Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2017/ШЦТ/61

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч М.Б, Б.Б, С.Л, Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хан хурмаст овогт М-гийн Б, Хүрэлүүд овогт Б-ийн Ба, Бумбат овогт С-ийн Л, Олхонууд овогт Цийн З нарт холбогдох 1717000230011 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хан хурмаст овогт М-гийн Б /РД:МЮ92051235/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр баг, 2 дугаар байрны 2-11 тоотод оршин суух, “Шивээ-Овоо” ХК-нд уурхайн технологи дамжлагын хэсгийн конвейерийн машинч ажилтай, дээд боловсролтой, машин ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 1 гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хүрэлүүд овогт Б-ийн Б  /РД:ЛЮ90043072/ Сүхбаатар аймагт 1990 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 5-62 тоотод оршин суух, “Ш” ХК-нд уурхайн технологи дамжлагын хэсгийн конвейерийн машинч ажилтай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, ам бүл 1 гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бумбат овогт С-ийн Л /РД:ЧГ88030918/ Улаанбаатар хотод 1988 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр баг, 15 дугаар байрны 2-23 тоотод оршин суух, “Ш” ХК-нд уурхайн технологи дамжлагын хэсгийн конвейерийн машинч ажилтай, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Олхонууд овогт Ц-ийн З /РД:УЮ87053111/ Улаанбаатар хотод 1987 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 4-58 тоотод оршин суух, “Ш” ХК-нд уурхайн технологи дамжлагын хэсгийн Хатаах үйлдвэрийн хяналтын оператор ажилтай, дээд боловсролтой, компьютер программ хангамжийн инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд иргэн С.Л, Б.Б нарыг зодож С.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.З, С.Л нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд М.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, С.Л нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд М.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч С.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б, Ц.З нартай бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны үүдэнд М.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч М.Б нь 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  С.Л-г чанга чанга дуугарлаа гэдгээр маргалдан түүнийг газарт унагаж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн Б.Б-ийг орцноос гүйж гарч ирэхэд нь явган хүний замын хавтангаар эрүүн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,

шүүгдэгч Б.Б, С.Л, Ц.Золбоо нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 12 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Л-г зодсон гэдэг шалтгаанаар М.Б-ыг бүлэглэж зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа буугаад явж байтал Б манай найзууд хотоос ирсэн, хорхог хийгээд өгөөч гэхээр нь би Б-тай хамт хөдөө явсан. Хорхог хийж байхдаа пиво уусан. Хөдөөнөөс шөнийн 2 цагт Б-гийн гэрт ирээд байрны гадаа тамхилаад зогсож байтал манай ажлынхан явж байсан. Л, Д хоёр гадаа чанга чанга дуугараад юм яриад байхаар нь би Л дээр очоод яагаад манай найзад томроод байгаа юм бэ гэхэд чи муу бацаан минь дугуй байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь Лхагвасүрэнг давхар хамж унагаагаад нүүр лүү нь цохисон. Дэлгэрбуян бид хоёрыг салгахад Лхагвасүрэн 12 дугаар байрны 4 дүгээр орц руу орсон. Намайг орцны гадаа зогсож байхад Батсуурь гарч ирээд манай найзыг яаж байгаа юм бэ гэхэд би юм дугараагүй. Тэгтэл хойноос нь 3 хүн гарч ирсэн. Би айлгах зорилгоор газраас тоосго аваад цохиход Батсуурийн эрүүнд нь санаандгүй цохисон. Би пиво уусан согтолт гайгүй байсан. Батсуурь, Лхагвасүрэн нарыг зодсоноо санаж байна. Миний буруутай үйлдэл байгаа. Хүлээцгүй яаруу зангаас минь болж ийм хэрэг гарсан. Учрыг нь олоогүй байж түргэн ааш гаргасандаа харамсаж байна. Гэм буруугаа ойлгож байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

1.2. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Л-гийн амралтыг тэмдэглээд З, А бид 4 архи, пиво уусан. Лхагвасүрэн гэр лүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд тагтан дээр гараад зогстол гадаа чимээ шуугиан гарсан. Юун чимээ гарав гээд хартал Л гадаа Буянбаттай маргалдаад зогсож байсан. Би гараад миний найзыг яаж байгаа юм гээд очтол намайг тоосгоор цохисон. Би Б-ын нүүрэнд хэдэн удаа цохисон. Тэгээд А-ны гэрт ороод байж байтал Б орж ирээд Золбоотой маргалдсан. Тэгээд гэр гэр лүүгээ явсан. Би нилээд согтуу байсан. Болсон явдлыг санаж байна. Би зүүн гараараа нэг цохисон. Дээр доороо ороод барилцаж унасан. Түүний хажуугаар Л, З хоёр орж зодолдсон. Бид нар нийлж байгаад зодсон. Хийсэн хэргээ хүлээж байна. Мөнгөн торгууль оногдуулах ялаар шийтгүүлэх хүсэлттэй байна гэв.

 

1.3. Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр З, Б, А бид дөрөв ээлжийн амралтаа тэмдэглээд нэг шил архи, 10 гаруй пиво уусан. Шөнийн 2 цаг болж байхад гэр лүүгээ явахаар гартал гадаа Д-тай таарсан. Би Д-г юу хийж яваа юм бэ гэж асуусныг хоорондоо маргалдаад байна гэж ойлгоод Б намайг цохисон. Би эргэж ороод найзууддаа хэлэхэд манай найзууд гарч ирээд Б-ыг зодсон. Би Б-ыг толгой нүүр лүү нь цохисон. Би хэл амаараа ярилцаад болох юмыг цохиж зодсон буруутай. Би гадаа гарснаа санахгүй байгаа. Бужигнаан дунд болсон зүйл орж гараад байгаа. Би нилээд согтоод харьж амрахаар гарсан юм. Хийсэн хэргээ хүлээж байна. Мөнгөн торгууль оногдуулах ялаар шийтгүүлэх хүсэлттэй байна гэв.

 

1.4. Шүүгдэгч Ц.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө А, Л, Б, бид дөрөв Л-гийн амралтыг тэмдэглээд 1 шил архи, нилээн хэдэн пиво уусан. Пиво ууж байхад Лх маргааш хот явна, эртхэн гэр лүүгээ явлаа гээд гараад удаагүй хүнд зодуулаад ороод ирсэн. Тэгээд Б түрүүлж гараад араас нь бид нар гарсан. Намайг гарахад Б Б хоёр зодолдож байсан. Би дээрээс нь хэдэн удаа цохисон. Б-ын найз Бямбаа гарч ирээд зодооныг салгасан. Буянбат, Б хоёр үлдээд Л гэр лүүгээ явсан. А, Б бид гурав буцаад гэр лүү орсон. Б Б-тай барилцаад газар унасан байсан. Энэ тэндгүй бужигнаад байсан. Б-ыг газар унасан байхад толгой руу нэг удаа цохисон. Бямбаа чи боль гэхэд больсон. Болсон явдлыг заримыг нь санаад заримыг нь санахгүй байгаа. Тухайн үед мэдүүлэг авахад тулгамдаад юу болсон талаар санахгүй байсан. Мэдүүлэг авсны дараа бид нар хоорондоо юу юу болсон талаар ярилцсан. Тэгээд болсон зүйлийн талаар бага зэрэг санасан. Хийсэн хэргээ хүлээж байна, гэм буруугаа ойлгож байна. Ээлжийн ажилтай болохоор албадан ажил хийх боломжгүй. Тиймээс мөнгөн торгууль оногдуулах ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна гэв.

 

1.5. Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нүдний ухархай яс, хамрын салст цөмрөлттэй тул нүд хамрын хамтарсан хагалгаанд 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ороод 1 сарын хугацаанд эмнэлгээр явсан. Эхлээд Б цохиод барилцаж унасан, тоос шороо бужигнаад хэн нь хаанаас цохисон нь мэдэгдэхгүй байсан. Б нэг цохисон, З2-3 удаа цохисон. Хагалгааны төлбөрийг бүрэн гаргаж өгсөн. Нүдний оёдлоо авахуулахдаа эмчтэйгээ уулзсан. Нүдний дусаалга дусаагаад гам сайн бариад эмчийн хяналтанд бай гэж хэлсэн. Хамрын эмч нь наалданги үүссэн байна гээд наалдангаа салгуулсан. Хамрын хагалгаа нь удаан эдгэсэн. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний бие бүрэн эдгэсэн. Намайг Л, Б, З нар зодсон гэв.

 

1.6. Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эрүү жаахан шалбарсан, өөр гэмтсэн зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Эмчилгээ хийлгээгүй, өөрөөрөө эдгэсэн гэв.

 

1.7. Хохирогч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зүүн нүд хөхөрсөн, энэ тэнд жаахан шалбарсан байсан. Б-д хаана хэдэн удаа цохиулсанаа санахгүй байна. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний бие хэвийн байдалдаа орсон гэв.

 

1.8. Гэрч Х.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай найз Ч-ийн төрсөн өдөр болж түүнийг тэмдэглээд Б, Б бид 3 шөнө 2 цаг болж байхад Шивээд ирээд  Б-ийнд орсон. Намайг унтах гээд байж байтал Б цонхоор хараад өөдөөс харсан байранд манай ажлын хүмүүс байна тэр хэд дээр очъё гэж хэлээд намайг дагуулаад гарсан. Бид 2 гараад өөдөөс харсан байр буюу 12 дугаар байр луу А-д орохоор явж байхад А-ны орцноос Л гарч ирээд бид хоёртой таараад тэр надтай мэндлээд ийм шөнө хаачих гэж байгаа юм хөгшөөн гэхээр нь би ийшээ оръё гээд орц руу заахад Б хажуунаас орж ирээд чи манай найзад томорлоо гэж хэлээд шууд Л-г давхар хамж унагаад гараараа зодож цохисон. Намайг болиулахад Л гарч ирсэн орц руугаа буцаад гүйгээд орсон. Б муу пиздааг алнаа гэж хэлээд орцны хажууд байсан цагаан саарал өнгийн тоосгонуудаас 1 талыг баруун гартаа, 1 бүтнийг зүүн гартаа бариад зогсож байхад орцоор манай ажлын Б гарч ирээд Буянбатад чи яахаараа манай найзыг зоддог юм бэ гэхэд Б шууд үгийн зөрөөгүй баруун гартаа барьж байсан тоосгоор түүний нүүрний хэсэгт эрүү орчимд нь цохисон. Б-ийг цохиулж байхад орцноос Л, З, А нар гарч ирсэн. Б Б-д тоосгодуулаад өөдөөс нь дайраад түүнийг гараараа нүүрэн хэсэг рүү нь цохиход Б газар унасан. Унасан байхад нь Л, З нар дээрээс нь нийлээд гараараа болон хөлөөрөө өшиглөөд бөөн бужигнаан болсон...Би тэр хэдээс айгаад холоос хараад зогсож байтал Б орцноос гүйж гарч ирээд зодоон хийж байгаа хүмүүсийг салгасан.  Б тэр хүмүүсийг болиулаад Л, З, А, Б нар буцаад гэр лүүгээ ороод явчихсан...Би бол өөрөө зодоонд огт ороогүй. Б-ыг З, Л, Б нар нийлээд зодсон. Харин А зодоонд оролцоогүй. Би найзынхаа төрсөн өдөр дээр очоод архи уугаагүй. Лаазтай пивоноос талыг л уусан. Эрүүл шахуу байсан. Болсон үйл явдлыг бүгдийг тод санаж байна. Тэд нар бүгдээрээ л согтуу байсан. Хамгийн гайгүй нь А бид 2 байсан. Б-ын хоёр нүд, хамрынхаа дээд хэсгээр хөхрөөд хавдсан байсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 23-25 хуудас /,

 

1.9. Гэрч Н.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2 цаг өнгөрч байхад Шивээд ирээд Б, Д нар манайд хонохоор болсон...Унтаж байтал хүмүүсийн орилолдох чимээнээр  сэрээд харахад манай 2 найз гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад цонхоор харахад Б гадаа орилж хашгичаад байгаа нь сонсогдсон. Харанхуй байсан болохоор юу ч харагдахгүй байсан. Тэгээд би шууд гэрээс гараад орцны үүдэнд гарч очиход Б-ыг газар унагаачихсан Л дээр нь гарчихсан гараараа нүүр лүү нь цохиж байсан. Тэгэхээр нь би очоод Л-г өргөж босгоход Б босч ирээд яаж байгаа юм бэ гээд орилоод байсан. Түүний нүд нь хөхрөөд хавдчихсан хамраас нь цус гарсан байсан байсан. Б Б луу дайраад тэр 2 хоорондоо зодолдсон. Нэг нэгнийгээ яаж зодож цохисныг мэдэхгүй Б түүнийг газар унагаад дээр нь суухад З толгойн талд зогсож байгаад Б-ын толгой руу баруун гараараа 1 цохиод авсан. Тэгэхээр нь би гүйж ирээд З-г цааш нь түлхсэн. Намайг гарч ирснээс хойш иймэрхүү үйл явдал болсон. Б-ийн баруун эрүүнд халцарсан байсан бөгөөд Б-ыг чи намайг тоосгодчихлоо гээд байсан. Би салгаад А, Б, Л, З нар А-ны гэр лүү орсон. Б-д би одоо болноо хөгшөөн манайд ороод амарчих цагдаад дуудлага өгье гэхэд үгүй гээд байсан...Намайг харж байхад Б-тыг Б газар унагаад дээр нь суугаад хүзүүн дээр нь гараараа тулаад байж байсан. Тэгж байхад нь З түүний нүүр лүү нь гараараа цохиод байсан. Лхагвасүрэн намайг гэрээс гарч ирэхэд түүний дээр нь гарчихсан гараараа цохиж зодоод байсан. Дэлгэрбуян тэр хэдээс нилээн зайтай ганцаараа зогсож байсан бөгөөд би түүнд энэ хэдийг салгаач гэхэд наад хэд чинь намайг зодох гээд байгаа юм аа гээд айгаад ойртохгүй байсан. Амарсайхан бол намайг гарч ирснээс хойш зодоонд оролцоогүй. Өмнө нь яасныг мэдэхгүй. Намайг гарч ирэхэд Батсуурийг барьчихсан хориод зогсож байсан. Тэд нар бүгдээрээ л согтуу байсан. Хамгийн гайгүй нь Ама, Д хоёр байсан. Хамгийн согтуу нь Л, З хоёр байсан. Б ер нь бол гайгүй байсан. Буянбат зодоон болж байх үед нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26-27 хуудас/,

 

1.10. Гэрч Н.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Л бид хоёр гэртээ ороод пивоо задлаад сууж байхад гаднаас Б,  гээд найзыгаа дагуулаад орж ирсэн. Бид дөрөв нийлээд авсан пивонуудаа хувааж ууцгаасан. Л 2 цаг өнгөрч байхад гэртээ харихаар манайхаас гараад явсан. Түүнийг явснаас хойш нэг их удалгүй манай гэрийн орцонд хүмүүс хоорондоо муудаад байгаа юм болов уу гэж бодоод гарахад Л шатаар дээшээ өгсөөд гарч ирж байсан. Түүний хамраас нь цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад найз нь сая доор хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Б, З хоёр Л-г аваад орцоор доошоо бууцгаасан. Харин би гэрийхээ хаалгаа түгжчихээд түлхүүрээ аваад араас нь гүйгээд гараад ирэхэд хамгийн түрүүнд орцноос Б түүний араас Л, З тэгээд би хамгийн сүүлд нь гарсан. Намайг орцноос гарахад манай ажлын Буянбат орцны үүдэнд хоёр гартаа нэг бүтэн, нэг тал тоосго /явган хүний зам хийдэг тоосго/ барьчихсан зогсож байсан. Б гартаа барьж байсан хоёр тоосгоныхоо нэгээр Батсуурийн толгой хэсэгт цохисон. Б цохиулаад Б-ын өөдөөс зодолдсон. Зодоон яг эхлэхэд Бямбаа гэрээсээ гарч ирээд надтай хамт тэр хэдийг салгалцсан. Салгах гэж хичнээн үзээд дийлдэхгүй байсан. Буянбат Оросоо хоёр нь нэг тал болоод Батсуурь, Лхагвасүрэн, Золбоо нартай зодолдоод байсан. Харанхуй байсан болохоор яг хэн нь хэнийгээ яаж зодож цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Зодоон, цохион ойролцоогоор 5-10 минут үргэлжилсэн. Л, Б З бид 4 манай гэр лүү ороод Л, Б хоёрын цус нөжийг цэвэрлэсэн... Б-тай Л харилцан зодолдсон. Мөн Л-гийн хажуугаар орж Б, З нар зодоод байсан. Б эхлээд Б-ийг орцноос гараад очиход нь тоосгоор цохисон. Харанхуй байсан болохоор яг сайн мэдэхгүй байна. Б-ыг ямар ч байсан орцны үүдэнд газар унагаад дээрээс нь хөл гараараа ээлжлээд Л, Б, З нар зодоод байсан. Б нь өөрөө харилцан зодолдоод Б-ийг мөргөөд хэд хэдэн удаа цохиж байгаа нь харагдсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 28-29 хуудас/,

 

1.11. Шинжээч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “М.Б-ын биед учирсан тархи доргилт, хамрын таславч болон ухархайн ясны хугарал, баруун зүүн нүдний зовхины цус хуралт, баруун чихний дэлбээнд шарх гэмтлүүд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөрний цус хуралт, баруун тохой, нурууны зүүн доод хэсэгт үүссэн зулгаралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуутай харицуулахад бага учир тус бүрдээ, бүгд нийлсэн ч шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 64-65 хуудас/

 

1.12. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 289 дугаартай дүгнэлтэнд: “М.Б-ын биед тархи доргилт, хамрын таславч болон ухархайн ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, зүүн мөрөнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун чихний дэлбээнд тав тогтсон шарх, баруун тохой, нурууны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.  

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 36-37 хуудас/,

1.13. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 285 дугаартай дүгнэлтэнд: С.Л-гийн биед зүүн зовхинд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн, сарвуу, хуйханд зулгаралт, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 49 хуудас/,

1.14. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаартай дүгнэлтэнд: Б.Б-ийн биед эрүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, бугалганд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч Г.Х гэжээ. /х.х-ийн 55 хуудас/,

1.15. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 7617 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “Б 15/эр” гэж хаягласан цусанд 0,9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дахь 0,9 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Л гэжээ. /х.х-ийн 75 хуудас/,

1.16. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-5 хуудас/

1.17. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 8-10 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч М.Б-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б, С.Л, Ц.З нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч М.Б, Б.Б, С.Л, Ц.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

2.1. Гэрч М.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Найз М.Б-ын хувьд нийтэч зантай. Хүнтэй учир зүйгээ олох, яриа хөөрөө сайтай. Хааяа баяр ёслолын үеэр архи, дарсыг тохируулаад хэрэглэдэг. Элдэв янзын ааш байхгүй. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Өөрийнхөө хийж байгаа ажил хөдөлмөрийн үр бүтээлтэй сэтгэлээсээ хийдэг зан чанартай. Ер нь ажилч хичээнгүй зантай” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 30 хуудас/,

2.2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний хүү Б үг дуу цөөтэй. Хүн юм асуувал хариулдаг зантай. Хэр барагийн хүнтэй ярихгүй. Чимээгүй өөрийнхөө хариуцсан ажлыг хийгээд явдаг. Хариуцсан ажилдаа сайн. Байгууллагаасаа Оросын холбооны улсад аялах эрхээр хүртэл шагнуулж байсан. Гэр орондоо их цэвэрч нямбай суудаг. Одоо тусдаа ганцаараа амьдарч байгаа. Эцэг эхийнхээ гарыг харахгүй амьдардаг. Харин ээж, аавдаа цалингаа буухаараа мөнгө өгдөг. Бид хоёроос хоол гуйгаад байхааргүй амьдарч байгаа. Миний нүдэн дээр архи, дарс хэрэглэсэн байгаа харагдаж байгаагүй. Ц.З, С.Л нарыг харахад хүнтэй мэнд устай, хөөрхөн ааштай хүүхдүүд байдаг. М.Б-ыг танихгүй болохоор хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/,

2.3. Гэрч Г.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр Ц.З-ийн хувьд гэр бүлдээ халамжтай. Хүмүүстэй их нийтэч, хөгжилтэй харилцаатай. Элдэв янзын муу зуршил байхгүй. Архи дарсыг хааяа баяр ёслолын үеэр тохируулж хэрэглэдэг. Архи уухаараа элдэв янзын зан байхгүй. Урьд хэрэг зөрчил гаргаж цагдаад шалгагдаж байгаагүй. Хүнтэй эвсэг харьцаатай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Элдэв янзын ааш зан байхгүй. Б.Б, С.Л нарыг Ц.З-той ажилладаг найз гэдгээр нь мэднэ. Элдэв янзын ааш зан байхгүй. Хүнтэй их нөхөрсөг харьцаатай. Ажил хөдөлмөрт сайн. Даруухан зантай залуучууд байдаг. М.Б-ын зан байдлын талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/,

2.4. Гэрч Э.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр С.Л-гийн хувьд гэр бүлдээ халамжтай. Өөрийн эрхэлсэн ажилдаа сайн. Архи дарсыг баяр ёслолын үеэр тохируулж хэрэглэдэг. Архи уухаараа элдэв янзын зан байхгүй. Урьд хэрэг зөрчил гаргаж цагдаад шалгагдаж байгаагүй. Хүнтэй эвсэг харьцаатай. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай. Элдэв янзын ааш зан байхгүй. Б.Батсуурь, Ц.Золбоо нарыг С.Л-гийн найз гэдгээр нь мэднэ. Элдэв янзын ааш зан байхгүй. Хүнтэй их нөхөрсөг харьцаатай. Даруухан зантай залуучууд байдаг. М.Б-ын зан байдлын талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 33 хуудас/,

2.5. Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С.Л, Б.Б, Ц.З, М.Б нарын хувьд өөрийн эрхэлсэн ажлаа сайн хийдэг. Хамт олныхоо дунд нэр хүнд сайтай. Хүмүүстэй нийтэч харьцаатай. Нэг баг болон хамтран ажиллах чадвартай. Хамт олны дунд зохиосон арга хэмжээнд идвэхитэй оролцдог. Элдэв янзын ааш зан байхгүй. Хамт олны дунд зөв үлгэр дуурайлалтай. Урьд сахилга, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Манай хэсгийн тэргүүний ажилчин залуучууд байгаа юм” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 34 хуудас/,

2.6. Хохирогч С.Л, Б.Б, М.Б нар нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид хоорондоо эвлэрсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 109-116 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хан хурмаст овогт М-гийн Б-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хүрэлүүд овогт Б-ийн Б, Бумбат овогт С-ийн Л, Олхонууд овогт Ц-ийн З нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Л-г 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.З-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТТУЛГА