| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00833/И |
| Дугаар | 155/ШШ2024/00846 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2024/00846
| 2024 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 155/ШШ2024/00846 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Ж. Б.гийн,
Хариуцагч: Г.ын Б.ад холбогдох,
600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/00833/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 8 сард Б.тай байшингийн цонх, хаалга, дээврийн ажлыг 1,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохирч, тухайн үед 200,000 төгрөг өгсөн. Тэр үед 3, 4 өдөр ажиллаад ирэхгүй байсаар 11 дүгээр сар хүргээд дулаан болохоор ирж хийе гээд надаас 600,000 төгрөг авсан. 2023 оны 4 дүгээр сард ирж, 1 өдөр ажиллаад хэд хоногийн дараа хийж чадахааргүй боллоо гэхэд нь мөнгөө авъя гэхэд хойшлуулсаар 1 жил 8 сар өнгөрлөө.
Иймд Ж.Б. миний өгсөн 600,000 төгрөгийг Г.Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Г.Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Ж.Б.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нийт 600,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б. нь хариуцагч Г.Б.ад холбогдуулан 600,000 (зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийн тал хувь болох 9,325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б.аас улсын тэмдэгтийн хураамж 9,325 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б.гийн нэхэмжилсэн 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Г.Б. хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,650 төгрөгөөс 9,325 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б.аас улсын тэмдэгтийн хураамж 9,325 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА