| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00431/И |
| Дугаар | 155/ШШ2024/00657 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2024/00657
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2024/00657 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын,
Хариуцагч: Л.Б
Хариуцагч: А.С
Үндсэн зээлийн төлбөр 3,459,701.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 371,764.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,991.63 төгрөг, нийт 3,901,456.88 (гурван сая есөн зуун нэг мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2024/00431/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Б., А.С нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Рашаант тооцооны төвтэй 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр №ЗГ/202146550778 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,479,274.33 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,600,000 төгрөгийн зээлийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,619,573.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,820,908.53 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,149.74 төгрөг, нийт 4,469,631.41 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 3,459,701.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 371,764.06 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,991.63 төгрөг хугацаа хэтрүүлээд 284 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт: Үндсэн зээлийн төлбөр 3,459,701.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 371,764.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,991.63 төгрөг, нийт 3,901,456.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л.Б., А.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Л.Б. нь ХААН банкнаас 2,479,274.33 төгрөг дээр нэмэлтээр 3,600,000 төгрөгийн зээл авсан юм. Зээлийн төлбөрт нийт 4,469,631.41 төгрөгийг төлсөн. Ажлаасаа гарсан тул зээлийн төлбөрийн хугацаа хэтэрсэн. А.С нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Л.Б. нь 2024 оны 4 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ЗДТГ-т байгаль орчны байцаагчаар ажилд орсон. Цаашид зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой болсон.
Иймд одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 3,901,456.88 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Л.Б, А.С нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 3,459,701.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 371,764.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,991.63 төгрөг, нийт 3,901,456.88 (гурван сая есөн зуун нэг мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б., А.С нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ...Л.Б. нь 2024 оны 4 дүгээр сараас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ЗДТГ-т байгаль орчны байцаагчаар ажилд орсон. Цаашид зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой болсон. Иймд одоо нэхэмжилж байгаа зээлийн нийт төлбөр 3,901,456.88 төгрөгийг төлж барагдуулах болно гэх тайлбарыг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Л.Б., А.С нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвөшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77,374 төгрөгийн тал хувь болох 38,687 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 38,687 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 3,459,701.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 371,764.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 69,991.63 төгрөг, нийт 3,901,456.88 (гурван сая есөн зуун нэг мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг (наян найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Б., А.С нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 100170000941 тоот дансанд 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,374 төгрөгөөс 38,687 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 38,687 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА