Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00603

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00603

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:   Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Д. У.,

Хариуцагч: А. Б. нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг, (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, 155/2024/00444/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч А.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

Шүүх хуралдаанд хариуцагч Д.У. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж., хариуцагч А.Б. нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.У., А.Б. нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг, (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Зээлдэгч Д.У. болон хамтран зээлдэгч А.Б. нар нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дугаар № ***тоот зээлийн гэрээ (цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 4,700,000.00 (дөрвөн сая долоон зуун мянга) төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нэмэлтээр 5,800,000 (таван сая найман зуун мянга) төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээл авсан. Зээлдэгч хагас жил тутамд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, нийт 289 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөгийг зээлдэгч Д.У. болон хамтран зээлдэгч А.Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан зээлээ төлж байх хугацаандаа нэмэлтээр 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5,800,000 төгрөгийн зээл авсан. Мөн Засгийн газрын дэмжлэгтэй 3 хувийн хүүтэй зээл авсан байдаг. Эдгээр хоёр зээлийн хугацааг байнга хэтрүүлж төлдөг тул хариуцагчийн дансанд хийсэн 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4,500,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,520,000 төгрөгийг зээлийн төлбөрт шууд автоматаар татаж авсан байсан. Хоёр зээл нь хоёулаа хугацаа хэтрэлттэй байгаа учир аль ч зээл рүү татах боломжтой. Мөн зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд дансанд байгаа мөнгө олон сараар хадгалагдах боломжгүй. Харин хариуцагч нар өөрсдөө банкны эдийн засагчтай уулзаад ямар зээлийн төлбөрөө төлөх гэж байгаа талаар ярилцаад шийдүүлэх боломжтой байдаг. Эдийн засагчтай хувийн байдлаар харьцсан эсэхийг мэдэхгүй байна. Миний хийсэн мөнгийг 18 хувийн хүүтэй зээл рүү татсан байсан бол хүүгийн зөрүүг би өгчих байсан гэж тайлбарлаад байгаа ч программ өөрөө татдаг учир их хүүтэй зээл рүү татсан байна. Шүүхэд хандсан учир хүү тооцогдохгүй зогсож байгаа тул харилцагч нарт ашигтай байдаг. Хариуцагч Д.У., А.Б. нар гэр бүлийн хүмүүс тул зээлийн төлбөрийг хоёулаа төлөх ёстой.

Иймд хариуцагч Д.У., А.Б. нараас үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг, (жаран дөрөв) мөнгө гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч А.Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй, 3 хувийн хүүтэй хоёр зээл авсан нь үнэн. Бид 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төлөх байсан зээлийн төлбөрөө хийсэн байхад татаж аваагүй учир 2023 оны 10 дугаар сар, 11 дүгээр сараас хойших хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь малчны зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж байгаагүй. 2023 оны 6 дугаар сарын зээлийг хугацаа хэтрүүлсэн хүүтэй нь хамт хийсэн. Өөрсдөө татаж аваагүй байж байгаад 3 хувийн зээлийн төлөлт болонгуут татаад авсан байсан. Хүү багатай зээлийн төлбөрт татаж аваад өндөр хүүтэй зээлийг хүүлүүлээд яваад байсан. 5 сарын хүү тооцсон байсан. Одоо банк дээр заавал өөрөө очиж гарын үсэг зурдаг биш, бүх юм онлайн болсон. Танай ажилтантай ярихад би ажил дээрээ байна, мөнгөө дансандаа хийчих, би төлчихнө гэсэн учир мөнгөө хийгээд үлдээсэн. Гэтэл 18 хувийн зээлийн төлбөрт хийгээгүй байсан. Эдийн засагчид гомдол гаргана. Одоо үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Нөхөр Д.У.ын хамт дээрх зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

2.1. Шүүхээс хариуцагч Д.У.т 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч хариуцагч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно. (хавтаст хэргийн 26 дахь тал)

3. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Ж.д олгосон итгэмжлэл, Л.Д-д олгосон итгэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, малчны барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.У., А.Б. нарын иргэний үнэмлэх, малчны зээлийн өргөдөл, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 3/726 дугааар албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3/1493 дугаар албан бичиг, Д.У.ын малын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3, 4-5, 6-8, 9-19 дэхь тал)

4. Хариуцагчаас: Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 40-46 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.  Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.У., А.Б. нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг, (жаран дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авсан зээлээ төлж байх хугацаандаа нэмэлтээр 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5,800,000 төгрөгийн зээл авсан. Мөн Засгийн газрын дэмжлэгтэй 3 хувийн хүүтэй зээл авсан. Хоёр зээл нь хугацаа хэтрэлттэй байгаа учир аль ч зээл рүү татах боломжтой. Мөн зээлийн хугацаа хэтэрсэн тохиолдолд дансанд байгаа мөнгө олон сараар хадгалагдах боломжгүй. Хариуцагч Д.У., А.Б. нар гэр бүлийн хүмүүс тул зээлийн төлбөрийг хоёулаа төлөх ёстой. Иймд үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

4. Хариуцагч А.Б. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн. Үүнд: Манайх Төрийн банкнаас жилийн 18 хувийн хүүтэй, 3 хувийн хүүтэй хоёр зээл авсан нь үнэн. Бид 6 дугаар сарын 20-ны өдөр төлөх байсан зээлийн төлбөрөө хийсэн байхад татаж аваагүй учир 2023 оны 10 дугаар сар, 11 дүгээр сараас хойших хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь малчны зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж байгаагүй. Өөрсдөө татаж аваагүй байж байгаад 3 хувийн зээлийн төлөлт болонгуут татаад авсан байсан. Хүү багатай зээлийн төлбөрт татаж аваад өндөр хүүтэй зээлийг хүүлүүлээд яваад байсан. Танай ажилтантай ярихад би ажил дээрээ байна, мөнгөө дансандаа хийчих, би төлчихнө гэсэн учир мөнгөө хийгээд үлдээсэн. Гэтэл 18 хувийн зээлийн төлбөрт хийгээгүй байсан. Эдийн засагчид гомдол гаргана. Одоо үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөг төлнө. Нөхөр Д.У.ын хамт дээрх зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлав.

4.1. Хариуцагч Д.У. хариу тайлбар ирүүлээгүй.

5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

6. Хариуцагч Д.У., А.Б. нар нь Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарын Хатгал тооцооны төвөөс өрхийн хэрэгцээний зориулалтаар нийт 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан байна. Тус зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, төлөгдөөгүй байгаа үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг тооцож төлөх гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн нэхэмжлэгчийн тайлбар, зээлдүүлэгч Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарын Хатгал тооцооны төв, үндсэн зээлдэгч Д.У., хамтран зээлдэгч А.Б. нарын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн **** дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ****дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, малчны зээлийн өргөдөл, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн албан бичиг, малчин Д.У.ын 2021 он, 2022 оны малын тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 6-19 дэхь тал)

6.1. Зээлдэгч нар зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан тухай зээлдэгч Д.У., А.Б. нарын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 40-46 дахь тал)

6.2. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т Дараах нөхцөл байдал үүссэн, үүсч болзошгүй болсон нь нотлогдсон тохиолдолд банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачлагаар цуцалж болно, 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэж заасан үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-малчны нэмэлт гэрээг нэг талын санаачлагаар хугацаанаас өмнө цуцлагдсан байна гэж үзэв.

6.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Төрийн банк ХХК-ийн Хөвсгөл салбарын Хатгал тооцооны төв, хариуцагч Д.У., А.Б. нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна. Зээлдэгч нар гэрээний дагуу зээлсэн мөнгөө буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

6.4. Хариуцагч А.Б. нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөгийг нөхөр Д.У.ын хамт төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн.

6.5. Харин шүүх хариуцагч Д.У.ыг үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 төгрөгийг Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарт төлөхийг зөвшөөрсөн гэж дүгнэлээ.

Учир нь хариуцагч Д.У.т 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг мэдэгдсэн боловч нэхэмжлэлийн хувь гардуулсан тухай баримтад гарын үсэг зурахыг зөвшөөрөөгүй. Тэрээр нэхэмжлэлийн хувь гардан авсан боловч тус баримтад гарын үсэг зураагүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй. (хавтаст хэргийн 25, 26 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заажээ.

Хариуцагч Д.У. хуульд заасан 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.У. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж, холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

6.6. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч А.Б. нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Д.У., А.Б. нараас үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг (жаран найм) мөнгө гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,319.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 154,319.26 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 зааснаар хариуцагч Г Д.У., А.Б. нараас үндсэн зээлийн төлбөр 6,995,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,715,578.64 төгрөг, нийт 8,710,578.64 (найман сая долоон зуун арван мянга таван зуун далан найм) төгрөг (жаран найм) мөнгө гаргуулан, нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,319.26 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 154,319.26 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА