Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 010

 

  “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б, Б.Н нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч нараас 2.120.000.00 төгрөг гаргуулах тухай. 

           

Нэхэмжлэлд:  ““Н” ХХК-нь 1999 оноос эхэлж зоогийн газар, хурим, найрын хүлээн авалтын үйлчилгээний чиглэлээр 19 дэх жилдээ ажиллаж байна. 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Б овогтой Н нь өөрийнхөө хуримаа манай үйлчилгээний газарт хийхээр болж түрээсэлж авч байсан. Гэрээний дагуу манай үйлчилгээний газар үүргээ хийж гүйцэтгэж, хурим найрыг явуулж өгсөн. Гэтэл Б.Н болон түүний эцэг Х.Б нар нь удахгүй тооцоогоо хийж гүйцэтгэх болно гэж явчихад дахиж ирээгүй. Тэдний гар утас руу удаа дараа залгаж дуудсан боловч ирдэггүй байсан. Сүүлдээ утсаа ч авдаггүй боллоо. Иймд Х.Б, Б.Н нараас үйлчилгээний хөлс болох 2.120.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

Хариуцагчийн тайлбарт: “Б.Н 7 дугаар сарын дотор хуримын үйл ажиллагааг тус “Н”-д зохион байгуулсан нь үнэн. 400 хүний суудал бүжгийн багийн тоглолттой нийт 2.120.000.00 төгрөг төлөх ёстой тооцоо гарч урьдчилгаа 200.000.00 төгрөг, хуримын өдөр 1.500.000.00 төгрөг нийдээ 1.700.000.00 төгрөгийг “Н”-д бэлнээр төлсөн ба одоогийн байдлаар 420.000.00 төгрөгийн үлдэгдэл өглөгтэй байгаа. Уг мөнгийг энэ сард багтааж бүрэн төлж барагдуулах болно. Өөр ямар нэгэн маргаан байхгүй. 2.120.000.00 төгрөгийг бүтнээр нэхэмжилж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар Х.Б, Б.Н нараас 2.120.000.00 /хоёр сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Х.Б миний хүү Б.Н-ийн хуримын үйл ажиллагааг “Н” хуримын ордонд явуулахаар захирал Ж.Е-тэй урьдчилан тохиролцож, 2,120,000 төгрөг төлөхөөр болсон. Энэхүү хөлсийг задалбал 400 зочны сандалд 2,000,000 төгрөг, бүжигчдийн баг 120,000 төгрөгөөр нийтдээ 2.120.000 төгрөг болж байна.Үүнээс 200,000 төгрөгийг Улаанбаатар хотоос 6 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа болгож, Ж.Е-ийн хувийн дансанд шилжүүлсэн бөгөөд 7 дугаар сарын 12-ны өдөр хуримын үйл ажиллагаа 24 цагт өндөрлөмөгц Ж.Е-ийн хүү харуулын ажилтан Ш.Б-ын хяналтын доор бэлнээр 1,500,000 төгрөгийг эхнэр Х.Г, том охин Б.М-ын хамтаар Ж.Е-ийн албан өрөөнд тоолж өгч, тухайн ордны өдөр тутмын орлого зарлагыг бүртгэдэг бор өнгийн дэвтэрт бичүүлж, гарын үсэг зурж өгсөн. Үлдэгдэл 420,000 төгрөг, хагарсан стаканы төлбөр 3,000 төгрөг нийт 423,000 төгрөгийг Ж.Е-тэй утсаар ярьж тохиролцож ойрын үед төлж барагдуулна гэдгийг амласнаар харуул Ш.Б биднийг явуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрч харуул Баас ...би үүдэнд байсан тухайн тооцоо хийх газар зайтай байсан Е-ийн хүүд хэдэн төгрөг өгснийг мэдээгүй. Ямар ч байсан тооцоотой үлдсэнийг Ж.Е-ийн хүү хэлж, сануулж байсан” гэж мэдүүлсэн. Учир нь 423,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хэрвээ хуримын эзэн намайг тооцоо хийгээгүй, зохих мөнгө төгрөгөө өгөөгүй бол харуул Б намайг болон эхнэр, охин бүгдийг гаргахгүй шүү дээ. Харуул Б нь ордноос биднийг чөлөөтэй гаргасан нь тухайн үед үйлчилгээний хөлсийг бид зохих хэмжээгээр өгсөн болохыг нотолж байна гэж үзэж байна. Дээр нь 2019 оны 7 дугаар сарын 15-20-ны хооронд Ж.Е мобикомын дугаараараа та үлдэгдэл 630,000 төгрөгөө яаралтай шилжүүлэхгүй бол цагдаад өгнө гэж мессеж бичсэн. Тэр үед бидний хурим найр хөдөө сүлжээгүй газар үргэлжилж байсан. Шүүх хуралдаанд өөрөө ч, хүү нь ч оролцоогүй. Би шүүх хуралдааны бүрэлдэхүүнээс татгалзаагүй нь цайлган санаж үнэний талын зарчим, бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөөр ирсэн төлөөлөгч болов уу гэж бодсон. Гэтэл уг төлбөрийг өмгөөлөгч ажилтай Н Ж.Е-ийн хууль бус ашиг сонирхлыг хамгаалан намайг харлуулан гүтгэн доромжилсон мэдүүлгүүдийг өгч байсан. Шударга үнэн хэзээ ч ялдаг бөгөөд Монгол Улсын шүүх ардчилсан шударга, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг баримтлан нотлох баримтын хүрээнд шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж давж заалдах гомдол бичиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон надаас 423,000 төгрөг гаргуулан Ж.Е-д олгох үнэн шударга шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Х.Б, Б.Н нарт холбогдуулан ажил, үйлчилгээний хөлс 2.120.000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн хуримын хүлээн авалтын ажил, үйлчилгээний хөлснөөс урьдчилгаанд 200.000.00 төгрөгөөс бусад төлбөрийг хариуцагч нар төлөөгүй тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

            Харин хариуцагч нар ажил, үйлчилгээний хөлсөнд бүжгийн хамтлагийн тоглолтын төлбөртэй хамт нийт 2.120.000.00 төгрөг төлөхөөс 200.000.00 төгрөгийн урьдчилгааг, хуримын хүлээн авалтын орой 1.500.000.00 төгрөгийг, нийт 1.700.000.00 төгрөгийг тус тус төлсөн, одоо 420.000.00 төгрөгийг төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

            Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК нь хуримын хүлээн авалтын ажил, үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч Х.Б, Б.Н нар нь хөлс төлөхөөр харилцан тохиролцож, хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэргийн 3 дугаар талд авагдсан баримтаар талууд хуримын хүлээн авалтын ажил, үйлчилгээний хөлсийг 2.200.000.00 төгрөгөөр тохирсон ба үүнд бүжгийн хамтлагийн төлбөр 120.000.00 төгрөг нэмэгдэхээр тусгажээ.

Уг баримтад тэмдэглэснээр ажил, үйлчилгээний нийт хөлс 2.320.000.00 төгрөгөөс урьдчилгаанд 200.000.00 төгрөгийг ажиллуулагч буюу хариуцагч Х.Б, Б.Н нар төлсөн нь тогтоогдсон, үлдэгдэл 2.120.000.000 төгрөгийг төлөөгүй байна. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллуулагч нь хэлэлцэн тохиролцсоноор ажлын хөлсийг бүрэн төлөх үүрэгтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд Х.Б, Б.Н нар ажил, үйлчилгээний хөлсөнд хуримын хүлээн авалт болсон орой 1.500.000.00 төгрөгийг төлсөн, энэ нь гэрч Ш.Б-ын мэдүүлгээр нотлогдоно гэх боловч хариуцагчийн уг үгүйсгэл, тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

 

            Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүх материаллаг хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00587 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.000.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК