Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 008

 

  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00754 дүгээр шийдвэртэй, Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 4 дүгээр багийн Их буланд үйл ажиллагаа явуулдаг  “К” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “К” ХХК-аас 15.000.000.00 төгрөг гаргуулах тухай.

             

Нэхэмжлэлд: “...“К” ХХК нь 2014 онд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс ямар ч үндэслэлгүйгээр 15.000.000.00 /арван таван сая/ төгрөг шилжүүлж авсан байна. Өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 15.000.000.00 /арван таван сая/ төгрөг шилжүүлэн авснаас хойш 5 гаруй жил өнгөрсөн ч сум хөгжүүлэх сангаас авсан мөнгө төлөөгүй тул хариуцагч компаниас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15.000.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.   

 

Хариуцагчийн тайлбарт: “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг хэн нэгэн хуулийн этгээд, иргэн өөрөө дур мэдэн шилжүүлэн авч ашиглах ямар ч боломжгүй. Дээрх сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдтэй зээлийн гэрээ байгуулж олгодог. Ямар нэгэн гэрээ холбогдох материал нь байхгүй бол тухайн асуудлыг хариуцаж хяналт тавьж байгаа Төрийн сан гүйлгээ хийдэггүй. Тухайн үед манай компанид зээл олгосон бол зээлийн гэрээ, холбогдох бичиг баримтууд нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт байх ёстой. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой.

Хэрэв 2014 онд Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас манай компанид зээл олгосон бол нэхэмжлэгч холбогдох материалыг гаргаж ирэх ёстой. Энэ тохиолдолд манай компани зээлийн гэрээний дагуу зээл төлөх эсэхийг шийдвэрлэнэ. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн материал гаргаж өгөөгүй, манай компани өөрөө дур мэдэн мөнгө шилжүүлж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00754 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч “К” ХХК-аас 15.000.000.00 /арван таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгохоор шийдвэрлэжээ.

  

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-д зааснаар төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь ирүүлсэн төслийн материалыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж зохих шийдвэр гаргах, зөвлөлийн хурлын шийдвэр гарсны дараа сумын Засаг дарга зээл олгох захирамж гаргаж зээл авагчтай батлагдсан загварын дагуу зээлийн гэрээ байгуулж энэ үндсэн дээр зээл олгох, зээл олгосон холбогдох материалыг Засаг даргын Тамгын газарт хадгалж байх ёстой.

Манай компани нь 15.000.000.00 төгрөгийн зээлийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр авсан бөгөөд тухайн үед Өлгий сумын холбогдох хүмүүс манай компанитай гэрээ байгуулж зээлийг 2 жилийн хугацаатай олгож байна гэдгийг хэлсэн. Гэхдээ гэрээний хувийг бидэнд гардуулж өгөөгүй.Тэрнээс хойш 5 жилийн хугацаанд зээлийг эргэн төлөх талаар шаардаж байгаагүй, ямар нэгэн мэдэгдэл, шаардлага өгч байгаагүй. Нэгэнт зээлийн гэрээний хувь манайд байхгүй учир хариуцагчийн зүгээс “К” ХХК-д зээл олгох шийдвэр гаргасан төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, тус компанийн хүргүүлсэн төсөл, зээл олгох шийдвэр гаргасан Өлгий сумын Засаг даргын захирамж, зээл авагчтай байгуулсан зээлийн гэрээний хуулбарыг гаргуулж өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан боловч 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/Ш32019/02669 дугаартай захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан учир нотлох баримт бүрдүүлэх ямар ч боломжгүй болсон. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс зээлийн гэрээ, холбогдох бусад нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй байхад зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж зээлийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Анхан шатны шүүх зээлийн гэрээ байхгүй байхад Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 1.6.2-т “зээлийн хугацаа нь 36 сар хүртэл байна” гэж заасныг баримтлан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэж зээлийн төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй байна. Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх өөрийн таамаглалаар шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргаас хариуцагч “К” ХХК-д холбогдуулан 15.000.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “хариуцагч нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас үндэслэлгүйгээр 15.000.000.00 төгрөг авсан” гэж тайлбарлажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын Төрийн сангийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11, 15 дугаар төлбөрийн хүсэлтүүд, дансны хуулгыг гаргаж өгснөөс гадна Капитрон банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19/507 дугаар албан бичгийг шүүхийн журмаар бүрдүүлж, хэрэгт хавсаргажээ.

 

Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн үндэслэлээ “хэн нэгэн хуулийн этгээд өөрөө дур мэдэн сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг шилжүүлэн авч ашиглах боломжгүй, дээрх сангийн хөрөнгийг холбогдох журмын дагуу, эрх бүхий этгээдийн шийдвэр гарсны үндсэн дээр, зээлийн гэрээгээр олгодог” гэж тайлбарлан 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр “... холбогдох материал сумын ЗДТГ-т хадгалж байх ёстой. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-аас “К” ХХК-д зээл олгох шийдвэр гаргасан төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хурлын шийдвэр, тус компанийн хүргүүлсэн төсөл, зээл олгох шийдвэр гаргасан Өлгий сумын Засаг даргын захирамж, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хуулбарыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-аас гаргуулах” тухай хүсэл гаргажээ.

 

Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт зааснаар гаргасан хүсэлтийг анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШЗ2019/02669 дугаар шүүгчийн захирамжаар “тухайн нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгч чадаагүй, уг нотлох баримтуудыг хариуцагч өөрөө олж авах бүрэн боломжтой” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргаж байгууллага, хувь хүний нууцтай холбоотой өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх,  түүнчлэн эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах эрхийг тус тус хангаагүй нь хуулийн дээрх зохицуулалтуудад нийцээгүй.

 

            Хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хариуцагч компанитай холбоотой төсөл, шийдвэр, захирамж, гэрээ зэрэг нь нэхэмжлэгч талд байхгүй болохыг мэдэгдье” гэх тайлбар авагдсан ба энэ нь хариуцагчийн эсрэг талаас нотлох баримт гаргуулах, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хариуцагчийн уг хүсэлтэд дурдсан нотлох баримтууд нь нэхэмжлэгч байгууллагын архивд хадгалагдах, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахаар нотлох баримтууд мөн болохыг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтын дагуу хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2019/00754 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.950.00 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК