Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша би Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетханаас, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Хурлын төсвийг захиран зарцуулах эрхийг сэргээх, мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын Х.Дөрбетханд холбогдох хэсэгт ХАСХОМ-ын нэмэгдэл цалинг нэмж тогтоохыг хариуцагчид даалгах шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 
ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 10 тоот тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын төсвийн 1 дүгээр гарын үсэг Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан миний мэдэлд шилжигдэн ирсэн тул өнөөдрийг хүртэл би эрх мэдлээ хэрэгжүүлэн өөрийнхөө үүрэгт ажил болох Хурлын байгууллагын төсвийн 1 дүгээр гарын үсгийг хариуцан төсвийг захиран зарцуулан хуулийн дагуу ажиллаж ирлээ.

Хурлын дарга Д.Сайлаубек нь албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн хууль тогтоомж, стандартыг зөрчиж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа миний Хурлын төсвийг захиран зарцуулах, Хурлын төсвийн 1 дүгээр гарын үсгийг зурах Төсвийн тухай хуулиар олгогдсон бүрэн эрх мэдлийг минь миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөртөө шилжүүлэн авсан Тэргүүлэгчдийн өмнөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөр гаргасан ганцхан заалттай, үг үсгийн алдаатай, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гарын үсэг батлах тухай 14 тоот тогтоолыг хуурамчаар үйлдэж гарын үсгээ нь зурж өөртөө байгаа тамга тэмдгийг ашиглаж баталгаажуулан санхүүд өгсөн байна.

Мөн Хурлын дарга Д.Сайлаубек дээрхи хууль бус 14 дүгээр тогтоолдоо Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетхан нь удаа дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Нийтийн хурлын дарга нарын цалинг хугацаанд тавьж олгохгүй чирэгдэл гаргасан гэж нийтийн Хурлын дарга нарын цалинд огт холбогдолгүй намайг гүтгэлгийн шинжтэй хэрэгт холбогдуулан буруутгаж миний хууль ёсны эрх ашигт халдсан ямар ч үндэслэлгүй хууль бус шийдвэрийг гаргасан байна.

Урьд нь Д.Сайлаубек гүтгэлгийн шинжтэй хэрэгт намайг холбогдуулан буруутгах гээд 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үндэслэлгүй намайг ажлаас чөлөөлж байсан. Хурлын дарга Д.Сайлаубекийн гаргасан хууль бус тогтоол шийдвэр нь Төрийн албаны аймаг дахь салбар зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шат, давж заалдах дээд шүүх болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй хууль бус шийдвэр болж , миний бие Хурлын нарийн бичгийн даргын ажилд 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар эгүүлэн томилогдсон. Д.Сайлаубек нь үүнээс хойш нэг жил өнгөрсөн ч өш хонзон санаж, гүтгэлгийн зөрчилд намайг буруутгах гээд санаатай хууль зөрчсөн хууль бус тогтоолыг энэ удаа дахиад гаргаж байна.

Д.Сайлаубекээс тогтоолын талаар тодруулахад хууль бус тогтоол гаргасан минь үнэн. Манай намаас сонгогдсон Тэргүүлэгчид намайг хамгаална гэнэ. Тэргүүлэгчийн хуралдааныг Хурлын ажлын алба зохион байгуулах журамтай дэгтэй. Хурлын ажлын албанаас 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор Тэргүүлэгчдийн хуралдааныг товлон зарлаж зохион байгуулаагүй тул тухайн өдрийн хуралдааны материал Хурлын ажлын албанд байхгүй, байх ёсгүй. Гэтэл Д.Сайлаубек эрх мэдлээ хэтрүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж мөн өдрөөр дээрхи хууль бус тогтоолыг гаргасан байна.

Иймд хурлын байгууллагын төсвийг захиран зарцуулах 1 дүгээр гарын үсгийн тухай асуудлыг дээрхи хуулиудаар хуульчилсан, хуульд хурлын байгууллагын төсвийг захиран зарцуулах эрхийг Хурлын даргад олгоогүй, Хурлын нарийн бичгийн даргад олгосон, хуульд нийцсэн асуудлаар Тэргүүлэгчид хуулийн хүрээнд шийдвэр гаргах ёстой тул:

Хурлын дарга Д.Сайлаубекийн өөртөө байгаа тамга тэмдэг, албан тушаалаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлэн дур мэдэн Тэргүүлэгчдийн өмнөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ний өдрөөр гаргасан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гарын үсэг батлах тухай хууль бус 14 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа миний Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.14 дэх заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хүчин төгөлдөр 10 тоот тогтоолын дагуу хурлын байгууллагын төсвийг захиран зарцуулж байсан зөрчигдсөн хууль ёсны эрхийг минь сэргээн тогтоон хурлын төсвийг захиран зарцуулах бүрэн эрхийг минь олгож, хуулийн хэрэгжилтийг ханган хуулийн дагуу ажиллуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ:

Д.Сайлаубек нь эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө байгаа хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж Тэргүүлэгчдийн өмнөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр гаргасан. Цалин тогтоох тухай 09 дүгээр тогтоолыг хуурамчаар үйлдэж, гарынхаа үсгийг зурж, хүчингүй болсон тамга тэмдгээр баталгаажуулан нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэн шүүхэд өгсөн байна. Миний бие үүнийг 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлийн дагуу хавтаст хэрэгт танилцахад мэдсэн. Уг Цалин тогтоох тухай 09 дүгээр тогтоолын талаар урьд нь Хурлын дарга Д.Сайлаубек надад огт хэлээгүй үзүүлээгүй. Миний 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр авах ХАСХОМ-ын ажлыг хавсран гүйцэтгэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны урамшуулал нэмэгдлийн мөнгийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн болон 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар 2 удаа авч хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 тоот тогтоолоор батлагдсан "Албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам-ын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны нэмэгдлийг үндсэн цалингийн 40 % хүртэлх хувиар олгож болно гэсэн заалтыг үндэслэн Хурлын Тэргүүлэгчдийн хүчин төгөлдөр 41 дүгээр тогтоол болон 61 дүгээр тогтоолоор миний авч байсан сарын үндсэн цалингийн 20%-иар тооцож 146772=00 төгрөгөөр тогтоож, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр тооцож олгож байхаар шийдвэрлэсэн юм.

Хурлын дарга Д.Сайлаубек нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулан хурлын байгууллагын ажилчдын сар бүр авах үндсэн ба нэмэгдэл цалингийн асуудлыг хэлэлцэж Цалин тогтоох тухай 09 дүгээр тогтоолыг гаргасан гэсэн боловч уг тогтоолын хавсралтын надтай холбогдолтой хэсэгт миний сар бүр авах үндсэн ба нэмэгдэл цалинг тогтоохдоо миний Хууль зүйн байнгын Хорооны 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоол болон Хурлын Тэргүүлэгчдийн дээрх хүчин төгөлдөр тогтоолын дагуу сар бүр авах ХАСХОМ-ын ажлыг хавсран гүйцэтгэхтэй холбоотой эрх бүхий албан тушаалтны нэмэгдэл цалин болох 146772=00 төгрөгийг хасаж баталж өгсөн тул миний 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр авах ХАСХОМ-ын нэмэгдэл цалин 146772=00 төгрөгийг 2016 оны цалин тогтолцоонд нэмж баталж өгөхийг Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Сайлаубек, Тэргүүлэгч гишүүн С.Мадениет, Т.Тогтоол, К.Үмбет нараас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Сайлаубек, Тэргүүлэгч гишүүн С.Мадениет, Т.Тогтоол, К.Үмбет нар бид Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Гарын үсэг батлах тухай 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Цалин шинэчлэн тогтоох тухай 09 дүгээр тогтоолд ХАСХОМ-ын урамшууллыг Х.Дөрбетханд олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Дөрбетхан нь тус захиргааны хэргийн шүүхэд Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгох, Хурлын төсвийг захиран зарцуулах эрхийг сэргээх, мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын Х.Дөрбетханд холбогдох хэсэгт ХАСХОМ-ын нэмэгдэл цалинг нэмж тогтоохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болох Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Д.Сайлаубек, Тэргүүлэгч гишүүн С.Мадениет, Т.Тогтоол, К.Үмбет нараас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, энэ тухай 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай бичгийг тус шүүхэд ирүүлсэн байна.

Иймд хариуцагч Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нэхэмжлэгч Х.Дөрбетханы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Хурлын төсвийг захиран зарцуулах эрхийг сэргээх, мөн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолын Х.Дөрбетханд холбогдох хэсэгт ХАСХОМ-ын нэмэгдэл цалинг нэмж тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Дөрбетханы нэхэмжлэлтэй, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША