Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 0034

 

Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Л.О Шүүгдэгч Б.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Б-т холбогдох, дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.Б-н давж заалдах гомдолыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн  Б овгийн Б.Б,

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 07-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах унхдаа хэрэглэсэн үедээ Г.П-тэй маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.д заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: Миний бие бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж нэг жил хорих ялаар шийтгүүлсэн. Би өөрийнхөө хийсэн хэрэгт маш их гэмшиж, харамсаж байна. Ийм юм болно гэж бодоогүй болчимгүй зүйл хийж өөрийгөө ч түүнийг ч хохироосон. Би 2011 онд бөөрний дутагдлаар өвдөж, хэвтэрт олон жил болсоноос нурууны мэдрэл дарагдаж, улмаар хөл дээрээ явж чадахгүй, хөдөлмөрийн чадвар 80%-иар алдаж группэд орсон . Тэргэнцэртээ 4-5 жил болоод хоёр жилийн өмнөөс тэргэнцэрээсээ салж арай ядаж босож хоёр хөл дээрээ явдаг болсон..., Группээ өөрийн буруугаас болж хугацаа хэтрүүлээд сунгуулж чадаагүй байсан. Хохирогч П-тэй зодолдсоны улмаас өвчин сэдрээд хоёр хөл дээрээ явж чадахгүй болсон. Одоо миний биеийн байдал их муу байна. Хорих газар эрх чөлөөгөө хязгаарлуулж тэргэнцэртэй ял эдэлнэ гэдэг маш хэцүү байна. Би хийсэн хэргээ хүлээж, гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Би өглөө оройдоо өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Өөрөө босож сууж, хэвтэж чадахгүй тул хамт хоригдож байгаа хүмүүсийн тусламжтайгаар арай гэж энд байж байна. Хэрэв надад торгуулийн ял оногдуулвал ах дүү, садан төрлийн хүмүүсээс тусламж дэмжлэг авна. Би шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.О-н хамт оролцох хүсэлтэй байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ : Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн хэрэг тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан.::::::::::::::::::::::::::::::::

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгидэгч Б.Б нь 2017 оны 09 сарын 07-ны орой хохирогч Г.П, хүргэн ах Б, шүүгдэгчийн дүү Б.Д-н нар хамт архи уусан.., дараа нь дэлгүүрээс дахиж нэг шил архи аваад шүүгдэгч Б.Б-н гэрт очиж Б.Б хохирогч Г.П нар хамт архи ууж байгаад маргалдаж зодолдсоноос Г.П-н биед баруун талын чамархай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, баруун шууны богтос ясны далд хугарал, хамрын ясны хугарал, хүзүү, нуруу, хоёр өгзөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэсэн хүнд хохирол учруулсан байна. Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох : Хохирогч Г.П-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед өгсөн : ...Би гэртээ 2017 оны 09 сарын 07-ны өдөр 19 цагийн үед хүргэн ах Б-тэй архи ууж байтал гаднаас Б дүү Д-н хамт ирсэн..., Тэгээд Б-г ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би нэг шил архи, нэг шоколад аваад Б-н гэрт уусан..., Энэ үед бид дүүгээс нь болж маргалдсан чинь Б-н эхнэр нь та хоёр маргалдах гэж байгаа юм бол гарч маргалд гэхээр нь бид хоёр гэрээс нь гарсан..., Өглөө Б-н гэрт нь сэртэл хамаг бие нойтон болчихсон гар, хөл хавдчихсан хамар амнаас цус гарчихсан өмсөж явсан пудволк маань урагдаад цустайгаа холилдчихсон байсан..., Тэгээд Б одоо ажилдаа явах гээд байна гээд яараад намайг сугадаад машиндаа суулгасан...., Би замдаа Б-т “чи ахыгаа арай дэндүү зодчихсон байна” гэж хэлсэн чинь ...та дургүй хүргээд байхаар нь дэвсчихсэн юм аа... гэж хэлж байсан..., Гэрээс нь гараад яг юу болсныг сайн санахгүй байна. ..,. Надад учирсан нийт эмчилгээний зардал 1 300.000 төгрөг болсоноос дүү Д нь 800.000 төгрөг өгсөн...., үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэмжилж байна..., бид хамаатан садангууд учир үлдсэн хохирлоо барагдуулаад авчихвал гомдол, санал байхгүй... гэсэн мэдүүлэг, . Гэрч Д.О-н өгсөн ... ...2017 оны 09 сарын 08 өглөө 08 цагийн үед нөхөр П гэртээ зодуулчихсан байдалтай орж ирэхээр нь би хэнд зодуулсан юм бэ гэж асуухад мэдэхгүй үхлээ гээд орондоо ороод хэвтсэн..., эмнэлэгт үзүүлтэл түүний толгойн чамархайн яс хугарсан байсан..., гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Б-н өгсөн : ... Тэр өдөр буюу 2017 оны 09 сарын 07-ны өдөр бид архи уусан.., Энэ үед П ах бид хоёр маргалдсан нь үнэн.., өглөө нь П ах надад миний гар өвдөөд байна гэсэн..., гэтэл манай эхнэр та хоёр ялихгүй юмнаас болж маргалдахын гэж байсан..., Би тэр үед юу болсныг огт санахгүй байна..., үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 793 дугаартай : ...Г.П-н биед баруун талын чамархай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал, баруун шууны богтос ясны далд хугарал, хамрын ясны хугарал, хүзүү, нуруу, хоёр өгзөгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүссэн.., Эдгээр гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.., Энэ гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой..., Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна..., Баруун талын чамархай ясны хугарал, тархины эдийн цусархаг няцрал нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун шууны богтос ясны далд хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана..., гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б-н үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ. Гэвч шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа, хохирогч гомдол, саналгүй гэж мэдүүлж байгаагаас гадна шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй явдаг, байнгын өвчин намдаах эм хэрэглэдэг зэрэг байдлыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан буюу тухайн зүйл, хэсэгт нь заасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Б.Б-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бэхжүүлсэн, хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон дүгнэлтийг эрх бүхий шинжээч гаргасан, шүүгдэгч, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж, үйл баримтыг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг : ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б-г арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,0 сая / арван сая /төгрөгөөр тогргох ялаар шийтгэсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт : ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.4.т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 10,0 сая төгрөгөөр торгох ялын төлөх хугацааг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоож, эхний 2 жил сар бүр 300.000 төгрөг төлөх, дараагийн 10 сарын хугацаанд сар бүр 280.000 төгрөг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай... гэсэн, ...Шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /арван таван/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.., гэсэн заалт тус, тус нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй

3.Шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй суллсугай.

4. Шүүгдэгч Б.Б-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА

Ц.ТУЯА