлэгч 2 жилийн газрын төлбөрөө нийлүүлэн 2022 онд төлж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэнийг нь Газрын тухай хуульд зааснаар хугацаанд нь газрын төлбөрөө төлөх гэж заасныг биелүүлсэн үйлдэл гэж үзэхгүй юм.

            Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дугаар "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Х х" шашны байгууллагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            4.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 сарын 25-ны өдрийн 486 дугаар тушаал нь Монгол Улсын ЗГ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг мөн ТХГН-ийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 40 дүгээр зүйлийн 40.4.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсгийг зэрэг үндэслэн гарсан ба тус байгууллагад Х х компанид олгогдсон 24127 метр квадрат газар ашиглахыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин аялал жуулчлалын сайд нь Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 8 сарын 22-ны өдрийн *** дугаар саналыг үндэслэсэн. Тус санал болохоороо гадас ашиглах ашиглах эрхийг хэсэгчлэн бүхэлд нь тусад талд сонсох ажиллагааны мэдэгдлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны цахим хуудас буюу 2023 оны 7 сарын 7-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн. Үүний дагуу хариу тайлбар ирүүлэх хүргүүлсэн. Тэгээд нэхэмжлэгч талаас маргадаг 3 үндэслэлийн тухайд болохоор сонсох ажиллагааны мэдэгдэл үүний тухайд болохоороо Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ ээ. Үүнд нь болохоороо 21 буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор одоо 20.1 цагийн төлөвт шууд хүргүүлэх эсвэл тухайн орон нутагт хүрэх боломжтой шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан. Ерөнхийдөө сонсох ажиллагааны тухайд болохоор ерөнхийдөө манайхаас энэ нь өөрөө захиргааны байгууллагын мэдэгдэх үү хүргүүлэх үү гэдэг нь захиргааны байгууллагын өөрийнх нь одоо сонгох боломжийн асуудал. Үүнийхээ дагуу манайхаас цахим мэдээллийн сандаа байршуулсан. Тэгээд “Х х” компаниас 07 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбараа хүргүүлсэн байгаа юм. Тэгээд нэхэмжлэгч компаниас нэхэмжлэгч талаас болохоор ерөнхийдөө тэр Усны тухай хуулийн Усны тухай хуулийн 22.2 дахь хэсэг буюу усны сан бүхий газраа эргээс 50 метрээс доошгүй зайд хамгаалалтын мөс тогтооно гээд энэ хамгаалалтын мөстэй давхцалтай гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч талаас өөрсдөө сонсох ажиллагааны хариу тайлбартаа дурдаагүй. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь үндэслэлийн тухайд газрын төлбөрийн тухайд болохоороо Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд газар эрхлэгчийн эрх үүргийг зааж өгсөн байдаг ба энэ дээр болохоороо 35.3.9, 35.3.5 буюу хугацаанд нь газрын төлбөрөө төлөх ёстой гэж хууль дээрээ заагаад өгчихсөн. Гэтэл нэхэмжлэгч компаниас 2023 онд 2022 онд нийлүүлээд газрын төлбөрөө төлсөн нь өөрөө хугацаанд нь төлсөн гэх үндэслэлд хамаарахгүй. Яагаад вэ гэвэл хугацаанд нь төлөх гэдэг энэ зохицуулалт нь өөрөө тухай бүрд нь газрын туш газар ашиглах эрх бүхий тушаал гарснаас хойш газрын төлбөрөө төлөх эрх үүсэж байгааг нэхэмжлэгч компани өөрсдөө мэдэж байгаа. Гэтэл одоо ингээд шүүхэд гаргаж өгч байгаа тайлбар дээр болохоороо нэхэмжлэх үүсгээд нэхэмжлэлийнх нь дагуу бид нар төлж байсан. Энэ нь өөрөө нэхэмжлэгч компанийг өөрөө газрын төлбөр төлөх эрхийг хязгаарласан зохицуулалт ерөөсөө огт тийм биш. Мөн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6-д заасан үндэслэлийн тухайд болохоороо газраа зориулалтын дагуу ашигласан байна гэдгийг Дээд шүүхийн тайлбараар тайлбарлаад өгчихсөн. Үүний дагуу болохоороо газраа зориулалтын дагуу ашиглах гэдгийг хашаа татсан. Одоо зориулалтын дагуу хашаа татсан гэдэг нь болохоороо газраа зориулалтын дагуу ашиглалтад тооцохгүй мөн ерөнхий үнэлгээ нарийвчилсан үнэлгээг гаргуулна гэдэг чинь өөрөө газраа зориулалтын дагуу ашигласан гэдэгт бүүр хамааралгүй байгаа учраас сайдын тушаал өөрөө үндэслэлтэй байна аа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

                                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “газар ашиглах эрх дуусгавар болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

   Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалаар ******дүүрэг, Ч-ны ам нэртэй газарт орших, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн бүсэд  “хүн түр буудаллах, отоглох” зориулалтаар 24127 метр квадрат газрыг, 5 жилийн хугацаатай Х х” шашны байгууллагад ашиглахыг зөвшөөрч, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* дугаартай гэрчилгээ  олгожээ. /ХХ-н 15-16 дахь тал/

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Х х” шашны байгууллагад  дээрх ******* дугаартай гэрчилгээгээр эзэмших  24127 метр квадрат газрыг ******,20 метр квадрат болон ****,02 метр квадрат талбайгаар, ********* болон ********** дугаар бүхий 2 нэгж талбар болгон солбицлыг тогтоон олгож  /ХХ-н 16, 17-18 дахь тал/,

2.3.Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь тус газар дээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг хийж, түүнийгээ 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/5729 дүгээр албан бичгээр Х х” шашны байгууллагад хүргүүлсэн /ХХ-н 22-31 дэх тал/,

2.4.Нийслэлийн ерөнхий архитектораас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр МХЗ****/**-***дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж /ХХ-н 38-42 дахь тал,

2.5.Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар ********* дугаартай  нэгж талбар бүхий газарт 2020-2021 оны газрын төлбөр **,***,***,.*төгрөг төлөгдөөгүй, ********** дугаартай нэгж талбар бүхий газарт **,***,***,.* төгрөг төлөгдөөгүй байсныг тус тооцоо нийлсэн актыг үйлдэх үеийн огноогоор бүрэн төлж, үлдэгдэл “0” байсан /ХХ-н 180-182 дахь тал/,

2.6.Х х” шашны байгууллага нь дээрх газар ашигласны төлбөрийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр **,***,***.*төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ны өдрийн хороонд **,***,***,.*төгрөгийг төлсөн болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20/****  дүгээр албан бичгээр /ХХ-н177-178 дахь тал/,

2.7.Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг ******дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа,  Х х” шашны байгууллага нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан,

2.8.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Х х” шашны байгууллагад олгосон газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн /ХХ-н 14 дэх тал/,

2.8.Шүүхийн үзлэгээр Х х” шашны байгууллагын ашиглаж байсан гэх газарт 1 барилгын ажил эхэлсэн, 2 суурь тавьсан, зам дагуу олон тооны мод  тарьсан, уг модоо хамгаалах зорилгоор  хашаа барих зөвшөөрөл хүссэн /ХХ-н 194 дэх тал/,

2.9.Х х” шашны байгууллага 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар албан бичгээр,  2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ** дугаартай албан бичгээр тус тус Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хандан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн  тул газар ашиглах гэрээ байгуулж өгөх” хүсэлт, “ газар дээрээ зориулалтын дагуу хашаа барих” хүсэлтээ гаргаж байсан /ХХ-н 195 дахь, 200 дахь тал/,

2.10.Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 422 дугаар албан бичгээр Х х” шашны байгууллагын хүсэлтэд хариу болгон “... баталсан загвар  зураггүй зэрэг материалын бүрдэл хангаагүй учир хашаа барих зөвшөөрөл олгохгүй” гэж татгалзсан /ХХ-н 201 дэх тал/,

2.11.Х х” шашны байгууллага нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 дугаар албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан “... архитектур төлөвлөлтийн даалгаврын хүрээнд “В” ХХК-ийн боловсруулсан загвар зургийг батлуулах” хүсэлт гаргасан /ХХ-н 213 дахь тал/, 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай албан бичгээр ,2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд  тус тус хандан “байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг сунгаж өгөх”, “дүгнэлт гаргаж өгөх” хүсэлт гаргасан /ХХ-н 214, 215 дахь тал/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”  гээд мөн  хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд  мөн зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус  заажээ.

3.2.“Х х” шашны байгууллагын 2021, 2022 оны газар ашигласны төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь тус компанийн буруутай ажиллагаанаас болоогүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01-09/128 дугаар албан бичгээр “Тус газрын мэдээллийг ********* нэгж талбарын дугаар бүхий *****,20 метр квадрат, ********** нэгж талбарын дугаар бүхий **** метр квадратаар тус тус  Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр газрын кадастрын мэдээллийн системд оруулсан ба 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн дугаар олгогдсон байна. Дээрх шалтгааны улмаас газрын төлбөрийн нэхэмжлэхийг хугацаанд нь үүсгэх боломжгүй байсан болно” гэдгээр  нотлогдож байна. /ХХ-н 244 дэх тал/

3.3.Ийнхүү нэхэмжлэгч Х х” шашны байгууллага нь “газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгох болсон хуулийн өөрчлөлтөөс үүдэн газрын алба нь татварын албанд төлбөрийн нэхэмжлэх үүсгэж өгөхгүй байсан учраас  2021, 2022 оны газар ашигласны төлбөрийг боломжгүй байсан “гэх агуулга бүхий тайлбар нь нотлох баримтаар нотлогдож байгаа ба нэхэмжлэгчийн газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл нотлогдоогүй болно.

3.4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай “гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор” газар эзэмшигч, ашиглагч  нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгох ёстой[1].

3.5.Төрийн захиргааны байгууллага болох  ******дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа нь Х х” шашны байгууллагатай Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан байна.

3.6.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан 2 жилийн хугацааг, уг гэрээ байгуулснаас хойш тоолох ёстой бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ хугацаа  болоогүй байхад буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х х” шашны байгууллагыг газраа зориулалтаар нь ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг  /эрхийн гэрчилгээг/ хүчингүй болгосон хууль зөрчсөн гэж үзнэ.

3.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн */***дүгээр тушаалаар газар ашиглуулах эрх олгосон шийдвэр гарснаас хойш уг хугацааг тоолно гэж, Х х” шашны байгууллагыг газар ашиглуулах шийдвэр гарснаас хойш 8 сарын хугацаанд гэрээгээ байгуулаагүй буруу” гэж маргасныг хүлээн авахгүй.

3.8.Учир нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор  гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж,

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж, 37 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байна.

3.9.Хуулийн энэ заалтын дагуу газар ашиглах эрх нь гэрээ байгуулсан үеэс үүснэ гэж үзэх бөгөөд газар ашиглах гэрээг байгуулах үүрэг нь газар ашиглагч хуулийн этгээдэд дангаар үүсэхгүй, захиргааны байгууллагад хамаарч байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Х х” шашны байгууллагыг гэрээгээ байгуулаагүй гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй ба газар ашиглуулах шийдвэр гарсан өдрөөс газрыг зориулалтаар нь ашиглах 2 жилийн хугацааг тоолсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “... бодит нөхцөлд тохирсон байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй,  хууль зүйн үндэслэлгүй олох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэхүү тайлбар нь үндэслэл бүхий байна.

3.10.Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын  сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, нотолгоо гаргах боломж олгоогүй гэх үндэслэлийг нотлогдсон гэж үзлээ.

3.11.Дээрх тогтоогдсон үйл баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад нийцээгүй,  нэхэмжлэгч Х х” шашны байгууллагыг газрын төлбөрөө хугацаанд нь төлөх боломжтой байсан эсэх, газраа 2 жилийн хугацаанд зориулалтаар ашигласан   эсэх  үйл баримтыг зөв тогтоож шалгаагүй болох нь нотлогдсон бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газраа хуульд заасан журмын дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол  нь зөрчигдсөн байна гэж үзлээ.

   3.12.Эдгээр хууль зүйн үндэслэл, шүүхэд нотлогдсон үйл баримтыг үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэгч Х х” шашны байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х х” шашны байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн */***дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Х х” шашны байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

[1] Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор хуулийн энэ заалтыг тайлбарласан.