Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2024/02061

 

 

 

 

 

 

 

 

 

2024 05 20 181/ШШ2024/02061

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Ц.Г /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МК ХХК //-д холбогдох,

 

Орон сууц захиалгын гэрээ цуцалсан төлбөр 42,342,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Г нь МК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 42,342,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ц.Г миний бие МК ХХК 2021 оны 03 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Поларис апартмент-3 орон сууц хотхоны С блок,1-р орц,8-р давхар, 802 тоот 3 өрөө, 55.4 мкв орон сууцыг 99.720.000 төгрөгөөр захиалсан.Орон сууц захиалан бариулах гэрээ үйлдсэн өдөр Ц.Г миний бие урьдчилгаа 25.000.000 төгрөгийг төлж гэрээнд заасаны дагуу cap бүр график төлөлтөөр 17.342.000 төгрөг, нийт 42.342.000 төгрөг төлсөн.

Гэтэл хариуцагч МК ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй учир Ц.Г миний бие 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр МК ХХК-тай гэрээ цуцлах протокол үйлдэж өөрийн төлсөн 42.342.000 төгрөгийг 90 хоногийн дотор буюу 3 сарын хугацаанд МК ХХК Ц.Г надад буцаан олгохоор болж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл МК ХХК гэрээ цуцалсан протоколд дурдсан хугацаанд Ц.Г миний тус ХХК-д төлсөн 42.342.000 төгрөгийг өгөөгүй өнөөг хүрч байгаа тул миний бие аргагүйд хүрч өөрийн төлсөн мөнгөө гаргуулан авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч МК ХХК нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй.

 

3. Хэргийн оролцогчидоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гарган өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 3,452,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 726,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ цуцалсан протокол

3.2 Хариуцагчаас шүүхэд гарган өгсөн баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч Ц.Г нь МК ХХК-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээний үүрэгт шилжүүлсэн нийт 42,342,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг цуцалсны дагуу, тухайн гэрээний үүрэгт шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардсан.

 

6. Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 5126 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Од шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан, хариуцагч 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

6.1 Улмаар 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч ар гэрийн гачигдал гарсан үндэслэлээр, түүний хүсэлтийг хангаж хойшлуулж, шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж шийдвэрлэсэн.

 

Өнөөдрийн шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2024 оны 05 дугаа сарын 06-ны өдөр, гар утасны дугаараар мөн өдөр мэдэгдсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзнэ.

 

6.2 Иймд нэхэмжлэгч талын хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

7.1 Нэхэмжлэгч Ц.Г, хариуцагч МК ХХК нар харилцан тохиролцож 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ цуцалсан акт баримтыг үйлджээ. /хх-ийн 23-р тал/

 

7.2 Талууд Гэрээ цуцалсан акт-д Гэрээний нэр: Орон сууц захиалан бариулах гэрээ, захиалсан орон сууцны мэдээлэл: Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Поларис апартмент-3 орон сууцны хотхоны С блок, 1-р орц, 4 давхар, 802 тоот, 55,4 мкв, 3 өрөө орон сууц, Гэрээний нийт үнэ: 99,720,000 төгрөг, Төлбөр төлсөн байдал: Гэрээ байгуулснаар гэрээний төлбөр 42,342,000 төгрөг төлсөн, гэрээ цуцлах үндэслэл: Захиалагч талаас гаргасан гэрээ цуцлах хүсэлтийг үндэслэн, мөн гэрээний 5.13 дахь хэсэг...6.2.6 дахь хэсэгт...180 хоногийн дотор олгоно гэж заасныг тус тус үндэслэн 90 хоногийн дотор 42,342,000 төгрөгийг Хаан банкны ...тоот дансанд буцаан олгохоор шийдвэрлэв гэжээ.

 

8. Дээрхи баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд ...заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй...гэснээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан байжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус зааснаар гүйцэтгэгч буюу хариуцагч МК ХХК нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй үүргийн зөрчлөөс үүдэн талууд гэрээнээс татгалзаж, харилцан тохиролцон гэрээ цуцалсан акт үйлдсэн байх тул гэрээнээс татгалзсан гэж үзэв.

 

9. Хэрэгт нэхэмжлэгч талаас гарган өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт, дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, талуудын байгуулсан гэрээ цуцалсан акт зэргээр нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үүрэгт 42,342,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК нь орон сууц захиалах гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 42,342,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 369,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 369,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК-иас 42,342,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 369,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 369,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА