Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0941

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС=

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “” ХХК /РД: *******/

            Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хороо,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Техникийн зөвлөл,

            Хариуцагч: Монгол Улсын Соёлын сайд нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдэн төлөөлөгч , , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын Техникийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Монгол Улсын Соёлын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “” ХХК нь ““”-ын тоног төхөөрөмж бараа худалдан авах багц-2 тавилга нийлүүлэх ажлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 8 дугаар сарын 24-ний тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа тодруулж, ихэсгэсэн[1] бөгөөд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа:

1.3.Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах;

1.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах;

1.5. Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот дугаартай худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах талаарх албан бичгийг хүчингүй болгуулах тухай

1.6  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт захирамжаар[2] байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах; гэж тодорхойлсон.

Хоёр: Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1. Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд Улсын төсвийн хөрөнгөөр 2022-2023 онд он дамжин санхүүжих “”-ын тоног төхөөрөмж дугаартай 5 тэрбум төсөвт өртөг бүхий 9 багц сонгон шалгаруулалт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр www.tender.gov .mn сайтаар нээлттэй зарлагдсан байна.

2.2. Тус тендер сонгон шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 40 минутад нээсэн бөгөөд тус сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн “” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан “шаардлагад нийцсэн тендер” гэж шалгаруулжээ.

2.3 Тендерийн ялагч “” ХХК 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-д тавилга нийлүүлэх ажил”-ын 1,089,912,579 /нэг тэрбум наян есөн сая есөн зуун арван хоёр мянга таван зуун далан ес/ төгрөгийн дүнтэй, дугаар гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлж хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан байна[3].

2.4. Гэвч Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГазрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр “...гэрээний үүргийн дагуу өнөөдрийг хүртэл ганц тавилга нийлүүлээгүй байгаа...” болохыг дурдаж дээр байгуулсан гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн болох тухай мэдэгдлийг  “” ХХК-д хүргүүлжээ[4].

Төд удалгүй Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын Техникийн зөвлөл 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, “...“” ХХК-ийг нийлүүлэх ёстой оффисын 15 ш тавилгыг гэрээний үүргийн дагуу захиалагч, ашиглагч байгууллагуудад нийлүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчиж байгаа тул гэрээг цуцлах, захиалагч Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон дүүргийн Засаг даргын Тамгын газарт гэрээг цуцлах болсныг албан ёсоор мэдэгдэхээр шийдвэрлэж, 2023-01 дугаартай хурлын тэмдэглэлийг үйлджээ[5].  

Улмаар энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар[6], Соёлын яам[7],  “” ХХК зэрэгт тус тус мэдэгдсэн байх бөгөөд дээрх үйл баримтыг үнэлэн  Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба ОНӨААТҮГазар руу “...“” ХХК-тай байгуулсан гэрээг албан ёсоор цуцалсан болохоо мэдэгджээ[8].

2.6. Харин Соёлын сайдаас 2023 оны  08 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичгээр “...Хүүхэд Залуучуудын Театр" -ын тоног төхөөрөмж бараа худалдан авах багц-2 тавилга нийлүүлэх худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулж өгөхийг хүсэлтийн дагуу 2023 оны 08 сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газар хуралдаж, хурлаар үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичиг боловсруулж, захиалагчаар батлуулан 2023 оны 08 сарын 24-ний өдөр 124/3925/ дугаартай Өглөөний сонин, www.tender.gov.mn сайтаар Дамжуулан нээлттэйгээр тендер зарлаж 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 40 минутад нээлт хийнэ. Зарлагдсан буюу тендерийн материал хүлээн авахаар тогтжээ.

Энэ хугацаанд “” ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 01/54 тоот албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-т гомдол гаргаж мөн өдрийн 01/55 нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай "" ХХК нь "Хүүхэд Залуучуудын Театр" -ын тоног төхөөрөмж бараа худалдан авах багц-2 тавилга нийлүүлэх ажил тендерт шалгарч, 2022 оны 12 сарын 23-ны өдөр дугаартай гэрээ байгуулсан. Ингээд захиалагч байгууллагын буюу Хүүхэд Залуучуудын Театр"-ын барилгын ажил удааширч өнөөдрийн байдлаар ашиглалтад ороогүй байна. Харин  захиалагчийн зарим эрх шилжин хэрэгжиж байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Албанаас дээрх бараан тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээж авахгүй, харин танайд хадгалуулна гэсэн утга бүхий зүйлийг удаа дараа мэдэгдэж байсан мөртлөө гэрээг ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр. Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Албаны үндэслэлгүй гаргасан хүсэлтээр захиалагч болох Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар цуцалсан гэх боловч Өнөөдрийн байдлаар цуцалсан захиргааны акт буюу шийдвэрийг танилцуулаагүй болно. Харин дээрх манай гэрээ байгуулсан тендерийг дахин зарлаж, 2023 оны 8 сарын 24 өдөр дахин тендер зарласан зар тавигдсан болохыг мэдлээ. Иймд Захиалагч Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрыг гэрээнд заасан бараа ажил үйлчилгээг чанарын шаардлага хангасан барааны агуулахад шилжүүлэн хүлээн авахыг даалгаж, мөн Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан 2023 оны 08 сарын 24-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах;

Нэхэмжлэлийн үндэслэл: Тус Захиалагч байгууллага буюу "Хүүхэд Залуучуудын Театр"-ын барилгын ажил удааширч тухайн үед ашиглалтад ороогүй байсан. Харин захиалагчийн зарим эрх шилжин хэрэгжиж байгаа гэх Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албанаас дээрх бараа тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээж авахгүй, харин танайд хадгалуулна гэсэн утга бүхий зүйлийг удаа дараа мэдэгдэж байсан мөртлөө гэрээг ямар ч хуульд заасан үндэслэлгүйгээр, Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Албаны үндэслэлгүй гаргасан хүсэлтээр захиалагч болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газар цуцалсан. Тухайн үед цуцалсан албан бичгийг танилцуулаагүй бөгөөд манай гэрээ байгуулсан тендерийг дахин зарлаж, 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдөр дахин тендер зарласан зар тавигдсан байсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гарахын өмнө эрх хууль, ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчиж сонсож ажиллагаа явуулалгүй гэрээг цуцалсан хууль бус албан бичиг учир хүчингүй болгох үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай. 

Нэхэмжлэлийн үндэслэл: Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дугаартай хууль бус шийдвэрээр “” ХХК-ны Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр СОЯ/20222038 дугаартай байгуулсан гэрээг цуцалсан.

Мөн Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн "Шийдвэрлэсэн" хэсэгт: ...гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 2.10. Бараа хүлээлгэн өгөх нөхцөл: "Барааг хүлээлгэн өгөхдөө техникийн нөхцөлийн дагуу угсарч, суурилуулж хэвийн ажиллагаанд орсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх, бараанд холбогдох бусад баримт бичгүүдийн хавсаргах" заалт болон гэрээний ерөнхий нөхцөлийн Тав. Гэрээ дуусгавар болох бүлгийн "5.1. Захиалагч дараах үндэслэлийн аль нэг ч хангагдсан тохиолдолд гэрээнээс татгалзах, эсхүл цуцлах эрхтэй" гэсэн заалт, мөн Гэрээний 5.1.1 Нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч нэмэлт хугацаанд гүйцэтгээгүй" гэсэн заалтын үндэслэн гэрээг цуцалсан байдаг. Гэвч гэрээний нэмэлт хугацаа тогтоосон талаарх албан бичгийг ирүүлээгүйгээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна" гэж заасны дагуу гэрээний үүрэг дуусгавар болж байгааг мэдэгдэх ёстой байтал мэдэгдэлгүй гэрээг цуцалсан.

3. Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Тус Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт захирамжаар үнэлгээний хороо байгуулсан. Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Багц-2 Хүүхэд Залуучуудын театр шаардлагатай тавилга" нийлүүлэх дахин тендер шалгаруулалт зохион байгуулах"-аар шийдвэрлэсэн шийдвэрийг, хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна. 

4. Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот дугаартай худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах талаарх албан бичгийг хүчингүй болгуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл: Тус Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний ******* дугаартай албан бичигт "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮ газраас 2023 оны 07 дугаар 20-ны өдрийн 373 дугаартай албан бичигт /гүйцэтгэгч "" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаандаа бараагаа нийлүүлээгүй, гэрээний хэрэгжилтийг хангахгүй нь тодорхой болсон тул гэрээ цуцлах мэдэгдлийг нийлүүлэгч тал хүргүүлсэн" тухай албан бичгийг үндэслэн Багц-2: Тавилга нийлүүлэх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах" талаар албан бичиг гаргасан. Тус 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний хорооны тайлбарт дурдсанаар Соёлын сайдын албан бичгийг үндэслэн дахин тендер зарласан байх ба уг албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэжээ.

3.3. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд Улсын төсвийн хөрөнгөөр 2022-2023 онд он дамжин санхүүжих ""-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) дугаартай ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Эрх шилжүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үнэлгээний хороо байгуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар захирамж ирсэн.

 ""-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) дугаартай ажлын төсөвт өртөг 5 тэрбум төгрөг бүхий 9 багц төсөл арга хэмжээ байсан. Багц 2-д Тавилга нийлүүлэх ажлын ""-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) дугаартай ажлын төсөвт өртөг нь 1,118,010,000 (нэг тэрбум нэг зуун арван найман сая арван мянга) төгрөг бүхий тендерийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр www.tender.gov.mn сайтаар нээлттэй зарлаж 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 40 минутад нээлт хийсэн. Нээлт хийхэд 4 компани тендерийн материал ирүүлж оролцсон. Үнэлгээний хороо тендерийг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.3 дахь заалтад заасны дагуу ирүүлсэн тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангаж шаардлагад нийцсэн тул "" ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгарч үнэлгээний хорооны зөвлөмж, худалдан авах ажиллагаатай холбоотой холбогдох материалыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Захиалагчид хүргүүлснээр тус үнэлгээний хорооны ажил дуусгавар болсон.

Тус албанд Дүүргийн Засаг даргын тамгын газар, Соёлын яам, Соёлын сайд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын албан бичгүүдийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Үнэлгээний хороо байгуулах тухай 2022 оны 09 сарын 21- ний өдрийн дугаартай байгуулагдсан үнэлгээний хороо 2023 оны 08 сарын 21- ний өдөр 100 хувийн ирцтэй хуралдсан. Хурлаар үнэлгээний хорооны гишүүд тендерийн баримт бичиг боловсруулж, захиалагчаар батлуулан 2023 оны 08 сарын 24-ний өдөр 124/3925/ дугаартай Өглөөний сонин, www.tender.gov.mn сайтаар Дамжуулан нээлттэйгээр тендер зарлаж 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 09 цаг 40 минутад нээлт хийнэ. Зарлагдсан буюу тендерийн материал хүлээн авч байгаа тендерийг цуцлах эсэхийг тус алба шийдвэрлэх боломжгүй болно...” гэжээ.

3.4. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Эрх шилжүүлэх тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр 2022-2023 онд он дамжин хэрэгжиж байгаа ""-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) нийлүүлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан.

Тус ажил нь нийт 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 9 багц төсөл арга хэмжээ бөгөөд багц 2 буюу тавилга нийлүүлэх 1,118,010,000 (нэг тэрбум нэг зуун арван найман сая арван мянга) төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр “" ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан.

Гэвч захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн албанаас "" ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ цуцлахаар шийдвэрлэсэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023/01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр гэрээг цуцалсан болно...” гэжээ.

3.5 Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба ОНӨААТҮГ-аас нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэнтэй холбоотойгоор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх, "Б*******" ХХК-aac Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг авч хянаад, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 128/Ш32023/7269 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа ба нэхэмжлэгч " ХХК-ны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, тодруулах тухай" хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байгаа бөгөөд хүсэлтийн дагуу хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “” ХХК-иас "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03/4777 дугаар албан бичгийн үндэслэл болсон Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны Өдрийн 2023-01 дугаартай техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан байх тул Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна" гэж заасан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 58.1-т заасны дагуу Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд хэрэглэнэ заалт, мөн Захиргааны Ерөнхий хуулийн 2 дугаар хэсэг, Захиргааны шийдвэр, Ѵ бүлэг, Захиргааны акт. 39 дүгээр зүйл.39.1- т Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна, 40.4. Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана заалт, Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 2.10 заалт, гэрээний Ерөнхий нөхцөлийн Тавдугаар бүлэгт "Гэрээ дуусгавар болох" 5.1 "Захиалагч дараах үндэслэлээр аль нэг нь хангагдсан тохиолдолд гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах эрхтэй" гэсэн заалт, 5.1.1 "Нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Захиалагч нэмэлт хугацаа тогтоосон боловч нэмэлт хугацаанд гүйцэтгээгүй" гэсний заалтуудыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Алба ОНӨААТҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг баталгаажуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт эрх шилжин хэрэгжиж буй ""-ын тоног төхөөрөмж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дуу залуучуудын театр авах Багц-2 Тавилга нийлүүлэх ажил" гүйцэтгэхээр худалдан гэрээг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр талууд Гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний тусгай нөхцөлийг харилцан тохиролцон, зөвшилцөлд хүрсний үндсэн дээр захиалагч НЗДТГ-тай байгуулсан.

Нэхэмжлэгч "" ХХК гэрээний Ерөнхий нөхцөл, Тусгай нөхцөл, гэрээний маягт тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч буйгаа 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №******* дугаартай албан мэдэгдлээр Сонгинохайрхан дүүргийн Худалдан Авах Ажиллагааны Албанд ирүүлэн уг тендерт оролцсон ба тухайн ажилд нийлүүлэгчээр сонгогдон шалгарсан. Мөн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №T/83 тоот "Баталгаа"-г СХД-ийн ХАААД".....тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан ажлыг техникийн тодорхойлолтын дагуу гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх баталгааг гаргаж байна" гэж тендерийн материалд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн НЗДТГ-тай байгуулсан дугаартай Гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 2.6. Ажил эхлэх өдөр бол: Бараа нийлүүлэлтийн ажлыг 2022 оны 12 дугаар сарын 23-аас эхэлнэ, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгнө гэж заасныг тус компанийн захирал ******* өөрөө хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулснаар хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч өөрийн гарын үсгээрээ баталгаажуулсан гэрээнд заагдсан гэрээний хугацаа дуусах өдрийг мэдэж байх үүрэгтэй ба гэрээний хугацааг сунгах тухай хүсэлтийг "Захиалагч" НЗДТГазар болон "Захиалагчийн төлөөлөгч" Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Алба ОНӨААТҮГ-т гэрээний хугацаа дуусах 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө болон хойно албан ёсоор ганц ч удаа хүсэлтээ ирүүлж байгаагүй.

Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээний талуудын хооронд үүссэн үүрэг хариуцлагын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг, гэрээний хугацаа дуусахаас өмнө албан ёсоор гэрээний хугацаа сунгах талаар хүсэлтээ ирүүлэх ёстойг мэдэж байсан. Нэхэмжлэгч " ХХК-тай захиалагч НЗДТГ-ын байгуулсан дугаартай гэрээний ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ Нөхцөл. Нэг. ТОДОРХОЙЛОЛТ БА ТАЙЛБАР бүлгийн 1.1.3. "Захиалагч" гэж Гэрээ баталгаажуулах маягтад нэрлэсэн этгээдийг, 1.1.12. "Захиалагчийн төлөөлөгч" гэж Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахаас бусад гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар Нийлүүлэгчтэй харилцах, хяналтыг хэрэгжүүлэх эрхтэй Захиалагчаас томилогдсон этгээдийг" гэж заасан. Нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусгавар болсноор гэрээ байгуулсан талуудын хооронд үүссэн үүрэг хариуцлагын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг, гэрээний хугацаа дуусахаас өмнө албан ёсоор гэрээний хугацаа сунгах талаар хүсэлтээ Захиалагч болон захиалагчийн төлөөлөгчид ирүүлэх ёстойг мэдэж байсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч гэрээг баталгаажуулсан.

Нэхэмжлэгч "" ХХК-аас 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр манай байгууллагад 2 удаа албан тоотоор хандаж байсан бөгөөд түүнээс хойш манай байгууллагад ганц ч удаа албан ёсоор дахин бараа тавилга хүлээлгэн өгөхөөр хандаж байгаагүй, хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хандсан. Манай байгууллагын зүгээс бид удаа дараа тус компанийн захирал ******* болон гэрээнд заагдсан утас руу нь холбогдохоор залгахад авдаггүй байсан. Мөн нэхэмжлэгчийн... Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Албанаас дээрх тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээн авахгүй, харин танайд хадгалуулна гэсэн утга бүхий зүйлийг удаа дараа мэдэгдэж байсан.... гэсэн байна.

Манай байгууллагын зүгээс 2023 оны дугаар сарын 02-ноос хойш тус компанийн захирал *******тай ганц ч удаа холбогдож чадаагүй, мөн нэхэмжлэгч "" ХХК-д тавилгын хадгалалттай холбоотой санхүүг шийдэх боломжгүй, барааг хүлээн авахгүй, харин танайд хадгалуулна...." гэж ганц ч удаа албан ёсоор хандан мэдэгдэж байгаагүй, нийлүүлэгч утсаа авахгүй холбогдохгүй байсаар 2023 оны 07 дугаар сарын 30 хүрсэн. Нэхэмжлэгчийн НЗДТГ-тай байгуулсан дугаартай гэрээний 8 дугаар заалтад "8. Гэрээнд холбогдох асуудлаар талууд албан бичгээр болон утсан холбоогоор харилцана" гэж /хх-ийн 87-р хуудас/ заасан. Мөн уг тендерт нэхэмжлэгч "" ХХК оролцохдоо 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 40 минутад нээлт хийхэд захирал ******* 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр итгэмжлэлийг өөрөө өөрийгөө төлөөлөхөөр ирүүлсэн байдаг тул захиалагч болон захиалагчийн төлөөлөгчтэй тус компаниас дугаартай гэрээтэй холбоотой бүхий л асуудлаар өөрөө албан ёсоор холбогдож, гэрээний үүргийн биелэлтийг хангахаар заасан. Энэ нь нэхэмжлэгчийн бусад ажилтан болон бусад ямарваа нэгэн этгээдээр уг үүргийг гүйцэтгүүлэхгүй гэсэн тодорхой нотолгоо болж байна. Нэхэмжлэгч "Б******* ХХК захиалагч НЗДТГ буюу төрийн байгууллагатай байгуулсан гэрээний хугацаагаа дуусгавар болсноо, гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээ сунгах хүсэлтээ төрийн байгууллагуудад өөрсдөө гаргаж өгөөгүй гэрээний хугацаагаа сунгаж чадаагүй өөрсдийн буруутай үйлдлээ төрийн байгууллагууд руу чихэн, буруутайд тооцон, Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн гэрээний үүрэг хариуцлагаа биелүүлэх ёс зүйн чадамжгүйг илэрхийлсэн илэрхийлэл, нотолгоо гэж бид үзэж байна.

2. Нэхэмжлэгч "" ХХК нь "Бараа нийлүүлэх хуваарь"-ийг НЗДТГ-тай гэрээ байгуулахдаа гарган, гэрээний бичиг баримтад хавсаргасан байдаг ба уг "Бараа нийлүүлэх үе шатны хуваарь"-аараа 2023 оны 02 дугаар сард барааг УБ хотод татан авчирч, 2023 оны 05 дугаар сард захиалагчид бүрэн хүлээлгэн өгөх хуваарийг Гүйцэтгэх захирал ******* нь өөрийн гарын үсгээрээ баталгаажуулсан. Гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноор Захиалагчид бараагаа нийлүүлээгүй нь, нийлүүлэх нь байтугай утсаа ч авахгүй болсон байдал нь, мөн ашиглагч "Хүүхэд Залуучуудын Театр" -ын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №10 дугаартай албан тоот болон манай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №76 дугаартай албан тоотод дурдагдсан 6 нэр төрлийн 15 ш тавилгыг нийлүүлэлгүй 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүрсэн нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийг биелүүлээгүй нь хангалттай нотолгоо болсон. 

3. Иргэний хуулийн Гуравдугаар дэд бүлэг. 5. Хоёр талын гэрээнд үүрэг зөрчих заалтын 225 дугаар зүйл. "Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах"- 1 225.1.-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн. Иймд "Захиалагчийн төлөөлөгч" Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн Алба ОНӨААТҮГ нь хууль журамд нийцүүлэн чиг үүргийнхээ дагуу Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан тул манай 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэгч " ХХК-ны хүсэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэжээ.

3.6. Хариуцагч Соёлын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар ""-ын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ төсөл арга хэмжээ батлагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолын дагуу Соёлын сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” ******* дугаар тушаалаар худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хяналт тавьж, гүйцэтгэлийн талаар тайлагнах эрхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шилжүүлсэн.

""-ын Тоног төхөөрөмж /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/ төсөл арга хэмжээний Багц-2 Тавилга нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон "" ХХК- ийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 1,089,912,579 төгрөгийн гэрээг байгуулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн захиалагчийн алба ОНӨААТҮГ-ЫН 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн "Гэрээ цуцлагдсан тухай" 373 дугаар албан бичигт "" ХХК-ийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дууссан болон бараа материал нийлүүлэх хуваариа мөрддөггүй байгаа байдал мөн ашиглагч Хүүхэд, залуучуудын театраас урьдчилан нийлүүлэх шаардлагатай тавилга хэрэгслийг нийлүүлэх хүсэлтийг хүлээн авсан боловч тавилгыг нийлүүлэхгүй удааширч байгаа байдал, Захиалагч байгууллагатай эргэж холбогдохгүй байгаа байдал зэргийг үндэслэн гэрээний хэрэгжилтийг хангахгүй нь тодорхой болсон тул гэрээ цуцлах мэдэгдлийг "" ХХК-д хүргүүлсэн болохыг Соёлын яаманд мэдэгдсэн.

Дээрх албан бичгийн хариуг Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11- ний өдрийн ******* дугаар албан бичгээр тус төсөл арга хэмжээний Багц-2 "Тавилга нийлүүлэх" төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах тухай хүсэлт хүргүүлсэн болно...” гэжээ.

 

                                              ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Юун түрүүнд 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас “...нэхэмжлэгч Б******* ХХК нь ямар байр суурьтай байгаагаа түүнийг хэрхэн шийдвэрлүүлэхийг хүсэж байгаа талаар надад илэрхийлээгүй, холбоо барьж болохгүй байгаа...,түүнийг цаашид төлөөлөх боломжгүй байна.

4.3.Мөн ******* өмгөөлөгчтэй ярихад “Б*******” ХХК нь хууль зүйн туслалцаа авах гэрээнээс татгалзсан гэсэн.

4.4.Иймд... “Б*******” ХХК өөрийг нь албан ёсоор шүүх хуралд оролцуулж, энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...”[9] гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

4.5.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 112.4.2-т “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж хуульчилсан.

4.6.Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б*******” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын эрхийг удаа дараа хангасан хэдий ч дахин бодит шалтгаан тодорхойгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

4.7. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн ******* дугаар тушаалаар Техникийн зөвлөлийг байгуулан[10], ажиллах журмыг баталжээ[11].

4.8.Уг батлагдсан журмын дагуу Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хуралдаанаар “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-д тавилга нийлүүлэх ажил”-ын дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу “Б*******” ХХК 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан тавилгыг хүлээлгэн өгөөгүй.

4.9.Энэ талаарх хавтас хэрэгт авагдсан баримтаас[12] үзвэл тус зөвлөлийн ажлын албанаас удаа дараа “Б*******” ХХК руу гэрээний бараа нийлүүлэх хуваариа мөрдөхийг анхааруулан өөрөөс шалтгаалах  холбогдох бүхий арга хэмжээг хийсэн боловч 2023 оны 07  дугаар сарын 06-ны өдрийг хүртэл  эргэх холбоогүй байсан.

4.10.Хэдийгээр хавтас хэрэгт “Б*******” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23/03, 23/04 дугаартай “санхүүжилт хүсэх тухай” албан бичигт “...бараа материалаа бүрэн Улаанбаатар хотод авчирч өөрийн агуулахдаа хурааж, гэрээний хугацаандаа багтааж 100 хувь нийлүүлж дууссан тул  80 хувийн санхүүжилт олгож өгнө үү...хүлээж авах ажлын бүрэлдэхүүнийг гаргаж хүлээж авна уу”[13] гэх, он сар огноогүй “т” хандсан “....гэрээнд зааснаар дээрх бараануудыг хүлээж авахдаа захиалагчийн төлөөлөгчийг байлцуулан хүлээлгэж өгөх ёстой  байгааг анхаарч хамтран ажиллаж туслалцаа үзүүлнэ үү...” хэмээх хүсэлтийг явуулах боловч  боловч бодит байдал дээр “”-ын тоног төхөөрөмж бараа худалдан авах багц-2 тавилга нийлүүлэх ажлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг нийлүүлэх нөхцөл байдал бүрдсэн талаар баримтыг зөвлөлийн ажлын алба болон шүүхэд ч гаргаж өгөөгүй.

4.11.Шүүхээс дээрх гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг байгаа эсэх талаар нөхцөл байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэн үзлэг хийх журмаар холбогдох ажиллагааг явуулсан боловч тогтоогдоогүй[14].

4.12.Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” болохыг  нэхэмжлэгчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт удаа дараа сануулсан, холбогдох нотлох баримтыг шаардсан боловч маргаж буй үйл баримттай холбоотой нотлох баримт, түүний эх сурвалжийг зааж өгөөгүй болно.

4.13.Өөрөөр хэлбэл “”-ын тоног төхөөрөмж бараа худалдан авах багц-2 тавилга нийлүүлэх ажлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай гэрээний нийлүүлэлтэд хяналт тавихыг ажлыг хэсгийн “...гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 2.10 Бараа хүлээлгэн өгөх нөхцөл,...гэрээ дуусгавар болох нөхцөлийн 5.1. Захиалагч дараах үндэслэлийн аль нэг нь хангагдсан тохиолдолд гэрээнээс татгалзах, эсхүл гэрээг цуцлах эрхтэй, гэсэн заалт, 5.1.1-д заасан “...нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд үүрээ гүйцэтгээгүй...” гэх үндэслэлээр “Б*******” ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

4.14.Тус ажлын албаны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т “төрийн ашиг сонирхлыг дээдлэх; гэж заасан Худалдан авах ажиллагаанд оролцож байгаа төрийн албан хаагчийн хувьд үүргээ биелүүлж гаргасан гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэгчийн тайлбарлаж буй үндэслэлээр техникийн зөвлөлийн хурлыг тэмдэглэлийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

 4.15.Нэгэнт дээрх дүгнэлтээр “Б*******” ХХК-ийг  2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-д тавилга нийлүүлэх ажил”-ын дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор гэрээнд заасан тавилгыг хүлээлгэн өгөөгүй болохыг тогтоосон шийдвэрийг шүүхээс хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул түүнийг үндэслэж гарсан захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг үндэслэлтэй гэж үзнэ.

4.16.Товчхондоо хууль ёсны шийдвэрт үндэслэж гарсан “”-ын тоног төхөөрөмж (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) бараа худалдан авах багц-2-д тавилга нийлүүлэх ажил”-ын дугаар гэрээг цуцлах шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй.

4.17.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “...үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах; 46 дугаар зүйлийн 46.1.4-т “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах” 46.4-т”Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана” гэх хуулийн шаардлагыг хангасан байна.

4.18.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд тэдгээрийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг.

4.19.Уг захиргааны үйл ажиллагааны нэг төрөл болох захиргааны акт гэж   захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгохоор Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан.

4.20. Гэтэл Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай”[15] албан бичгийн гарчиг, агуулгаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 359 дүгээр тогтоолын дагуу Соёлын сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн "Эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” ******* дугаар тушаалаар худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хяналт тавьж, гүйцэтгэлийн талаар тайлагнах эрхийг Нийслэлийн Засаг дарга шилжүүлсэнтэй холбогдуулан түүнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх;” заасны дагуу төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой зарчмыг хангуулан ажиллах саналын гарган, үүсээд буй нөхцөл байдлыг уламжилсан байх бөгөөд “Б*******” ХХК-д эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинжийг агуулсан зүйлгүй байна.

4.21.Тиймээс нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот дугаартай “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул шүүх тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

4.22.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна”, 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” чиг үүрэгтэй гэжээ.

4.23.Захиалагч байгууллагын шийдвэрийн дагуу Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт захирамжаар[16] байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “тендер зохион байгуулахаар зарласан” хуралдсан захиргааны

захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн өөрийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй хууль, ёсны эрхийг зөрчсөн, ашиг сонирхлыг хөндсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

4.24.Энгийнээр хэлбэл нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлийг дэмжсэн өөрөөс шалтгаалах нотлох баримтыг гаргаж өгөөгүй атлаа  хариуцагч байгууллагаас гаргасан захиргааны акт болон захиргааны үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа нь туйлын үндэслэлгүй юм.

4.25.Иймд хариуцагч нарын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.2 шуурхай тасралтгүй байх, 4.2.3 ...илт тод, нээлттэй байх...,4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг баримталсан байх тул нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14,109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг удирдлага ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас “Монгол Улсын Соёлын сайдын 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн ******* тоот дугаартай худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулах талаарх албан бичгийг хүчингүй болгуулах тухай” шаардлагаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 50.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Б*******” ХХК-иас гаргасан Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн алба ОНӨААҮГ-ын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2023-01 дугаартай Техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгээр албан бичгээр гэрээ цуцалсныг хууль бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу нийлүүлэх тавилгыг хүлээн авахыг даалгуулах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаарт захирамжаар байгуулагдсан Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тендер зарласан хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.БАТБААТАР

 

[1] 1-р хавтаст хэргийн 148 хуудас, 2-р хавтаст хэргийн 2 хуудас

[2] 1-р хавтас хэргийн 26 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 86 хуудас

[4] 1 Хавтас хэргийн 96 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 138-143 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 109 хуудас

[7] 1 Хавтас хэргийн 110 хуудас

[8] 1 Хавтаст хэргийн  92 хуудас

[9] 2 хавтас хэргийн 48 хуудас

[10] 1 хавтас хэргийн 218 хуудас

[11] 1 хавтас хэргийн 220-229 хуудас

[12] 1 Хавтас хэргийн 118-119, 138-143, 246-2 хавтас хэргийн 6-8 хуудас

[13] 1 Хавтас хэргийн 105-106 хуудас

[14] 1 Хавтас хэргийн 75-78 хуудас

[15] 2 Хавтас хэргийн 29 хуудас

[16] 1 хавтас хэргийн 26 хуудас