| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00752/И |
| Дугаар | 155/ШШ2024/00783 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00783
| 2024 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00783 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Н .М:гийн,
Хариуцагч: Ж.Т.,
Хариуцагч: Б. Н. нарт холбогдох,
11,200,000 (арван нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00752/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н..М: шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ж.Т., түүний эхнэр Б.Н. нартай 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хашаа байшин авахаар харилцан тохиролцож, Б.Н.ын ХААН банкны данс руу 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр тус хашаа байшиндаа нүүж орох гэтэл гал тогооны өрөөний шал нь битүү мөөгөнцөр болчихсон байсан учраас энэ талаар тэр даруй Т.ад хэлж, бид наймаа буцсан юм. Надад миний хашаа байшин худалдаж авахаар шилжүүлсэн 11,200,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр буцаан өгөхөөр харилцан тохиролцсон боловч уг өдрөө өгөөгүй бөгөөд дахин 9 хоногийн дараа өгөх боломжтой байна гэхээр нь дахин 9 хоног хүлээсэн боловч мөнгийг маань шилжүүлсэнгүй өдийг хүрлээ.
Иймд Ж.Т., Б.Н. нараас 11,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ж.Т. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Н..М:гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Н..М:д өөрийн эзэмшлийн Мөрөн сумын 13 дугаар багийн 21-16 тоотод байх 12*8 харьцаатай өвлийн сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаанд нь 11,200,000 төгрөгийг авсан нь үнэн. Гэтэл гэнэтхэн болилоо, наймаагаа буцъя гэсэн. Тэр үед нь авсан байсан 11,200,000 төгрөгийг бусад зүйлд зарцуулсан байсан тул хашаа байшингаа зараад авсан мөнгөө эргүүлж өгөхөөр тохиролцсон нь үнэн. Одоо тус хашаа байшингаа зарахаар зар тавьж, хүмүүст үзүүлж байна.
Иймд 11,200,000 төгрөгийг Н..М:д төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
2.1. Хариуцагч Б.Н. шүүхэд гаргасан тайлбартаа: Н..М:гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Мөрөн сумын 13 дугаар багийн 21-16 тоотод байх 12*8 харьцаатай өвлийн сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Н..М: нь тус хашаа байшинг авъя гээд хэд хэдэн удаа ирж үзээд авч өгөхөөр болсон. Урьдчилгаанд нь 11,200,000 төгрөгийг авсан нь ба үлдсэн мөнгийг нь боломжоороо өгөөрэй гэсэн. Тухайн үед зээл хөөцөлдөж байна, хүлээж байгаарай гээд бидний ажлыг ч үрсэн. Авсан мөнгийг бусад зүйлд зарцуулсан. Наймаагаа буцна гэж бодоогүй учир төлөвлөсөн зүйлд мөнгийг зарцуулсан. Гэтэл болилоо, наймаагаа буцъя, ажлаас хол байна гэх мэт шалтгаан хэлсэн. Тэр үед нь хашаа байшингаа зараад авсан мөнгөө эргүүлж өгөхөөр болсон. Одоо тус хашаа байшингаа зарахаар зар тавьж, хүмүүст үзүүлж байна.
Иймд 11,200,000 төгрөгийг Н..М:д төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н..М: нь хариуцагч Ж.Т., Б.Н. нарт холбогдуулан 11,200,000 (арван нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Т., Б.Н. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус тус шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,150 төгрөгийн тал хувь болох 97,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Т., Б.Н. нараас улсын тэмдэгтийн хураамж 97,075 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н..М:гийн нэхэмжилсэн 11,200,000 (арван нэгэн сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Т., Б.Н. нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 10170000941 тоот дансанд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,150 төгрөгөөс 97,075 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 97,075 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Н..М:д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА