Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 015

 

Г.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэртэй, Г.А-гийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай.

           

Нэхэмжлэлд:  “Миний бие Г.А аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар ажилласан болно. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Би хөдөлмөрийн гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хийсэн боловч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг ажлаас гаргасан. Иймд намайг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие тус газрын даргын албан тушаалд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын Б/61 тоот тушаалаар эгүүлэн томилогдож ажлаа 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан. Ажлаа авсан өдрөөс эхлэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу тус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан, батлагдсан төсөв, цалин орон тоо, төсвийн зарцуулалт болон төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний биелэлтийн явц, төсвийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдалд хяналт тавьж ажилласан. Хяналт тавих явцад тус газрын 2019 онд батлагдсан төсөвт цалингийн сан 8 хүний орон тоогоор батлагдсан атлаа бүтэц орон тоог 20 хүнээр батлуулсан. Өөрөөр хэлбэл цалингийн сан батлагдаагүй 12 ажилтныг илүү орон тоогоор авч ажиллуулж байгаагаас нийгмийн даатгалын шимтгэлд өртэй, татварт өртэй, цалингийн зарцуулалт хэтрэлттэй, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй хүүхэд хамгааллын зардлаас илүү орон тоонд авсан гэрээт ажилтнуудыг цалинжуулдаг зэрэг зөрчлүүд илэрсэн. Г.А-г ажилд түр томилсон 2019 оны Б/05 дугаар тушаалын 4-т гэрээний дагуу Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардлаас цалинжуулахаар зөвшөөрсөн атлаа хүүхэд хамгааллын зардлаас цалинжуулж ирсэн бөгөөд тус зардлыг зөвхөн гэр бүлийн болон бусад орчинд үйлдэгдсэн хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд зарцуулдаг бөгөөд ажилтнуудыг цалинжуулдаг зохицуулалт тусгагдаагүй. Хүүхэд хамгааллын зардалд нийт 84.900.00 мянган төгрөг хуваарилагдсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр баталсан тус газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаануудад зарцуулахаар хуваарилалт хийгдсэн. Өөрөөр хэлбэл тус байгууллагад санхүүгийн талаас батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй зүй бус зарцуулж Төсвийн тухай хуулийг зөрчиж байгаа нь илт мэдрэгдсэн. Иймээс дээрх зөрчлүүдийг арилгуулах, төсөв санхүүгийн сахилга батыг сайжруулах, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, батлагдсан бүтэц орон тоо, цалингийн санд тохируулж ажиллах өөрөөр хэлбэл илэрсэн зөрчлүүдийг арилгуулах Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс дараах арга хэмжээг авч ажилласан. Үүнд:

1. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхэд 2019 оны 5 сарын 17-ны өдрийн 162 тоот албан тоотоор,  

            2. ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаярт 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 186 тоот албан тоотоор гэрээтээр ажиллаж байгаа 6 хүний цалингийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар,

3.  Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 187 тоот албан бичгээр илүү орон тоогоор ажиллаж байгаа ажилтнуудын бүтэц орон тооны асуудлыг шийдвэрлэж өгөх талаар,

4.  Аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт аудитын албаны дарга Р.Хуатханд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 албан тоотоор гэрээтээр авч ажиллуулж байгаа 6 хүнийг хүүхэд хамгааллын зардлаас цалинжуулж байгаа нь хууль зөрчсөн эсэх, мөн өнөөдрийн байдлаар /2019.05.27/ нийгмийн даатгалын санд 3.912.135 төгрөг, татварын хэлтэст 1.322.000 төгрөгийн өртэй байгаад санхүүгийн аудитын шалгалт хийж дүгнэлт гаргуулахаар, 

5.  Аймгийн Засаг даргын орлогч А.Камелиятад 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 189 тоот албан бичгээр илүү орон тоогоор ажиллаж байгаа ажилтнуудын цалингийн асуудлыг шийдвэрлэж өгөх талаар, 

6. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа санхүү удирдлагын газрын дарга Ш.Чинбатад 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 215 тоот албан бичгээр хүүхэд хамгааллын зардлын зарцуулалт болон цалингийн сангүй илүү орон тоогоор ажиллаж байсан ажилтнуудын цалингийн сангийн асуудлыг шийдвэрлүүлэх, 2020 оны төсвийн төсөлд төсвийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж өгөх талаар,

7. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиунд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 345 албан бичгээр ХНХСайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/2276 албан бичгээр зөрчил арилгуулах арга хэмжээ авч ажиллах талаар өгсөн албан тоотод мэргэжил арга зүйн бодлогоор хангаж чиглэл өгөх тус тус хүсэлт тавьсан.

Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, илүү орон тоогоор авч ажиллуулж байгаа гэрээт ажилтнуудын цалингийн санг шийдвэрлэж өгвөл цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, хүүхэд хамгааллын зардлыг зориулалтын дагуу зарцуулах талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудад өөрийн эрх мэдлийн хүрээнд хандсан. Иймд Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн А/04 дугаар бүхий Төсвийн сахилга бат, хяналт хариуцлагыг дээшлүүлэх, ажил эрчимжүүлэх тухай албан даалгавар, сайдаас өгсөн үүрэг даалгавар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаас ирсэн чиглэл, зөвлөмж, аймгийн санхүүгийн хяналт аудитын газрын даргын гаргасан дүгнэлтийн дагуу тус байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуульд заасан үүргээ биелүүлэх, зөрчлүүдийг арилгуулах, төсвийн сахилга батыг хангах үүднээс бүрэн эрхийнхээ хүрээнд дараах шийдвэрүүдийг гаргасан болно. Үүнд:  

Тус газарт Гэр бүл хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар гэрээтээр ажиллаж байсан Г.А-г ажлаас чөлөөлөх мэдэгдэх хуудас буюу сонсох ажиллагааг холбогдох хуулийн дагуу гаргаж 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гардуулж өгсөн. Танилцаж мэдэгдэх хуудас буюу сонсох ажиллагаа явагдсанаас хойш ажлаас чөлөөлөх шийдвэр гарах өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын сарын 02-ны өдөр хүртэл сонсох ажиллагаанд хариу ирүүлээгүй учраас миний гаргах гэж буй шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байсан. /Миний бие гэрээт ажилтнуудад сарын өмнө мэдэгдэх хуудас гардуулахдаа та бүхэн хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол агентлагт болон аймгийн Засаг дарга, ХНХЯ-д хүртэл хандаж болно гэдгийг удаа дараа анхааруулан хэлж байсан/ Г.А-г гэрээт ажилтнаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/22 тоот тушаалаар чөлөөлсөн. Чөлөөлөх болсон шалтгаан, үндэслэлүүдээ дээр тодорхой нотлох баримтаар тайлбарласан учир энд дахин дурдаагүй. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолоор баталсан Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэхэд баримтлах чиглэл-ийн 5.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээгээ биелүүлээгүй, хангалтгүй биелүүлсэн болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр гэрээг цуцална” гэж заасан. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь төсвийн ерөнхийлөн захирагч нь тус байгууллагын бүтэц орон тоог аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/283 тоот тушаалаар баталсан атлаа цалингийн санг шийдвэрлэж өгөөгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга энэ чиглэлийн 3.4,3.5,3.6-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2019/00705 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Г.А-г Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны төсвийг батлахдаа ажиллагсдын тоог нийт 8 байхаар /үүнээс төрийн захиргааны албан хаагч 4, үйлчлэх ажилтан 4 нягтлан бодогч 1, бичиг хэргийн ажилтан 1, жолооч 1, үйлчлэгч 1/ тогтоосон. Түүнчлэн, Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тооны дээд хязгаарыг мөн 8 байхаар зохицуулсан байна.

2. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.А-г ажилд түр томилохдоо бүтэц орон тоонд байхгүй /урьд өмнө ч гэсэн байгаагүй/ гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтан гэсэн орон тоонд томилж, хүүхэд хамгааллын зардлаас 450,000 төгрөгөөр цалинжуулахаар болсон байна.

3. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/424 дугаар албан бичгээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад хандаж Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэсэн холбогдох заалтын дагуу байгууллагынхаа бүтэц, орон тоог цалингийн сандаа багтаан шийдвэрлэж ажиллах, байгууллагад үүсээд байгаа өр, төлбөрийг барагдуулах ажлын хүрээнд ажилтан, албан хаагчдад сар бүр тооцон олгож байгаа ур чадварын нэмэгдэл өгөхийг зогсоохоор чиглэл хүргүүлж байжээ.

Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй", 6.4-т “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ”, 6.4.8 “төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна”, 16.4.5 “агентлагийн дарга тус агентлагийн төсвийн, 16.5-т “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1-т “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;”, 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасан.

Хариуцагч аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга төсвийн шууд захирагчийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлж маргаан бүхий актыг гаргах байдлаар зөрчлийг арилгасан. Ингэхдээ ажилтныг ажлаас чөлөөлөх болсноо /байгууллагын бүтэц орон тоонд байхгүй ажлыг хасах тухай/ зохих журмын дагуу 1 сарын өмнө мэдэгдсэн байдаг. Тухайн үед нэхэмжлэгч Г.А удирдлагаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байсан төдийгүй ажлаас чөлөөлөгдсөний дараа Улаанбаатар хот явж ажил хийх болсноо хэлж байжээ.

4. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2019 онд хүүхэд хамгааллын зардалд 84,900,000 төгрөг хуваарилагдсан байна. Санхүүгийн хяналт, аудитын албанаас аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төсөв санхүүд хяналт шалгалтаар уг хүүхэд хамгааллын зардлыг зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа төсвийн шууд захирагчийн үйлдлийг зөрчил гэж үзсэн байна. Иймээс хариуцагч холбогдох хууль, эрх бүхий байгууллага болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийт 6 ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч шүүх хэрэгт авагдсан зарим нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийгээгүй, маргааныг гомдлын шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй байх тул шийдвэрт дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт холбогдуулан тус газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “тухайн ажлын байрны орон тоо, цалингийн сан байхгүй” гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тушаалаар тус газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар Г.А-г томилон ажиллуулж, түүнийг хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаас цалинжуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Улмаар тус газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар Г.А-г гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түр томилохдоо түүнийг тус газрын төсвийн бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж, үйлчилгээний зардлаас цалинжуулахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу ажилтан, ажил олгогч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр Г.А-г Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны ажлын байранд, 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулахаар харилцан тохиролцож, талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар, Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар, 5 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 187, 188, 189 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаар, 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 245 дугаар албан бичгүүд, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 01/424 дугаар, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1/2276 дугаар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 54 дүгээр албан бичгүүд, хариуцагч байгууллагын гэрээт ажиллагсдын 2019 оны цалин хөлсний тооцоо зэргийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 463 дугаар “Бүтэц, орон тоог батлах тухай” захирамжтай харьцуулан дүгнэвэл, хариуцагчийн “тус газрын бүрэлдэхүүнд гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоо байхгүй, цалингийн сан нь батлагдаагүй” гэсэн хариу тайлбар үндэслэлтэй байна.

 

Ажилтан, ажил олгогчийн хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үед ч тус байгууллагад гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны орон тоо байгаагүй, тухай орон тоо нь байнгын ажлын байр биш, гэрээгээр гүйцэтгүүлж байсан нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй бөгөөд ажил олгогч байгууллагын бүрэлдэхүүнд тус ажлын байрны орон тоо байхгүй байгаа дээрх нөхцөл байдал нь ажилтан, ажил олгогчийн хооронд хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг хугацаа нь дуусгавар болохоос нь өмнө нэг талыг санаачилгаар цуцлах үндэслэл болохгүй.

Учир нь талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, Г.А-г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, мөн зүйлийн 23.2.2 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дах хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Ажилтан, ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох бөгөөд энэ нь гэрээгээр үүрэг хүлээсэн талууд үүргээ гэрээнд заасан хугацаанд заавал, шударгаар гүйцэтгэх иргэний эрх зүйн зарчимд нийцнэ. Нөгөө талаар ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтыг баримтлаагүй буюу ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

 

Анхан шатны шүүх ажилтан Г.А-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, уг хугацаа дуусгавар болохоос өмнө ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан буюу уг гэрээний хугацаа дуусгавар болоход Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар цаашид сунгагдсанд тооцох нөхцөл байдал нэгэнт үгүй болсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд ажилтан Г.А-г талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар /хэргийн 8-13 дугаар хуудас/ Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын гэр бүл, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан нийгмийн ажилтны /гэрээт/ ажилд эгүүлэн тогтоож, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт орууллаа.

Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2019/00735 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “...нийгмийн ажилтны ажилд” гэсний дараа “талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөл, хугацаагаар” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                                                                       

С.ӨМИРБЕК