Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00781

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00781

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын,

Хариуцагч: И.М.д холбогдох,

Үндсэн зээл 688,625 төгрөг, хүү 20,659 төгрөг, нийт 748,443 (долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00642/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн И.М. нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 14/06 дугаар бүхий Мужаан хийх зориулалтаар төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Сум хөгжүүлэх сан-гаас 3,000,000 (гурван сая) төгрөгийн зээлийн гэрээг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай байгуулан санхүүжилт авсан. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр дуусгавар болсон ба зээлдэгч И.М. нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2,311,375 (хоёр сая гурван зуун арван нэгэн мянга гурван зуун далан тав) төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 688,625 (зургаан зуун наян найман мянга зургаан зуун хорин тав) төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд иргэн И.М.оос үндсэн зээлийн төлбөр 688,625 (зургаан зуун наян найман мянга зургаан зуун хорин тав) төгрөг, хүү 20,659 (хорин мянга зургаан зуун тавин ес) төгрөг, зээлийн гэрээний 2.4-т зааснаар алданги 39,159 (гучин есөн мянга нэг зуун тавин ес) төгрөг, нийт 748,443 (долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгийг гаргуулж, Хоршоо хөгжүүлэх сангийн 100172055406 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

2.  Хариуцагч И.М. шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас 2014 онд 3,000,000 төгрөг зээл авч байсан. Тухайн зээл сар бүрийн эхэнд 1-2 хоногийн өмнө төлдөг байсан бөгөөд баримтуудыг хадгалж байгаад, за зээл маань дууслаа гээд тус баримтуудаа хаяж устгасан юм. Тэгээд өөр банкнаас зээл аваад явж байсан. Энэ хугацаанд надад зээлийн үлдэгдэл байгаа талаар мэдэгдээгүй. Гэтэл энэ жил Улаанбаатар хотод эмнэлгийн ажилтай явж байхад танд зээлийн үлдэгдэл байна гэсэн. Улмаар би сумын Тамгын газрын нягтлан, сургуулийн нягтлан хоёртой баримтуудыг нягталж шалгасан. Гэтэл надад зээл төлсөн гэсэн баримт чинь байхгүй байна гэсэн. Одоо зээлийн үлдэгдэл төлбөр гарч ирсэнд маш их гайхаж байна. Тэгээд данс тооцооноос нь хасагдаагүй зээлийн үлдэгдэл төлбөр байгаа юм байлгүй дээ. Ямартаа ч өөрт минь зээлээ төлөөд дууссан гэх баримтуудаа хаяж устгасан, өөр үзүүлэх баримтгүй байна.

Иймд нэхэмжилж байгаа нийт 748,443 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг дарга нь хариуцагч И.М.д холбогдуулан үндсэн зээл 688,625 төгрөг, хүү 20,659 төгрөг, нийт 748,443 (долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч И.М. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 748,443 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 22,512 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.М.оос улсын тэмдэгтийн хураамж 22,512 төгрөгийн 50 хувь болох 11,256 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргаас нэхэмжилсэн үндсэн зээл 688,625 төгрөг, хүү 20,659 төгрөг, нийт 748,443 (долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгийг хариуцагч И.М. төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 22,512 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч И.М.оос улсын тэмдэгтийн хураамж 11,256 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА