Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 012

 

  Е.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,        

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00710 дугаар шийдвэртэй, Е.Х-ын нэхэмжлэлтэй, Х.Б-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Е.Х, хариуцагч Х.Б, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9х4.5 метрийн харьцаатай хоёр өрөө байшингийн ханын өрлөг хийсэн ажлын хөлс 300000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Е.Х миний бие өөрийн хөрш болох Х.Б-тай тохиролцож, 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд 9х4.5 метрийн харьцаатай өвлийн байшингийн ханыг өрж, хаалга суулгаж өгсөн. Тухайн ажлын хөлсөнд Х.Б нь надад 300,000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл ажлыг хийж дууссан боловч ажлын хөлсийг өгөхгүй намайг хохироож байна. Уг байшингийн ханыг би ганцаараа өрж дуусгасан бөгөөд үүнийг манай хөршүүд гэрчлэн нотолно. Иймд иргэн Х.Б-аас байшин барьж өгсний хөлс 300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.  

 

            Хариуцагчийн тайлбарт: “Би өөрийн хөрш болох Е.Х-тай тохиролцож 9x4,5 метрийн харьцаатай өвлийн байшинг блокоор бариулж, хучилтын нуруу модыг тавьж, банзнуудыг хадуулж 200,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Гэтэл Е.Х нь ханын өрлөгийн 10 үеийг өрж дуусгаад бусад хийх ёстой ажлуудаа хийж дуусгалгүй дутуу орхичхоод яваад өгсөн. Би дутуу ажлуудаа өөрөө хийж дуусгасан. Хөлсийг 200,000 төгрөгөөр тохиролцсон байсан боловч 300,000 төгрөгөөр тохирсон гэж худал бичсэн байна. Би түүнийг доромжилж харьцсан асуудал бол байхгүй.  Түүнд би урьдчилгаанд 50,000 төгрөг өгсөн байсан. Миний ажлыг дутуу хийгээд орхиод явсан тул би түүнд одоо хийж гүйцэтгэсэн ажилд нь тохируулаад 50,000 төгрөг өгнө. Хэрвээ ажлаа бүрэн хийж өгсөн бол одоо 150,000 төгрөг өгөх байсан, түүний хөдөлмөрийг мөлжих сонирхол надад байхгүй. Х-ын надаас 300,000 төгрөг нэхэмжилж байгаа нь ор үндэслэлгүй ба түүнээс илүү мөнгө өгөх боломжгүй тул илүү нэхэмжилсэн мөнгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00710 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Б-аас 9х4.5 хэмжээтэй хоёр өрөө байшингийн ханын өрлөг хийсэн ажлын хөлсөнд 250000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е.Х-нд олгож, илүү нэхэмжилсэн 50000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг тус тус үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Би өөрийн хөрш болох Е.Х гэх хүнтэй өөрийн 2 өрөө байшингийн ханыг блокоор өрүүлж, хаалга, цонхыг нь суулгаж, нуруу модыг тавьж өгөхөөр тохирч, түүний хөлсөнд 200,000 төгрөг төлөхөөр аман хэлбэрээр гэрээ байгуулсан. Гэтэл Е.Х нь гэрээний дагуу гүйцэтгэх ёстой ажлаа дутуу хийж гүйцэтгэснээс гадна байшингийн ханыг муруй хазгай өрснөөс болж цаашид нурах магадлалтай байна. Тухайлбал байшингийн цонхыг суулгаж, нуруу модыг тавьж өгөөгүй. Мөн Е.Х-д туслах хүний мөнгийг тусад нь өгнө гэж би тохироогүй байтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа надаас илүү мөнгө нэхэмжилсэн. Мөн ажлын хөлсний үнэлгээг одоогийн зах зээлийн ханшаар бодож 200,000 төгрөгөөр тохиролцсон боловч шүүхээс шинжээч томилон үнэлгээ тогтоож байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй гэж үзэж байна. Харин би дутуу мөнгө болох 150,000 төгрөгийг өгье гэсэн боловч аваагүй харин илүү мөнгө нэхэмжилж шүүхээр гаргуулж авна гэж маргаан үүсгэсэн. Шүүх нь Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчин зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна гэж үзээд би гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            Нэхэмжлэгч Е.Х нь хариуцагч Х.Б-д холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлээ “9х4,5 харьцаатай өвлийн байшингийн ханыг өрж, хаалга суулгаж өгсөн тул ажлын хөлсөө авна” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “бид 200,000 төгрөгөөр өрлөг хийж, хаалга болон цонхыг хийж, нуруу мод гаргаж өгөхөөр тохиролцсон. Урьдчилгаанд 50,000 төгрөг өгсөн. Одоо үлдсэн 150,000 төгрөгийг өгөх гэхэд Е.Х нь би шүүхэд өгөөд 100,000 төгрөг нэмж гаргуулна гээд аваагүй. Е.Х ажлаа дутуу хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

            Нэхэмжлэгч Е.Х нь хариуцагч Х.Б-ын 9х4,5 метрийн харьцаатай 2 өрөө байшингийн ханын өрлөгийг блокоор хийж, хаалгыг суулгаж өгсөн нь зохигчийн тайлбар, маргаан бүхий байшингийн зураг, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “бид 200,000 төгрөгөөр өрлөг хийж, хаалга болон цонхыг хийж, нуруу мод гаргаж өгөхөөр тохиролцсон. Е.Х ажлаа дутуу хийсэн” гэж тайлбарлах боловч энэ байдал нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэсэн тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчаас 300,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар дүгнээд, нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Хариуцагч Х.Б нь нэхэмжлэгч Е.Х-ыг ажлаа дутуу хийсэн учраас мөнгийг өгөөгүй байсан, бид одоогийн зах зээлийн ханш болох 200,000 төгрөгөөр тохирсон байтал шүүхээс шинжээч томилон үнэлгээ тогтоож байгаа нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж, харин ажил гүйцэтгэх хөлсийг тохиролцоогүй тохиолдолд мөн зүйлийн 344.2 дахь хэсэгт “... гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхийн байшингийн өрлөг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс хэдэн төгрөг гарах эсэх талаар “А” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №ДХҮ-419/126 дугаартай үнэлгээний дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцжээ. 

 

            Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 130/ШШ2019/00710 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.150.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

Д.КӨБЕШ