Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 0381

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч З.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М-д холбогдох эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт,  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  З.М,

Шүүгдэгч З.М нь  2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвийн 109 тоот лангуунаас  Самсунг галакси А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохирлыг төлнө. Мөрдөн байцаалтын шатанд болсон явдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвийн 109 тоот лангуу буюу өөрийн түрээслэдэг лангуун дээрээ ажлаа хийж байтал шар царайтай саарал фудволктой бараан өмдтэй залуу орж ирээд гар утас үзэж 2 цаг гаруй лангуун дээр зогсож янз бүрийн утас үзэж байгаад 2 гар утас сонгож, нэг гар утсыг найз охиндоо өгнө нөгөө гар утсыг өөрөө авна гэж байгаа юм. Утсаар аавтайгаа ярих гэсэн юм гээд 9911 дугаартай утас руу залгуулаад юм ярьж байгаад миний дансны дугаарыг өгөөд байсан. Нөгөө залуу мөнгө шилжиж иртэл хүлээж байя гээд Самсунг галакси А-7 маркийн гар утсыг бэлдүүлээд лангуун дээр тавиад дахиад нэг гар утсыг мөнгө шилжиж иртэл цэнэглүүлж байя  гээд цэнэглүүлээд байсан. Манай лангуун дээр 2 цаг болсон. Авах гэж байгаа гар утсандаа наалт наалгуулсан. Энэ залуу намайг өөр хүнд гар утас үзүүлж байх хооронд бие засаад ирье ОО хаана вэ? гэхээр нь 4 давхарт гэж хэлээд явуулсан. Би хайрцагтай гар утсаа лангуун доогуур хийх гээд авсан чинь хөнгөн байхаар нь онгойлгоод үзэхэд гар утас байхгүй байсан. Харин 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би лангууны ард суугаад юм хийж байхад нэг залуу орж ирээд
Самсунг маркийн гар утас асуухаар нь дээшээ болоод харсан чинь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр надаас гар утас хулгайлсан залуу мөн байсан. Миний хохирлыг барагдуулж өгнө үү  гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

Гэрч  Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Төгөл худалдааны төвийн харуулын үүрэг гүйцэтгэж байхад манай худалдааны төвд 109 тоот лангууг түрээслэдэг Г гэдэг эмэгтэй өдөр 14-15 цагийн үед лангуун дээрээсээ гар утсаа алдсан та камер шүүгээд өгөөч гэхээр нь би Г лангууны давхарын камерийг шүүж байхад намхан нуруутай шар царайтай фудволк өмсөж цүнх үүрсэн хүүхэд шат руу буусан. Г тэр залууг хараад энэ залуу надаас гар утас авна гэж үзэж байгаад хайрцагнаас нь гар утас хулгайлаад авсан байна гэж хэлсэн. Тухайн үед Г өөрөө камер үзэж байхад гар утсаараа бичлэг болон зураг дарж аваад байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/

-Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ОЦ/17-262 дугаартай: Самсунг галакси А-7 гар утас 430.000 төгрөг гэх дүгнэлт  /хх 30 ху

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64 ху/

-Төгөл худалдааны төвийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 ху/,

-З.М  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 45-48 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч З.М нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Төгөл худалдааны төвийн 109 тоот лангуунаас Ч.Г-ийн Самсунг галакси А-7 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ч.Г “...Энэ залуу намайг өөр хүнд гар утас үзүүлж байх хооронд бие засаад ирье ОО хаана вэ? гэхээр нь 4 давхарт гэж хэлээд явуулсан. Би хайрцагтай гар утсаа лангуун доогуур хийх гээд авсан чинь хөнгөн байхаар нь онгойлгоод үзэхэд гар утас байхгүй байсан” гэх мэдүүлэг,  гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн Г гэдэг эмэгтэй өдөр 14-15 цагийн үед лангуун дээрээсээ гар утсаа алдсан та камер шүүгээд өгөөч гэхээр нь би Г лангууны давхарын камерийг шүүж байхад намхан нуруутай шар царайтай фудволк өмсөж цүнх үүрсэн хүүхэд шат руу буусан. Г тэр залууг хараад энэ залуу надаас гар утас авна гэж үзэж байгаад хайрцагнаас нь гар утас хулгайлаад авсан байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 19 ху/, эд зүйлийн үнэлгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.М дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч З.М нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид 430.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч З.М гаргуулж хохирогч Ч.Г олгох үндэстэй байна.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 22 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.