Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2024/01888

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 06 181/ШШ2024/01888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Г.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, Ч.Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Жанбота нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Гт, холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023 оны 10 дугаар сарын 23-нд М.Гт 12,500,000 төгрөг 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл өдрийн 1 хувийн хүүтэй зээлж гэрээ хийсэн юм. Энэ зээлдэгч нь гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй зугатан заль зохиож удаа дараа эрэн сурвалжлагдан удаан хугацаагаар зугатан зайлж алдагдал хохиролд оруулж өдийг хүрч байгаа болно. Гэрээний дагуу М.Г нь 12,500,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэйгээ хүү нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртлэх нэг сарын хугацаатай авсан хүү нь 3,750,000 төгрөг гэрээний алданги 6,250,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү Миний бие нь эдгэхгүй байгаа учир гэмтэл учруулсан нөхөн төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн эмчлүүлсэн эдгэхгүй оноштой байна. Өвдөж зовж нойргүй хонодог. Эхний удаа эмчилгээний зардал 20,000,000 төгрөг нэхэмжилж байна.

Нийт 22,500,000 төгрөг гаргуулж өгнө үү Барьцааны гэрээтэй Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол /14182/ Их тойруу 62-5. Энэ нь одоогоор 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. М.Г нь 2023 оны 05 дугаар сард надтай тааралдаж, уулзсан. Би чамд 45 сая төгрөг болгоод өгье, би алтны уурхайд алт ухаж байгаа гэж хэлээд нөхөртэйгөө таксинд суугаад алга болчихсон. Нэг утасны дугаар өгсөн байсан. Тэр утасны дугаараар ярьсан чинь удахгүй хот орно бид алт ухаж байна, мөнгийг нь очоод өгнө гэсэн. Гэтэл надтай ирж уулзаагүй. Тэрний өмнө нь хариуцагчийн гэрт очиход хариуцагчийн хүүхэд миний нойр булчирхайг гэмтээж, эрүүгийн хэргийн шүүх хурал болсон. Тэрнээс хойш би хариуцагчтай уулзаагүй. Зээлийн гэрээний дагуу 1% хүүтэй алдангиа тооцож 22,500,000 төгрөгийг нэхэмжилж гэрээний дагуу нэхэмжилж байгаа гэв.

2. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөлөгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М нь надтай зээлийн гэрээ байгуулж 12.500.000 төгрөгийг зээлдүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь миний бие Г.М гэх хүнийг огт танихгүй мэдэхгүй, уулзаж байгаагүй, түүнээс нэг ч удаа мөнгө зээлж авч байгаагүй билээ. Нэхэмжлэгч Г.Мын төлөөлөгч гэх Ц.О гэх хүн нь 2010 оноос эхлэн хүүтэй мөнгө зээлдүүлэн мөнгө хүүлэгч хийдэг байсан бөгөөд миний бие түүнээс 2013 оны үед бага хэмжээний мөнгийг зээлж буцаан төлдөг байсан юм. Тухайлбал 2013 оны хавар 10,000,000 орчим төгрөгийг түүнээс хоногийн 1%-н хүүтэйгээр зээлж буцаан төлж байсан юм. 10 гаруй жил өнгөрсөн учраас зээлж авч байсан мөнгөний хэмжээг нарийн сайн санахгүй байна.

Харин 2013 оны 10 дугаар сард Ц.О нь надтай уулзаж зээлийн үлдэгдэл төлбөрийг хоногоор тооцож өсгөсөн хүүтэй нэмж нэгтгэн 12.500.000 төгрөг болсон, нэг сарын хугацаатай гэрээг бичгээр шинэчлэн хийнэ гэснээр тухайн үед гэрээ байгуулж байсан юм. Гэхдээ Ц.О нь зээлийн гэрээг өөрийн нэр дээр байгуулаагүй Г.М гэх хүний нэр дээр байгуулж байсан ба шалтгаанаа надад зээлдүүлсэн мөнгө нь Г.М гэх хүний мөнгө байсан талаар хэлж байсан. Ингээд миний бие тухайн үед уг мөнгийг Ц.От бүрэн төлж дуусгасан. Тэрхүү гэрээ нь одоо нэхэмжлэл гаргахдаа үндэслэл болгож буй 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ мөн байна. Гэтэл энэ олон жилийн дараа гэнэт надад холбогдуулан Г.М нь зээл олгосон мэтээр дүр үзүүлэн хийсэн гэрээг үндэслэн төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Дээр дурдсанчлан Г.Мтай гэрээг байгуулж гарын үсэг зурж байсан боловч гэрээнд заасан 12,500,000 төгрөгийг бодитойгоор гар дээрээ хүлээн авч байгаагүй, харин Ц.Оээс зээлсэн мөнгөө буцаан төлсөн. Иймд Г.Мын гаргасан зээлийн төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оийн хэлж байгаа нь өмнөх зээлийн харилцааны явцад үүссэн үлдэгдэл төлбөр. Энэ байдлаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О надтай гэрээ байгуулсан гэдэг тайлбар үндэслэлтэй байна гэж харж байна. М.Гийн хувьд тухайн үед зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарлаж байгаа. Тийм учраас Ц.О өнөөдрийг хүртэл хариуцагч М.Гтэй холбогдуулан ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй юм байна. Тийм учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үүргийг хүлээдэг. Мөн Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн заалттай. Хариуцагч энэ мөнгийг бодитойгоор аваагүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн байдаг. Энэ тайлбартай нэхэмжлэгч тал танилцсан. Өнөөдөр хүртэлх хугацаанд мөнгийг бодитойгоор шилжүүлж өгсөн юм гэдэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хоёрдугаарт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар, эсхүл эх хувиар өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө гэсэн хуулийн заалттай. Хэрэгт авагдсан баримтууд нь зөвхөн канондсон хуулбар, нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувь гэж үзэх боломжгүй, нотариатаар гэрчлүүлсэн хувь гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчидоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, барьцааны гэрээний хуулбар байдлаар гарган өгсөн баримт, 000184460 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиараа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 28ЦА3/6713 дугаар албан тоот, 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ,

3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн баримт: 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ч.Бд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дансны хуулга зэрэг баримтыг тус тус гарган өгсөн.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч Г.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүхэд нэхэмжлэлийг төлөөлж гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 1 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй, 12,500,000 төгрөгийг, бэлнээр зээлдэгчид шилжүүлж, зээлдүүлсэн гэж, үндсэн зээл 12,500,000 төгрөг, хүү нь 3,750,000 төгрөг, алданги 6,250,000 төгрөг нийт 22,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэмтэл учруулсан эмчилгээний зардалд 20,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй гэсэн боловч шүүх хуралдаанд зөвхөн зээлийн гэрээний үүрэг шаардсан гэж тодруулж байна.

6. Хариуцагч тал нэхэмжлэгч Г.Мыг огт танихгүй, харин Ц.О нь 2010 оноос хойш хүүтэй мөнгө зээлдүүлдэг байсан, 2013 оны 10 дугаар сард Ц.Отэй уулзаж зээлийн үлдэгдэл төлбөрийг хоногоор тооцож өсгөсөн хүүтэй нэмж нэгтгэн 12,500,000 төгрөг болсон, нэг сарын хугацаатай гэрээг бичгээр шинэчлэн хийнэ гэснээр тухайн үед гэрээ байгуулж Г.М гэх хүний нэрээр гэрээ байгуулж байсан, төлбөрийг бүрэн төлсөн, бодитойгоор мөнгийг шилжүүлэн аваагүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон үйл баримт баримтаар бүрэн, эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

7.1 Нэхэмжлэгч Г.М, хариуцагч М.Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх, хэрэв гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан бол гэрээний талууд үүргээ биелүүлсэн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай.

7.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Г.Мын эхнэр бөгөөд тухайн гэрээ байгуулах мөчид өөрийн иргэний үнэмлэхээ олохгүй байсан шалтгаанаар нөхөр Г.Мыг дуудаж нотариатаар гэрээг батлуулсан, Г.М, М.Г нар нь нэгнээ танихгүй, М.Гт тухайн өдөр бэлнээр мөнгийг шилжүүлэн өгсөн гэж тайлбарласан.

7.3 Нэхэмжлэгч нь нотлох баримтаар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний хуулбарыг гарган өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж заасантай нийцэхгүй бөгөөд шүүх нотлох баримтаар үнэлэх хуульд заасан шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ц.О, М.Г нарын хооронд байгуулагдсан 12,500,000 төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага хангуулж гаргасан ч уг баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, түүнээс өмнө байгуулсан гэрээ, уг гэрээний үүргээ М.Г нь бүрэн биелүүлсэн, тухайн мөнгийг нь буцаагаад зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна.

7.4 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор байрьцааны гэрээ байгуулсан талаар дурдсан байх ба хэрэгт М.Гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол/14182/, Их тойруу 62 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, авто зогсоол зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар гарган өгсөн, шүүх хуралдаанд талуудаас тодруулан асуухад нэхэмжлэгч барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг гэрчилгээ нь хүчингүй болсон гэрчилгээ гэж тус тус тайлбарлаж байна. /хх-ийн 8-р тал/

7.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 38 дугаар зүйлийн 38.1 Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүрэг болохыг тус тус заасан.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн үндэслэлээр хариуцагчаас 22,500,000 төгрөгийг шаардаж байгаа тохиолдолд зээлийн гэрээ байгуулсан, хариуцагчид мөнгө шилжүүлсэн үйл баримтыг, хариуцагч мөнгө шилжүүлэн авсан тохиолдолд буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэдгээ тус тус нотлох үүрэгтэй.

7.6 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Гт зээлийн гэрээний дагуу 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн үйл баримтыг баримтаар нотлоогүй, хариуцагч энэ мөнгийг бодит байдалд аваагүй гэж маргаж тухайн өдрийн өөрийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулгыг баримтаар гарган өгсөн.

7.7 Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

8. Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

10. Хариуцагч тал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй урьд зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлэн авдаг байсан талаар тайлбарлаж, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээг Ц.Отэй байгуулсан,(өмнөх хүүг тооцож 12,500,000), тухайн мөнгийг буцаан бүрэн төлсөн гэх боловч энэ талаар шүүхэд баримт гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оийн хариуцагч М.Гтэй холбоотой зээлийн харилцаанд энэхүү шийдвэрээр дүгнэлт хийгээгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Гт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмждлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА