Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00858

 

“Централ эйшиан цемент” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01381 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаар магадлалтай,

“Централ эйшиан цемент” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Нью констракшн” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 133.078.400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Цемент зээлээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Пүрэвбазар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь "Нью констракшн" ХХК-тай 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу  9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 489.76 тонн цементыг бэлтгэн нийлүүлсэн. Гэрээнд худалдсан цементын төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлсөн байна, хэрэв хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 1 хувиар бодож  алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч "Нью констракшн" ХХК нь дээрх хугацааг хэтрүүлж, гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийн хамт хуримтлагдаад байна. Бидний зүгээс дээрх төлбөрийг төлөхийг бичгээр болон аман хэлбэрээр удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа тогтоож байсан боловч бодитой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн бөгөөд банкнаас зээлсэн мөнгөөр цемент үйлдвэрлэн худалдаж, борлуулалтын орлогоос зээл, зээлийн хүүг төлж ажилладаг бидний хувьд алдагдалтай байна. Иймд “Нью констракшн” ХХК-иас үндсэн төлбөр 89.473.600 төгрөг, алданги 43.604.800 төгрөг, нийт 133.078.400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нью констракшн” ХХК-ийн захирал Э.Даваасамбуу шүүхэд гаргасан тайлбартаа: "Нью констракшн" ХХК нь "Централ эйшиан цемент" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн гэрээнд манай компанийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Лхагваням гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Манай компани нэг хувьцаа эзэмшигчтэй бөгөөд төлөөлөн удирдах зөвлөл байхгүйгээс гадна Г.Лхагваням гэдэг хүн ажилладаггүй болно. Өөрөөр хэлбэл манай компанийг төлөөлж ийм гэрээ байгуулах эрхийг Г.Лхагваням гэдэг хүнд аливаа хэлбэрээр өгөөгүй. Иймд энэ гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Гэрээнд дарагдсан компанийн тамга, тэмдгийг яаж олж дарсныг нь мэдэхгүй. Цемент хүлээн аваагүй учир нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Нью констракшн” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн гэрээнд манай компанийг төлөөлж ТУЗ-ийн дарга Г.Лхагваням гэдэг хүн гарын үсэг зурсан байна. Манай компанийг төлөөлж ийм гэрээ байгуулах эрхийг Г.Лхагваням гэдэг хүнд аливаа хэлбэрээр өгөөгүй тул энэ гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа: Уг гэрээ нь эрх бүхий этгээдээс олгосон зохих зөвшөөрлийн дагуу хийгдсэн хэлцэл юм. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхийг амаар буюу бичгээр олгодог. Г.Лхагванямд амаар гэрээ байгуулах эрх олгосон талаар Г.Лхагванямыг гэрчээр асуухад гэрчилдэг. Түүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа хууль сануулж авсан. Энэ талаар мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцох Дашдаваа ч гэрчилнэ. Хариуцагч тал цемент худалдан авсан эсэхэд маргадаггүй. Үүнээс үзэхэд хүчин төгөлдөр бус гэрээ хэмээн үзэж алдангиас чөлөөлөгдөх санаатай байна. Бүх талаасаа баримтаар нотлогдож байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01381 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Нью констракшн" ХХКомпанид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 133.078.400 төгрөг гаргуулах тухай "Централ эйшн цемент" ХХКомпанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан "Централ эйшн цемент" ХХКомпани, "Нью констракшн" ХХКомпани нарын хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Цемент зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл байгааг дурдаж, "Нью констракшн" ХХКомпаниас 89.473.600 төгрөгийг гаргуулж "Централ эйшн цемент" ХХКомпанид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 837.492 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610.978 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 823.342 төгрөг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас 605.318 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 212.364 төгрөг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, Тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/Ш32015/30762 дугаартай, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Нью констракшн” ХХК-д холбогдох 133.078.400 төгрөг гаргуулах тухай “Централ эйшиан цемент” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-д холбогдох “Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “Нью констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-ийн төлсөн 823.342 төгрөг, хариуцагч “Нью констракшн” ХХК-ийн төлсөн 605.320 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Отгончимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3- д "магадлалыг бүхэлд пь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх" гэж заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, тухай хэргийг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд;

1. Шүүхээс талуудын хооронд шууд эрх зүйн харилцаа үүсээгүй. “Ценртал эйшиан цемент” ХХК-ийн бэлтгэн нийлүүлсэн цементийг "Нью констракшн” ХХК ашиглаагүй гэж дүгнэсэн пь хууль бус. Анхан шатны шүүхээс “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1 дэхь хэсэгт “Бэлтгэн нийлүүлэгч нь стандартын дагуу үйлдвэрлэсэн м42.5 маркийн задгай цементийг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй” ... гэж зааснаас үзвэл, хариуцагч цементийг худалдагч талаас шууд хүлээн авахаар тохиролцсон байх ба гэрчийн мэдүүлэг, гэрээний заалт зөрүүтэй байна. Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй юм. Давж заалдах шатны шүүхээс “...Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн гэж үндэслэл хэсэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн.

Хариуцагч тал "Цептрал эйшнап цемент" ХХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цемент худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, энэхүү гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн гэх 490 тн цементийг огт хүлээж аваагүй гэж маргадаг. Ингэхдээ тэрээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад удаа дараа илтэд зөрүүтэй тайлбар, мэдүүлэг өгч байсан нь хангалтай нотлогдож байна.

Түүнчлэн гэрч Г.Лхагванямыг асуусан тэмдэглэлд “Дашдаваа гэж хүнтэй...цемент зээлээр аваад төлбөрийг дараа төлж болох юм байна гэж яриад тэгээд ... задгай цемент авсан ... яармагийн барилгад бетон зуурмаг болгохоор ашигласан ...Даваасамбуугийн зөвшөөрлөөр задгай цементийг “Суурь” ХХК-д буулгаж, зуурмаг болгон яармагийн дэнж дээрх барилгадаа хэрэглэсэн” гэх утга агуулга маш тодорхой туссан. Уг мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий, үнэн зөв нотлох баримт байхад шүүх үнэлж дүгнэлт өгсөнгүй.

2. Шүүхээс "Нью констракшн" ХХК нь Г.Лхагвапямд төлөөлөх бүрэн эрх олгоогүй гэх мэтээр дүгнэсэн хууль бус юм. Анхан шатны шүүх "Централ эйшнан цемепт” ХХК-ийн “Зохигчдийн хооронд байгуулагдсан 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ мөн байх боловч зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна ...” харин давж заалдах шатны шүүх “Г.Лхагванямд тус компанийг төлөөлж Централ эйшиан цемент ХХК-тай гэрээ байгуулах бүрэн эрх олгогдоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна. ... Гэрч Г.Лхагванямын “Э.Даваасамбуу амаар зөвшөөрөл өгсөн, цемент зээлээр олж өгөх арга байна уу гэж Э.Даваасамбуу гуйхаар нь гэрээ хийсэн ... гэж мэдүүлснээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрх олгогдсон гэж эргэлзээгүй нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй болно ...” гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна.

Гэрчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу цуглуулсан бөгөөд нотлох баримтын шаардлага бүрэн хангасан. Түүгээр ч зогсохгүй "Ныю констракшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал анхан шатны шүүх хуралдаанд оролцох үедээ Г.Лхагванямаар дамжуулан “Централ эйшиан цемент" ХХК-аас цемент авсан, Лхагванямын мэдүүлэгтэй танилцсан, маргах зүйлгүй гэдгээ өөрийн биеэр хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хуралдааны тэмдэглэлд тодорхой туссан байдаг.

Хариуцагч талын гүйцэтгэх захирал төлөөлөгчид гэрээ байгуулах бүрэн эрх олгосон, цементийг хүлээн авч ашигласан гэдгээ тус тус шүүх хуралдааны явцад өөрийн биеэр хүлээн зөвшөөрч, энэ нь хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар давхар тогтоогдсоор байхад шүүхээс ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/01381 дүгээр шийдвэрээр “талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн хэсэгт өөрчлөлт оруулж”, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 883 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Централ эйшиан цемент” ХХК нь хариуцагч “Нью констракшн” ХХК-с гэрээний үүрэгт 133.078.400 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээг дурджээ.

Хариуцагч нь “...гэрээ байгуулаагүй, тус компанид ТУЗ байдаггүй,  гэрээ байгуулсан гэх Г.Лхагваням тус компанид ажилладаггүй гэж марган, “...гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхийн тулд зохигчид худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх, худалдагч нь гэрээнд заасан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар дүгнэлт хийх шаардлагатай болно.  

Зохигчдын хооронд байгуулсан гэх Цемент зээлээр худалдах, худалдан авах гэрээнд “Нью констракшн” ХХК-г төлөөлөн ТУЗ-ийн дарга Г.Лхагваням гарын үсэг зурсан байх ба тэрээр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...яармагийн барилгад зуурмаг хэрэгтэй болсон, яаж олох талаар ярилцаад, Дашдаваатай уулзахад зээлээр аваад төлбөрийг дараа өгч болох юм байна гэсэн, Даваасамбуу амаараа ярьж зөвшөөрснөөр гэрээг байгуулсан” гэжээ /хавтаст хэргийн 5-7, 50-51 дүгээр тал/.

Г.Лхагваням нь “Нью констракшн” ХХК-д ажилладаггүй боловч хариуцагчийн төлөөлөгч Э.Даваасамбуу нь Г.Лхагванямаас зуурмаг авч байснаа үгүйсгээгүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурджээ /хавтаст хэргийн 114-115 дугаар тал/.

Анхан шатны шүүх, хариуцагч нь Г.Лхагванямаар дамжуулж 489.76 тн цемент авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж “Нью констракшн” ХХК-с 89.473.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасантай нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч гэрээний зүйл болох цементийг хариуцагчид хүлээлгэн өгснөө нотолж чадаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэрэгт авагдсан 34 ш зарлагын баримтад цементийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан хүмүүсийн /Баасандаш, Батхүү/ нэр бичигдсэн байх ба эдгээр нь аль компанийн ажилчид болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх “...Суурь ХХК-ийн ажилчид гарын үсэг зурсан...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.  

Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдагч нь худалдан авагчаас эд хөрөнгийн үнийг шаардах үндэслэл бий болох ба харин гэрээ хүчин төгөлдөр бус бол хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.

Хэлцэл хийгдсэн гэж үзэх, хийгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх, эсхүл уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох нь эрх зүйн өөр асуудлууд юм.  

Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан журмыг хэлцлийн хэлбэр болон хэлцэл хийгдсэн эсэхийг тодорхойлоход баримтлах бол хэлцэл хүчин төгөлдөр бус болох, түүнээс үүсэх үр дагавар зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.

Хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчиж хийсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасныг шүүх анхаараагүй байна. Тодруулбал, хэлбэрийн зөрчилтэй хэлцлийн талууд уг зөрчлийг арилгаснаар л хэлцэл хүчин төгөлдөр болох тул “...хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй” талаарх анхан шатны шүүхийн, “...гэрээ нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус байна” гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...хариуцагч нь задгай цементийг “Суурь” компанид буулгаж, зуурмаг болгон Яармагийн дэнж дээрх барилгадаа хэрэглэсэн...” талаарх тайлбартай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. 

Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2016/01381 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 883 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 823.342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ