| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00483/И |
| Дугаар | 155/ШШ2024/00688 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00688
| 2024 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 155/ШШ2024/00688 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *****оршин суух, ************* дугаар регистртэй, эрэгтэй, Монгол овогт Б.ын Б.д холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 16,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,315,857.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 180,470.72 төгрөг, нийт 20,996,328.26 (хорин сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин найм) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2024/00483/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б.шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б. нь ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр №ЗГ202350104382 тоот зээлийн гэрээ байгуулж, 16,500,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 онь 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 0 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 400.00 нийт 400.00 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 16,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,315,857.54 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 180,470.72 төгрөг хугацаа хэтрүүлээд 266 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 16,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,315,857.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 180,470.72 төгрөг, нийт 20,996,328.26 төгрөгийг гаргуулж өгнөүү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. би тус шүүхэд гаргасан ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Түнэл сумын ХААН банкны салбарын эрхлэгч, эдийн засагчийг хавсран гүйцэтгэж байсан Төгсжаргалын М.ын хийсэн малчны 16,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурж өгсөн нь үнэн болно. Зээл авсан мөнгийг Т.М. нь өөрийн Төрийн банкны данс руу 6,500,000 төгрөгийг, 10,000,000 төгрөгийг нь Б.Ж.ы данс руу хийлгэж авсан болно. Малын А дансыг өөрөө хуурамчаар бүрдүүлэн малчны зээлийн гэрээ байгуулан хийсэн байсныг сүүлд мэдсэн. Зээлийн гэрээний хувийг ч өгөөгүй, зөвхөн гарын үсэг зуруулаад явуулсан байсан. Үүний улмаас зээлийн гэрээний үүргийг Б.Б. нь хүлээж байгаа болно.
Нэгэнт зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, өөрийн дансаар зээлийн мөнгийг хүлээн авсан учир одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 20,996,328.26 төгрөгийг Б.Б. төлж барагдуулна. Харин цаашид Т.М.аас хохирол төлбөрийг холбогдох байгууллагаар нь шийдвэрлүүлэх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Б.д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 16,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,315,857.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 180,470.72 төгрөг, нийт 20,996,328.26 (хорин сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин найм) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, өөрийн дансаар зээлийн мөнгийг хүлээн авсан учир одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 20,996,328.26 төгрөгийг Б.Б. төлж барагдуулна гэх тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,932 төгрөгийн тал хувь болох 131,466 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 131,466 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 16,500,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,315,857.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 180,470.72 төгрөг, нийт 20,996,328.26 (хорин сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун хорин найм) төгрөг (хорин зургаа) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б. хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,932 төгрөгөөс 131,466 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б.аас улсын тэмдэгтийн хураамж 131,466 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА