Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/62

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичиж шүүхэд гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хужирт овогт Ө-О-ын З-д холбогдох эрүүгийн 1717000390020 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хужирт овогт Ө-О-ын З /РД:УС61052535/ Төв аймгийн Алтанбулаг суманд 1961 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг гудамжны 12 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Ө.Зоригт нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 06 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын 462/211 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн 83-30 УНЭ улсын дугаартай Hundai Sonota маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.1, 9.2, 9.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас иргэн Б.М-ын жолоодож явсан 67-52 УБЯ улсын дугаартай автомашины араас мөргөж зорчигч Ц.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, автомашинд 2.546.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.З нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө 06 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг, Улаанбаатар, Замын-Үүд чиглэлийн авто замын 462/211 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн 83-30 УНЭ улсын дугаартай Hundai Sonota маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх хэсэг “ Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” мөн дүрмийн 9.1 дэх хэсэгт “Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 дахь хэсэгт "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 9.3 дахь хэсэг “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 киломитерээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас иргэн Б.М-ын жолоодож явсан 67-52 УБЯ улсын дугаартай автомашины араас мөргөж зорчигч Ц.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ө.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүгдийг үнэн зөв ярьсан. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлага болон оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

1.2. Яллагдагч Ө.З-гт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн эзэмшлийн Hunday Sonota-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай авто машинтайгаа хамт ажилладаг О гэх залуугийн хамт Улаанбаатар хотоос төмөр замын 25 дугаар зөрлөгөөс зүүн тийш байдаг түр ажиллаж байгаа компани дээр очихоор шөнө 02 цагийн үед гарсан. Говьсүмбэр аймгийн Баянтал сум өнгөрөөд явж байгаад 06 цаг 40 минутын үед урд явж байгаа Toyota prius 20 маркийн машиныг гүйцэж түрүүлэх гэтэл өөдөөс том ачааны шаланз маркийн машин ирж байхаар нь эргээд явж байсан эгнээндээ ороод тоормос гишгээд гулгаж очоод урд явсан Toyota prius 20 маркийн машины араас мөргөсөн. Toyota prius 20 маркийн машины буруу талаар дарах гэтэл замын эрээн шон таараад яалт ч үгүй тэр машины араас мөргөсөн. Ажилдаа 08 цагт очих байсан юм. Эхлээд 80км/цаг хурдтай явж байгаад осолд орох замын орчим 100км/цаг хурдтай явж байсан. Би Ц.Б-ын эмчилгээний зардал болон машины хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 68-69 хуудас/,

 

1.3. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Мөнхжаргалын хамт Улаанбаатар хотоос Замын-Үүд сум орохоор өөрийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн 67-52 УБЯ улсын дугаартай авто машинтайгаа 03 цагийн үед гарсан. Би Улаанбаатараас гарахдаа машинаа өөрөө барьж явж байгаад Төв аймгийн Баян сум өнгөрөөд нойр хүрээд байхаар нь эхнэр М-д машинаа бариулсан. М жолооны үнэмлэхтэй машин жолоодох эрхтэй. Би машиныхаа хойд талын суудал дээр унтаж байтал гэнэт машин юм мөргөх шиг хүчтэй доргилт надад мэдрэгдэхээр нь босоод хартал манай машины араас машин мөргөсөн байсан. Жолоочийн ар талын хаалгаар буух гэсэн чинь хаалга нь онгойхгүй байсан. Тэгэхээр нь эсрэг талын хаалгыг онгойлгоод буугаад ирсэн чинь манай машины араас Сонота-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай авто машин мөргөсөн жолооч болон хажууд сууж явсан зорчигч нь буусан зогсож байсан. Тэгээд Сонота-6 маркийн машины жолооч Зоригт гээд байгаа хүнд та яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь ах нь ажилдаа яарч яваад ийм юм болчихлоо 08 цагаас өмнө ажилдаа очих байсан юм. 100 км/цаг хурдтай явж байсан гэж надад хэлсэн. Миний цээжээр өвдөөд дотор давчдаад байсан болохоор тэр хүнтэй өөр зүйл ярьж чадаагүй. Дараа нь эхнэрээсээ сонсож байхад замын хагархай таарахаар нь тоормос гишгээд хурдаа хасаж байтал араас нь Сонота-6 маркийн машин ирээд мөргөсөн юм байна лээ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/,

 

1.4. Гэрч Б.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос Замын-Үүд сум орохоор нөхөр Ц.Б-ын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Приүс-20 маркийн автомашинтайгаа Говьсүмбэр аймгийн Баянтал сум өнгөрөөд явж байсан чинь араас Соната-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай автомашин ирж мөргөсөн. Осол болох үед гэгээ орсон байсан. Тухайн замаар явж байхад замын эвдрэлтэй хэсэг гэсэн анхааруулах тэмдэг байрлуулсан байхаар нь хурдаа хасаад зөөлөн явж байсан. Тухайн үед ард нилээн зайтай машин ирж яваа харагдаж байсан. Тэгсэн гэнэт машины араас хүчтэй юм мөргөөд тас гээд дугарсан. Машинаа зогсоогоод буугаад ирсэн чинь миний машины араас Соната-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай авто машин мөргөсөн байсан. Зам дээр хагархай байсан тэр дэгүүр би зөөлхөн гараад явсан юм. Би машинаас бууж очоод Соната-6 маркийн машины жолооч ахад та яаж байгаа юм бэ гэсэн чинь яарч явсны гай боллоо гүйцэж түрүүлэх гэсэн өөдөөс том машин орж ирэхээр нь дараад араас чинь мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан...Би өөрөө машинаа бариад, Батбаяр хойд талын суудал дээр унтаж явсан. Батбаярын цээжээр өвдөөд байна гэсэн. Говьсүмбэр аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь Улаанбаатар хот руу яаралтай явж үзүүл гэсэн. Би 60 гаран километр цагийн хурдтай явж байсан. Миний машины ар талын гуфер баруун хэсгээрээ тасраад унасан. Багажны хэсэг баруун талаараа урагш чихэгдсэн. Мөн баруун талын ард гэрэл сууринаасаа салсан, баруун гар талын хоёр хаалга онгойхгүй болсон байна. Мөн машин асахгүй байна. Өөр нарийн гэмтлийг сайн хараагүй байгаа. Би ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй 2014 онд Улаанбаатар хотод жолооч болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/,

 

1.5. Гэрч С.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 03 цагийн үед хамт Алаг толгойн хуулалтын уурхайд ажилладаг З гэх хүнтэй өөрийнх нь эзэмшлийн Сонота-6 маркийн машинтай Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байх Алаг толгойн нүүрсний уурхай орохоор гарсан. З ах өөрөө машинаа жолоодоод би жолоочийн эсрэг талын урд суудал дээр суугаад явсан. Би явж байгаад унтчихсан юм. Чимээ гарахаар нь сэрээд хартал саарал өнгийн Приүс-20 маркийн машины араас баруун хойд хэсэг рүү нь миний зорчиж явсан машин мөргөсөн байсан. Би машинаас буугаад байж байхад Приүс-20 маркийн машин дотроос эмэгтэй, эрэгтэй 2 хүн бууж ирсэн. Тэгтэл эрэгтэй нь цээж хэсгээр өвдөөд байна гэхээр нь машиных нь хажууд суулгаад түргэн дуудсан. Түргэний машин ирээд тэр залууд өвчин намдаах тариа хийгээд машиндаа суулгаад авч явсан. Цагдаа нар ослын газарт үзлэг, хэмжилт хийсэн. Тухайн ослын улмаас миний биед гэмтэл шарх учраагүй, өвдсөн зовиурласан зүйл байхгүй. Тухайн үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг унтаж байсан болохоор мэдээгүй. Анх гараад явахад 100 орчим километр цагийн хурдтай явж байсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 25 хуудас/,

1.6. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11490 дугаартай дүгнэлтэнд: Ц.Б-ын биед өвчүү, сээрний 3 дугаар нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй.

Шинжээч эмч О.Б гэжээ. /хх-ийн 27 хуудас/

 

1.7. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11492 дугаартай дүгнэлтэнд: Б.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Шинжээч эмч О.Б гэжээ. /хх-ийн 33 хуудас/

 

1.8. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 325 дугаартай дүгнэлтэнд: Ө.З-ын биед тархи доргилт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 37 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 329 дугаартай дүгнэлтэнд: С.О-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.

Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 41 хуудас/

 

1.10. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Р-гийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтэнд: Хюандай Соната-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ө.З нь МУ-н Замын Хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэснийг, мөн МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота Приүс-20 маркийн 67-52 УБЯ улсын дугаартай автомашины жолооч Б.М нь МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Р гэжээ /хх-ийн 45 хуудас/

 

1.11. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Равдангийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 42А дугаартай нэмэлт дүгнэлтэнд: Хюандай Соната-6 маркийн 83-30 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Ө.Зо нь гэрч С.О, хохирогч Ц.Б нарын мэдүүлснээр МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурингийн гаднах замд 80 км хэтрэхгүйгээр сонгож явна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Р гэжээ /хх-ийн 50 хуудас/

 

1.16. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-8, 11-15 хуудас/

 

1.17. "Ашид билгүүн" ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 635 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, Арвижих-Эстимейт ХХК-ний 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 08303805 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 54, 59 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Ө.З-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Шүүгдэгч Ө.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Миний өвчүү хугарсан. Мөн сээрний нэг яс хугарсан гэж эмч надад хэлсэн. Биеийн байдал сайжирч байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал, хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Зоригт гуай миний эмчилгээний зардал болон машины эвдрэлийн хохиролд 4000000 төгрөг бэлнээр өгсөн” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 18-19 хуудас/,

 

2.2. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 5-6 хуудас/

 

2.3. Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /х.х-ийн 84-89 хуудас/

 

2.4. Хохирол барагдуулсан тухай тодорхойлолт /х.х-ийн 162 хуудас/

 

2.5. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 81-82 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ө.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, мөн шүүгдэгч Ө.З-ын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүхээс шүүгдэгч Ө.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.З нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хужирт овогт Ө-О-ын З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Зоригтыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.З-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ө.З нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ө.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА