Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0105

 

 

 

 

    2024          01           31                                    128/ШШ2024/0105

                                               

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:“М” ХХК, /РД:*********/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Т.Ц,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:М.Б нарын хоорондын үүссэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:             

         Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх, багасгах хүсэлтийг гаргаагүй болно.

Хоёр:Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч “М” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ******** аймаг, ******** сумын утаг дэвсгэрт байрлах “У о” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшсэн байна.

2.2.Уг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар шийдвэрээр 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгуулсан байна.

2.3.Нэхэмжлэгч “... тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгуулсан хэдий ч дэлхий дахинд гарсан цар тахалын улмаас тусгай зөвшөөрөл ашигласны ээлжит жилийн төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй бөгөөд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэж, тайлбар мэдээлэл өгөх боломжоор хангаагүй нь нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажил санхүүжилтээ алдах нөхцөлд байдалд хүргэсэн нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж маргасан бол;

2.4.Хариуцагч нь  “... Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн **/**** дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохыг мэдэгдсэн байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн XV-******* дугаар албан бичгээр мэдэгдсэн уг шийдвэрийг эс зөвшөөрч 20**оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Гомдол гаргах тухай” албан бичгээр гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэж няцааж маргасан.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч компани шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний үндэслэлдээ: “М" ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр олгогдсон ******** аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байрлах "У о" нэртэй газарт ашигт малтмал хайгуулын XV-*******тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар шийдвэрээр 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаагаар сунгуулсан байсан.

Тус компани нь энэхүү тусгай зөвшөөрлийн талбайд 1 тэрбум гаруй төгрөгийн геологи хайгуулын ажил хийж гүйцэтгэсэн ба тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 541.260.000 төгрөгийг төлсөн болно. Харин дэлхий дахинаа нүүрлэсэн цар тахлын улмаас компани санхүүгийн болон хүний нөөц, ажиллах хүчний үйл ажиллагаа доголдсоны улмаас 2022 оны 08 сард Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хуульд заасан хугацаа хэтэрсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байх бөгөөд ийнхүү тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэсэн хуулийн заалтыг зөрчсөн бөгөөд бидэнд тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлын талаар тайлбар, нотлох баримт гарган өгөх боломжийг олгоогүй нь "М" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, тусгай зөвшөөрлөө хадгалан авч үлдэх боломжийг хязгаарлаж, тус зөвшөөрлийн талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажил, оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтээ үр ашиггүй алдах нөхцөл байдалд хүргээд байна.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах эрх хариуцагч захиргааны байгууллагад олгогдсон бүрэн эрх боловч тухайн эрхээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа мэдэгдэх ба сонсгох зарчмыг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 сарын 06-ны өдрийн **дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон  дүгнэлтдээ: “Асуулт, хариултын шат дээр яригдсан зүйлийг харж үзээч гэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн итгэл хамгаалах зарчмыг хуульчилж өгсөн. Тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой гэсэн цаасан баримтаар цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа. Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр сунгасан хэр нь нэг сарын өмнө тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх ёстой гэсэн нь нэхэмжлэгч компанийг төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал байгаа. хэдийгээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргах эрхийг олгосон хэдий ч хуульд заасан итгэл хамгаалах зарчим, хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг хийх ёстой байхад энэ ажиллагааг хийгээгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн үндэсний үйлдвэрлэл бөгөөд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас цар тахалын дэлхийн бүх улсуудад эдийн засгийн хувьд хүндрэлтэй, хөл хорио тогтоосон энэ үеүдийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Шуудангаар ирүүлсэн нотлох баримтуудыг судлаад үзэхэд маргаан бүхий захиргааны акт 9 дүгээр сарын 06-ны өдөр гараад төлбөр төлөх хугацааг хойшлуулах хүсэлтэд өгсөн хариуг өгөхдөө цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан шийдвэрийг нэг өдөр шууданд хийсэн байсан. Нэхэмжлэгч компанид уг албан бичиг очоогүй буцалт хийгдсэн байх бөгөөд буцалт хийгдсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуульд заасан хийгдэх ёстой ажиллагаанууд огт хийгдээгүй гэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компанийн хувьд уул уурхайн салбарт 2003 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд миний хувьд тус компанийн хуульчаар 2009 оноос хойш ажиллаж байна. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгтэй нийцэхгүй байна гэж үзэж байна. Тухайн үед тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ уламжилсан энэ маргаанаас өмнө манай компани мөн тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу ажлын хэсэг байгуулан, сонсох ажиллагаа хийж байсан шиг энэ маргааны хувьд ч тэр асуудал тийм байдлаар явагдана гэж бодож байсан. 2022  оны 07 дугаар сарын 20-ноос  хуульд заасан 10 хоног гэж үзвэл 30-ны дотор манай компанид ямар нэг байдлаар мэдэгдэх ёстой байсан ч мэдэгдээгүй. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хуулийн 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэсэн албан бичгийг 09 дүгээр сарын 06-ны өдрөөр шууданд хийчихээд, тэр өдрөө шууд тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Тэр нөхцөл байдал хэрэгжүүлээгүй. Бодит нөхцөл байдал тогтоолгүй захиргааны байгууллагаас нэгэнт тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй гэсэн хянах үе шат нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл гэж байгаа дараа нь цуцалж байгаа нь эрх зүйн тогтвортой байдал нь алдагдаж байгаа. Ийм үйлчилгээ хийх нь захиргааны байгууллагын үүрэг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хангах нөхцөл байдал боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Тусгай зөвшөөрлөө үргэлжлүүлэн хүсэл зориг Ашигт малтмалын газарт гаргасан байхад тусгай зөвшөөрлийг шууд дуусгавар болгосон бүртгэл хийгдэж байгаа нь хуулийн зарчимд нь нийцэхгүй байна. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Захиргааны акт материаллаг эрх зүйн шаардлагыг хоёуланг хангаж байх ёстой. Материаллаг эрх зүйн энэ нөхцөл байдал тусгай зөвшөөрлийг цуцлахдаа 10 хоногийн өмнө мэдэгдсэн гэдгийг уг нь 09 дүгээр сарын 06-ны өдөр 08 дугаар сарын 26, 25-ны өдөр гээд бүр урагшаа байна. Бид нарт мэдэгдсэн байх ёстой байсан байна. Цуцлах гэж байгаа гэдэг үйл баримтыг огт мэдээгүй. Тайлбар авсны дараа цуцлах үйл ажиллагаа явуулах нь үүрэг нь байгаа. “М” ХХК цуцлах мэдэгдлийг аваагүй, процесс ажиллагаа явагдсан бол манай компани 200 сая төгрөгийг 10 хоногт олоод өгөх боломжтой компани. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******** аймгийн ********, *****сумын Ухаа-овоо нэртэй 103689,75 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаартай шийдвэрээр 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "М" ХХК-д анх олгосон.

"М" ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн **/**/****дугаартай албан бичгээр "... төлбөр төлөх хугацааг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр болгон хойшлуулж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү" гэх хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад ирүүлсний дагуу, тус компанид 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн **/****дугаартай албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг танай хүссэн хугацаагаар сунгах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье" гэх хариу хүргүүлсэн. Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн **/**** дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 7 дахь жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг "М-л" ХХК-д мэдэгдсэн. Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар шийдвэрээр "М-л" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт "... Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасны дагуу захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг хийсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт "... Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **/****дугаартай албан бичгээр "М" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэгдсэн. "М" ХХК-аас 20**оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Гомдол гаргах тухай" **/**/***дугаартай албан бичгээр Кадастрын хэлтэст гомдол гаргасан бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 20**оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" **/****дугаартай албан бичгээр "... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул танай гомдлыг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье" гэсэн хариуг хүргүүлсэн.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахалын нөхцөл үүссэн үед уул уурхайн компаниуд уналтад орсон. Монгол Улсад олон жижиг, дунд үйлдвэрлэл болон жижиг компаниуд дампуурсан байх. Суурь чадамж хөрөнгө сайтай компаниуд, аж ахуй нэгж байгууллагууд буцаад сэргэж байна. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн үнийн дүн бага үнийн дүн биш ***.***.***төгрөг. Төрийн захиргааны байгууллагын зүгээс хэрэгт авагдсан баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн ярьж байгаа нөхцөл байдал сонсох ажиллагаа явсан байна. Хугацаа сунгуулах процесс дээр тухайн жилийн төлбөрийг нэхэж аваагүй, төр захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу хийх зайлшгүй шаардлагуудыг хийгээгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК-ийн хувьд бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийнхээ эрх, үүргийг гүйцэтгээд явж байсан. Энэ удаагийн төлбөр төлөх процесс ажиллагаан  дээр төр захиргааны байгууллагад хандсан, удирдлагуудаас тоймтой шийдвэр гаргаагүй.

Төлбөр төлсөн нь юуг илэрхийлж байна гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хадгалах нөхцөл, хуульд заасан үндэслэлийг бүрдүүлсэн байна. Төлбөрөө төлчихсөн үйл баримтын хувьд хайгуулын зардлын доод хэмжээгээ баталгаажуулчихсан тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн учраас шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Маргааны зүйл нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх эрх зүйн харилцаа байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.”М” ХХК нь ******** аймгийн ********, *****сумдын нутаг, У о нэртэй ******.**гектар талбайд хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр огноолжээ. /ХХ-н 15 дахь тал/

            2.2.Ашигт малтмал газрын тосны газраас “М” ХХК-ийн  хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 07 дугаар сарын 20-ны  өдрөөс тооцон 3 жилийн хугацаагаар сунгасан нь 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болох байна. /ХХ-н 34 дэх тал/

            2.3.Нэхэмжлэгч “М” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө төлөх ёстой байжээ.

            2.4.Харин ”М” ХХК-ийн Ерөнхий геологич Б.Э-с Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн **/**/****дугаар албан бичгээр “... Ерөнхий захирал Х.Э нь өвчний улмаас эмчилгээ хийлгэж, эмнэлэгт тусгаарлалтад байгаа учир төлбөр төлөх хугацааг 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр болгон хойшлуулж өгөх хүсэлтийг гаргажээ. /ХХ-н 32 дахь тал/

            2.5.Уг хүсэлтийг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн **/****дугаар албан бичгээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан алдангийг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж” шийдвэрлэсэн байгаа боловч энэхүү шийдвэрээ “М” ХХК-д гардуулаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны Баримт бичиг хүлээлгэх дэвтэрт “Буцалт” гэж тэмдэглэснээр нотлогдож байна. /ХХ-н 44-45 дахь тал/

2.6.Үүний дараа “төлбөр төлөх хуульд заасан хугацаа хэтэрсэн, хугацааг сунгах боломжгүй” гэдгийг мэдэгдэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн **/****дугаар албан бичгийг үйлдсэн байгаа боловч уг бичгийг тус компанид гардуулаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны Баримт бичиг хүлээлгэх дэвтэрт “Буцалт”  гэж тэмдэглэснээр тогтоогдлоо.  /ХХ-ийн 45 дахь тал/

2.7.“М” ХХК нь дээр дурдсан хүсэлтээ бичсэн 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн эсэх талаараа Ашигт малтмал, газрын тосны газар ямар нэг баримт ирүүлээгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” ** дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр “М” ХХК-ийн  хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэжээ. /ХХ-н 35 дахь тал/

2.8.Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **/****дугаартай албан бичгээр “М” ХХК-д хандан тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдсэн гэх боловч энэхүү албан бичгийг тус компани хүлээн аваагүй, гардуулаагүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны Баримт бичиг хүлээлгэх дэвтэрт “Буцалт”  гэж тэмдэглэснээр тогтоогдлоо. /ХХ-ийн 46 дахь тал/

2.9.“Монгол шуудан” ХХК-ийн шүүхэд гаргаж өгсөн лавлагаагаар Ашигт малтмал, газрын тосны газраас хүргүүлсэн RD168************ бүртгэлийн дугаартай илгээмжийг “М” ХХК-ийн хаягаар хүргэж, Х.Н******* гэх хүн хүлээн авсан байгаа боловч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манай компанид ийм хүн байхгүй, хаягтаа байсан гэж няцаасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн **/****дугаартай албан бичгийг буцалт хийсэн тул гардуулаагүй байна гэж хүлээн зөвшөөрснөөр тус тус ийнхүү гардуулсан болох нь нотлогдоогүй гэж шүүх үзлээ.

2.10.Нэхэмжлэгч нь ийнхүү өөрийн эзэмших хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг төлбөр төлөх хугацааг сунгуулах хүсэлтээ шийдвэрлүүлэхээр хүлээсэн боловч энэ талаар хариу өгөхгүй байгаад уг тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг Ашигт малтмал, газрын тосны газарт 20**оны 09 дүгээр сард өөрийн биеэр очиж мэдэж, 20**оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан гомдлоо гаргаж, 10 дугаар сарын 06-ны өдрийн */**** дугаартай албан бичгээр хариуг авсан гэж тайлбарлаж байна.

2.11.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2022 онд тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрт гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хариу тайлбартаа бичсэн боловч шүүх хуралдаан дээр няцааж чадахгүй байна.

2.12.Харин “М” ХХК-ийн гаргасан 20**оны 08 дугаар сарын 17-ны өдрийн гомдлыг хянаад, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 20**оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” **/****дугаар албан бичгээр хариуг өгсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргасан боловч энэ нь үндэслэлгүй байна.

2.13.Учир нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 20**оны 10 дугаар сарын 06-ны өдрийн */**** дугаар албан бичгээр “М” ХХК-д хандан “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгсөн, нэхэмжлэгч “М” ХХК нь 20**оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь  хайгуулын XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрөө  2022 оны  07 сарын 20-ны өдрөөр тооцож урьдчилан төлөх ёстой байна.

3.2.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж, мөн зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасан байна.

3.3.Хуулийн энэ заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг 30 хүртэл хоногоор хойшлуулж төлөх боломжтой байсан ба “М” ХХК нь энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй болох нь нотлогдож байна.

3.4.Гэвч энэхүү үндэслэлээ дэлхий нийтийг хамарсан цар тахлын үе байсан, компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд нь өвчтэй байсан гэж маргаж байгаа ба энэ нөхцөл байдлыг тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “сонсох ажиллагаа” явуулах журмаар мэдэгдэх ёстой байхад Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулаагүй хууль зөрчсөн байна.

3.5.Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нь шүүх хуралдаанд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь 2022 оны 06 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа тусгай зөвшөөрлийн 7 дахь жилийн төлбөрийг тухайн жилдээ багтааж төлөх боломжтой гэж үзээд сунгасан, энэ нь нэхэмжлэгчид итгэл төрүүлсэн, уг тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу ашиглаж явахдаа их хэмжээний зардал гаргасан байхад энэ нөхцөлийг харгалзаагүй, тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах ашиг сонирхлоо хангалттай илэрхийлсэн байгаа ба энэ нь Захиргааны  ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэх ёстой гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

3.6.Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх тайлбарыг няцааж чадаагүй ба дэлхий дахиныг хамарсан Ковид-19 цар тахалын үед уул уурхайн компаниудын үйл ажиллагаа уналтад орсон, суурь чадамж хөрөнгө сайтай компаниуд, аж ахуй нэгж байгууллагууд буцаад сэргэж байгаа, нэхэмжлэгчийн төлөх тусгай зөвшөөрлийн үнийн дүн бага биш ***.***.***төгрөг болохыг, мөн түүнчлэн нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах процесс ажиллагааны явцад тухайн жилийн төлбөрийг төлүүлж авах журамтай байхад ийнхүү нэхэмжилж аваагүй буруутай болохыг зөвшөөрсөн  тул шүүх хөндлөнгийн байх зарчмын үүднээс нэхэмжлэгчийн тайлбар нь няцаагдаагүй гэж дүгнэлээ.
            3.7.Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төлбөрөө хугацаанд нь биш боловч нөхөж төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хадгалах нөхцөл байдал”  гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс няцааж чадахгүй байна.

3.8.Учир иймд “М” ХХК-ийн XV-*******дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахдаа сонсох ажиллагаа явуулаагүй байх бөгөөд тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг төлөх боломжийг олгоогүй буюу цар тахлын нөхцөл байдлыг няцааж чадаагүй, энэ талаар шүүхээс шалгаж тогтоох боломжит хугацаа өнгөрсөн байгаа тул эдгээр нөхцөл байдлыг хариуцагч өөрөө тодруулсны үндсэн дээр Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шинээр акт гаргах нь зүйтэй гэж үзлээ.

3.9.Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тогтоож өгсний дотор мөн зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, мөн зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, мөн зүйлийн 11.1.20-д “... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” ажиллагаа гэж заасан байна.

3.10.Анхан шатны шүүх нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судал боломжоос хэтэрсэн” гэдгийг Ашигт малтмалын хуулиар тогтоосон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг шууд удирдан чиглүүлэх эрх хэмжээгүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг нэхэмжлэгч “М” ХХК-ийн 7 дахь жилийн тусгай зөвшөөрлийн  төлбөрийг төлөхөд учирсан шалтгаан нөхцөлд холбогдох нотлох баримтыг гаргуулж, сонсох ажиллагааг явуулсны үндсэн шийдвэрлэх эрх хэмжээг өөрөөр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн ба шүүх өнгөрсөн үйл баримтыг нөхөн тогтоох боломжгүй байгаа зэрэг шалтгааныг харгалзаад ийнхүү шийдвэрлэж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 11.1.15, 11.1.20, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг баримтлан тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин шинээр акт гаргах шаардлагатай гэж үзэн, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан  шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын  2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ** дугаар шийдвэр хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ