Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0025

 

М.М холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч М.М Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.М Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ш Н арийн бичгийн дарга М.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолтой М М-т холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  И овгийн М.М.

Шүүгдэгч М.М нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Х.Т, Х.Т, Б.Б нартай бүлэглэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах “Халиу” мини маркет хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч хүнсний бараа 2 бүтээгдэхүүн 62.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч И овгийн М-н М-г бүлэглэж үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.М-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.М-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй тус тус дурдаж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Орхон аймгийн СДШ-ийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 60 тоот шийтгэх тогтоолоор М.М-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1.д зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж 1 жилийн хорих ял оногдуулсан. М.М нь 15 настай, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Х.Т Х.Т, Б.Б нар хамтдаа мини маркет хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 62.800 төгрөгний хүнсний зүйл авсан бөгөөд уг эд зүйлийг М, Т-д өгсөн үйлдэлд холбогдсон. М.М нь уг хүнсний дэлгүүр рүү нэвтэрч ороогүй бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн 17.2, 2.1.д заасан энэ хэсэг нь хулгайн гэмт хэргийн үйлдэж буй үйлдлийн хэлбэрийг хүндрүүлсэн хэсэг юм. Тэгэхээр М.М нь уг агуулах сав гэдэг ойлголтонд багтах хүнсний дэлгүүр рүү өөрийн биеэр нэвтэрч ороогүй тул түүний холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэн зүйлчлэх ёстой юм.

Иймд шийтгэх тогтоолын 1,2,3-р заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү? Тэгэх боломжгүй тохиолдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О 3 дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Өсвөр насны шүүгдэгч М.М-т холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч М.М-г бүлэглэж, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. “И” овгийн М-н М нь 2017 оны 11 дүгээр сарын 05- ны өдөр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Х.Т, Х.Т, Б.Б нартай бүлэглэн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулах “Халиу” мини маркет хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч хүнсний бараа бүтээгдэхүүн авч 62.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт цугларч анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудаар үнэлэгдэж хэлэлцэгдсэн шүүгдэгч М.М-н шүүхийн хэлэлцүүлэгт ... Би гэртээ 2 дүүтэйгээ байж байтал Т, Т, Б нар ирсэн. Би дэлгүүрийн цонхыг чулуугаар цохиж хагалсан. Дэлгүүрээс гаргасан зүйлсийг Т-д өгсөн... гэсэн, хохирогч Н.Ө-н: ...2017 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө унтаж байтал гар утас дуугарахаар нь авсан чинь Эхаруул хамгаалалтын албанаас яриад танай дэлгүүрт дохиолол өгөөд байна шуурхай баг явуулсан чинь цонх нь хагарчихсан дотор нь хүн байгаа шинжтэй байна гэсэн. Дэлгүүр дээрээ яваад очтол дэлгүүрийн цонх нь хагарчихсан байсан. Харуул хамгаалалтын хүмүүстэй дэлгүүр дотор ортол ариун цэврийн өрөөнд 10 гаран насны 2 хүүхэд нуугдаж байсан. 2 ширхэг 0.75 литрийн шилтэй дарс, лаазтай самар 2 ширхэг, 14 ширхэг шоколад зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Хэрэг болсны маргааш хагарсан цонхны шилийг 5.000 төгрөгөөр шиллүүлсэн. Алдагдсан эд зүйлсээ тоо ёсоор нь хүлээж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн, насанд хүрээгүй гэрч Б.Б-н: ... М-н гэрт зурагт үзээд сууж байхад М бүгдээрээ хотын төв орж дэлгүүр ухъя гэж байсан. М-н гэрт хонох гэж яваад Т,  нартай таарсан. Гэрээс гараад 1 дүгээр микрийн тоглоомын талбай дээр тоглож байгаад 2-р микр руу явсан. М, Т, Т нар өдөр тэр хавиар явсан дэлгүүрийг мэднэ гэж байсан. Тэгээд “Халиу” гэдэг дэлгүүр дээр очсон. М-н шидсэн чулуу цонхыг нь хагалсан. Т гараа оруулж цонхыг нь онгойлгоод бид 2 дэлгүүр рүү орсон. Т М 2 гадаа хүн хараад байж байсан. М өөрөө намайг чи орчих гээд надад өөрийнхөө маск, бээлий хоёрыг өгсөн... гэсэн,

насанд хүрээгүй гэрч Н.Т-н: М бүгдээрээ город орж дэлгүүр  ухъя гэсэн. Өдөр нь Халиу дэлгүүрийн хажуугаар М, Т бид гурав явсан. “Халиу” дэлгүүрийн цонх нь төмөр хаалтгүй гэдгийг харсан. М бид хоёр цонхоор орно гэж ярилцсан. Эхлээд чулуу шидсэн чинь цонх нь хагараагүй, тэгээд М-н шидсэн чулуу цонхыг хагалсан. Би хагархайгаар нь гараа оруулж цонхыг онгойлгоод Б бид 2 дэлгүүр рүү орсон. М цонхоор орохоо болиод Б-д өөрийн өмсөж явсан бээлийгээ өгсөн. Т М хоёр гадаа хүн харж байсан. Дэлгүүр рүү ороод лангуун дээрээс нь шилтэй дарс, 2 савтай самар, нилээн олон шоклад аваад цонхоор нь М-т өгсөн ... гэсэн мэдүүлгүүд болон “Б Х” ХХКомпаний 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 341 дугаартай эд зүйлийн үнэлгээ тогтоох дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдох бөгөөд анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдлийг гэм буруутайд тооцсон хуулийн зүйл хэсэг зөв, оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд өсвөр насны шүүгдэгч М.М нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй Х.Т, Х.Т, Б.Б нарын хамт дээрхи гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ анх хулгай хийх санаачилга гаргасан, дэлгүүрийн цонхыг чулуугаар шидэж хагалсан, Б-д маск, бээлий өгч Б, Т нарыг цонхоор оруулсан, тэдний дэлгүүрээс авсан эд зүйлийг авсан зэргээр энэ гэмт хэргийг идэвхитэй санаачилж зохион байгуулсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... М.М нь хүнсний дэлгүүр рүү өөрийн биеэр нэвтэрч ороогүй тул түүний холбогдсон үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл заалтыг хэрэглэн зүйлчлэх ёстой юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1,2,3-р заалтыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах, тэгэх боломжгүй тохиолдолд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол үгүйсгэгдэж байна. Хэдийгээр өсвөр насны шүүгдэгч нь “Халиу” дэлгүүрийн цонхоор нэвтэрч ороогүй боловч бусадтай нэгдэж санаа зорилготойгоор бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор 5 шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА

ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР