Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2023/0851

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “*******” ХХК /РД: /

Хариуцагч: Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Гомдол гаргагч шүүхэд Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлоо дэмжиж оролцохоо илэрхийлсэн болно.

Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар “Хууль норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн[1] дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийх явцад[2] Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд “*******” ХХК-иас  “*******” үйлчилгээтэй  орон сууцны барилгыг барих явцдаа нийтийн эзэмшлийн явган зам дээр хашаа барьсан, авто зогсоолд хаягдал бетон асгасан зөрчлийг илрүүлжээ.

2.2.Улмаар 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн хэрэг нээн[3], холбогдогчоор “*******” ХХК-ийг тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар[4] тус компанийг “...явган зам эвдэж, хашаа барьсан...” гэх зөрчлийг үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1-д хэсэгт заасныг баримтлан 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 3.250.000 төгрөг гаргуулах, мөн өдрийн огноотой ******* дугаартай шийтгэлийн хуудсаар[5] “...нийтийн эзэмшлийн авто зогсоолд хаягдал бетон асгасан...” зөрчлийг үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.2-т хэсэгт заасныг баримтлан 1.500.000 /нэг мянга таван зуу/ төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ

2.3.Гомдол гаргагч  “*******” ХХК-иас дээрх хоёр шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл биш...” хэмээн тайлбарлан маргаж, хүчингүй болгуулахаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг, шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн[6], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ[7]: ... Манай "Өү Энд Би Эн" ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд дахин төлөвлөлтийн барилгын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих барилгын үйл ажиллагаа хэрэгжүүлж хууль тогтоомжид заасны дагуу мөрдөж ажилласаар өнөөдрийг хүрч байна.

Түүнчлэн эдийн засаг, хүнд хямралтай нөхцөл байдалд барилгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд барилгын хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид аюулгүй байдлыг чанд хэрэгжүүлэн ажилласан. Ингээд барилгын ажил явагдаж байгаа ойр, орчимд явган зорчигч болон бусад этгээдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хашаа барьсан. Тус хашаа нь явган хүний замын зарим хэсгийн цаана баригдахаас өөр аргагүй байсан. Мөн манай барилгын үйл ажиллагаа явуулж буй төслийн талбайн хойд талд шугам солих ажил явагдаж байгаа бөгөөд тус байдлаар явган зорчигч явах огт боломжгүй болсон. Гэтэл Хотын хяналтын газрын авто замын улсын байцаагч нь тухайн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. 2023.07.21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу таван мянган нэгжээр шийтгэл оногдуулж, 3,250,000 төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулсан. Түүнчлэн зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээг авхуулах тухай эрх бүхий албан тушаалтын албан даалгаврыг гаргасан. Тус шийтгэлийн хуудас, албан даалгавар нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүйд гомдолтой байна. Улмаар 2023.07.21-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар зөрчлийн тухай хуулийн 14.4. дүгээр зүйлийн 2.2-т заасан зөрчил үйлдсэн гэж үзээд 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Тус шийтгэлийн хуудас нь мөн үндэслэлгүй байх бөгөөд гомдол гаргагчийн зүгээс гомдолтой байна. Иймд дээрх шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7,6.12,6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27, 6.28, 6.31, 6.34, 6.35, 6.36, 6.37, 6.38, 6.39, 6.40, 6.41, 6.42, 6.43, 6.44, 6.45, 6.46, 6.47. 6.48, 6.49, 6.50, 6.51, 6.52, 6.53, 6.54, 6.55, 6.56, 6.57, 6.58, 6.59, 6.60, 6.61 дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ" гэж, Мөн тус хуулийн 6.34 дүгээр зүйлд "авто замын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 10.14, 10.25, 10.27, 10.29, 11.2, 14.4, 14.5 дугаар зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил" гэж. Харин захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-T "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хуг хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд

1.Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл биш болох тухайд:

Авто замын хяналтын улсын байцаагч нь 2 шийтгэлийн хуудас оногдуулахдаа зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан алдааг гаргасан. Тодруулбал, 2023.07.21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зөрчлийг "*******" ХХК үйлдсэн гэж үзсэн. Ингэхдээ холбогдогчийн тайлбар фото зураг зэргээр тогтоогдож байна гэжээ. Манай "Өү Энд Би Эн" ХХК нь орчин тойрны аюулгүй байдлыг хангах үүднээс тус хашааг барьсан байх бөгөөд засах талаар хэлсэн ч тус тайлбарыг хүлээн аваагүй. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Зам, эсхүл замын байгууламж дээр." 13.1-т "зөвшөөрөлгүй барилга байгууламж, хашаа барих"; гэж, хуульчилсан. Замын байгууламж болох явган зорчигчийн зам дээр биш аюулгүй байдлыг хангах үүднээс зарим хэсгийг давуулан барьсан байх бөгөөд тус асуудлыг засан сайжруулахаа илэрхийлсэн. Мөн тус явган зорчигчийн замын ойр орчимд шугамын ажил явагдаж байгаа талаар хэлсэн. Тус тохиолдлыг анхаарч үзэхгүйгээр бодит байдлыг тогтоолгүйгээр шийтгэл оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дүгээр зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан зөрчил биш үйлдэлд эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулж байгаагаараа тус шийтгэлийн хуудас бүхэлдээ хууль ёсны биш болсон. Түүнчлэн зам эвдрэлийн хохирлын үнэлгээг хийлгэж, 3,250,000 төгрөгийн хохирол үүссэн гэж үзээд "Өү Энд Би Эн" ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа эрх бүхий албан тушаалтны даалгавраар “Өү Энд Би Эн" ХХК-ийг явган замын нөхөн сэргээлт хийлгэхийг даалгасан нь үндэслэлгүй юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж хуульчилсан. Харин 2023.07.21-ний өдрийн №01080009 дугаартай шийтгэлийн хуудсаар зогсоолд хаягдал бетон асгасан зөрчилд "Өү Энд Би Эн" ХХК-нийг холбогдуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Иймд тус шийтгэлийн хуудас нь “Өү Энд Би Эн" ХХК-д хамааралгүй атал шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Иймд хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгавар, 2023.07.21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож өгнө үү...” гэжээ..

3.2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч би Нийслэлийн Засаг даргын ******* захирамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийхэд ******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, ******* үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцдаа нийтийн эзэмшлийн явган зам дээр хашаа барьсан, авто зогсоолд хаягдал бетон асгасан зөрчлийн шинжтэй үйлдлийг Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, 2302000167 дугаартай зөрчлийн хэрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулсан.

“*******” ХХК нь ХХК нь дахин төлөвлөлтийн барилга угсралтын ажлыг захиалж бариулах явцад эзэмшил газраа хэтрүүлж, нийтийн эзэмшлийн явган хүний  эвдэж барилгын түр хашаа барьсан зөрчлийг газар дээр нь илрүүлж, фото зураг, шалгалтын тэмдэглэл, холбогдогчийн тайлбар, холбогдох баримтаар тогтоосон тул Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 13.1 дэх заалтын дагуу арга хэмжээ тооцож, Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй ******* ХХК-р явган замын үнэлгээг гаргуулсан болно.

Нийтийн эзэмшлийн асфальт бетон хучилттай авто зогсоол хаягдал бетон асгасан зөрчилд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь (Барилга байгууламж барих, шинэчлэх, засварлахдаа гудамж, зам, талбай сэтлэх, эвдэж сүйтгэх, шугам сүлжээ шилжүүлэх, мод, цэцэрлэгжүүлэлтийг түр зайлуулбал тэдгээрийг нөхөн сэргээж, зардлыг хариуцна.) заасны дагуу захиалагчийн чиг үүрэгт хамаарах асуудал тул “*******” ХХК-нд Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан.

Зөрчлийн 2302000167 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарт танилцуулж, (Зөрчлийн хэргийн 33-р хуудас) шийтгэлийн хуудсыг бичиж, гардуулсан.

“*******” ХХК нь барилгын ойр орчмын аюулгүй байдлыг ноцтой зөрчиж осол аваар гаргах нөхцөл бүрдүүлж, нийтийн эзэмшлийн явган зам, авто зогсоолыг бохирдуулж, сүйтгэсэн зөрчил үйлдсэн тул 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №01080008, №01080009 дугаартай шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2. Маргааны үйл баримтаар гомдол гаргагч “*******” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн хүрээнд “*******” үйлчилгээтэй  орон сууцны барилгыг зохих зөвшөөрлийн дагуу барьж байгаа боловч тус барилгыг барих явцдаа нийтийн нийтийн эзэмшлийн явган хүний эвдэж барилгын түр хашаа барьсан, мөн авто зогсоолд бетон асгасан болох нь Хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч ын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн шалгалтын тэмдэглэл[8], нөхцөл байдлыг харуулсан фото зургаар[9] тогтоогдож байна.

4.3.Харин гомдол гаргагчаас “...Барилгын тухай хуульд заасан дүрэм, журмыг мөрдөж хөдөлмөрийн аюулгүй байдал болон орчин тойрны аюулгүй байдлыг хангасан...”, аюулгүй байдлын үүднээс зам дээгүүр хашаа барьснаа хүлээн зөвшөөрч, одоо байгаа бодит нөхцөлд байдлаас сайжруулах, явган зорчигчийн замыг өөрсдийн хөрөнгөөр барих хүсэл зоригоо илэрхийлж байсан..., Бетон асгасантай холбоотой талбай цэвэрлэх ажлыг нэхэмжлэгч барилгын ажил дууссаны дараа өөрсдийн зардлаар ногоон байгуулж хийнэ...” тайлбарласан бол хариуцагчаас “...зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авах үүргээ хэрэгжүүлээгүй...” хэмээн няцаасан болно.

4.4. Хавтас хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд “*******” ХХК нь “*******” үйлчилгээтэй  орон сууцны барилгын ажлын захиалагч болохын хувьд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх чиг үүрэгтэй ч түүнийгээ  хэрэгжүүлээгүй.

4.5. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-д заасан “...хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг...” хэрэгжүүлэхээс өмнө Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”[10]-ын 2.8-д “Хороолол, хотхоны дунд барилгын ажил гүйцэтгэхдээ тухайн орчинд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг алдагдуулахгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбайг ашиглах, замын орц, гарцыг хаах зэрэг асуудлыг захиалагч зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авна”, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6-д заасан “...барилга байгууламж барих, ...зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авна...” гэсний дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй атлаа дур мэдэн авто зам, замын байгууламжийг эвдэж, хашаалан, хаягдал бетон асгасан байна.

4.6. Хэдийгээр гомдол гаргагч хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай боловч Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д заасан барилга байгууламжийг барихдаа  хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөгдөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон ...ургамалд аюул учруулахгүй байх...” зарчмыг үйл ажиллагаандаа баримтлаагүй байх тул Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.9, Автозамын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.6, Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2.2, 14.5 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан Хотын стандарт хяналтын газрын Авто замын улсын байцаагч ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах, мөн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

 

[1] Хавтас хэргийн 28 хуудас

[2] Хавтас хэргийн 29-30 хуудас

[3] Хавтас хэргийн 24 хуудас

[4] Хавтас хэргийн 6 хуудас

[5] Хавтас хэргийн 7 хуудас

[6] Хавтас хэргийн 16-17 хуудас

[7] Хавтас хэргийн 1-3 хуудас

[8] Хавтас хэргийн 20 хуудас

[9]  Хавтас хэргийн 21 хуудас