Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00532

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2024/00532

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч:  ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,

Хариуцагч:  Г-гийн Г.д холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 51,254,067.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 808,849.63 төгрөг, нийт 52,062,917.57 (тавин хоёр сая жаран хоёр мянга есөн зуун арван долоо) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 1 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч, 155/2024/00079/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г. нь ХААН банкны Хөвсгөл салбарын Цагаан-Үүр тооцооны төвтэй 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/202249726165 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 18,745,932.06 төгрөг, зээлийн хүугийн төлбөрт 13,682,867.94 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,608.51 төгрөг, нийт 32,439,408.51 төгрөг төлсөн байна. Зээлдэгчийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогссон. Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг хэвийн төлөх боломж алдагдсан. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт: а. Үндсэн зээлийн төлбөр 51,254,067.94 төгрөг, б. Зээлийн хүүгийн төлбөр 808,849.63 төгрөг, в. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 52,062,917.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2. Хариуцагч Г.Г. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ХААН банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний нөхөр ********* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. Зээлдэгчийн эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа зогссон. Зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон. Талийгаач 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагаан-Үүр сумын ХААН банкнаас 70,000,000 төгрөгийг 22,8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж авахдаа, надтай хамт очиж надаар гарын үсэг зуруулж энэхүү зээлийг аваагүй. Өөр хэн нэгэн хүнээр зуруулж авсан байна. Хэн нэгэн хүнтэй хамтарч авсан ч юм бил үү.

Ийм учраас би энэ бизнесийн зээлийг төлөхгүй. Миний гарын үсэг биш байсан гэжээ. (хавтаст хэргийн 32 дахь тал)

3. Хариуцагч Г.Г. 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 1969 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Манай нөхөр ***************** ХААН банкнаас 70,000,000 төгрөгийн зээл аваад өөрөө төлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. ХААН банкнаас 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 52,062,917.57 төгрөгийг төлөх нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татсан. Би сар бүрийн төлөлтийг хийж байгаад, энэ нэхэмжилсэн мөнгөөс одоо 41,239,554.65 төгрөг үлдсэн байгаа. Энэ үлдсэн мөнгөө би гэр бүлийн хүний хувьд төлж дуусгахыг зөвшөөрч байна гэжээ. (хавтаст хэргийн 247 дахь тал)

4. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б*********** 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХААН банк ХК нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч Г.Г.д холбогдуулан үндсэн зээлийн төлбөрт 51,254,067.94 төгрөг, зээлийн хүүд 808,849.63 төгрөг, нийт зээлийн төлбөрт 52,062,917.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Г. нь тус нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 808,849.63 төгрөг, зээлийн төлбөрт 10,014,513.29 төгрөгийг тус тус төлсөн байна.

Иймд нэхэмжлэлийн үнийн дүн өнөөдрийн байдлаар 41,239,554.65 төгрөг байх бөгөөд хариуцагч Г.Г.гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 249 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Г.Г.д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 51,254,067.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 808,849.63 төгрөг, нийт 52,062,917.57 (тавин хоёр сая жаран хоёр мянга есөн зуун арван долоо) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар ...нийт зээлийн төлбөрт 52,062,917.57 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Г. нь тус нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 808,849.63 төгрөг, зээлийн төлбөрт 10,014,513.29 төгрөгийг тус тус төлсөн. Иймд нэхэмжлэлийн үнийн дүн өнөөдрийн байдлаар 41,239,554.65 төгрөг байх бөгөөд хариуцагч Г.Г.гийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрлийг үндэслэн тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэх тайлбар, хариуцагч Г.Г. ...Манай нөхөр ******************* ХААН банкнаас 70,000,000 төгрөгийн зээл аваад өөрөө төлж байгаад 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсан. ХААН банкнаас 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 52,062,917.57 төгрөгийг төлөх нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар татсан. Би сар бүрийн төлөлтийг хийж байгаад, энэ нэхэмжилсэн мөнгөөс одоо 41,239,554.65 төгрөг үлдсэн байгаа. Энэ үлдсэн мөнгөө би гэр бүлийн хүний хувьд төлж дуусгахыг зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г. нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 10,014,513.29 (арван сая арван дөрвөн мянга таван зуун арван гурав) төгрөг (хорин ес) мөнгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр 41,239,554.65 (дөчин нэгэн сая хоёр зуун гучин есөн мянга таван зуун тавин дөрөв) төгрөг (жаран тав) мөнгийг төлж барагдуулна гэсэн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Г.Г. нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,265 төгрөгийн тал хувь болох 209,132.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г.гаас улсын тэмдэгтийн хураамж 209,132.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 51,254,067.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 808,849.63 төгрөг, нийт 52,062,917.57 (тавин хоёр сая жаран хоёр мянга есөн зуун арван долоо) төгрөг (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 10,014,513.29 (арван сая арван дөрвөн мянга таван зуун арван гурав) төгрөг (хорин ес) мөнгийг төлсөн, одоо үлдэгдэл төлбөр 41,239,554.65 (дөчин нэгэн сая хоёр зуун гучин есөн мянга таван зуун тавин дөрөв) төгрөг (жаран тав) мөнгийг төлж барагдуулахаар, хариуцагч Г.Г.гийн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 418,265 төгрөгөөс 209,132.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г.гаас улсын тэмдэгтийн хураамж 209,132.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА