Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/66

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

өсвөр насны шүүгдэгч Х.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Х, өмгөөлөгч Б.Батчимэг,

хохирогч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Баяжих овогт Х-ийн Б-д холбогдох эрүүгийн 1717000420021 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баяжих овогт Х-ийн Б /РД:ЕЙ00291319/ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Хайгуулчны 1-2 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12б ангид суралцдаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Өсвөр насны яллагдагч Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “ОК” PC тоглоомын газарт иргэн Г.А-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Өсвөр насны шүүгдэгч Х.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах “ОК” PC тоглоомын газарт Г.А-ийг цүнхнээс нь татаж сандалын буланд нуурууг нь цохилоо гэж уурлан түүний нүүрэн тус газарт цохин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Өсвөр насны шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А эгчийн PC тоглоомын газар луу орсон. Би А эгчээс гар утас зээлээр аваад мөнгийг нь өгч чадаагүй байсан. Намайг хүүхэдтэй юм яриад зогсож байхад А эгч миний араас татаад сандлын ирмэг дээр унагаасан. Би эргэж хараад А  эгчийг цохисон. А  эгч миний үснээс зулгаасан, нүүр лүү 1-2 удаа цохисон. Тэгээд бид хоёрыг салгахаар нь би зугтаасан. Тэр үед 60 000 төгрөгийн гар утсыг зээлээр авсан. Утасны мөнгийг өгч чадахгүй байсан. Үүнээс болоод маргасан. 2017 оны 06 дугаар сард Sky маркийн гар утас авсан. Хохирогчид  утасны 60 000 төгрөг, эмчилгээний зардал 300 000 төгрөг төлж барагдуулсан. Хүн алдсаныхаа дараа харамсдаг гэж үнэн юм байна. Ийм хохирол учирна гэж төсөөлөөгүй. Нэг л зүйлээс том сургамж авсан. Дахиж хүнтэй муудаж цохиж болохгүй гэдэг сургамж авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм хэрэг үйлдэж болохгүй гэдгийг тархиндаа болон сэтгэлдээ ухаарч байна гэв.

 

1.2. Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 5 сарын 18-ны өдөр дэлгэц нь жаахан хагарсан Sky маркийн 120 000 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан утсыг 60 000 төгрөгөөр Б-д зээлээр өгсөн. Тухайн үед Б нь би айлын ганц хүү, ээжийн цалин буухаар 2-3 хоногоос мөнгийг нь өгнө гээд зээлээр аваад явсан. Тэгтэл зуны гурван сар ирж уулзаагүй, мөнгийг маань өгөөгүй. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед PC тоглоомын газарт байхад Б орж ирээд надтай дуугараагүй, ширээ тойроод зогсоод байхаар нь цүхнээс нь нилээн хүчтэй дугтарсан. Гэхдээ сандал ширээн дээр унагаагүй. Тэнцвэрээ алдаад хойшоо болсон. Тэгээд ямар тэнэг авгай вэ гээд хамар луу цохиод үснээс зулгаагаад нүүр лүү хэдэн удаа цохисон. Мөн бөөр лүү өшиглөсөн. Миний хамраас маш их цус гарсан. Би хөгшин настай хүнийг цохилоо гэж уурласан. Эрүүл мэндийн даатгалын мөнгөө төлж чадаагүй байсан учраас  эмчилгээ хийлгэж чадаагүй. Би жаахан л ханиад хүрэхээр нус гоожоод байдаг болсон. Сүмбэрийн эмчтэй уулзахад таны хамар хугарсан байна. Хамар гэмтсэнээс болоод мэдрэлийн судас тасарна, унаж тусдаг өвчтэй болдог гэж хэлсэн. Миний ирээдүй ийм л болсон байна. Би уурлаад Б-д чи намайг гэрт орж зоддог юу юм гэж хэлсэн. Би 2-3 удаа цохисон. Гэхдээ миний гар нэг өөр, залуу хүүхдийн гар нэг өөр байгаа. Би өдий олон жил наслахдаа хүнтэй муудаж үзээгүй. Б-д уурлах үндэслэл байсан. Мөнгө өгөх боломжгүй байж болно. Гэхдээ ирж уулзаж болно. Намайг үл тоомсорлосон. Зээлсэн утасныхаа мөнгийг өгөхгүй удаахаар нь би уурласан. Гэхдээ хөгшин настай хүнийг зодож болохгүй байх гэв.

 

1.3. Насанд хүрээгүй гэрч Н.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ Би 2017 оны 09 дүгээр сарын эхээр “ОК” РС тоглоомын газрын 2 дугаар эгнээний цонхны хажууд суугаад тоглосон, А /Ц/ эгч 3 дугаар эгнээний голд суугаад тоглож байхад гаднаас урд сургуулийн Бгэдэг хүүхэд орж ирээд миний хажууд зогсоод тоглож байгаа хүүхдүүдийг хараад байж байтал Ц эгч Б-ийн үүрсэн цүнхнээс утас өгөөч гээд хойш нь татсан чинь Б сандалд тээгэлсэн юм. Тэгсэн чинь Баагий эргэж хараад Цээгий эгчийн хамар луу нь гараараа цохисон. Ц эгчийн хамарнаас цус гарч байсан. Ц эгч Б-г цохихыг би хараагүй. Ц эгч Б-г яагаад цохиж байгаа юм бэ гээд биенээс нь мөн цүнхнээс нь барьж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 10 хуудас/,

1.4. Гэрч А.Бмөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын эхээр Б манай гэрт 13 цагийн үед ирээд РС тоглоё гэж хэлсэн. Тэгээд Б бид хоёр “ОК” РС тоглоомын газарт очоод Ббид хоёр тоглох гээд 2, 3 дугаартай ширээний голд зогсож байсан чинь А эгч Б-ыг дуудахад Баяржаргал очоогүй. Тэгсэн чинь А эгч Б-ын үүрсэн цүнхний үүргэвчний араас татаад Б сандалын өнцөг дээр тэгнээд нуруугаараа унасан. Б уурлаад та зүгээр байгаа ч тэнэг юм уу гэсэн чинь А эгч хуц би авах юмаа авах гэж байна гэсэн. Б-ын цүнхний оосорноос тавихгүй байж байсан чинь Б уурлаад та зүгээр бай гээд баруун гараараа А эгчийн нүүр лүү нь цохисон. Б нэг удаа цохиод тонгойгоод байж байхад Алтанчимэг эгч Б-ыг 4-5 удаа гараараа толгой руу нь алгадаад үснээс нэг удаа татсан. Б буцаагаад гараараа нэг удаа алгадахад А эгчийн хамарнаас цус гарсан. Тэгээд РС тоглож байсан Отгоо бид хоёр салгахад Б гараад гүйсэн. Б А эгчээс утас зээлээр аваад өгөөгүйн улмаас хоорондоо муудалцсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/,

 

   1.5. Насанд хүрээгүй гэрч Т.П-д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын эхээр намайг “ОК” РС тоглоомын газар 1 дүгээр эгнээнд урагшаа хараад 4 дүгээр компьютер дээр тоглож байхад Б гэдэг хүүхэд гаднаас орж ирээд От-ын хажууд зогссон. Тэгсэн чинь А эгч Б-гаас утсаа нэхээд хүрээд ир гэсэн чинь Баагий очихгүй зогсоод байсан. А эгч Б-гийн цүнхнээс татсан чинь Б сандал түшээд босож ирээд А эгчийг эргэж хараад гараараа хамар луу нь цохисон. Тэгээд А эгчийн хамарнаас цус гаргасан. А эгч чи яахаараа намайг цохидог юм бэ гээд Б-гийн үснээс зулгаасан. Тэгтэл Б А эгчийн гарыг тавиулаад доош нь тонгойлгож байгаад хэд хэдэн удаа цээж рүү нь хөлөөрөө өвдөглөөд гараараа бөөр лүү нь цохисон. Тэгтэл О А, Б хоёрын дундуур нь орж салгасан чинь А эгч Б-гийн толгой руу нь 2 удаа гараараа цохисон. Тэгээд салаад Б РС тоглоомын газраас гараад явсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 12 хуудас/,

 

1.6. Насанд хүрээгүй гэрч Н.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын эхээр намайг “ОК” РС тоглоомын газарт 2 дугаар эгнээний 4 дүгээр компьютер дээр тоглож байхад Баагий гэдэг хүүхэд орж ирээд миний ард зогсоод намайг РС тоглож байхыг хараад байж байхад Алтанчимэг эгч Б-г дуудаад байсан ба Баагий очихгүй миний хажууд зогсож байхад А эгч ирээд цүнхнээс нь татсан чинь миний сандлыг хөдөлгөсөн. Намайг эргээд харахад Б А эгчийн хамар луу нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан. Тэгсэн чинь А эгч Б-г зөрүүлээд үснээс нь зулгаасан чинь Б гарыг нь тавиулаад тонгойлгож байгаад бөөр лүү нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Би босоод салгахад Баагий тоглоомын газраас гараад явсан. А эгч Б хоёрыг салгаж байхад А эгч Б-г хэд хэдэн удаа цохисон. Б-г би барьж байсан болохоор хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 13 хуудас/,

 

1.7. Насанд хүрээгүй гэрч С.Тамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б утасгүй болоод “ОК” РС тоглоомын газрын Ц эгчээс Скай вега маркийн гар утас зээлээр авсан. 2017 оны 7-8 сард шиг санаж байна. Хэдэн төгрөгийн утас зээлээр авсныг мэдэхгүй байна. Б Ц эгч хоёр хоорондооо яриад Б утасны мөнгийг нь ээжээс мөнгө ирвэл өгнө гэж хэлээд авч байсан. Хүүхдүүд урьд гар утсаа тавьж тоглодог байсан. Хичээл орсноос хойш хүүхдүүд утсаа тавихаа больсон” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 14 хуудас/,

 

1.8. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 327 дугаартай дүгнэлтэнд: Г.А-гийн биед хамар, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун ташаан толгойноос дээш 12 см зайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийи гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д эааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 16 хуудас/,

 

1.9. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 333 дугаартай дүгнэлтэнд: Х.Б-ын биед зүүн чихний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 19 хуудас/,

 

1.10. Өсвөр насны этгээд Х.Б-ын нас тоолсон тэмдэглэл /х.х-ийн 39 хуудас/ зэрэг болно.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Өсвөр насны шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Насанд хүрээгүй хүнд утас өгсөн нь миний буруу. Эцэг, эхээс нь зөвшөөрөл аваагүй. Гуйгаад байхаар нь өгсөн юм. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хохирлыг барагдуулсан гэв.

 

2.2. Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай хүү Б нь 2000 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн. Багадаа гэрээрээ хүмүүжиж байгаад Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд орсон. Хичээл номондоо сайн сурдаг. Урьд нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй. Зан ааш нь гайгүй, үгнээс гарахгүй, 2 дүүгээ хараад Чойрт байдаг. Сургуулиас зохиож байгаа ажилд бүгдэнд нь идвэхтэй сайн оролцдог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/,

 

2.3. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Х.Б-ыг 7 дугаар ангиас нь эхлэн анги даасан багшаар нь ажиллаж байна. Сурлагадаа сайн сурдаг. Ярианы хичээлд их сайн. Нийгэм, газарзүй, биологийн хичээлд сайн сурдаг. Аймгийн Сурагчийн өөрөө удирдах байгууллага буюу Пеасэроаб клубын гишүүнээр ажилладаг. Хүүхэдтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг хүүхдийн байгууллагын гишүүн байгаа юм. Хувь хүний хувьд хайнга талдаа өөрт нь даалгаж өгсөн ажлыг сайн хийдэг. Урлаг, спортоосоо илүү олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Ар гэрийн хувьд анхаарал тааруу, эцэг, эх нь хөдөө байдаг болохоор тэр болгон ирж уулздаггүй. Эцэг, эхийн хуралд ирдэг бусад үед утсаар холбогддог. Сүүлийн үед РС тоглоомын газар их тоглодог болоод байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8 хуудас/,

 

2.4. Насанд хүрээгүй гэрч С.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Б-тай 4 дүгээр ангиасаа хойш хамт сурч байна. Б өөрөө хичээвэл сайн сурдаг. Ер нь ярианы хичээл дээр их сайн, илтгэх урлагт сайн. Гэхдээ их залхуу. Урлаг, спортоор хичээллэдэггүй. Хүнтэй нийтэч, анги хамт олны дунд нийтэч байдаг. Заримдаа РС тоглоод хичээлээ таслаад алга болчихдог. Эцэг, эх нь хөдөө байдаг. Б сургуулийн насны 2 дүүтэйгээ хамт амьдардаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

2.5. Сертификат, Батламж, сурагчийн хувийн хэрэг, суурь боловсролын гэрчилгээний хуулбарууд /х.х-ийн 50-57 хуудас/,

 

2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 40-41 хуудас/ зэрэг болно.

 

Иймд Өсвөр насны шүүгдэгч Х.Б-ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Б-д хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна. 

 

Өсвөр насны шүүгдэгч Х.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Д.Хүрэл-Эрдэнэд даалгав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Х.Баяржаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.10, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Баяжих овогт Х-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Б-д ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Б-д хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Б-д хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Х.Б-ын эцэг Д.Х-д даалгасугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТТУЛГА