Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 011

 

 

Е.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны Е.Х-ийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч Е.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг[1] нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд Их Сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г, ажилтан Е.Х нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай.   

           

Нэхэмжлэлд:  “Миний бие Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд Ховд Их сургуулийн захирлын Б\103 тоот тушаалаар томилогдсон. Уг тушаалын 3 дахь хэсэгт Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г надтай 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр томилогдон тогтвор суурьшилтай 2 жил ажилласан бөгөөд дээрх хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй өөрийн эрхэлсэн ажилдаа хянамгай байж тухайн байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдийг болон ажлын цагийг чанд баримталж аливаа өгсөн үүрэг даалгаврыг шуурхай болоод чанартай гүйцэтгэж ажилдаа эзэн ёсоор сэтгэлээрээ хандан, санаачилгатай хуулийн хүрээнд чанартай үнэнч шударгаар ажиллаж ирсэн бөгөөд дээрх хугацаанд сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. 2018 оны 6 дугаар сард Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын албан тушаалыг бууруулан оронд нь тус сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ж.Х-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Ж.Х уг томилогдсон үеэсээ эхлэн хуучин захирлын үед ажилд орсон чамтай хамтарч ажиллахгүй. Ховд Их сургуулийн захирлын албан үүргийн дагуу багаа бүрдүүлж ажилламаар байна. Тийм учраас ажлаа хүлээлгэж өг гэх шаардлагыг удаа дараа тавьж, төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр нэгжүүдийг нэгтгэж, орон тоог хасна гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Тэр үеэс эхлэн миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зарим чиг үүргийг гүйцэтгүүлэхийг хязгаарлаж, зарим чиг үүргээ хийж гүйцэтгэхэд саад учруулж эхэлсэн. Миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж буруу ойлголтыг залруулахаар хичээл зүтгэл гаргасан боловч үл ойшоосон.Улмаар Ховд Их сургуулийн удирдах зөвлөл 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, уг хурлаар Ховд Их сургуулийн бүтцэд зарим өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн Ховд Их сургуулийн бүтцийг шинэчлэн баталж салбар сургуулийн гурван тэнхимийг хоёр тэнхим болгон нэгтгэж, бусад бүтцийг хэвээр хадгалж үлдсэн тухай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хамт олны хуралд захирал танилцуулж байсан. Он гарсны дараа 01 сарын 30-ны өдөр багш, ажилтан нарын цалин 8 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр гаргасан тухай багш ажилчдын фейсбүүк группт нийтэлж, Ховд Их сургуулиас тогтмол зардлын авлага 479 сая төгрөг болсон үүнийг бид тооцоо нийлсэн актаар баталгаажуулж энэ жилдээ багтааж авахаар болсон. 2018-2019 оны хичээлийн жилд бид бакалаврын нийт орлого 468 сая төгрөг хуримтлуулж чадсан тухай танилцуулж, бүтэц орон тоог хэвээр хадгалж үлдсэн гэдгээ хэлж байсан. Гэтэл 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр захирал туслахаараа дамжуулан намайг дуудаж чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон тушаал чинь 5 дугаар сарын 01-ний өдөр ирнэ гэж хэлсэн. Ажлаас чөлөөлөх болсноо Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалт ТУЗ-ын шийдвэрийг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа гэсэн атлаа дээрх гол үндэслэл болсон шийдвэрүүд болон 1 сарын өмнөх мэдэгдэх хуудас олгож танилцуулаагүй. Мөн түүнчлэн миний бие 5 дугаар сарын 06-ны өдөр ажлын 7 хоногийн чөлөө авахаар Ховд Их сургуулийн захиргаанд болон сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгөлгүй чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэдгийг тогтоож, хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Ховд Их сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Е.Х-ийг Ховд Их сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан эрхийн дагуу гаргасан Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолоор, мөн Дээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5 дахь хэсэгт зааснаар гаргасан Ховд Их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А\200 дугаар тушаалаар Ховд Их сургуулийн бүтэц, орон тоо, цалингийн санг баталсан бөгөөд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан болно. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу Е.Х-ийн орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль дээр очиж өөрт нь танилцуулсан бөгөөд гардаж авахаас татгалзсан болно. Энэ талаар мөн өдөр салбар сургуулийн Захиргааны зөвлөл хуралдсан. Ховд Их сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б\97 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн гарсан. Иймд Е.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд: “Нэхэмжлэгч нь хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаар тушаалаар томилогдоход салбар сургуулийн захирал С.Г-д надтай хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхээ уг тушаалаар итгэмжлэн шилжүүлсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн захирал надтай хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч Е.Х Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Үүнд: Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б\103 дугаар “Ажилтан ажиллуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Е.Х-ийг албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн харилцаа үүссэн үеэс нь хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг салбар сургуулийн захиралд үүрэг болгосон байна. Гэтэл ажилд орсноос хойш 1 жилийн дараа байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг Ховд Их сургуулийн захирал гэрээ байгуулах эрхээ салбар сургуулийн захиралд итгэмжлэн шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Хөдөлмөрийн гэрээ нь Ховд Их сургуулийн захирал баталснаар хүчин төгөлдөр байх бөгөөд “Батлав. Захирал” гэсэн хэсэгт гарын үсэг, тамга дарж баталгаажуулаагүй байна. 3.Е.Х нь гоц онцгой авьяас өндөр чадвар бүхий хүн биш байтал Ховд Их сургуулийн багш, ажилтнуудтай хийдэг Хөдөлмөрийн гэрээний нийтлэг зохицуулалтаас өөр нөхцөлүүдийг тохирсон байна. Ажил олгогч буюу Ховд Их сургуулийн захиргааны зүгээс Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захиргаанд тусгайлсан нөхцөлөөр Е.Х-тэй Хөдөлмөрийн нөхцөл харилцан тохирох эрхийг салбар сургуульд олгоогүй байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Е.Х-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн маргаан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд Е.Х Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлд өгсөн нэхэмжлэгчийн хариу тайлбарт: “Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ажил олгогч ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа өөрөө буюу гэрээ байгуулах албан тушаалтныг томилж, түүгээр дамжуулан гэрээ байгуулж болохоор хууль тогтоогч хуульчилж Ховд Их сургуулийн захирал (тухайн үед алба хашиж байсан М.А) намайг албан тушаалд томилоход гэрээ байгуулах эрхийг салбар сургуулийн захиралд ажил томилсон тушаалаар олгосон. Миний бие ажилд томилсон тушаал гарсны дараа гэрээ байгуулах саналыг удаа дараа тухайн үеийн удирдлагуудад тавьж байсан боловч гэрээ байгуулаагүй. Улмаар 2018 оны 5 сарын 16-ны өдөр салбар сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтаар ирсэн Ховд Их сургуулийн захирал (тухайн үед алба хашиж байсан В.С) гэрээ байгуулахыг салбар сургуулийн захиралд дахин үүрэг болгосны дагуу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр салбар сургуулийн бүх багш ажилчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, гэрээ байгуулагдаагүй багш, ажилчдын хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулсан. Мөн түүнчлэн гэрээний заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй ба хэргийн харьяалал болон бусад тохирсон заалт нь өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон тус байгууллагын Хөдөлмөрийн хуульд нийцүүлж гаргасан Хөдөлмөрийн дотоод журмаар талууд тохиролцож болохоор нээлттэй үлдээсэн талбарт гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу тохиролцоо билээ. Иймд Иргэний хуулийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцох эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэрээр:

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан хариуцагч Ховд Их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Е.Х-ийг Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоонд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлийг баримтлан Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Г, (нэхэмжлэгч) Е.Х нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Ховд Их Сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаартай тушаалын 3 дугаар хавсралтын жагсаалтын 4-д “Е.Х албан тушаал: хуулийн зөвлөх, зэрэглэл: ТҮ-7, ажилласан жил: 2 гэж баталсан. Гэтэл мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэлд ...ХИС-ийн захирлын А/200 тушаалаар ...хуулийн зөвлөхийн орон тоо батлаагүй гэсэн нь дээрх ХИС-ын захирлын А/200 дугаартай  тушаалтай зөрчилдөж байна гэж дүгнэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд мэдэгдэх хуудсаар мэдэгдэх нь хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгож байгаа ажил олгогчийн шийдвэр биш бөгөөд эрх зүйн акт биш. Мөн дээрх хурлын тэмдэглэлд “Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар ярьсан нь” тэмдэглэгдсэн байхад шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

2. Анхан шатны шүүх “Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 сарын 10 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн цалингийн сүлжээний шатлал”-ын 1-д цалингийн сүлжээний шатлал /1-4/ ТҮ-7 (хуулийн зөвлөх)-д 664,429 төгрөг“ гэж тусгасан атлаа 4 дүгээр хавсралтаар баталсан “Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш, ажиллагсдын цалингийн сан”-д тус салбар сургуульд ТҮ-7 шатлалаар цалинждаг албан хаагчдын нэр, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал зэрэглэл зэргийг тусгаагүй байдал нь энэхүү хоёр хавсралт нь хоорондоо зөрүүтэй бие биеэ үгүйсгэсэн байна.” гэж дүгнэжээ. Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 10 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын ТҮ-7 зэрэглэлийн албан тушаалд “Сүлжээний инженер, веб мастер, хуулийн зөвлөх, ...” гэх мэт Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр /тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий албан тушаалуудыг бүхэлд нь багтаан баталсан болно. Гэтэл анхан шатны шүүх Удирдах зөвлөлийн дээрх тогтоолын хавсралтаар хуулийн зөвлөхийн орон тоо батлагдсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн “цалингийн сүлжээний шатлал”, “цалингийн сан” “орон тоо” гэдэг нь өөр өөр ойлголт байгаад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон орон тоо, цалин хөлстэй холбоотой холбогдох эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актуудыг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Анхан шатны шүүх “2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаартай “Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлын протокол”-д хуралд оролцож байгаа ирц дотор тус Баян-Өлгий салбар сургуулийн захирал Ж.Х-ы нэр байхгүй байхад Ховд их сургуулийн   гишүүдийн 100% саналаар баталсны дараа Ховд их сургуулийн захирал Ж.Х өөрийн ажлыг танилцуулсан гэсэн нь эргэлзээтэй байна” гэж дүгнэжээ. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Ховд Их сургуулийн Удирдах зөвлөл нь багш ажилтны төлөөлөл, төгсөгчдийн төлөөлөл, үүсгэн байгуулагчийн төлөөллөөс бүрдэх бөгөөд Баян-Өлгий аймгийн салбар сургуулийн захирал Ж.Х нь Удирдах зөвлөлийн гишүүн мөн талаарх баримт хэрэгт авагдаагүй атал байх ёстой, саналын эрхтэй мэтээр дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. Мөн нэхэмжлэгч нь Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 10 дугаар тогтоол болон Удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаа хуульд нийцээгүй талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гэж дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” журмыг зөрчсөн байна.

4. Анхан шатны шүүх “Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаас Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш, ажиллагсдын ямар орон тоог цөөрүүлсэн болон хасагдсан тухай хууль ёсны эрхийн акт байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэжээ. Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ”, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-д Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүргийг хуульчилсан байх бөгөөд эрхийн хүрээнд 36.7-д зааснаар шийдвэр гаргахаар хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх “хууль ёсны эрхийн акт гараагүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолыг эрхийн акт биш гэж үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасан “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэсэн шийдвэр гаргах журмыг зөрчсөн байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн албан тушаалыг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо гэж зөвтгөн шийдвэрт тусгах нь зүйтэй байна” гэжээ. Нэхэмжлэгч нь “Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөн шийдвэр гаргах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй болно. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэр гаргах ёстой.

6. Анхан шатны шүүх “хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Е.Х-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул ...” гэж дүгнэжээ. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар “бүхэлд нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь, харьцуулан” шинжлэн судалж үнэлэх журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “1. Хариуцагч байгууллагын зүгээс намайг ажлаас чөлөөлөх үндэслэлийг тайлбарлахдаа Ховд Их сургуулийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/200 дугаартай тушаалын дагуу миний орон тоо хасагдсан гэж ойлгуулж, шүүхэд гаргасан тайлбарт ч мөн тэгж тайлбарлаж, Ховд Их сургуулийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/200 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгөхдөө миний албан тушаалын нэршлийг өөрчлөн хуулийн зөвлөх гэж оруулж өгсөн. Үүнийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөртөө ашигтай байдлаар 2 янзаар тайлбарладаг ба нэгт уг тушаалаар миний албан тушаалыг өөрчлөн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтэн гэснийг хуулийн зөвлөх болгон баталсан гэдэг атлаа Ховд Их сургуулийн захирал орон тоо батлах эрхгүй субъект бөгөөд орон тоо хассан шийдвэр нь ТУЗ-ын 10 дугаар тогтоол гэж тайлбарладаг. Дээрх тайлбараас болон Ховд Их сургуулийн 2018 оны 10 сарын 25-ны өдрийн А/200 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт үндэслэгдсэн хуулийн заалтаас харахад Ховд Их сургуулийн захирал нь тус тушаалаар зөвхөн цалингийн сан,сүлжээг шинэчлэн тогтоосон гэдэг нь харагдаж байна. Үүнээс харахад анхан шатны шүүх дээр тушаал болон хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн тайлбарыг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Монгол улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр /Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан/ ”Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 7 дугаар хавсралтаар батлагдсан сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий албан тушаалтнуудыг бүхэлд нь хамруулан баталсан гэх боловч дээрх тогтоолын ТҮ-7 албан тушаалын тухайн ангилалд хамаарах албан тушаалтны жагсаалтад хуулийн зөвлөх болон хүний нөөцийн мэргэжилтнээс өөр албан тушаал хамаарахгүй гэдэг нь дээрх тогтоолд тодорхой харагдана. Ховд Их сургуулийн захирлын А/200 тушаал болон ТУЗ-ын тогтоолын хавсралтаар баталсан цалингийн сүлжээ баталсан хавсралтад салбар сургуульд надаас өөр ТҮ-7 зэрэглэлээр цалинждаг өөр албан хаагч байхгүй. Иймд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэдэг нь харагдаж байна.

3. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч салбар сургуулийн захирал Ж.Х нь удирдах зөвлөлийн гишүүн мөн биш талаарх баримт хэрэгт авагдаагүй атал байх ёстой, саналын эрхтэй мэтээр дүгнэсэн явдал нь нотлох баримтын журам зөрчсөн гэх боловч хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн ТУЗ-ын хурлын тэмдэглэлд тус хуралд оролцсон саналын эрхтэй гишүүдийн тухай тэмдэглэл ба тус тэмдэглэлд нэр нь байхгүй. Түүнчлэн Ховд Их сургууль болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны веб сайтад бүх сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрийг нээлттэй ил зарладаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байхаар хуульчилж өгсөн.Түүнчлэн Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар 2.4.3 дахь хэсэгт хурлын тэмдэглэл хөтлөх үндсэн аргачлалыг баталсан байдаг ба үүнд хурлын тэмдэглэлийг стандартын дагуу бүрдүүлэх бөгөөд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Хэрэв хурлын үеэр санал хураалт явуулсан бол санал хураалтын явц, үр дүнг хуралдааны тэмдэглэлд хавсаргахаар заасан атал хариуцагч байгууллагаас гаргаж өгсөн нотлох баримт дээрх шаардлагад нийцдэггүй. Үүнээс харахад анхан шатны шүүх хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэдэг нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан гэдэг нь дээрх тайлбараар харагдаж байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагч байгууллагын гомдол үндэслэлгүй тул хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх Е.Х-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг зөв дүгнээгүй алдаа гаргасан байх тул дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            1. Ажилтан Е.Х, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.3 дахь заалтад “Гэрээний талаар маргаан гарвал ... хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд тухайн ажилтны оршин суугаа газрын шүүхэд буюу Баян-Өлгий аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж талууд тухайн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллын талаар харилцан тохиролцож, өөрчилсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар Е.Х-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргааныг шийдвэрлэсэн нь процессын хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзнэ. Энэ талаар хариуцагч тал маргаагүй болно.

 

            2. Нэхэмжлэгч Е.Х нь хариуцагч Ховд Их сургуульд холбогдуулан “тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай гомдол гаргаж үндэслэлээ “чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна” гэх боловч[2] анхан болон давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд гомдлын үндэслэлээ “тухайн орон тоо хасагдаагүй буюу үгүй болоогүй, цалингийн сан хэвээр батлагдсан, багш, ажилчдын цалин нэмэгдсэн учраас элсэлт багассантай холбоотойгоор ажил олгогч санхүүгийн хүндрэлд орсон гэдэг нь үндэслэлгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй” гэж нэмж тайлбарласан байна.

            Харин хариуцагч тал уг гомдлын шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ[3] “ажилтан Е.Х-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу, тус сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэж орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд салбар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэж мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг хэрэгжүүлж ажилласан” гэж мэтгэлцжээ.

 

            3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

 

- Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаар тушаалаар[4] Е.Х-ийг тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтнээр томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг салбар сургуулийн захиралд зөвшөөрч, үүрэг болгожээ.

- Үүний дагуу ажилтан Е.Х болон ажил олгогчийг төлөөлж Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал С.Г нар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ[5] байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 дахь хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна.

- Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар буюу Ховд Их сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар[6] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг баримтлан, тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоол, захирлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн а/200 дугаар тушаал зэргийг үндэслэж, орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх ажилтай Е.Х-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, мөн өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

- Ховд Их сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаар тушаалын[7] 3 дугаар хавсралтаар тус сургуулийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилчдын болон харьяа хүрээлэн, ахлах сургуулийн багш, ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн санг баталсан[8] бөгөөд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн удирдах, гүйцэтгэх, туслах ажилчдын цалингийн санг батлахдаа хуулийн зөвлөхийн орон тоо, цалин, нэмэгдлийн санг баталсан байна.

- Харин Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар тогтоолын[9] 3 дугаар хавсралтаар багш, ажилтнуудын үндсэн цалинг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 8 хувиар нэмэгдүүлж, цалингийн сүлжээ, шатлалыг, 4 дүгээр хавсралтаар тус сургуулийн багш, ажилчдын орон тоог тус тус батлахдаа Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш, ажилчдын орон тоог нийт 40 хүнээр, цалингийн санг 31.702.977 төгрөгөөр батлахдаа[10] хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний орон тоо, цалингийн санг батлаагүй байна.

- Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагт эхэлсэн хуралдаанд Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал Ж.Х оролцож, өөрийн ажлын танилцуулгаа хийсний дараа тус салбар сургууль 22 багш, 21 ажилтантай бөгөөд эмч, хуулийн зөвлөх, номын санч, нярав гэсэн орон тоог хасах тухай санал гаргасныг сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар, санал нэгтэйгээр дэмжиж, орон тоог хасахаар шийдвэрлэсэн талаар 3 дугаартай тэмдэглэлд[11] тусгажээ.

 

            4. Эдгээр үйл баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний орон тоо хасагдсан буюу үгүй болсон нь тогтоогдсон, энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Хэдийгээр Ховд Их сургуулийн захирлын 2018 оны А/200 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн орон тоо, цалингийн сан батлагдсан, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэстэй боловч сургуулийн Удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор орон тоо хасагдсан байх тул Удирдах зөвлөлийн тогтоолоор тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай, захирлын тушаалаас илүү ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол нь цаг хугацааны хувьд захирлын тушаалын дараа гарснаас гадна Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2 дахь заалтын дагуу Их сургуулийн Удирдах зөвлөл нь сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байна.

 

            Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний орон тоо хасагдсан нь бүрэн тогтоогдсон тул нэхэмжлэгч Е.Х-ийн “тухайн орон тоо үгүй болоогүй” гэх тайлбар нотлох баримтад үндэслэгдээгүй, “чөлөөтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн “тухайн орон тооны цалингийн сан хэвээр батлагдсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь дээрх байдлаар сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр үгүйсгэгдсэн, харин “багш, ажилчдын цалин нэмэгдсэн учраас элсэлт багассантай холбоотойгоор ажил олгогч санхүүгийн хүндрэлд орсон нь үндэслэлгүй” гэдэг нь тухайн маргааны үйл баримтад хамааралгүй, ач холбогдолгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь сургуулийн бүтэц, орон тоо, цалингийн сангийн нийт хэмжээг тогтоох бүрэн эрхийг хуулиар Их сургуулийн Удирдах зөвлөлийн чиг үүрэгт хамааруулжээ.

 

            5. Ажил олгогч төлөөлөгчөөрөө дамжуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг хэрэгжүүлж ажилласан, харин ажилтан ажил олгогчийн мэдэгдлийг гардаж аваагүй, хуулийн уг заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд ажилтан Е.Х оролцоогүй нь хэрэгт цугларсан 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл[12], Ховд Их сургуулийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/77 дугаар мэдэгдэх хуудас[13] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон учраас энэ талаарх Е.Х-ийн гомдол үндэслэлгүй.

 

            6. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан Ховд Их сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалд Е.Х-ийг тус сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөхийн ажлаас чөлөөлсөн боловч сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр тус салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний орон тоо хасагдсан нь батлагдаж байна.

Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/103 дугаар тушаал, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан Е.Х нь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний орон тоонд ажилласан ба нэхэмжлэгч нь уг орон тоо хасагдсан үйл баримтын талаар маргаж, мөн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн, харин хуулийн зөвлөхийн ажлаас чөлөөлөгдсөн тул хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгоно гэж гомдол гаргаагүй буюу хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажилд нэг орон тоогоор ажиллаж байсан талаар талууд маргаагүй.

Гэтэл нэхэмжлэгчээс гомдлын шаардлагаа “хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” гэж тодорхойлсон, энэ нь ажилтныг ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээнд үндэслэгдсэн байхад анхан шатны шүүх “ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд “хуулийн зөвлөх” гэж тусгасныг харгалзан нэхэмжлэгчийн эгүүлэн тогтоолгохыг хүссэн албан тушаалыг “хуулийн зөвлөхийн орон тоо” гэж зөвтгөн шийдвэрт тусгах нь зүйтэй” гэж дүгнэн, Е.Х-ийг Ховд Их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “хуулийн зөвлөхийн ажилд” эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмын агуулгыг алдагдуулсныг тэмдэглэж байна.

 

            7.  Талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээ 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулагдсан бөгөөд уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гарсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “талууд гэрээг цуцлах санал тавиагүй ... тул хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-д нийцэж байна.” гэж нотлох баримтыг буруу үнэлж, дүгнэжээ.

            Шүүх ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг хэрэгжүүлсэн гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар зөв үнэлсэн боловч Ховд Их сургуулийн захирал, Удирдах зөвлөлийн хуульд заасан бүрэн эрхийг анхаараагүй буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан Ховд Их сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хууль зүйн болон бодит үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй алдаа гаргасан байна.

 

            8. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн томилох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Е.Х-ийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Е.Х-ийн хариуцагч Ховд Их сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Б/97 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан мөн сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хуулийн зөвлөх, хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээж авсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                            С.ӨМИРБЕК

 

 

 


[1] Цахим сүлжээгээр Ховд аймаг дахь шүүхийн шүүх хуралдааны танхимаас оролцов.

[2] Хэргийн 3 дугаар тал. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлд зааснаар.

[3] Хэргийн 42 дугаар тал.

[4] Хэргийн 5 дугаар тал.

[5] Хэргийн 8 дугаар тал.

[6] Хэргийн 21 дүгээр тал.

[7] Хэргийн 122 дугаар тал.

[8] Хэргийн 128 дугаар хуудасны ар тал.

[9] Хэргийн 110 дугаар тал.

[10] Хэргийн 117 дугаар тал.

[11] Хэргийн 121 дүгээр тал.

[12] Хэргийн 58 дугаар тал.

[13] Хэргийн 65 дугаар тал.