| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00592/И |
| Дугаар | 155/ШШ2024/00759 |
| Огноо | 2024-07-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2024/00759
| 2024 оны 07 сарын 05 өдөр | Дугаар 155/ШШ2024/00759 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Ан Э.ийн,
Хариуцагч: Д. Д.д холбогдох,
Зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, тогоо, гурилын гамбанз, лоом гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/00592/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 10 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй, 20 хоногийн хугацаатай, самарт явж ирээд өгнө гээд авч явсан. Гэвч өнөөдрийг хүртэл өгөөгүй тул үндсэн 7,000,000 төгрөг, хүү 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн ууланд хэрэглээд буцааж өгнө гээд авч явсан хэдэн үе дамжиж хэрэглэж ирсэн тогоо, гурилын гамбанз, лоом зэргийг биетээр гаргуулж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч А.Э. шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Д. нь 2023 оны 10 сард самарт явна гэсээр 7 хүний хамт Сэлэнгэ аймгийн Мандал суманд очсон. Энэ үед миний хашаанд айл буулгана гэсэн зарын дагуу над руу холбогдсон. Гэтэл зар тавиулсан хүн нь холын, олон хүмүүс оруулахгүй гэсэн тухай Д.Д.д тайлбарлахад очих газар байхгүй, таних хүн байхгүй, танай хашаанд 3 хоноод цаашаа самарт явъя, энэ хугацаанд мөнгө хөөцөлдөнө гэж гуйхаар нь тэр олон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хараад хүн чанар гаргаж хашаандаа байсан сүү саалийн сул гэртээ оруулсан. Маргааш өглөөнөөс нь машинаа засаж, тэгээд бүтэн сарын хоол хүнс бэлдэнэ, хэдэн тн бензин авна, мөнгөний хэрэгтэй байна, 20 хоногийн хугацаатай, 20 хувийн хүүтэй буцаан төлөхөөр мөнгө олоод өгөөч гэж гуйсан. Энэ хооронд самарт явах 5, 6 хүн нэмэгдсэн. Ингээд хашаагаар л дүүрэн хүмүүс байсан. Би ч энэ олон хүмүүсийг хүйтэн сэрүү орж байна, хоол ундтай нь залгуулчих юмсан, 20 хоногийн хугацаанд хэрэгтэй мөнгийг нь олж өгөөд явуулъя гээд хүнээс зээлж 7,000,000 төгрөг өгсөн. Өгөх үед надад данс байхгүй учир бэлнээр авъя гээд миний картнаас уншуулж авсан. Тэгээд тэр олон хүмүүс хоол унд хийх тогоо шанага, аяга таваг юу ч үгүй явж байсан тул би илүү дутуу гурилын гамбанз, лоом, тогоо гээд хэрэг болох юмнууд өгсөн. Тэгээд явсны дараа 1 сарын дараа ирээд ууланд самраа түүгээд машин дээрээ үлдээсэн, 3,000,000 төгрөг олоод өгөөч гэхээр нь өмнөх мөнгөө өг, эсвэл гэрээ хийе гэсэн нь яваад өгсөн. Тэгээд 10 гаран хоногийн дараа шөнө нь манай хашаанд машинтайгаа, хүмүүстэйгээ ирсэн байсан. Ирээд манай гэрт орж цай уух, утасаа цэнэглэх гээд тэр олон 10 гаран хүмүүс холхиод их замбараагүй заваан байсан. Манай гэр бүлийн хүн манайд ирээрэй гэж хэлсэн юм уу, дураараа юм, явцгаа гэсэн шаардлага тавихад яваад өгсөн. Тэгээд самраа хаана тушаасан ч юм, машинаа хаана үлдээсэн ч юм, өгөх мөнгөө өгөхгүй алга болсон. Утсаар ярихаар буудалд байна, архидаж байна, самраа тушаачихсан гэх хариу өгдөг, эсвэл мөнгийг чинь өгнө ш дээ, эсвэл худлаа хаяг хэлээд энд байна, тэнд байна зэргээр худлаа хэлж явуулах, сүүлдээ Хөвсгөлд байна, машинтайгаа ирсэн байна, чадах юм бол хүрээд ирээч, Броголдод ажиллаж байна, цалин буухаар өгнө, цагаан сараас өмнө нь өгнө гэх мэтээр 3 сар хүргэсэн, сүүлдээ баян хүүхэнтэй сууж л мөнгө олж өгье дөө гэх мэтээр намайг доромжилж, тохуурхаж байна. Хэлэх болгондоо л өгнө өгнө, одоо тэд болж байгаа өгнө гэх мэтээр хэлдэг. Би одоо хүртэл мөнгө зээл өгсөн Пүрэвсүрэнд өөрөөсөө Д.гийн өмнөөс зээлийг нь хүүтэй нь төлж байгаа.
Иймд Д.Д.гаас зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг авахыг зөвшөөрч байна. Үлдэгдэл 4,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Дээр нь тогоо, гурилын гамбанз, лоом гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Д.Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2023 оны 10 дугаар сард А.Э.ээс 7,000,000 төгрөг зээлж авсан. Анх зээл авахдаа 20 хоногийн хугацаатай хэрэглэнэ. 7,000,000 төгрөгийг 20 хоног ашиглахдаа хүүг нь 20 хувиар бодож 5,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй бодож 6,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй бодож 2,400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг болгож өгнө гэж тохирсон. Тэгээд самарт явсан боловч самар байхгүй, ууланд 3 сар орчим болсон. Самар хайж яваад ОХУ-ын хил дээр очиж, оросуудад баригдаж, самар түүх, цайруулах гээд авч явсан хэрэглэдэг юмнуудаа хураалгаад хөөгдөж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаныхан хүлээн авч, Сэлэнгэ аймагт оруулж ирсэн. Ирсэн даруйдаа би учир байдлаа хэлж, өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркын машинаа мөнгөний барьцаанд үлдээж, мөнгө бүтээж өгье гэсэн санал тавихад хүлээж аваагүй тул өөр айлын хашаанд аваачиж орхисон. Энэ хугацаанд зээлсэн мөнгөө буцаан өгч чадаагүй чирэгдэл учруулсан, намайг мөнгөний хэрэгтэй байхад миний ажил төрөлд тусалсан учраас би нийт нэхэмжилж байгаа зээл 7,000,000 төгрөг, хүү 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Тогоо, гурилын гамбанз, лоом нь Сэлэнгэ аймагт миний машин дээр байгаа тул тогоо, гурилын гамбанз, лоомыг А.Э.т өгнө гэжээ.
2.1. Хариуцагч Д.Д. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Энэ хугацаанд зээлсэн мөнгөө буцаан өгч чадаагүй чирэгдэл учруулсан тул хүүнд нь 4,000,000 төгрөг, үндсэн зээлд авсан 7,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э. нь хариуцагч Д.Д.д холбогдуулан зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөг, тогоо, гурилын гамбанз, лоом гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Э. ... Д.Д.гаас зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 4,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг авахыг зөвшөөрч байна. Үлдэгдэл 4,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Дээр нь тогоо, гурилын гамбанз, лоом гаргуулна гэх тайлбар, хариуцагч Д.Д. ...тогоо, гурилын гамбанз, лоом нь Сэлэнгэ аймагт миний машин дээр байгаа тул...өгнө...Энэ хугацаанд зээлсэн мөнгөө буцаан өгч чадаагүй чирэгдэл учруулсан тул хүүнд нь 4,000,000 төгрөг, үндсэн зээлд авсан 7,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбар тус тус ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч А.Э. нэхэмжлэлийн шаардлагаас 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Д.Д. тогоо, гурилын гамбанз, лоомыг биет байдлаар өгч, зээл, зээлийн хүү, нийт 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч А.Э.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгөөс 116,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д.гаас 11,000,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 190,950 төгрөгийн тал хувь болох 95,475 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Э.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д.д холбогдох зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 8,000,000 төгрөг, нийт 15,000,000 (арван таван сая) төгрөг, тогоо, гурилын гамбанз, лоом гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч 4,000,000 (дөрвөн сая) төгрөг гаргуулахаас татгалзан, хариуцагч Д.Д. тогоо, гурилын гамбанз, лоомыг биетээр өгч, зээл, зээлийн хүү, нийт 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгийг нэхэмжлэгч А.Э.т төлж барагдуулахаар, зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Э.ийн Төрийн сангийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгөөс 116,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д.гаас улсын тэмдэгтийн хураамж 95,475 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч А.Э.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА