| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00723/И |
| Дугаар | 155/ШШ2024/00780 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00780
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00780 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах, 4142918 дугаар регистртэй, МХөвсгөл ХХК-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 4 дүгээр багт байрлах, 4140346 дугаар регистртэй, Ац ХХК-д холбогдох,
Барааны төлбөр 1,692,150 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/00723/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Ац ХХК-тай хамтран ажиллаж Хөвсгөл аймгийн Рашаант сум дахь эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөрийн үлдэгдэл 1,692,150 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан.
Гэтэл тооцоо нийлж үлдэгдэл төлбөрөө баталгаажуулснаас хойш төлбөрөө төлөхгүй байгаа тул 1,692,150 төгрөгийг Ац ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б шүүхэд гаргасан тайлбартаа: МХөвсгөл ХХК-ийн, Ац ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж төлбөрөө 100 хувь буюу 1,692,150 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн тул тус компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХөвсгөл ХХК нь хариуцагч Ац ХХК-д холбогдуулан барааны төлбөр 1,692,150 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ац ХХК нь барааны төлбөр 1,692,150 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбарыг нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-иас 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,024 төгрөгийн тал хувь болох 21,012 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ац ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 21,012 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-д олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-ийн нэхэмжилсэн барааны төлбөр 1,692,150 (нэг сая зургаан зуун ерэн хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг хариуцагч Ац ХХК төлж барагдуулан, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн МТА татвар 5176120445 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,024 төгрөгөөс 21,012 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ац ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 21,012 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч МХөвсгөл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА