Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0886

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж**** овогт Л******  Ба******,  /РД:СР85110605/

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох төрийн албан хаагчийг “ажлаас чөлөөлөх тухай” тушаалтай холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Монгол улсын иргэн ******* тус шүүхэд хандан ‘’Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ‘’Ажлаас чөлөөлөх тухай’’ дугаартай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Анх нэхэмжлэгч *******гийн гаргасан хүсэлтийг[1] үндэслэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон,[2] ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжин ажилласан байна[3].

2.2. Гэтэл Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаар албан бичгээр “...төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани улсын үйлдвэрийн газар бүр ‘’Шүүр’’ ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийн олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөх чиглэлийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ[4].

2.3.Хариуцагчаас дээрх албан бичигт заасан үйл ажиллаагааг өөрийн байгууллагын хүрээн дотор явуулж, ’Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын шаардлагыг хангаагүй, дүйцүүлэн тооцох журам зөрчин томилогдсон,...Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон, тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны хууль, уг хуулийн дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон нэр бүхий албан хаагчдыг олж тогтоон.

2.4.Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар тушаалаар “...Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан тусгай шалгалт өгөөгүй...” хэмээн нэр бүхий албан хаагчдыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсний дотор нэхэмжлэгч ******* багтжээ.[5]

2.5. Гэсэн хэдий ч Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс 2023 оны 07 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд дээрх хуульд заасан болзон шаардлагыг хангаагүй нэр бүхий албан хаагчдад зориулан 60 албан тушаалын 180 сул орон тоог нөхөн хангах зорилгоор тусгай шалгалтыг  зохион байгуулахаар тогтож, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр “...дээд боловсролын бакалаврын мэргэжлээс гадна магистрын дипломд заасан мэргэжлийн дагуу зарлагдсан сул ажлын байранд бүртгэлийг хийхийг хэрхэн шийдвэрлэх...” талаар чиглэл авахаар Төрийн албаны зөвлөлийн даргад хандсан байна[6].

2.6.Харин тус шалгалтад нэхэмжлэгч *******г “...хүнс судлал-хүнсний микробиологич  /078/ бакалавр, магистр, БНХАУ-н Өвөр монголын их сургуулийн Биохими-инженерчлэл мэргэжлэлээр доктор /071/ дипломоор Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын[7] ангилал зэрэглэлийн бүртгэлд хамрагдан оролцох боломжгүй хэмээн үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

2.7.*******гаас дээрх шийдвэртэй холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн дарга*******хандан‘’…Миний докторын зэргийн 071 индекс нь хяналт шалгалт хариуцсан байцаагчийн сул орон тоонд бүртгэх шаардлага буюу мэргэжлийн индекс таарч бакалавр болон түүнээс дээш зэрэгт гэсэнд тохирч байгаа тул бүртгэж өгнө үү...’’[8] гэх, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн дарга******* хандан ‘’... шалгалт өгөхөөр Төрийн албаны зөвлөлийн цахим системд тогтоосон хугацаанд бүртгүүлж, бүртгэл ‘’Анкет илгээгдсэн’’ төлөвт шилжсэн. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг орчим бидний бүртгэл, ‘’Анкет цуцлагдсан, тайлбар нь нөөцөд бүртгэлгүй...’’гэсэн төлөвт шилжиж тусгай шалгалт өгөх боломжгүй болсон...” талаар гомдлыг тус тус гаргасан.

2.8.Дээрх үйл баримттай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн******* тоот албан бичгээр ‘’...Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлөөс зарласан гүйцэтгэх албан тушаалтны сонгон шалгаруулалттай гомдлыг нэр бүхий иргэдээс Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн байна. Гомдлын талаар судлан дэлгэрэнгүй тайлбарыг Төрийн албаны зөвлөлд яаралтай ирүүлэх...’’-ийг Төрийн албаны зөвлөлийн Гаалийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд мэдэгдэхэд[9] Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсийн дарга бөгөөд шалгалтын комиссын дарга******* “...Шалгалтын комиссын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар өргөдөл ирүүлсэн иргэдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн 17 иргэнийг бүртгэж, нөөцөд байх хугацаандаа гаалийн байгууллагад ажилд томилогдоогүй, тангараг өргөөгүй болон албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлага хангаагүй иргэдийг бүртгэлийг цуцалж мэдэгдсэн болно. 2020 онд Шивээхүрэн дэх Гаалийн газарт Гаалийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилогдсон нь нөөцийн хүчинтэй байх хугацаа 2 жилийн хугацаанд томилогдоогүй байх тул бүртгэлээс хассан.

Гаалийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод эдийн засаг /0311/, эрх зүй /0421/, аюулгүй байдлыг хангах /103/, бараа, түүхий эдийн судлал, технологи /072205/, бизнес ба удирдахуй /041/, инженерчлэл, инженерчлэлийн үйлдвэрлэл /071/ гэсэн мэргэжил тусгагдсан.

2.9.******* нь тусгай шалгалтад Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн хяналт хариуцсан улсын байцаагчийн албан тушаалд докторын дипломыг үндэслэн бүртгүүлэхээр хандсан тул боломжгүй гэж үзэн бүртгэхээс хассан болно’’[10] гэх хариуг буцаан хүргүүлсэн.

2.10.Энэхүү хариуг хүлээн авч, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн******* 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн******* дугаар албан бичгээр “...Та 2019 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх Гаалийн газарт Гаалийн хяналт хариуцсан улсын байцаагчийн албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны тухай хууль, журмыг зөрчин тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролгүйгээр шууд томилогдсон байна. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд ‘’Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно’’ гэж заасан.

Та Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ‘’Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэнийг нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай ’’ 46 тоот тогтоолоор төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд таны нөөцөд байх хугацаа дуусгавар болжээ.

Иймд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс бүртгэл нь эхлэх төрийн албаны ерөнхий шалгалтад орох нь зүйтэй.

Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэнээр төрийн тусгай албан хаагчийн шалгалт өгөх боломж Танд бүрдэхийг үүгээр зөвлөж байна...” хэмээх хариуг нэхэмжлэгч *******д хүргүүлжээ[11].

2.11. Харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ажээ.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ‘’...2018 оны 03 дугаар сард Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалт зарлагдахад Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний бодлого хариуцсан мэргэжилтний /ТЗ-5 зэрэглэлд/ орон тоонд бүртгүүлэн шалгалт өгч 73 оноогоор төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, ТАЗ-ийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн юм.

Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.5-д заасан ‘’гаалийн улсын байцаагч нь гадаад хэлний зохих мэдлэгтэй, дээд боловсролтой Монгол улсын иргэн байх бөгөөд гаалийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжлийн тусгай сургалтад хамрагдсан байвал зохино’’ гэсэн хуулийн шаардлагуудыг хангаж байсан тул Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Гаалийн улсын байцаагчийн эрх олгож, Өмнөговь аймаг дахь Шивээхүрэн дэх гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилласан. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тоот тушаалаар Улаанбаатар хот дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдон ажиллаж байтал тус газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, 46 дугаар зүйлийн 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4, 80.5, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10, Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай албан бичиг зэргийг үндэслэн...’’төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан тусгай шалгалт өгөөгүй’’ гэсэн хууль бус үндэслэлээр хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн юм..., Ажилд томилогдох тухайн үед ‘’Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай’’ Монгол улсын хууль батлагдан, хориглолт, хязгаарлалт хийгдсэнтэй холбогдуулан Гаалийн ерөнхий газрын хэмжээнд тусгай шалгалт зохион байгуулагдаагүй нь надаас хамааралгүй үйл баримт байхад ажлаас чөлөөлөхдөө ‘’тусгай шалгалт’’ өгөөгүй гэж намайг буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа...’’ [12] гэжээ.

3.2.Хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ...’’2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албанд анх орох иргэн нь ерөнхий болон тусгай шалгалт өгөхөөр хуульчилсан байдаг. Дэлхий дахинд болон Монгол Улсад үүсээд буй цар тахлаас шалтгаалан улс орон даяар төрийн албаны сул орон тоог нөхөх зорилгоор ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй иргэний төрийн албанд томилж байсан тохиолдол олон байсан. Гаалийн байгууллагын зүгээс ч "Чиглүүлэх сургалт"-д хамруулан гаалийн улсын байцаагчийн эрх олгон тухайн үедээ дутуу байсан орон тоог нөхөн ажилласан. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн******* дугаартай Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн албан бичигт “... төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр "Шүүр" ажиллагааны хэрэгжилтийг хангаж, дараах хууль тогтоомж, шаардлагыг зөрчиж томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлөхийг үүргээр чиглэл болгож байна..." гээд 3-т "Төрийн жинхэнэ болон албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон" бол шалган тогтоож, дүнг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэхийг даалгасан.

Энэхүү чиглэлийн дагуу Гаалийн ерөнхий газрын хэмжээнд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчдыг ажил албан тушаалаас нь чөлөөлж, ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн бол гаалийн улсын байцаагчийн эрх олгож, гаалийн улсын байцаагчаар томилсон...’’[13] гэжээ.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Нэхэмжлэгчийн хувьд 2014 оноос 2019 онуудад Шинжлэх ухааны академи биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлыг эрхэлж байгаад Гаалийн улсын байцаагч бэлтгэх, гаалийн тухай мэдлэг олгох сургалтад хамрагдах шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн бөгөөд тэнцсэн байдаг. Гаалийн ерөнхий газрын харьяа хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд чиглүүлэх сургалтад сууж гаалийн улсын байцаагчийн эрх авсан. 2018 оны 03 дугаар сард төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий шалгалтыг өгч тус шалгалтдаа тэнцсэн бөгөөд төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн юм. 2019 оны 11 дүгээр сард Гаалийн ерөнхий газарт ажилд орсон. Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлд заасан гаалийн улсын байцаагчид тавигдах шаардлагыг хангасан учир 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар гаалийн улсын байцаагчийн эрх олгож Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар томилсон байдаг. Томилогдсон албан тушаалд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан.

  ...Тусгай шалгалтыг Төрийн албаны тухай хуульд зааснаар салбар зөвлөл зохион байгуулдаг. Тухайн үед Гаалийн ерөнхий газрын дэргэд салбар зөвлөл байгаагүй. Мөн цар тахал дэгдсэнтэй холбоотой тусгай шалгалт зохион байгуулагдаагүй учир тусгай шалгалт өгсөн эсэхийг үл харгалзан ажилд авч байсан.

Нэхэмжлэгчийг  3 жил 8 сарын хугацаанд ажилласны дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон хуулийн зохицуулалт нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн зүгээс дүгнэж байна. Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалтыг тусгасан байдаг. 27 дугаар зүйлийн 27.1 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө, 27.1.3 төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхнө гэж заасан хуулийн зохицуулалт бүхий заалт юм. 2019 онд Гаалийн ерөнхий газар нэхэмжлэгчийг холбогдох албан тушаалд томилохдоо төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн, тусгай сургалтад хамрагдсан, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлд заасан гаалийн улсын байцаагчид тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэж томилсон учир Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх заалт хамааралгүй гэж үзэж байгаа юм. Дээр дурдсанчлан цар тахал дэгдсэнтэй холбоотой тусгай шалгалт зарлагдаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй учир тусгай шалгалт өгөөгүй байна гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх зохицуулалтыг тусгасан бөгөөд тус хуулийн заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн санаачилга гэсэн зохицуулалт хамааралгүй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан. Хэрэв ажилтан тухайн мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар нь ажил үүрэгт тэнцэхгүй бол холбогдох хугацаа олгохыг зохицуулсан. Мөн 80.4 Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас шүүр ажиллагаа гэх чиглэл өгсөн. Энэ нь нийтэд илэрхий баримт юм. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг бөгөөд тушаал нь хуульд нийцээгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 дэх заасан хуулийн үндэслэлийн дагуу ажилтныг ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгчийн хувьд сахилгын болон бусад арга хэмжээ авагдаагүй, үүрэгт ажлаа сайн гүйцэтгэж байсан бөгөөд үр дүнгийн гэрээгээр 90% дээш үнэлэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа Гаалийн ерөнхий газрын томилолтоор гурван удаа гадаад сургалтад хамрагдсан. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа хийсэн гэж хариуцагч тал тайлбарладаг. Энэ өдөр нь тушаал гарсан өдөр юм. Мөн холбогдох баримтыг хариуцагч тал өгөөгүй.

Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26.1, 27.6 заасан хуульд заасан шаардлагын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуульд зааснаар аливаа шийдвэр хуульд үндэслэх зарчимтай бөгөөд аливаа шийдвэрийг гаргахдаа хуульд заасны дагуу ажиллагаа хийх ёстой юм. Ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийг тусгай шалгалтад оруулахаар бүртгэж авсан бөгөөд 07  дугаар сарын 06-ны өдөр тусгай шалгалт болох байсан боловч 07 дугаар сарын 05-ны өдрийн оройны 19 цаг өнгөрч байх үед тусгай шалгалтад оруулах боломжгүй гэдэг хариу өгсөн. Холбогдох шалтгааныг тодруулахад Замын-Үүд дэх Гаалийн улсын байцаагч нь бакалаврын зэрэгтэй байх ёстой бөгөөд докторын зэрэг хамаарахгүй юм байна гэдэг тайлбарыг гаргаснаар нэхэмжлэгчийг тусгай шалгалтад оруулаагүй. Боловсролын ерөнхий газраас мэргэжлийн зэрэг дүйцэж байгаа эсэх холбогдох материалыг авсан. Гаалийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын тушаах хэсгийн 1 дэх заалтын хавсралтад заасан Гаалийн ерөнхий газрын болон харьяа гаалийн газрын ажлаас чөлөөлөх *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан өдрийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...’’ гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаалийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй томилогдсон төрийн жинхэнэ албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцсэн бол Гаалийн улсын байцаагчийн эрх олгож, гаалийн улсын байцаагчаар томилсон. ******* нь төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд тухайн үед энэхүү тушаалтай маргаагүй.

Үүний дараа тусгай шалгалтыг зохион байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд мэргэжлийн индекс нь хорио цээрийн байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод таарч байсан.

Гэтэл тэрээр тусгай шалгалтад бүртгүүлэхдээ хяналтын байцаагчид бүртгүүлсэн байсан тул түүний мэргэжлийн индекс таарахгүй гэж үзэн хяналтын байцаагчийн шалгалт өгөх боломжгүй гэх үндэслэлээр хассан.

Шүүх дээр маргаан хянагдаад урьдчилсан хэлэлцүүлэг болсны дараа дахин тусгай шалгалт зарлагдсан. *******гийн хувьд мэргэжлийн индекс таарахгүй болохыг хүлээн зөвшөөрч Замын-Үүд дэх хорио цээрийн албаны эрүүл ахуйн албан хамгаалалтын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч гэсэн орон тоон дээр бүртгүүлж тэнцсэн. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн******* дугаар тушаалаар албан тушаалд томилогдоод үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа юм.

Тэрээр тусгай шалгалтад анх бүртгүүлэхдээ хорио цээрийн байцаагчийн албан тушаалд бүртгүүлэх боломжтой байсан юм...’’ гэжээ.[14]

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Дөрөв: Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн талаар:

4.1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2 Хариуцагчаас маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр “ажлаас халах тухай” тушаалаа гаргахдаа “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох”, 33 дугаар зүйлийн 33.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна”, 46 дугаар зүйлийн 46.2.5  Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх хуульд заасан  бусад үндэслэл”, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтыг...”  хууль зүйн голлох үндэслэл болгон *******г Төрийн албаны тухай хуульд заасан тусгай шалгалтыг өгөөгүй гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4.3.Учир нь Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дэх хэсэгт ‘’Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна’’ гээд мөн зүйлийн 33.2.1-д “ерөнхий шалгалт”, 33.2.2-т “тусгай шалгалт’’ гэж, 33.3-д “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна’’ гэж тус тус заажээ.

4.4.Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, ******* нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд тооцох нийтлэг журам, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 33.3 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид томилогдох тусгай шалгалт өгөх хуулийн зохицуулалтыг зөрчиж томилогдсон байна.

4.5.Энэхүү зөрчлийг засаж залруулах боломжтой гэж үзэн хариуцагчаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

4.6. Уг актыг гаргахаас өмнө 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна[15].

4.7.Энэ захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ... зарчимд нийцсэн тул Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ‘’Ажлаас чөлөөлөх тухай’’ дугаартай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй боломжгүй юм.

4.8.Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбараар ******* Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчиж томилогдсоноо үйлдлээрээ хүлээн зөвшөөрч, зөрчлөө засаж залруулахаар өөрийн эзэмшсэн Хүнс судлал-хүнсний микробиологич  /078/ бакалавр, магистр, БНХАУ-н Өвөр монголын их сургуулийн Биохими-инженерчлэл мэргэжлэлийн доктор /071/ дипломд нийцэж буй Замын-Үүд дэх гаалийн газрын Хорио цээрийн албанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах мэргэжлийн индекст тохирох албан тушаалын тусгай шалгалтад бүртгүүлэн, оролцож, тэнцсэн.[16]

4.9.Улмаар Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн******* дугаар тушаалаар Замын-Үүд дэх гаалийн газрын Хорио цээрийн албанд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа болно[17].

4.10.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ‘’Ажлаас чөлөөлөх тухай’’ дугаартай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.2.2 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гаас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан ’’Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ‘’Ажлаас чөлөөлөх тухай’’ дугаартай тушаалын *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах’’ тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Л.БАТБААТАР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 56 дахь тал

[2] Хавтаст хэргийн 9 дэх тал

[3] Хавтаст хэрэг 10 дахь тал

[4] Хавтаст хэрэг 39-40 дэх тал

[5] Хавтаст хэрэг 41-44 дэх тал

[6] Хавтас хэргийн 51 дэх тал

[7] Хавтас хэргийн 62-64 тал

[8] Хавтаст хэрэг 45 дэх тал

[9] Хавтаст хэрэг 49 дэх тал

[10] Хавтаст хэрэг 50 дахь тал

[11] Хавтаст хэрэг 14 дэх тал

[12] Хавтаст хэрэг 2 дэх тал

[13] Хавтаст хэрэг 35-38 дахь тал

[14] Шүүх хуралдааны тэмдэглэлийг үзнэ үү.

[15] Хавтас хэргийн 142 хуудас

[16] Хавтас хэргийн 139-141 тал

[17] Хавтас хэргийн 135-138 тал